“Зууны мэдээ” сонин баасан гараг бүрийн дугаартаа “Ногоон мэдээ” буланг тогтмол хөтлөн явуулахдаа хаягдал багатай амьдрахыг уриалсан нийтлэл, ярилцлагуудыг уншигчиддаа хүргэсээр ирсэн билээ.

Дэлхий нийтээр жил хагасын хугацаанд тэмцэж байгаа коронавирусын халдвартай холбоотойгоор хэрэглэгдэж дууссаныхаа дараа маш олноороо хог хаягдал болон үлдэж байгаа хамгаалах хэрэгслүүд, нэг удаагийн хэрэглэлүүд зэрэг нь магадгүй дараагийн цар тахал болох хэмжээнд аюул дагуулж байгаад дэлхий нийтээр санаа зовж эхэллээ. Энэ тухай асуудал хөндсөн нийтлэлийг өмнө нь  “Халдвараас хамгаалсан хаягдлууд бол дараагийн цар тахал” нэртэйгээр нийтэлж байв. Цаашид цар тахлаас үүдэлтэй хог хаягдлыг бууруулахад хувь нэмэр оруулах шинэ санаа, мэдээллийг тогтмол хүргэж байх болно. Энэ удаад нэг удаагийн амны хаалтыг зам барихад ашиглаж болох судалгааг дэлгэсэн “RMIT” их сургуулийн профессор Жие Ли-гийн “AzoCleantech”-т өгсөн сонирхолтой ярилцлагыг тоймлон хүргэж байна.

 

COVID-19 тахал нь дэлхий даяар эрүүл мэнд, санхүүгийн хямралыг бий болгохын зэрэгцээ байгаль орчинд урьд өмнө үзэгдээгүй нөлөө үзүүлж байна.

Өдөр бүр дэлхий даяар ойролцоогоор 6.8 тэрбум ширхэг амны хаалт хэрэглэж, хаягдал болон үлдэж байна.

Зөвхөн Австралийн Викториа мужид болсон коронавирусын эхний болон хоёр дахь давалгааны үеэр ойролцоогоор нийтдээ 300 орчим тонн маск хаягдал болжээ.

 

ДАЛАЙ ДАХЬ МАСКНЫ ТОО ЗАГАСНААС ИХ БОЛНО

 

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл тун удахгүй далай дахь хаягдал маскны тоо загасны тооноос давж гарна гэсэн аймшигтай судалгаа байна. Учир нь далай тэнгис бол яг одоогоор амны хаалтны хаягдлыг агуулах хамгийн том хогийн сав болж хувирсан.

Нэг удаагийн амны хаалт нь  биологийн задралд ордоггүй хуванцар материалаар хийгдсэн тул байгальд бүрэн шингэх хүртэл 450 жил шаардлагатай.

Цар тахлаас өмнө олон тооны хаягдал хуванцрууд асуудал үүсгэж байсан бол одоо нэг удаагийн амны хаалт нэмэгдсэнээр нөхцөл байдлыг бүр ч дордуулж байна гэсэн үг.  Профессор Жие Ли хаягдал маскийг барилгын материалтай хольж хэрэглэх боломжийг судлахаар шийдсэн байна. Учир нь биологийн задралд ордоггүй хуванцраар хийгдэж байгаа тул боломж байна гэж харжээ.  Түүний хийсэн судалгаа гайхалтай үр дүн өгсөн бөгөөд зам, барилгын ажилд хаягдал маскийг ашиглаж болох аргыг олжээ. Жишээлбэл, гурван сая ширхэг маскаар нэг км орчим зам барих материал хийж болно гэв. Өөрөөр хэлбэл, өдөр бүр задгай хаягдаж байгаа маскны тоог маш ихээр бууруулах боломж байна.

 

ХАЯГДАЛ МАСКИЙГ БУСАД ХОГНООС САЛГАЖ АВАХ НЬ ЧУХАЛ

 

Нэгдүгээрт хийх хамгийн чухал ажил бол хаягдал амны хаалтыг бусад хогноос ангилж авах нь чухал гэж тэрээр хэлжээ. Дэлхийн зарим улс орнууд эхний ээлжинд энэ арга хэмжээг авч байгаа ч ихэнх нь ахуйн хог хаягдалтай хамтад нь хаяж байгаа. Манай улсын хувьд ч мөн адил. Хэдийгээр халдвараас хамгаалах асуудал юуны түрүүнд байгаа ч гэсэн цар тахалтай холбоотой хог хаягдлын менежментийг давхар хэрэгжүүлж явах ёстойг бид өмнөх нийтлэлдээ хөндсөн билээ. Ангилж, ялгаж авсан маскийг эхлээд ариутгаж, дараа нь утас шиг болгон жижиглэж, бутлана. Үүнийгээ зам, барилгын дүүргэгч материалтайгаа холино. Судалгааны явцад жижиглэсэн нүүрний маск нь барилгын материалын бүтцийг хүчирхэгжүүлж, суналтын эсэргүүцлийг нэмэгдүүлж, уян хатан, бат бөх чанарыг нь сайжруулж байгааг олж тогтоосон байна. Зөвхөн амны хаалт гэлтгүй бусад хамгаалах хэрэгслүүдийг ихэвчлэн полипропилен, поливинил хлорид, нитрил бутадиен резин зэрэг хуванцар материалаар хийж байгаа тул дээр дурдсан аргачлалаар бусад материалуудтай хольж ашиглах боломжтойг ч судалгааны багийнхан онцолжээ. Профессор юуны түрүүнд өөрийн орон нутгийн хэмжээнд энэхүү аргыг бодит ажил болгохоор ажиллаж эхэлсэн байна. 

 

 

Б.Солонго

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин