Р.Aмаржаргал: Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд маш том хугарлын мөч ирж байна
2021/04/30
-ВАКЦИНЖУУЛАЛТ БОЛ ЗӨВХӨН ЭРҮҮЛ МЭНДИЙН БИШ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ-
Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай ярилцлаа.
-Цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?
-Цар тахлын энэ үед зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяараа хүнд байна. “хүн төрөлхтөн эрүүл мэнд, эдийн засгийн ийм хямрал хүндрэлийг сүүлийн 90 жилд үзээгүй” гэдгийг нүб-ын Ерөнхий нарийн бичгийн дарга албан ёсоор хэлсэн шүү дээ. манай улсад байдал ямар байна гэдгийг холбогдох байгууллагууд судалгаа хийсэн байна лээ. тухайлбал, Статистикийн ерөнхий газраас 2020 оны тавдугаар сард, дараа нь өнгөрөгч намар, сүүлд оны эхэн үед судалгаа гаргаж. Гол зорилго нь хөл хорьчихоор аж ахуй нэгж байгууллагуудад ямар нөлөө үзүүлж байна вэ гэсэн асуултад хариу авах байсан.судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын гуравны хоёр нь “Хэвийн үйл ажиллагаа тасалдчихлаа” гэж хариулсан байна. “Хэвийн үйл ажиллагаа тасалдсан” гэж хариулсан үзүүлэлтүүд нь өссөн хандлагатай байна. тэгэхээр сөрөг нөлөө үзүүлж байгаа нь гарцаагүй. “Хэвийн үйл ажиллагаанд яаж нөлөөлж байна вэ” гээд үзэхэд ердөө орлогын түвшин нь эрс буурчихсан байгаа. 2020 оны тавдугаар сард хийсэн судалгаагаар нийт аж ахуйн нэгж байгууллагуудын 43.7 хувийнх нь орлого 50-иас дээш хувиар буурсан гэсэн судалгаа байсан.
Харин гурав дахь судалгаагаар 50-иас дээш хувиар орлого нь буурсан аж ахуйн нэгжүүдийн тоо 2.1 пунктээр нэмэгдчихсэн байх жишээтэй. Жижиг аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд ийм байна. Гэхдээ энэ үед төр засаг зүгээр байгаагүй л дээ, хөөрхий. Ямар нэг арга хэмжээ авах гээд оролдож, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард 11 дүгээр тогтоолыг гаргасан. Аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд дэмжлэг үзүүлье гэсэн тогтоол ч гаргасан. Энэ тогтоолын хүрээнд зорилтот бүлгийн 2/3 нь татварыг хөнгөлөх, хойшлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зэрэгт хамрагдсан байна. Харин 1/3 огт хамрагдаж чадаагүй байдаг.
Энд харин нэг сонирхолтой зүйл харагдсан. Үйл ажиллагаа нь доголдож, тасалдчихсан юм чинь аж ахуйн нэгж байгууллагууд ажилчдаа халаад эхлэх болов уу, ихээхэн хүнд байдалд орох болов уу гэтэл судалгаанд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн10-аад хувь нь л ажилчдаа цомхтгосон байх юм. Үлдсэн 90 хувь нь ажилчдаа халаагүй байна. Энэ юуг хэлж байна гэхээр бизнесийнхэн тэр дундаа жижиг дунд бизнесийнхэн, нийгмийн хариуцлагаа маш сайн ухамсарлаж байна. Хүнд хэцүү үед ажилчдаа дэмжиж тусалъя, аль болох ажлын байртай байлгаж байя гэсэн санаа маш тодорхой харагдаж байна гэж бид дүгнэсэн.
Гурав дахь удаагаа (2021.04.10-2021.05.08) сая хөл хорио тогтоолоо. Энэ шийдвэр яаж нөлөөлөх вэ гээд судалгаа хийхэд аж ахуйн нэгжүүдийн 57 хувь нь “Маш хүнд тусна” гэж хариулжээ. “Хэвийн горимдоо хэзээ шилжинэ гэж бодож байна вэ?” гэсэн асуултад “Мэдэхгүй” хэмээн хариулсан байна. Тэгэхээр энэ бол төр засгаас явуулж байгаа бодлого нь аж ахуйн нэгждээ ойлгомжтой мэдээлэл хүргэхгүй байгааг харуулж байна. Юу болох, цаашид яах гээд байгаа, гаргасан шийдвэрээ үргэлжлүүлэх гээд байна уу, өөрчлөх гээд байна уу гэдэг мэдээлэл нь тодорхой биш болохоор аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэхээ мэдэхээ байчихсан, төөрөгдөөд байна. Өөрөөр хэлбэл, бодитой эдийн засгийн учир шалтгаан байхад шийдвэр гаргаж байгаа тогтолцоо нь аж ахуйн нэгжүүдээ улам төөрөгдүүлж, хүнд байдалд оруулж байгаа иймэрхүү л дүр төрх харагдаж байна.
-Ийм үед ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл эдийн засаг сэргэх вэ?
-Нэгдүгээрт, ний нуугүй хэлэхэд, төр засаг нь хөл хорио тогтоогоод байгаа учир шалтгаанаа хэлж мэдэхгүй байна шүү дээ. Харин надад ийм мэдээлэл алга. Би хэрвээ зөв ойлгож байгаа бол халдвар авсан хүний тоо мянга давсан, тархалтын тоо нэмэгдээд байгаа учраас хөл хорио тогтоож байна гэж ойлгож байна. Тоо нь үнэхээр нэмэгдээд байгаа юм бол юунаас болж нэмэгдээд байна вэ гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жишээ нь, иргэд гудамжаар сэлгүүцэж, явган яваад байгаагаас болж нэмэгдээд байгаа юм уу. Тодорхой тайлбарлах хэрэгтэй. Одоогийн хөл хориогоор явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлачихлаа шүү дээ. Тэгэхээр явган явж байгаа хүмүүсээс болоод халдварын тохиолдол нэмэгдээд байна уу. Эсвэл өөр учир шалтгаан байгаа юм уу. Чухам юунаас болоод байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Осолдохгүй л нэг тоо гаргаж ирээд мянга давчихлаа, 800, 900 тохиолдол бүртгэгдлээ, гудамжинд явж байгаа хүмүүсийг болиулъя, дугуйгаар явж болохгүй гэдэг иймэрхүү л юм яриад байгаа болохоос биш, яг яагаад байгаа юм бэ гэдгээ маш тодорхой хэлж өгөхгүй байна. Иргэдэд ойлгомжтой мэдээлэл өгч чадахгүй байна. Тиймээс энэ бол өнөөдрийн Засгийн газрын хамгийн том алдаа. Яг ний нуугүй хэлэхэд, тэд байдал ямархуу байна, юунаас болоод байгаа юм бэ, учир шалтгаан нь юу юм бэ гэдгийг өөрсдөө мэдэхгүй, учраа олохгүй байна. Хэрвээ мэдэж байгаа бол нууж хааж байна гэсэн хоёр дүгнэлт л хийхээр байгаа юм. Ер нь хүнд суртлын аппарат нь өөрийгөө л бодож байгаа болохоос иргэд аж ахуйн нэгж байгууллагаа бодож байгаа шинж алга байна шүү дээ.
-Тархалт улам нэмэгдвэл эмнэлгийн хүртээмж хүрэлцэхгүй, ачааллаа дийлэхгүй гэх зүйл хэлж байсан...
-Ер нь тэрийгээ мэдэж л байсан шүү дээ. Манай эрүүл мэндийн салбар ямархуу байдалтай байгаа билээ. Кислорадны аппарат, уушги цэвэрлэдэг аппарат нь хэд байгаа билээ. Хүчин чадал нь юу билээ, ор юу билээ бүгдийг нь мэдэж байсан шүү дээ. Энэ бүгдийгээ мэдэж байсан мөртлөө яагаад ийм байдалд хүргэчихсэн юм бэ. Яагаад тодорхой арга хэмжээ аваагүй юм бэ. Хамгийн энгийн жишээ гэхэд л өнгөрөгч хоёр долоо хоногийн хөл хорио тогтоолоо. Би зөв ойлгосон бол энэ хөл хориогоор вакцинжуулалт огт хийгдсэнгүй. Орж ирсэн вакцинууд нь дуусчихсан. Сошиал зэрэг янз бүрийн зүйл дээр бичээд байгааг харахад зарим вакциныг Засгийн газар оруулж ирээгүй болж таарч байна. Энэ вакцинжуулалтын ажиллагааг цэгцтэй, замбараатай хиймээр байна.Ложистик гэж хэлдэг л дээ. Тэр ложистикийг цэгцтэй, маш сайн ягштал нь хийх ёстой байтал тэд чадахгүй муу дүн авчихаж байгаа юм. Нэгдүгээр тунгаа хийчихсэн бол хоёрдугаар тунгаа цагт нь хийх ёстой. Хугацаандаа тун нь байж л байх ёстой гээд зохион байгуулалттай байх хэрэгтэй шүү дээ. Ийм энгийн хийх ёстой зүйлээ хийхгүй энд тэнд очоод цээжээ дэлдээд гүйгээд байна л даа.
-10 их наядын хөтөлбөрийг талаар Та юу бодож байна?
-Ний нуугүй хэлэхэд, би юу ч гэж бодохгүй байгаа.
-Аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ч төдийлөн байгаа онохгүй байна гэж дүгнэж байна уу?
-Уг нь 10 их наядын хөтөлбөрийг сонсоод ашгүй дээ том хөдөлж байна гэж бодсон чинь 10 их наядыг гурван жил хуваах болж байгаа юм байна. Ингэхээр нэг жилд гурван их наяд төгрөгийн зээл олгох нь. Тэгээд үүнээсээ хэрэгжүүлнэ гэхээр яг бодитойгоор нэг их наяд төгрөгийн дэмжлэг авах асуудал яригдах юм байна. Гэтэл өнөөдөр ганц их наяд төгрөгөөр асуудлыг шийднэ гэдэг бол худлаа зүйл болчихож байгаа юм. 10 их наядын хөтөлбөрийг сонсоход чихэнд чимэгтэй аятайхан сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ олигтой зүйл харагдахгүй байна. Тодруулбал, иргэдэд олгож байгаа зээлийн хэмжээ тодорхой хэмжээгээр өссөн байгаа юм. Гэтэл аж ахуйн нэгжид олгогдож байгаа зээлийн хэмжээ буурчихсан байна. Тэгэхээр иргэн эндээс зээл аваад ойр зуурын хэрэгцээний зүйл ч юм уу өр зээлээ зохицуулаад болж байна. Гэтэл үйлдвэрлэл эрхлэхэд таны хувийн зээл үйлчлэхгүй шүү дээ. Үйлдвэрлэл эрхлэхэд ажлын байраа авч үлдэх, эдийн засгаа тэлэхэд аж ахуй нэгж байгууллагад олгож байгаа зээл чухал үүрэг гүйцэтгэнэ. Би андуураагүй бол статистикаар гурван хувиар уналттай гарч байна лээ. Тэгэхээр энэ хөтөлбөр асар дутуу дулимаг бодсон, анхнаасаа пиар тал нь давамгайлсан шийдвэр байсан.
-Яаж эдийн засгаа дэмжиж, ажлын байраа хамгаалж үлдэх вэ?
-Хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол яг юу болоод байгааг оношил. Хамгийн эмзэг цэг нь хаана байна, хамгийн сул гинжин холбоос нь хаана байна гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, асуудал юундаа байна вэ гэдгийг тогтоо. Үүнийгээ олж тогтоогоод тэрнээсээ хөөгөөд дараа дараагийн арга хэмжээгээ авах ёстой. Энэ бол нэгдүгээрт хийх ёстой ажил.
Хоёрдугаарт нь, мэдээж хэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх. Гуравдугаарт нь, өрхийн орлогыг тасалдуулахгүй байх. Ийм гурван чиглэлийн ажлыг онцгой анхаарч хийх ёстой. Мэдээж хэрэг Засгийн газрын хэлж ярьж байгаа зүйл нь энэ хүрээн дотор амьхандаа эргэлдээд байгаа юм. Гэхдээ миний харж байгаагаар мэдээллээ боловсруулж чадахгүй байна. Энэ тохиолдолд хэрвээ буруу мэдээлэлтэй байгаа бол буруу шийдвэр л гаргана шүү дээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зөв зүйтэй, цагаа олсон, нүдээ олсон, асуудлыг шийдэхэд тус нэмэр болно гэсэн итгэл бизнеснийхэн болон иргэдэд алга. Итгэл байхгүй, итгэлцлийн түвшин нь навс уначихсан тохиолдолд энэ хүлээлтийг удирдаж залж авч явна гэдэг бол маш хэцүү. Хүмүүс үүнийг нэг их тоохгүй байх. Гэхдээ энэ итгэлцэл, хүлээлтийг зална гэдэг бол хямралын үед хамгийн чухал байдаг. Хүн итгэж байх ёстой. Маргааш, нөгөөдөр юу болох вэ гэдгийг мэдэж байх ёстой. Ихэнх бизнес эрхлэгчид “Мэдэж байгаа юм алга” хэмээн цөхрөнгөө барчихсан байдалтай байна.
-Тэгэхээр эхлээд эдийн засгийн гадаад орчноо судлах хэрэгтэй болж байна уу?
-Цэгцтэй ажиллах ёстой. Хамгийн наад зах нь гадаад орчинг мэдрэх, мэдэх. Одоогоор гадаад эдийн засгийн хүрээнд зэсийн үнэ гайгүй байгаа. Цаашид өсөх нь тодорхой харагдаж байгаа. Өсөөд зогсохгүй өндөр үнэ нь нэг хэсэгтээ барих юм шиг байна. Нүүрсний хувьд ч иймэрхүү дүр зураг ойрын үед харагдаж байгаа. Тэгвэл үүнийг бид яаж ашиглах вэ. Бидэнд олгож байгаа энэ бололцоог давуу тал болгож Дорж, Дондог, Дулмаагийн орлого болгодог бодитой зүйлд анхаарах хэрэгтэй.
Дараагийн нэг фактор бол дэлхийн эдийн засаг, тэр дотроос Хятадын эдийн засгийн өсөлтийг тооцоолох. Хятадын эдийн засаг босоод ирлээ. Манай хөрш шүү дээ. Манайд хамааралтай. Хятадын эдийн засагтай цуг дотоод эдийн засгаа тэлж, босгож ирэхийн тулд юу юу хийх ёстой гэдгээ маш хурдан бодож тооцоолж, шийдлээ олох ёстой. Бололцоог ашиглахгүй суугаад байж огт болохгүй.
-Тэгвэл бодит эдийн засгийн секторт ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Бодит эдийн засгийн секторт өнгөрсөн жил манай эдийн засаг бараг зургаан хувиар уначихсан. Энэ бол 2020 оны дүн. Монголын эдийн засгийн хувьд 5-6 хувиар унасан нь маш хүнд цохилт. Амьжиргааны түвшин талаас нь үзвэл 2014 оны түвшиндээ буцаад оччихсон байгаатай адил. Бид урагшлах биш долоон жилээр ухарчихаад байна шүү дээ. Энэ оны хувьд эерэг өсөлттэй гарна гэсэн тооцоог Дэлхийн банк, ОУВС, АХБ хийж байсан. Гэтэл хөл хорио тогтоогоод тэр бололцоог хязгаарлаад хаячихлаа. 2020 оны сонгуулийн үеэр би сонгогчидтой уулзалт хийгээд явж байхдаа “Энэ цар тахал 2020 оноор дуусахгүй. 2021 он руу дамжина. Бүх зүйл ном ёсоор явбал 2021 оны наадмын хавьцаа арай намжих болов уу” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийн байдлыг харж байхад юун наадам бараг намар хүртэл үргэлжилж, сөрөг эффектүүд нь гараад ирэх нь байна. Шийдвэр гаргаж байгаа төр засгийн хүмүүс үүнийг олж хараад хувилбар боловсруулаад ажиллаж байх ёстой байсан юм л даа.
Уул уурхайн салбараас гадна аялал жуулчлалын салбарт мөн л олигтой зүйл харагдахгүй байна. Энэ бүгдийг яривал барагдахгүй биз. Сая цас бороо ороод энэ хавар нэлээн чийг өглөө. Хаврын тариалалтаа цаг хугацаанд нь гүйцээж хийвэл намар гайгүй ургац хураалт авчих байх. 400-гаад сая тонн авчихвал ерөнхийдөө ургацын баланс гайгүй гарах болов уу гэж горьдож байна. Жаахан дутвал тэр зөрүүгээ гаднаас авах боломжтой. Тэгэхээр ямартаа ч мах, гурил нь байж байхад бодит эдийн засагт гайгүй болов уу. Гэхдээ цар тахал гээд хаврын тариалалтаа хойшлуулчихвал намар ямархуу янзаар цуурайтахыг бид мэдэхгүй. Дэлхийн судлаачдын үзэж байгаагаар хөдөө аж ахуйн салбар цар тахлын хөлд хамгийн багаар нэрвэгдсэн салбар болох юм шиг байна. Аялал жуулчлалын салбар энэ тэртэй харьцуулбал шүү дээ. Тэгэхээр дахиад хэлэхэд, өөрчлөлтийг цаг хугацаа алдалгүй хийж, уламжлалт биш шийдвэр гаргасан нь хожино доо.
-Төсвийн сектор талаас нь авч үзвэл?
-Төсвийн гүйцэтгэл ойролцоогоор 80 хувьтай байна.
Нэгдүгээр улирал үндсэндээ дуусчихсан, аж ахуйн нэгж байгууллагууд балансаа гаргаж, холбогдох тайлангаа гаргаж тооцоогоо хийж байх ёстой. Ийм үед 80 хувьтай байна гэдэг нь чамлалттай үзүүлэлт. Өнгөрсөн жил ихэнх нь ашиг орлогогүй ажилласан гээд баланс нь хасах гарсан ч газар байгаа шүү дээ.
Энэ бүгдийг аваад үзэхээр нэгдүгээр улиралд ийм дүн гарч байгаа юм. Хоёрдугаар улирал эхлэхэд алдагдалтай байвал гурав, дөрөвдүгээр улиралд юу болох бол гэдэг асуудал гарч ирнэ. Одоо бол эрүүл мэндийн салбар “нусаа хацартаа наагаад” явж байгаа биз дээ. Ийм хүнд байдалд улсын төсөв минь ямархуу янзтай байх вэ гэдгийг гарцаагүй анхаарах ёстой.
Хамгийн сонирхолтой зүйл нь төсвөөр дамжуулж мөнгө гаргаж байна. Дээрээс нь тусгай хөтөлбөр буюу 10 их наядын хөтөлбөрөөр мөнгө гаргаж ирж байна. Гэтэл энэ мөнгө нь хүрэх ёстой зорилтот бүлэгтээ хүрч байна уу үгүй юү. Энэ мөнгөний үр ашиг зарцуулалт юу байна гэдэг асуудал гарч ирнэ. Мөнгө гаргаад зараад байдаг тэрүүгээр хөшөө босгоод байвал ямар л олиг байх вэ дээ. Төсөв нь бүрдэхгүй, бүрдээд орж ирж байгаа жаахан төгрөгөө үзэл суртлын зүйлд зарцуулаад байвал энэ улс орны эдийн засаг хаашаа явах вэ гэдэг асуудал өөрийн эрхгүй тавигдаад байна.
Банк санхүүгийн салбараар аваад үзвэл аж ахуйн нэгж байгууллагад олгож байгаа зээлийн хэмжээ буурсан атлаа иргэдэд олгож байгаа зээлийн хэмжээ өссөн дүнтэй гарч байна. Энэ нь тодорхой хэмжээний дисбаланс үүсгээд байгаа юм. Үүний сөрөг эффект хэзээ, яаж үүсэх вэ гэдэг асуудал нээлттэй үлдэж байна. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 20 хувьтай гарсан байна. Уг нь Төв банкнаас арилжааны банкуудад нэлээн дэмжлэг үзүүлсэн шүү дээ. Арилжааны банкуудаар дамжуулж аж ахуйн нэгж байгууллагуудын зээлийг хойшлуулах, хөнгөлөлт үзүүлэх гээд янз бүрийн арга хэмжээ амьхандаа авсан гээд байгаа. Энэ бүгдийн дараа 20 хувь гэдэг бол байдал ямархуу янзтай байгааг илэрхийлж байна. Эргэн төлөлт байхгүй бол шинээр зээл олголт байхгүй. Шинээр зээл байхгүй, санхүүжилт байхгүй бол эдийн засаг идэвхжиж босож ирнэ гэсэн горьдлого үндсэндээ байхгүй болчихож байна л даа.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийх нь сөрөг нөлөөлөл ямархуу янзтай байж болох вэ. Валютын ханшид яаж нөлөөлөх вэ, эсвэл бензин шатахууны үнэд яаж нөлөөлөх вэ гээд үзвэл сонин зүйл харагдана л даа. Макро эдийн засгийн талаар сайн мэдэхгүй, микро эдийн засгийг ч нэг их сонирхдоггүй хүмүүс амьдралын хар ухаанаар бүгд ярьж байгаа шүү дээ. Бензин шатахууны үнийг барьж байна. Энэ бол сайндаа ч биш Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа учраас бариад байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэд дахин нугараад босоод ирнэ. Сонгуулийн дараа яажшуухан амьдрах гээд байгаа юм бэ. Өнөөдөр хамаг эдийн засгийн зүйлүүдээ улс төрийн зорилгоор ашиглачихаар юу болох гээд байгааг бүгд ярьж байгаа. Ямар арга хэмжээ авах вэ гэхээр макро талаас нь, бодит эдийн засгийн олон зүйлийг ярьж болно.
Цаг хэмнэх үүднээс ганц л зүйлийг хэлье. Вакцинжуулалт. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш. Цэвэр эдийн засгийн асуудал. Иргэдээ маш яаралтай вакцинжуулах, үүнийг үр ашигтай болгох зүйлийг шийдэж чадвал дараа дараагийн алхмуудаа төлөвлөж болж байна. Вакцинжуулалтаа хийж чадахгүй дусал дуслаар авч ирээд хоёр хоноод вакцин байхгүй болчихлоо гээд суугаад байвал маш хүнд л дээ.
-Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс эдийн засгийн хямралд өртчихгүй яаж үлдэх вэ. Та ЖДҮЭ-дэд энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Төр засгийнханд найдаад, горьдлого тээж суухаас илүү өөрөө өөрийгөө авч гарах модель рүү түлхүү анхаарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө нь аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийнхөө үйл ажиллагаанд тооллого маягийн юм хийх. Өөрөөр хэлбэл, би ямар бизнес эрхэлж, юу хийгээд байгаа билээ, надад хэрэгтэй зүйл юу билээ, надад ашиг орлого өгч байгаа нь, зарлага гаргаж байгаа нь юу вэ гэдгээ бодож, өөрийнхөө бизнесийнхээ хүрээнд маш нарийн тооллого хийж, цэгцлэх ёстой. Ер нь ийм эгзэгтэй болчихсон үед бэлэн мөнгөтэй хүн л “хаан” болно шүү дээ. Тиймээс хэрэгтэй юм нь юу байна, хэрэггүй зүйлээ зарж, устгаж, салах нь чухал. Тэгэхээр мөнгөний бааз саваа бэхжүүлэх ажлыг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж эрхлэгчдэд хэлэхийг хүсч байна. Аж ахуйн нэгж байгууллагуудад шинэ бололцоог сайн эрж хай гэж хэлмээр байна. Учир нь тогтчихсон, уламжлалт зүйлүүд зогсчихсон байгаа боловч шинэ соргог зүйлүүд гарч ирж байна шүү дээ. Тухайлбал, хүргэлтийн үйл ажиллагаа байна. Цахимд суурилсан үйл ажиллагаа байна. Эдийн засгийн салбараар авч үзвэл уламжлалт дээр суурилсан эдийн засгийн салбаруудад хүндрэл гараад байгаа боловч цахимд суурилсан эдийн засгийн салбар босож ирээд байна. Тиймээс тийшээ шилжих, өөрийн үйл ажиллагааг өөр тийшээ чиглүүлэх чиглэлийн зүйлүүдэд анхаарах ёстой байх. Нэг үгээр хэлбэл, бидний амьдрал “Цар тахлын өмнө ба хойно” гэсэн хоёр үед хуваагдчихлаа. Үүний дараа цоо шинэ үе эхэлнэ. Тэгэхээр бизнесээ ч цоо шинээр харж, ажил амьдралаа цоо шинээр хөтлөн явуулах шаардлага тэртэй тэргүй ирчихлээ.
-Иргэдийн орлогыг дэмжих үүднээс хэмээн 300 мянган төгрөг олголоо. Гэхдээ үүнийхээ санхүүжилтийг Лондонгийн арбитрын шүүхэд маргаантай байгаа Оюу толгойн татварын өрөөр шийдвэрлэсэн. Энэ нь улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Засгийн газар хаанаас тэр мөнгийг гаргаж өгсөн бэ гэдэг нь иргэн Дорж бид хоёрт сонин биш. Макро эдийн засгийн хувьд аваад үзвэл Засгийн газар шүүхийн шийдвэрээр тусад нь дансанд байршуулчихсан мөнгийг аваад хэрэглэчихсэн байна гэж ойлгоод байгаа. Хэрвээ шүүхийн шийдвэрээр тусад нь байршуулчихсан мөнгийг Засгийн газар нь хүч хэрэглээд аваад элдэв зүйлд зарцуулсан бол зөөлнөөр хэлэхэд маш түгшүүртэй дохио шүү.
-Товчхондоо өнөөгийн байдалд бодлого боловсруулах лидер, удирдлагууд хэт жулдаж байна гэж дүгнэхээр байна уу...
-Би танд хаалт нээж байгаад ярих уу, эсвэл хаалт хааж байгаад ярих уу (инээв) Ийм шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй юу ярих вэ дээ.
-Эдийн засгаас гадна танаас асуух ёстой, уншигчид ч таны байр суурийг сонирхож байгаа сэдэв бол АН, Ерөнхийлөгчийн сонгууль. АН хоёр толгойтой болчихлоо. Аль нь хууль ёсных юм бэ?
-Хууль номын дагуу явж байгаа нь сая хурлаа хийж М.Тулгат гэдэг шинэ намын даргатай болчихсон. Тиймээс надад аль нь гэж эргэлзээд байгаа юм алга. Би намын гишүүддээ “Жаахан эргэлзээ төрөөд, төөрөх гээд байвал тод замаа буюу ном журмынхаа замыг дагаад явж байгаарай нөхөд минь” гэж хэлээд байгаа юм.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн...
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авах АНын дотоод сунгаанд оролцоно. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдгээ дотоод сунгаагаараа шийддэг.
-Та АН-ын дотоод сунгаанаас гарч ирвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж болох байх. Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад нэр дэвшихээр шийдэв?
-Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд ч ер нь маш том хугарлын мөч ирж байх шиг байна. Жилийн өмнө Р.Амаржаргалын хэрэгцээ байгаагүй байх. Магадгүй бүх зүйл нь жигдрээд таван жил болчихсоны дараа Р.Амаржаргалын хэрэгцээ байхгүй биз. Яг ийм эмзэг, ярвигтай энэ үед магадгүй Р.Амаржаргалын мэдлэг туршлага юу юунаас чухал байх л гэж би хувьдаа боддог. Үүнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авч болно. Би хөмсгөө зангидаад, хатуу үг хэрэглэж, чанга дуугаар ярьдаг хүн биш. “Гол асуудал ийм байна. Иймэрхүү чиг хандлага байна. Энэ нь явсаар байгаад ийм үр дагаварт хүргэж болох нь иймэрхүү хувилбарууд байж болох юм”гэж сонголтуудыг нь гаргаж өгч тайлбарладаг хүн. Тэр үүднээс асуудалд хандах гэж оролдож байгаа юм.
-Та clubhouse-т “Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн холбоог анх байгуулагдахад дэмжиж үг хэлсэн байж одоо яагаад “сүржигнээд” байгаа юм бэ” гэж хэлсэн...
-Монгол цэргийн холбооны үүсгэн байгуулагдсаны анхдугаар их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс мэндчилгээ ирж байсан. Зөв зүйтэй санаачилга байна гэсэн утгатай байсан. Энд буруу юм байхгүй шүү дээ. Нэг төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдаа л биз. Чөлөөнд байгаа цэрэг, дайчид төрийн бус байгууллагаа байгуулаа л биз. Цэрэг, эх орон ч үзлээ дэлгэрүүлье, цэргийн албан хаагчдын ар гэрт тусалъя, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, эрт тэтгэвэрт гарсан хүмүүстээ шинэ мэдлэг мэргэжил олоход нь дэм болох гэсэн санаа агуулсан төрийн бус байгууллагатай л адил холбоо шүү дээ. Тиймээс байгуулах нь зүйтэй юм гэдгийг Ерөнхийлөгч дэмжсэн байсан. Үүнд гайхаж, сандраад байх зүйл байхгүй. Харин сүүлийн энэ холбооны орон нутгийн салбаруудыг нь төрийн захиргааны үйл ажиллагаатай хутгалдуулж, улс төрийн үйл ажиллагаанд оролцоод байна уу гэсэн гэсэн өнцгөөс Х.Баттулга Ерөнхийлөгч гаргаж тавьсан гэж ойлгож байгаа. Хэрвээ тийм бол буруу. Энэ холбоо бол цэвэр төрийн бус байгууллагын үүргийн хүрээнд нийгмийн асуудал, цэрэг, эх оронч үзлийг сурталчлах ажлыг хийхээс биш төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа ч юм уу, улс төрийн ямар нэг намын халхавч халаасны байгууллага байх ёсгүй. Тийм үйл ажиллагаа явуулбал эртхэн шиг таслан зогсоох нь зөв.
-Эцэст нь, дэлхийн хүн төрөлхтнийг нөмөрсөн энэ цар тахлаас бид ямар “сургамж” авч үлдэх ёстой гэж Та бодож байна?
-Яг хариуг нь олох гэж бодож байсан асуулт байна. Юуны өмнө Эрүүл мэндийн салбар хөгжил, үйл ажиллагааны шинэ түвшинд гарах ёстой болж байна. Ерөөсөө улс төрөөс, хэн аль намд харьяалагдаж байна гэдгээс хамгийн ихээр ангид байх салбар бол энэ гэдгийг ойлгох цаг иржээ. Мэргэжлийн өндөр чадвараар бүрэн зэвсэглэх ёстойг хаа хаанаа ухамсарлаж байна. Дараа нь, Диккенс “ Хоёр хотын тухай тууж” номондоо: “Бид бүх цаг үеийнхээ хамгийн хэцүү мөртлөө, хамгийн сайхан үед амьдарч байна” гэж бичсэн байдаг даа. Нээрээ л маргааш өнөөдрөөс илүү сайн болно гэдэг ямар ч баталгаа байхгүй. Хөл хорионы энэ вакумжсан юм шиг орчинд маргаашийн амьдралаа босгох туйпуунууд байж л байгаа. Харин түүнийг ямар эрмэлзэл, хүсэл зоригтой босгох нь биднээс л шалтгаална. Эцэст нь, амьдралынхаа өдөр болгоныг амар амгалан, аз жаргалтай хүлээж авах хэрэгтэй юм шиг байгаа юм. Дуртай газраараа дураараа аялж явсан маань ямар сайхан байгаа вэ гэдгийг үнэндээ сая л ойлгож байна шүү дээ. Сайн сайхнаа үнэлж, хүлээж авах чадвар цар тахлын дараа бидэнд их хэрэг болно.
Р.ХИШИГЖАРГАЛ
Dr Rush Qin · 2022/02/15
Зочин · 2021/05/03
Бат · 2021/05/02
Хүн бүр чадах чинээгээрээ хичээх л үе л дээ сэтгэхээсээ сэтгэхгүй нь олон юм даа яагаад у/с тарилгаа хийлгэхгүй байна маскаа зүүгээд өвчин авахгүй байж болохгүй юу сармагчингуудаа
Зочин · 2021/05/02
Хугаралын мөч ч гэх шиг үнэн мундаг өөрийг нь сонгосон бол бадралын мөч гэхнээ үнэн мундаг улс төрч
Зочин · 2021/05/02
Xугарах болоогүй, нуман тулгуурт орсон байна!
Зочин · 2021/05/01
худлаа гар.
Зочин · 2021/05/01
үнэндээ АН сонгогдоогүйд маш их баярлаж байна. Ийм новшийн нийгмийг авсан бол АН нэг мөр дуусаа. Энэ заваан бантандаа өөрсдөө хутгалдсанаараа өөрсдөө жанхуур. энд АН нэг ч орж болохгүй
Зочин · 2021/05/01
Дэмжиж бна. Амжилт!
Бат · 2021/05/01
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
nnnn · 2021/04/30
hiisen buteesengui hulhi uvgun zailj uz chi
зочин · 2021/04/30
зүгээр л зайлаа.
Max Bent · 2021/04/30
hosin sog oo gej?....jujigchidees arai l iluu sanagdana! · 2021/04/30
Amarjargalaa byy gorid,chamaig odoo hen ch toohgyi ee!!chinii jujigchinii chag dyyssan odoo gertee jujigeen yzseer syyzgaa!!!
Зочин · 2021/04/30
Амаржаргал ёстой хэрэггүй бас Оюунгэрэл
Бөөн горьдлого · 2021/04/30
Энэ Амахжаргал гэж ерөнхийлөгч боллоо гэж шөнө бүр зүүдэлж, өдөр бүр мөрөөдөж явдаг хүн байна. Бөөн горьдлого тээсэн муу социалист .
хүннү · 2021/04/30
Амаржаргал яриад эхэлвэл “ямар нэг сонгууль болох гэж байгаа юм байна” гэж ойлгож болно. АН талаас энэ хүнээс өөр хүн байхгүй. Амаржаргалын хувьд нөгөө хэдээсээ дээр хувилбар.
мжл · 2021/04/30
Тэр европ чинь оросын ш/у-ыг хүлээн зөвшөөрч эхллээ. Америкчууд насаараа хүн дээрэлхэж ирсэн хүмүүс, тэд одоо юу юугүй оросын ш/у-ыг хүлээн зөвшөөрх болоогүй яагаад гэхээр тэд чинь “нэрэлхүү” хүмүүс, ичих булчирхайтай хүмүүс.
Иргэн · 2021/04/30
Энэ нэг социалист эдийн засаг ярисан худлаа нөхөр сонгууль болгоноор мэдэмхийрэх юм. Хөөе зах зээлийн эдийн засгийг America Europe - д сурч төгссөн нь яридаг юм.