Эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд таван хүнийг нэр дэвшүүлэн,  санал авахаар бүх шатны намын хороо руугаа албан тоот илгээжээ.

Ингэхдээ Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн нийтлэг шаардлага хангасан  таван  хүнийг  санал болгосон  бөгөөд  тэргүүлэгчдийн хуралдаанаас хамгийн өндөр санал авсан  хоёр хүний нэрийг Удирдах зөвлөлийн ажлын  албанд ирүүлэхийг чиглэл болгосон байна. Тус албан тоотод  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар   нарын нэрийг жагсаасан байна.  

 

Монгол Ардын намын дүрмийн  14 дүгээр зүйлийн 14.1,8,37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь заалтыг  үндэслэл болгон холбогдох хуулиудын нийтлэг шаардлага хангасан эдгээр таван хүнийг тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлэн албажуулж ирүүлнэ үү гэжээ.  

 

МАН-ын  Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэг бүхий уг албан тоотыг энэ сарын 26-наас эхлэн  21 аймаг, 9 дүүргийн  намын хороонд илгээсэн бөгөөд энэ сарын 29-ны дотор хариу  ирүүлэхийг хүсчээ. 

Үүнээс үзвэл МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хамгийн өндөр санал авсан хоёр хүний нэр аль хэдийнэ тодорсон бололтой.