Д.БЯМБАСҮРЭН

Эмнэлгээр үйлчлүүлэх, хөдөө орон нутаг руу зорчих, амаржих, мэс засалд орох мэтчилэн алхам тутамд PCR шинжилгээ шаардаж буй. Өөрөөр хэлбэл, уг шинжилгээний хариу бидний хувьд нэвтрэх эрхийн бичиг шиг чухал ач холбогдолтой болжээ.

Манай сонин 2021 оны нэгдүгээр сарын 19-ний мягмар гарагийн №12 (3722) дугаарын онцлох сэдэв буландаа “Хувийн эмнэлгүүд PCR шинжилгээ нэрээр бизнес хийж байна” нийтлэл бэлтгэн хүргэсэн. Тэгвэл энэ удаа коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний зохион байгуулалт, цаг олголтын талаар хөндлөө. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-өөс нийслэлийн иргэдийг “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах ажил эхэлсэн. Анх 11 цэгт шинжилгээ авч байсан ч батлагдсан тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдсэн тул хүчин чадлаа нэмэгдүүлсэн.

 

Өдгөө нийслэлийн хэмжээнд шинжилгээний 30 цэгт, 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж буй. Мөн энэ сарын 14-ээс шинжилгээний цагийг цахимаар олгох журам хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, урьдчилан цаг авахгүйгээр шинжилгээ өгөх боломжгүй. Технологийн дэвшилд тулгуурласан, цаг хугацаа хэмнэж, хүлээгдэл чирэгдлийг бууруулсан ч арга хэмжээ мэт сонсогдовч хөрсөнд буусангүй. Тодруулбал, eruul.gerege.mn өдрийн аль ч цагт тус сайтад хандсан “Цаг дүүрсэн байна” гэх автомат хариулт гарч ирдэг. Эсвэл 2-3 өдрийн дараах цаг сонгох боломжтой. Тэгсэн хэрнээ шинжилгээний цэгүүд эл хуль байгаа нь иргэдийн гайхшралыг төрүүлж байна. Энэ бол яарч, сандарсан, өвдөж, зовсон нэгэнд уртаас урт хугацаа. 

Үүнээс гадна шинжилгээний хариугаа авах гэж гурав хоног хүртэл хүлээнэ. Ийм учраас иргэд түргэн шуурхайг нь бодолцон хувийн лабораторид өндөр үнэтэй шинжилгээ өгч, эдийн засгаараа хохирсоор байна. PCR шинжилгээний цаг авах цахим хаяг, үйлчилгээний горим хэдэнтээ өөрчлөгдсөний улмаас иргэд хэрхэх учраа олохоо болив. Тиймээс ЭМЯ, НЭМГ-ийн холбогдох мэргэжилтнээс үйл ажиллагааны зохион байгуулалт, шинжилгээний цэгийн ачаалал зэрэг асуудлаар тодруулга авч, бодит нөхцөл байдлыг тодруулахаар шинжилгээний цэгээс сурвалжилга бэлтгэлээ.

 

ИРГЭД ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАГАА ХЭРХЭН АВАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА

PCR шинжилгээний хүлээгдлийн талаар НЭМГ-аас тодруулахад “Шинжилгээний цэгүүдийн цагийн хүлээгдлийг өглөө бүр хянадаг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй учраас хоёр хоногийн дараа цаг захиалах боломжтой байна. Гэхдээ харьяалал харгалзахгүйгээр, өөрт ойрхон байгаа цэгт шинжилгээ өгч болно. Тодруулбал, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн шинжилгээний цэгүүдээс сонгон цаг авах боломжтой” гэх тайлбар өгөв. Иймд бид нөхцөл байдалтай танилцах, иргэдийн байр суурийг тодруулахаар нийслэлийн ерөнхий боловсролын 39, 50-р сургуульд байрлах “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээний цэгийг зорилоо. Чингэлтэй дүүрэгт PCR шинжилгээний гурван цэг бий. Үүний нэг нь 39-р сургуульд байрлаж байна. Цаг ямагт хүүхдүүд шуугилдаж байдаг сургуулийн орчим нам гүм байх аж.

Өнгөрсөн шөнө орсон цас сургуулийн хашаан доторх орчныг бүрхэж, өглөөгүүр цаг авч шинжилгээ өгөх гэж яваа хүмүүсийн мөрөөр нарийн жим татжээ. Сар гаруйн өмнө энд халдварын сорьц өгөх хүмүүсийн урт дараалал үүсэж, иргэдийг ихээхэн бухимдуулж байсан юм. Биднийг дотогш ороход халдвар хамгааллын хувцас өмссөн эмнэлгийн ажилтан “Та цаг авсан уу” гэсээр угтав. Түүнд ямар хэргээр яваагаа хэлээд, халуунаа хэмжүүлж, бүртгэл хийлгэснээр шинжилгээ өгөх өрөөнд орлоо. Тус танхимд хүн хоорондын зайг баримтлан байршуулсан гурван ширээн дээр ариутгалын бодис, бүртгэлийн хуудас, нэг удаагийн бээлий, сорьц авах төхөөрөмжүүд тавьсан харагдав.

Ингээд бид тус цэгт ажиллаж буй хүний их эмч Э.Батчимэгээс ажил үүргийнх нь талаар тодрууллаа. Тэрбээр “Манай цэгийн хувьд өдөрт цагаа авсан 300 гаруй хүнд үйлчлүүлэх нормтой боловч өндөр настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийлээд 400 дөхдөг. Хүндэтгэх шалтгаантай иргэдээс бусдынх нь тухайд зайлшгүй цаг авч үйлчлүүлэхийг шаардаж байгаа. 20-иод насны залуус ухаалаг утас ашиглаад цаг авчихаж чадахгүй тохиолдол их байна. Зарим нь бүр “Цаг авдаг юм уу” гэж гайхдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Eruul.gerege.mn” цахим хаягт нэвтэрч, бүртгүүлэх заавар өгсөн. Гэтэл цаг авахгүй ирчихээд “Хүнгүй байна шүү дээ. Хурдхан өгчихье” гэж дайрах хүн олон. Хоёр гурван хоногийн өмнөөс төлөвлөж, шинжилгээ өгөх хэрэгтэй.

Тэгвэл энд ажиллаж байгаа эмч, ажилтнуудад хүндрэл учрахгүй. Цар тахлын халдвар тархсан энэ үед хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цахимаар цаг авах систем ажиллуулсан шүү дээ. Нөгөөтэйгүүр хүмүүс “Өөрийнх нь гар утас нь гацаад байхад танай цаг авах сайт болохгүй байна. Үүнийгээ засаж өгөх ёстой” гэх мэтээр маргаан үүсгэдэг. Уг нь бүгдээрээ цаг авч үйлчлүүлдэг соёлд сурах хэрэгтэй” гэсэн юм. Биднийг ийн ярилцах зуур гаднаас “10:00 цагаас шинжилгээ өгөхөөр цаг авсан боловч ажил нь амжсангүй” гэсээр нэгэн эмэгтэй орж ирснээр бидний яриа түр завсарлав. Эмнэлгийн ажилтан түүний халууныг хэмжиж, холбогдох мэдээллийг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэсний дараа шинжилгээ авах өрөөнд оруулснаар зургаан минут хэртэй болсон юм. Хэрэв цагаа авчих юм бол шинжилгээ өгөхөд уддаггүй аж. Энэ талаар эмчээс тодруулахад “Нэг хүнээс сорьц авахад 10 минут орчим болдог. Хариу нь 24-72 цагийн дотор гарна.

Гэхдээ хариу хэр удаж гарах нь тухайн өдөр шинжилгээ өгсөн хүний тооноос хамаардаг. Цөөн хүн өгсөн бол харьцангуй хурдан, ачаалал ихтэй байвал удна” хэмээлээ. Уг шинжилгээний цэгт бэлтгэгч, асрагч тус бүр хоёр, хөтөч, ариутгагч тус бүр нэг, сорьц авагч, сорьц багцалж байгаа хүн тус бүр хоёр буюу нийт 12 хүнтэй баг бүрэлдэхүүн ажиллаж байсан юм. Сурвалжлах баг цааш явсаар 50-р сургуульд байрлах шинжилгээний цэгт ирэв. Өмнөх цэгийг бодвол энд хүн ихтэй байлаа. Шинжилгээ өгөхөөр цугласан иргэд сургуулийн нэг давхрын урт нарийхан хүлээлгийн танхимд зай барин зогсжээ. Энэ цэгийн эмч,ажилчдын цайны цаг болсон учир иргэд хүлээж зогсоо нь энэ аж. Иймд бид тус цэг дээр ажиллаж буй Чингэлтэй төвийн Эрүүл мэндийн төвийн хоол зүйч. Г.Гэрэлчимэгтэй цөөн хором ярилцлаа.

Тэрбээр “Цаг авсан үйлчлүүлэгчдээс гадна ухаалаг утас хэрэглэдэггүй, хэрэглэж мэдэхгүй, бие нь өвдөж, яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай иргэд нийлээд өдөрт 450 орчим хүн шинжилгээнд хамрагддаг. Бидний хувьд долоо хоногоор найман хүнтэйгээр ээлжлэн ажиллаж байгаа. Өдөрт хоёр цагийн зайтайгаар ариутгал, халдваргүйтгэл хийж, бүх багаж хэрэгслээ ариутгадаг. Шинжилгээ өгч байгаа хүмүүсийн ихэнх нь ажилд орох, эмнэлэгт хэвтэх гэсэн шалтгаанаар ирж байна. Сүүлийн үед голцуу зах худалдааны төвүүд, үсчин гоо сайхны ажилчид ирж шинжилгээнд хамрагдаж байна” гэж ярив. Шинжилгээний цэгийн зохион байгуулалттай танилцсаны дараа PCR шинжилгээний талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ: ДУГААРЛАЖ ЗОГСОН НЬ ХАМААГҮЙ АМАР

Миний хувьд гурав дахь удаагаа шинжилгээ өгч байна. Хөдөө орон нутаг руу явах гээд шинжилгээ өгөх гэсэн чинь “Цаг ав” гэх юм. Шинжилгээнээс болоод төлөвлөсөн ажил хойшлогдох нь. Цахимаар бүртгүүлэх гэхээр цаг нь дүүрсэн гээд байдаг юм билээ. Энд байгаа ажилчдаас гуйгаад ч цаггүй бол үйлчлэхгүй гэх юм. Тэгээд л цагдаа эмч бүгдээрээ зогсчихно. Цаг гэж төвөг удаж байхаар дарааллаж зогсож байгаад өгчихвөл амар. Нөгөө талаар энэ шинжилгээний ажилчид ямар ч ёс зүйгүй. Хэдийгээр өвчин гарсан ч гэсэн хүмүүст шаардлагаа зөв ойлгуулах хэрэгтэй. Хэнд ч яаралтай тохиолдол гарна шүү дээ. Хэрэв хүний амь нас “эрсэдвэл” цагаа ав гээд л зогсож байх нь энүүхэнд байна хэмээх хариултыг өгөв.

 

Д.ЭНЭБИШ: “ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЦАГ ДҮҮРСЭН БАЙНА” ГЭДЭГ

“Цахимаар цаг аваагүй болохоор шинжилгээ өгч болохгүй” гэнэ. Энэ нь бидэнд төвөг учруулж байна. Яаралтай үед цаг аваагүй гээд шинжилгээ өгүүлэхгүй байх юм уу. Эрүүл мэндийн салбарынхан цар тахлын үед ч хүнд сурталтай хэвээр байна. Саяхан манай хүү шинжилгээ өгөх гээд цахимаар бүтгүүлэх гэтэл “Шинжилгээний цаг дүүрсэн байна” гэж мэдэгдэл гарч ирээд, цаг авч чадаагүй. Төр засгийн ганц сайт бүрэн ажиллуулахгүй байж иргэдээс их зүйл шаардах юм. Эмнэлэгт үзүүлэх гээд очихоор шинжилгээний бичиг нэхнэ. Тэгээд шинжилгээ өгөх гээд ирэхээр шалтаг хэлээд буцаачихна. Үнэндээ, ядарсан иргэдээ дарлаж дуусахгүй юм.

 

Н.ДОЛГОРМАА: ИНТЕРНЭТЭД ОРОХ БОЛОМЖГҮЙ ХҮМҮҮС ЦАГ АВАХАД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Н.АЛТАНЦЭЦЭГ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын статистик мэдээллийн хэлтсийн дарга Н.Долгормаагаас PCR шинжилгээний зохион байгуулалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас PCR шинжилгээ авч хэлсэн. Одоогийн байдлаар хэчнээн хүн хамрагдсан бэ?

-Нэгдүгээр сарын 26-ны байдлаар 639801 хүнийг PCR болон түргэвчилсэн оношлуур ашиглан “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс 567 мянга гаруй хүнд PRC шинжилгээ буюу баталгаажуулах шинжилгээг хийсэн. НЭМГ-аас аль нэг дүүрэгт голомтот халдвар гарсан тохиолдолд шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлж, тандалтын баг ажиллуулдаг. Тодруулбал, БГД-ийн IV хорооны 5023, БЗДийн XVII хорооны 5083 хүнээс шинжилгээ авсан.

-Манай уншигчдад шинжилгээний цэг, цагийн хуваарийн талаар мэдээлэл өгвөл?

-Анх шинжилгээ авч эхлэхэд нийслэлийн хэмжээнд 11 цэг ажиллаж байсан бол одоо 30 болгон нэмэгдүүлсэн. Цагийн хуваарийн тухайд 09:00-13:00, 14:00-17:00 цагт шинжилгээ авна. Харин 13:00-14:00 цагийн хооронд ариутгал халдваргүйжилт хийж, ээлж сольдог. Тиймээс энэ хугацаанд шинжилгээний цаг олгох боломжгүй. Хүн амын нягтаршил их буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр дөрөв, төвийн бусад дүүрэгт тус бүр гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Харин Налайх, Багахангай, Багануур дүүрэгт 1-2 цэг бий.

-Өдөрт хэчнээн хүнд шинжилгээ хийж байгаа вэ?

-Шинжилгээ өгөх иргэд урьдчилан цахимаар цаг авах зохицуулалт энэ сарын 14-нээс хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш 80 гаруй мянган хүн цаг авч шинжилгээ өгсөн байна. Нэг шинжилгээний цэгт өдөрт 300-350 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтайгаар үйлчилгээ үзүүлж байна.

-Шинжилгээний цагийг цахимаар олгох болсон нь зарим хүнд хүртээмжтэй байж чадахгүй байна. Үүнд дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ихэвчлэн ухаалаг утас, интернэт сүлжээнд холбогдох боломжгүй хүмүүст хүндрэл үүсэж байгаа учраас шинжилгээний цаг олгох талаар судалж, “Гэрэгэ“ компанитай хамтран бүртгэлийн системийг хөгжүүлэхэд анхаарч байна. Мөн 7777-3773 дугаарт холбогдож шинжилгээтэй холбоотой мэдээлэл авах боломжтой. Шинжилгээний хариу 48 цагийн дотор гарна. Өмнө нь, иргэний регистрийн дугаарыг буруу шивснээс болж шинжилгээний хариу гарахгүй удах тохиолдол цөөнгүй байсан. Харин одоо иргэдийн мэдээллийг нэгдсэн мэдээллийн сангаас татан авч байгаа учраас ийм асуудал үүсэхгүй.

-Халдварын голомт үүссэн дүүргийн иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулсан уу?

-СБД-ийн I, XVI хороонд өргөтгөсөн шинжилгээ зохион байгуулах ажил уржигдар эхэлсэн. Нийт 214 өрхийн 592 хүн шинжилгээнд хамрагдана. Харин БЗДийн XVII хорооны иргэдийн шинжилгээг авч дууссан. Мөн II хороон дахь нийтийн байруудын 1069 иргэнийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан. Давтан шинжилгээ хийнэ.

-Аймаг, орон нутгаас иргэдээ татан авах ажил зохион байгуулж эхэлсэн. Нутаг буцах хүсэлтэй хэчнээн хүн шинжилгээ өгсөн бэ?

-Орон нутаг руу явах зайлшгүй шаардлагатай иргэд цахимаар цагаа авч, шинжилгээ өгч байгаа. УОК-оос чиглэл өгсний дагуу аймгууд иргэдээ татан авах нэгдсэн үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 23-наас эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 5500 гаруй хүн шинжилгээнд хамрагджээ.

 

Б.БУЯНТОГТОХ: ХАЛДВАР АВСАН ЭМЧ, АЖИЛЧДААС 40 ГАРУЙ НЬ ЭДГЭРЧ АЖИЛДАА ЭРГЭН ОРСОН

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

-Томоохон эмнэлгүүдэд халдварын голомт үүсэж, эмч эмнэлгийн ажилчид халдвар авч байна. Халдвар хамгааллын дэглэм дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор 01 сарын 4-ноос эмнэлгийн байгууллагууд бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн. Энэ нь халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, эмнэлэгт ирж үйлчлүүлж буй иргэдээс идэвхитэй тандалд хийх, эрүүл мэндийн байгууллагын ажилчид халдварт өртөхгүй байх зэрэг ажлууд орсон. Эмнэлгийн байгууллагад халдвар гарсан гэхдээ хумьж чадсан. Тодруулбал, ХСҮТ, ЭХЭМҮТ-д халдвар гарсан. Эдгээр байгууллага халдвараа бүрэн хумьж, одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. “Өргөө” амаржих газрын тухайд үйлчлүүлэгч болон эмч, ажилчдаас нь хоёр удаагийн шинжилгээ авахад сөрөг гарсан. Удахгүй дахин давтан шинжилгээ авна.

-Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд халдвар авах эрсдэл өндөр үү?

-Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдээс тархвар судлалын асуумж авч байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийдэг. Хариу нь эерэг гарвал тусгаарлаж, PCR шинжилгээ авна. PCR шинжилгээгээр “Ковид19”-ийн халдвар авсан нь батлагдвал тухайн эмнэлгээс шилжүүлэх арга хэмжээ авч байгаа. Хэрэв шинжилгээний хариу сөрөг байвал ердийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Харин байнгийн эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд шаардлагатай тохиолдолд утсаар зөвлөгөө өгч байна. Нийслэлийн хэмжээнд хөл хорионы дэглэм буурч, үйлчилгээний газрууд нээгдсэн учраас хөл хөдөлгөөн их болсон байна. Тиймээс халдвар тархах бодит эрсдэл нэмэгдэж байна. Иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зай барих, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх зэрэг өөрсдийгөө хамгаалах нь хамгийн чухал.

-Бүх шатлалын эмнэлэг тусгаарлах байртай юу?

-Эмнэлгүүд сэжигтэй тохиолдол ирэхэд хэвтэн эмчлэх ор, байр талбайгаа бүрэн хангасан. Тухайлбал, сэжигтэй тохиолдол эмнэлэгт хэвтсэн тохиолдолд тусгай хэсэгт байрлуулан тусламж үйлчилгээ явуулж, PCR шинжилгээний хариу гарсны дараа тасаг руу шилжүүлж байгаа.

-ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал, хүртээмжийн талаар мэдээлэл өгөөч?

-Батлагдсан тохиолдол бүрийг дээрх 2 эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эмнэлгийн орны ачаалал их байгаа ч эмчилгээ, үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Эмнэлгийн эмч ажилчид нэлээд ачаалалтай ажиллаж байна. Голомтод ажиллаж байгаа эмч, ажилчид 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагдаж байгаа.

-Эмч эмнэлгийн ажилчид халдвар их авч байгаа. Энэ нь халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой байна уу?

-130 гаруй эмч, ажилчин эмнэлгийн тусламж үзүүлж байхдаа халдвар авсан. Халдвар авсан эмч ажилчдаас 40 гаруй нь эдгэрч ажилдаа эргэн орсон. Эмнэлгийн ажилчид халдварт өртсөн асуудал ялангуяа “Ковид-19” өвдсөн халдвартай хүмүүстэй шууд харьцаж байгаа, агаар дахь вирусийн ачаалал их, 14 хоногийн хугацаанд цаг наргүй ажиллаж биеийн эсэргүүцэл буурах зэрэг олон хүчин зүйлээс болж байгаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН - npost.mn