Европын Холбооны /ЕХ/ хэд хэдэн орон хэрэглэхийг түр зогсоох шийдвэр гаргасан хэдий ч Австрийн Вакцинжуулалтын төрийн зөвлөлөөс “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг тус улсад үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөжээ. 

Энэ тухай Австрийн хэвлэлийн агентлаг төрийн эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчдийн уулзалтын мэдэгдлээс иш татан мэдээлэв.

Европын янз бүрийн улс орнуудаас ирсэн гаж нөлөөний талаарх мэдээллүүд бүрэн бус бөгөөд харьцуулахад хэцүү тул эдгээр мэдээллээс хоёрдмол утгагүй дүгнэлт хийх боломжгүй гэж зөвлөлийн шийдвэрт дурджээ. Тус зөвлөл Европын эмийн агентлагаас (EMA) нэмэлт мэдээлэл хүлээж байгаа аж.

EMA-ийн шийдвэрийг үндэслэн “AstraZeneca” компанийн вакциныг Европт хэрэглэх ерөнхий журам боловсруулахыг Австрийн Эрүүл мэндийн сайд Рудольф Аншобер өмнө нь уриалжээ. “AstraZeneca”-гийн вакцин болон хүний ​​эрүүл мэндэд үзүүлсэн нөлөө хоёрын хооронд ямар нэгэн хамаарал байгааг нотлох нотолгоо одоогоор байхгүй байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. 

“Улс орнууд нэг талын алхам хийх нь үр дүнтэй биш бөгөөд итгэлцлийг бэхжүүлэхгүй. Хэрэв ийм ноцтой шийдвэрүүд гарсан бол EMA-ийн зөвлөмж, баримтаар тодорхой нотлогдсон байх ёстой" гэж Аншобер мэдэгдэлдээ дурджээ.

“AstraZeneca” компанийн вакциныг тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдол гарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувиар хэд хэдэн орон энэ вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм. Тухайлбал, ийм шийдвэрийг Болгар, Герман, Дани, Индонез, Ирланд, Исланд, Испани, Итали, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Нидерланд, Норвеги, Румын, Тайланд, Франц, Кипр, Португал, Словени улсууд гаргасан байна.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг