СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын зураг төсөлд зарим өрөөг таазгүй хийснээс ашиглалтад орох боломжгүй болжээ
2021/03/12
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Гэвч тус барилгын зураг төслийг гүйцэтгэгч эмнэлгийн өргөтгөлийн зургийг дутуу зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болж, ашиглалтад орох боломжгүйд хүрээд байна.
Зураг төслийг хийсэн “Карказ зураг” ХХК эмнэлгийн байгууламжийг гал тогоогүй, тусгай зориулалтаар тоноглосон мэс заслын өрөөнүүдийг зурагт тусгаагүй, нийтийн эзэмшлийн талбай бүхий өрөөнүүдийг таазны шийдэлгүй зуржээ.
Барилгын явц 80 гаруй хувьтай байгаа хэдий ч зураг төслийн энэ алдаанаас үүдэн ашиглалтад орох боломжгүй болж, он дамжаад байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Э.Ниндэв нар ажиллалаа.
"Санхүүжилтээ төсвөөс гүйцэд авсан атлаа таазгүй барилгын зураг зурсан асуудлыг ойлгох боломжгүй"
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зураг төсөл хийх тендерт “Карказ зураг” ХХК 7.9 тэрбум төгрөгийн санал өгч, шалгарсан. Өнгөрсөн хугацаанд санхүүжилтээ гүйцэд төсвөөс авсан атлаа таазгүй барилгын зураг зурсан асуудлыг ойлгох боломжгүй. Тиймээс энэ компанийн эсрэг гомдол гаргана.
Компанийн зүгээс хариу тайлбараа бэлтгээрэй. Төрийн байгууллагуудын зүгээс барилгын өргөтгөлтэй холбоотой саатсан асуудал байвал түргэвчлэх арга хэмжээ авна.
Цаашид нийслэлийн эрүүл мэндийн үйлчилгээний ачааллыг хуваалцдаг томоохон эмнэлгүүдийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад богино хугацаанд оруулахад анхаарч ажиллана” гэлээ.
"Биднээс нарийн зураг зуруулахгүй гэж даалгавар өгсөн"
Харин зураг төслийг гүйцэтгэгч “Карказ зураг” ХХК-ийн зүгээс “Уг эмнэлгийн өргөтгөл орчин үеийн стандартын дагуу тоноглогдох цогцолбор барилга тул биднээс нарийн зураг зуруулахгүй гэж зургийн даалгавар өгсөн. Тэр дагуу ажлаа гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 1993 оноос зочид буудлын зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ашиглалтад орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй. Тиймээс барилгын үндсэн хийц муудаж, цахилгаан, дулааны шугамууд ч ачааллаа дийлэхээ больжээ.
"Өргөтгөлийг ашиглалтад оруулж чадвал эмнэлгийн үйлчилгээний, чанар хүртээмжид шууд нөлөөлнө"
СХД-ийн ЭМ-ийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Эмнэлэг маань 30 орчим жил зориулалтын бус буюу зочид буудлын зориулалттай байранд үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний зэрэгцээ өнөөдрийг хүртэл нэгдсэн засвар хийгдэж байгаагүй тул эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэлтэй байна. Мөн эмнэлэг маань харьцангуй ачаалал өндөр буюу өдөрт 900 орчим хүнд үйлчилдэг.
Тиймээс зайлшгүй өргөтгөлийн барилга шаардлагатай байна. Өргөтгөлөө богино хугацаанд ашиглалтад оруулж чадвал эрүүл мэндийн байгууллага онцгой ачаалалтай байгаа энэ үед эмнэлгийн үйлчилгээний, чанар хүртээмжид шууд нөлөөлнө.
Эмч, ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч өргөтгөлийн байрыг богино хугацаанд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн асан Гарамжав авгай нь байна · 2021/03/12
Энэ өргөтгөл гээд байгаа барилга нь машины зогсоолгүй, орон сууцны барилгын /айлын/ үүдэнд тулгаж барьсан. Орох гарах гарц муутай, ашиглахад үнэхээр хүнд байршилтай шүү дээ. Э Цагдаа, цэцэрлэг, прокурор гээд их олон аж ахуйн газрууд чихэлдсэн. Эмнэлгийн барилгыг орон сууцанд тулгаж барьдаг туршлага зөвхөн Монголд байна. Эмнэлгийн өрөөнүүд нь айлын цонхоор харагдана. Хэн ямар эмчид юугаа үзүүлж байгааг цонхоороо кино үзэж байгаа мэт харах нь. Дээр нь хэрэв ямар нэгэн халдварт өвчин гарлаа гэвэл яаж тусгаарлах юм бэ. Энэ барилгаа эмнэлгээс өөр зориулалтын болгох хэрэгтэй. Ойр хавийнхан нь эсэргүүцээд дийлэлгүй хүчээр барьсан шүү.