Нийслэл хотноо 360 залуу малчин чуулна
2014/05/04
"Баялаг бүтээгч залуу малчин" улсын зөвлөлгөөн анх удаа Төрийн ордонд энэ сарын 9,10-ны өдрүүдэд болно. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн залуу малчдын төлөөлөл болох 360 малчин залуус чуулах юм.
Монгол Улс нь 2.930.277 хүн амтай бөгөөд эдгээрийн 38 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. 2013 оны байдлаар эдгээр залуучуудын 10 хувь буюу 109.998 нь малчин залуус байгаа нь Монгол Улс эдийн засаг талаасаа мал аж ахуйн, хүн ам зүйн бүтэц талаасаа залуучуудын орон гэдгийг илтгэн харуулж байгаа аж. Улс орны хэмжээнд нэн чухалд тооцогдох мал аж ахуйн салбарт малын тоо жил тутам хэдэн саяараа өсч буй нь сайн боловч малчдын тоо хэдэн арван мянгаараа буурч байгаа сөрөг дүр зураг ажиглагдах боллоо.
2011 онд улсын хэмжээнд 311.185 малчин байсан бол 2013 онд 285.691 малчин болж 25.494-аар буурчээ. Эдгээр малчдын 75 хувь буюу 19 мянга орчим нь 15-34 насны залуу малчид байсан юм.
Залуу малчдын тоо ингэж буурч байгаа нь ирээдүйд мал аж ахуйн салбарт ажиллах хүчин үгүй болох, алс хязгаар нутаг эзэнгүйрэх, нүүдэлчдийн өв соёл, ёс заншил мартагдах, төвлөрөл дагасан ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх гэх мэт олон сөрөг үр дагавар гарсаар байна.
Тиймээс залуу малчдын цөөрч буй шалтгаан, нөхцөлд олон талаас нь дүгнэлт хийж, зөв гарцыг тодорхойлон үүнд чиглэгдсэн үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Энэхүү залуу малчдын зөвлөлгөөн нь залуу малчид цөөрч буй шалтгаан, нөхцлийг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлж, гол тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг олох, залуу малчдын нэр хүндийг өсгөх, урам өгөх, нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах зэрэг ач холбогдолтой.
“Баялаг бүтээгч залуу малчин” улсын зөвлөлгөөний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын Ажлын алба, “Монгол малчин” мэдээллийн агентлаг, Хамтран зохион байгуулагчаар ҮХААЯ, Хөдөлмөрийн яам, ХАХНХ яам, Эрүүл мэндийн яам, БШУхааны яам, ССАЖЯам, НЗДТГ, МҮХАҮТанхим, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв (ХААҮШУОНТ), Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу малчдын хороо” ажиллаж байгаа юм байна.