БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэний шинжилгээнд 4-5 хоногийн дараа халдвар илэрчээ
2020/12/17
Өнөөдөр таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 923 болсон. Шинээр бүртгэгдсэн таван тохиолдлын хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт байсан хүн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Халдвартай нь батлагдсан тухайн хоёр иргэн эмнэлэгт хэвтэх үедээ шинжилгээгээр коронавирусийн халдваргүй гарч байсан. Хэвтсэнээс хойш 4-5 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна.
Бид өчигдрийн 18:00 цагаас хойш ажиллаад халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 69 хүнийг тусгаарлах байруудад тусгаарласан. Мөн хавьтал болсон гэж үзсэн нийт 171 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт, судалгаа үргэлжилж байна.
Бид тэдгээр ойрын хавьтлуудын гэр бүлийн 200 гаруй хүнийг гэр, гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Батлагдсан хоёр тохиолдол нь шинэ халдвар байна. Коронавируст халдварын голомтот дэгдэлтийн дараа алаг цоог хэлбэрээр эх уурхай нь тодорхойгүй халдвар бүртгэгдэх эрсдэл өндөр байдаг.
Тиймээс иргэд гадуур явахдаа амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа сайтар барихыг анхааруулж байна. Хамгийн гол нь халдварыг цааш тархаахгүй байж, шуурхай хариу арга хэмжээ авах нь чухал" гэв.
Зочин · 2020/12/17