Г.ЭНХГЭРЭЛ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо. Хотын төвөөс зүүн чиглэл рүү дөхөх тусам байшин барилга, хүмүүсийн гадаад байдал эрс өөрчлөгдөнө. Энхэл донхол замаар өгсөж, хогийн цэгийн ойролцоо ирмэгц нүд халтирам дүр төрх угтав. Үнс нурам, төмрийн хаягдал, гялгар уут, ариун цэврийн цаас, хэрэглэл, бэлгэвч, лааз, архины шил гээд зүсэн зүйлийн хог уулын энгэр, хормойгоор хөглөрнө. Дулааны улирал эхэлсэн тул хогийн үнэр хамар сэтлэх шахна. Нүдээрээ хараагүй хүн, бидэнтэй зэрэгцэн ийм газар оршдог гэдэгт үл итгэх. Гэтэл эндээс хоногийн хоолоо олж, амьдралаа залгуулж, хорвоогийн шар нар, бор хоногийг өлөн зэлмүүн өнгөрүүлж яваа 200 орчим иргэн бий.

Үндэсний статистикийн хороо, Дэлхий банктай хамтран хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь буюу 28.4 хувь нь ядуу гарчээ. Үнэхээр харамсмаар тоо. Хогийн цэг дээр зөвхөн архичид амьдардаг гэж ойлгож болохгүй. Учир нь энд эмэгтэй, эрэгтэй, хүүхэд, хөгшид, залуус гээд бүхий л насны хүн бий. Монгол Улс өнөөдрийн байдлаар 209 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Гэтэл энд байгаа хүмүүсийг хэзээ хамруулах нь одоо болтол тодорхойгүй байна. 

Нийслэлийн бүхий л албан газар, айл өрхийн хог хаягдал цуглардаг энэ газар хамгийн эрсдэлтэй бүс баймаар. Эрүүл мэндийн яамны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч Б.Ууганбаяраас энэ тухай лавлахад “Одоогийн байдлаар тэднийг хэзээ дархлаажуулахыг шийдээгүй” гэсэн хариу өгсөн юм.

 НАДААС СЭЖИГЛЭХГҮЙ БОЛ ВАКЦИН ХИЙЛГЭМЭЭР БАЙНА

Биднийг очиход хогон дундаас төмрийн хаягдал шуудайд цуглуулах 40 гаруй насны эрэгтэй тааралдлаа. Машинаас буун очиж мэнд мэдэн, үг солив. Түүнийг Э.Баяраа гэдэг. Өвлийн хар куртик, зузаан өмд нь хирэндээ дагтаршиж, нэг удаагийн амны цэнхэр өнгөтэй хаалт нь пад хар болчихжээ. Арга ч үгүй биз дээ. Улаан шороо бужигнасан ийм газар тод өнгийн зүйл яаж ч өөрийн өнгөөр байх вэ. “Коронавирусийн тухай мэдээлэл авдаг уу. Шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдаж байсан уу” хэмээн асуухад “Бид шил, лааз, бусад үнэ хүрэх зүйлээ тушаадаг хүмүүс болон хогны машины жолоочоос мэдээлэл авдаг. Сүүлийн үед халдвар их гарч байгаа сураг байсан. Би шинжилгээ өгч байгаагүй. Нэг удаа шинжилгээ өгөөд үздэг юм уу гэж бодоод 83 дугаар сургууль дээр очсон. Гадаа нь байсан цагдаагийн албан хаагч цаг авч байж шинжилгээ өгөх ёстой гэсэн. Дугаарлан зогсож байсан хүмүүс ам, хамраа даран сэжиглээд байхаар нь яваад өгсөн.

Надад утас байхгүй. Хаанаас цаг авахыг ч мэдэхгүй шүү дээ. Энд хамт ажилладаг найз маань харин нэг удаа өгч байсан. Эмнэлгээс ямар нэг зүйл хэлээгүй учир эрүүл юм байлгүй. Харин саяхнаас вирусээс сэргийлэх вакцин хийж эхэлсэн гэсэн. Надаас сэжиглээд байхгүй бол вакцин хийлгэмээр л байна. Амны хаалтаа уг нь нэг өдөр зүүгээд хаяна гэж боддог ч заримдаа долоо хоног зүүх тохиолдол бий” гэв. Түүнийг “Ахаа” хэмээн дуудахад итгэж ядсан байртай харц нь далдирна. “Гадуур таарсан хүн бүр жигшсэн харцаар харж, машинууд дайрах шахан өнгөрдөг. Ийм дотно үг сонсолгүй уджээ” хэмээн хэлэхдээ нүдэнд нь нулимс цийлгэнэх нь зүрх хөндүүрлэм. Тэрбээр хогийн цэгээс амьдралаа залгуулаад найман жилийг үдэж. 

Өмнө нь Цагаан даваанд таван жил хог цуглуулан амьдарч байсан төдийгүй Улаанчулуутад ирээд гурван жил болж байгаа гэнэ. Тэрээр Дорноговь аймгийн уугуул, хань нь хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш гашуун зүйлд дурлах болжээ. Эхнэрээсээ хойш, хадмынхандаа нүд үзүүрлэгдэх болсон тул ганц охиноо аваад хотод ирж таван ханатай гэрт тохилог амьдарч байжээ.Гэтэл ганцхан сарын дараа гэрээс нь үнснээс өөр зүйл үлдэлгүй галд өртөж, шатсан аж. Зөвхөн өмссөн хувцастайгаа бичиг баримт ч үгүй хоосон хоцорсон тэрээр охиноо нутгийн унаанд гуйж суулгаад явуулж. Охин нь нутагтаа очоод цөөн тооны малаа малладаг. Гар утсаа хулгайд алдсанаас болж холбоо тасраад хагас жил орчим болжээ. Утасных нь дугаарын сүүлийн дөрвөн оронг санадаггүй тул ийнхүү холбоо тасарсан байна. Ер нь энд амьдардаг хүмүүс гэр нь шатсан, цөөн тооны мал нь зудад өртөн үгүйрч хоосорсон, бичиг баримтгүй зэрэг шалтгаантай байх нь түгээмэл.

 

ТӨРСӨН ХҮҮДЭЭ ХАЯГДСАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН

Удалгүй хог ачсан том, жижиг машинууд ирж харагдана. Тэд хогийн машиныг яг л аав, ээжээ хүлээн догдлон зогсох хүүхдүүд шиг хүлээх юм. Аргагүй биз дээ. Өдрийн орлогоо залгуулах гол хүчин зүйл нь шинээр ирэх хог байдаг тул хэн өрсөж, үнэт зүйл олсон нь эзэн нь болох учиртай. Хувийн унаагаар ирж буй хогууд ангилан ялгагдаагүй болохоор тэдэнд хэрэгтэй зүйл олон байдаг. Зарим нь хогноос олсон ундааны шавхруу, хатсан талхыг халаасандаа хийж, зарим нь шуудайлна. Тэдний дундаас 40 орчим насны баруун хөл нь доголон эрэгтэй эрхгүй нүдэнд туслаа. Тэрбээр энд ирээд 10 гаран жил болжээ. Уг нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд амьдардаг байсан ч өнгөрсөн оны сүүлээр төрсөн хүү нь гэрээсээ хөөчихсөн гэнэ. Өдөртөө хог ухаж олсон бага ч гэсэн мөнгөөрөө гурил, будаа зэрэг хүнсний зүйлээр тасалдаггүй байсан ч архи уудагт нь хүү нь дургүйцэн, уурладаг байжээ. Баруун хөл нь төрөлхийн төвөнхийн мултралтай тул тахир, дутуугийн тэтгэвэр буюу группийн мөнгө сар бүр авдаг. Хүү нь банк руу дагуулан явж, тэтгэврийн зээл авахуулж, мөнгийг нь аваад хэд хоногийн дараа л гэрээсээ хөөчихсөн тухайгаа ярихдаа огтхон ч нулимс дуслуулахгүй нь голдоо ортол гомдож, цөхөрснийх юм болов уу даа. Хатуу чанга байрын хүн байсан ч нүүрний гал, нүдний цог нь зовлон шаналалдаа эрхгүй бөхчихөж дөө гэмээр. Заримдаа өдөртөө 30-40 мянган төгрөгийн орлого олж “башийх” үед бий. Гэхдээ түүгээрээ архи аваад уучих үе ч бас байдаг гэнэ.

 

МАТРАСААР ЗАССАН ОРОМЖИД ӨВЛИЙН ГУРВАН САРЫГ ӨНГӨРҮҮЛЖЭЭ

Цааш явтал орны матрасаар хана босгож, дээр нь урагдаж, ноорсон, халтар хөнжил, дор нь кардон цаас дэвссэн оромж нүднээ тусав. Эхлээд хогнууд гэж харсан ч хүн амьдардаг бололтой юм. Дөхөж очоод хартал дотор нь ундааны сав, хөзөр, идээд орхисон бэлэн гоймонгийн үлдэгдэлтэй сав, хувцас, гар чийдэн зэрэг эд зүйл харагдана. Энд 45 орчим насны хоёр эрэгтэй амьдардаг. Тэд өдөртөө олсон орлогоороо бэлэн гоймон заримдаа хуушуур, пирошки зэрэг ширхгийн хоол авч иднэ. Хааяа хогийн цэг дээр хаягддаг шулсан ясыг усанд буцалган, гоймон хийж иддэг аж. Тэдний гэрийн хажуухан талд өнөө өглөө хогийн машинаар авчирсан “Хүчит шонхор” захын шулсан яс хаягджээ. Гэрээ саяхан барьсан юм уу гэж асуухад “Үгүй ээ. 

Нэг сарын сүүлээр барьсан” хэмээн хариулахад нь гайхан зог туслаа. Идэр есийн хүйтэнд ийм газар амьдарч чаддагийг нь гайхмаар. “Шөнөдөө дугуй, хаймар, заримдаа хаягдал мод шатааж хонодог тул даардаггүй юмаа” хэмээн ажлаа хийх зуураа инээмсэглэн хариулах нь даанч харамсалтай ажээ.Тэд бүгд цэцэгнээс унаж, навчнаас төрөөгүй. Эцэг,эхийн хайр, халамжид хүн болсон ч амьдралын эргүүлгээр, заримдаа өөрсдийн гэм буруугаас болж энд ирдэг. Дотооддоо халдвар алдаад хагас жилийн нүүр үзэх гэж байхад нэг ч удаа шинжилгээнд хамруулаагүй, төр нь хэзээ дархлаажуулахаа мэдэхгүй, төрсөн үр нь мөнгийг нь дээрэмдэх шахуу аваад гэрээсээ хөөгөөд явуулчихдаг цаг үед амьдарч байгаагаа бодоход эрхгүй хоолой зангирах аж. Өөрсдөө очиж шинжилгээ, дархлаажуулалтад хамрагдахыг хүсэх ч хүмүүсийн хүйтэн, зэвүүцсэн харцнаас хулгаж, очиж чаддаггүй гэх. Хотын бүхий л хог хаягдал цуглуулах газарт туйлын эрсдэл дунд амьдарч байгаа тэдэнд хэзээ “хүн” шиг хандах вэ

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН