Ш.Гантулга: Монголын газар нутаг харийн доншуучдад зарагдах ёсгүй
2021/04/26
Хөдөө аж ахуйн газар бол суурин газрын хил гортигийн гадна орших зөвхөн хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахад зориулагдсан нутаг юм. Аль ч улс орны хувьд хөдөө аж ахуйн газар нь нийт газар нутгийнх нь дийлэнх хэсгийг эзэлдэг. Ихэнх улс оронд нийт газар нутгийнх нь далаас дээш хувийг хөдөө аж ахуйн газар нь эзэлдэг. Хөдөө аж ахуйн газар нь нийгмийн өмнө хүн амыг хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр хангах чухал үүрэг хүлээдэг.
Энэ талаас нь авч үзвэл хөдөө аж ахуйн зориулалттай газар нь аливаа улс орны хувьд хамгийн чухал ач холбогдол бүхий объект юм. Тиймээс ихэнх улс орнууд ийм газартаа ямар нэгэн байдлаар хамгаалах бодлого явуулж ирсэн ажээ. Тухайлбал Япон улс хөдөө аж ахуйн газартаа гадаадын хөрөнгө оруулалт хийхийг хориглосон. Украйн улс ч гэсэн мөн саяхныг хүртэл хөдөө аж ахуйн газартаа гадны хөрөнгө оруулалтыг хориглож, Үндсэн Хуулийн газрын тухай хэсэгтээ бэхэлгээ хийсэн заалттай байсан. Франц зэрэг Европын зарим улс орон усан үзмийн талбайдаа гаднын хөрөнгө оруулалт оруулахыг хориглосон заалт байдаг байсан.
Украйн Улсын шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский дөнгөж албан үүрэгт ажилдаа орсныхоо дараагаар Үндсэн хуулийн газрын тухай хэсэгтээ бэхэлсэн хөдөө аж ахуйн газрыг гадаадын иргэнд ашиглуулахыг хориглосон хоригоо цуцалж, газар өмчлөлийн хуулийг баталсан билээ. Улмаар иргэдээ өмчтэй болгож, газрыг жинхэнэ утгаар нь эргэлтэд оруулна гэсэн уриан дор эхний ээлжинд иргэддээ, дараа нь аж ахуйн нэгжүүддээ газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь саяхан ажээ. Гадаадын иргэнд өмчлүүлэх асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Гадны экспертүүд Украйн улс хямралынхаа замыг бүрэн шулуутгав гэж дүгнэж байлаа.
Газар өмчлөлийн хууль парламентаар дөнгөж хэлэлцэж эхэлсний дараахан Жорж Сорос Украйн бол миний хамгийн том төсөл байлаа гэж Гуардиан сэтгүүлд мэдэгдсэн нь олон хүнийг гайхшруулсан юм. Жорж Сорос Украйны талаар л хэлсэн мэт боловч сайтар ухаж ойлговол түүний хэлсэн үг бидэнд ч бас хамаатай ажээ.
Саяхан Казахстан улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаев хөдөө аж ахуйн зориулалттай газрыг гадаадын иргэн болон хуулийн этгээдэд зарах болон түрээслүүлэхийг хориглохыг даалгаж байна. Энэ нь гадаадын хувь эзэмшилтэй үндэсний хуулийн этгээдэд ч гэсэн хамааралтай. Үүнийг Ерөнхийлөгчийн хууль тогтоох санаачилгын хүрээнд яаралтай хийхээр шийдсэн. Ерөнхийлөгчийн Тамгын Газар энэ асуудлаар зохих хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж тэмдэглэсэн байна. Газрын асуудал үеийн үед Казахчуудын хувьд чухал асуудал байсаар ирснийг Казах улсын тэргүүн онцлон тэмдэглэсэн ажээ. Тэрээр газрын асуудал бол манай төрт улсын бат бэх суурь ба ариун бэлгэдэл юм. Казах улсын газар нутаг зарагдах ёсгүй гэж би нэг бус удаа хэлсэн. Энэ асуудалтай холбоотой гарсан элдэв цуу яриаг яаралтай зогсоох ёстой гэж тус улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев олон нийтийн эв санааны үндэсний зөвлөлийн хуралдаан дээр хэлсэн ажээ. ОХУ хөдөө аж ахуйн газрыг эргэлтэд оруулах тухай хуульдаа хөдөө аж ахуйн газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд зөвхөн түрээсийн үндсэн дээр ашиглуулна гэсэн ганцхан заалт оруулснаас болж Алс Дорнод, Сибирийн нутгууд Хятадуудад сүйтгүүлж байгаа талаар бид өдөр бүр сонсож байгаа билээ. Харин манайд яадаг вэ? Энэ талаар дуугарч байгаа төрийн түшээд байна уу? Харамсалтай нь алга бололтой. Харин ч эсрэгээрээ бүр гадныхантай үгсэн хуйвалдаж, газар нутгаа ашиглуулсаар ирсэн. Манайхан Үндсэн хуулийн газрын тухай хэсэгтээ гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор ашиглуулж болно гэж заасан. Хөдөө аж ахуйн газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд ашиглуулахыг хориглох ямар ч үндэслэл байхгүй ээ. Үүний үр дагавар нь гэвэл өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгуудад хятадууд малын тэжээл рапс тариалах болсон.
Халх голын тариалангийн газрын тодорхой хэсгийг гаднынхан ашиглахаар болсон. Мөн хаа сайгүй яригдах хятад малчдын асуудал ч гэсэн амны уншлага болоод байна. Иймэрхүү нөхцөл байдал газар авбал үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэх нь тодорхой юм. Иймд Монгол улсын хувьд дараах нөхцөлүүдийн улмаас хөдөө аж ахуйн зориулалттай газраа гадны хөрөнгө оруулалтаас хамгаалах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Нэгдүгээрт Монгол улсын хувьд хөдөө аж ахуйн зориулалттай газрынх нь дийлэнх хувийг уламжлалт бэлчээрийн аж мал аж ахуйн эрхэлж эзэлдэг. Монголчуудын амьдралын хэв маяг, ахуй соёл нь хүртэл бэлчээрийн мал аж ахуйтайгаа холбоотой явж ирсэн. Ийм бэлчээр газраа хэрхэн ашиглах, мал аж ахуйгаа хэрхэн хөтлөхөө харийнхнаар заалгаад байх нь ямар ч утгагүй зүйл юм. Социалист системийн үед хүртэл малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг утгатай үг хүртэл гарч байсан шүү дээ. Хоёрт тариалангийн газрын хувьд гэвэл манай оронд ийм газар тариалан эрхлэх боломжтой, үржил шим бүхий хар хөрст газар маш хомс билээ. Улсын хэмжээнд тариалан эрхлэх боломжтой хоёр сая га орчим газар байгааг социалист системийн үед үндсэндээ тогтоосон байлаа. Тариалангийн газрын хөрс гэмтэж талхлагдах эрсдэл өндөр байдгаас үүдэн тариалан эрхлэх боломжтой газрын зарим хэсгийг зайлшгүй улсын нөөцөд авах шаардлага, хэрэгцээ үүсдэг.
Манай улсад гадныханд түрээслүүлээд байх тийм их хэмжээний газар тариалангийн газрын нөөц үнэндээ байхгүй.
Эдгээр шалтгаануудын улмаас л манайх хөдөө аж ахуйн зориулалттай газраа гадаадын хөрөнгө оруулалтаас хамгаалсан хоригийг яаралтай хийж, үндсэн хуульдаа бэхэлж өгөх нь зөв болов уу. Ингэснээр бид хөдөө аж ахуйн салбарт үүсээд байгаа хоёр том асуудлыг шийдэх бололцоотой болно. Нэгд өнөөдөр нэгэнт үүсчихээд байгаа хятад малчдын асуудал цэг тавих болно. Хятад малчдын бэлчээр ашиглах боломжийг нь хаачихвал Үндсэн хуулиар мал төрийн өмч байдаг учраас тэд байгаа малаа зарж аваад нутаг буцахаас өөр замгүй болно шүү дээ. Хоёрт Сэлэнгэ, Төв аймгийн нутагт буй хятад компаниуд болон Дорнодын халх голын сав нутгаар хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэх гоёмсог гуншинтай харийн халдлагаас хамгаалж чадах болно. Мөн цаашид үүсэж болзошгүй олон олон ийм төрлийн эрсдэлүүдээс хамгаалагдах юм. Монгол улсын газар нутаг үеийн үед зөвхөн Монголчуудын өмч байсаар ирсэн. Тиймээс монголын газар нутаг харийн доншуучдад зарагдах ёсгүй ээ. Бидэнд үр хүүхэд ирээдүй хойчоо гэсэн жаахан ч гэсэн сэтгэл үлдсэн бол хөдөө аж ахуйн газраа гадны иргэд болон хуулийн этгээдээс яаралтай хамгаалах ёстой. Монгол Улс үеийн үед мандан бадрах болтугай.
Улс төрийн тоймч Ш.Гантулга
Зочин · 2021/04/26
Зочин · 2021/04/26
Ингэж яриад байдаг тэгсэн мөртлөө Төгрөг нуурын нүүрсний ордыг зарсан Баттулгыг өмөөрөөд байх юм.
Энэболс · 2021/04/26
Энэ тэнэгээс битгий ай жирийн нэгэн малчин
Энэболс · 2021/04/26
Энэ бол маш зөв хэдэн малчид чинь нутаг усчгүй харийх ний боол болоод хэдий нээ эхэлчихсэн ер нь монголыг монголоор нь барна гэсэн нэгэн хужаагийн үг бсан гэдэг энэ бол тоглоом биш
Зочин · 2021/04/26
энэ тэнэг нэр дэвшиж онигоо болноо яанаа ккк