АН-ын түүхэнд “Цагийн механизмтай бөмбөг” тавьсан цаад эзэд хэн бэ
2021/05/06
У. Оргилмаа
Одоогоос есөн жилийн өмнө, 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр МоАХ-г удирдаж байхдаа өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн уярам сайхан үгийг хэлж билээ. “Ардчиллын цагаан морь дүүхэлзэж байна. 23 жилийн өмнө өвлийн жаварт уур савсуулан байсан тэр л янзаараа хөгжлийн үсрэлт, дүүлэлтэд бэлтгэж байна” гээд... Дээрх үгийг хэлснээсээ хойш таван жилийн дараа тэр Төрийн тэргүүн “болсон” байлаа. Харин өнөөдөр? Ардчиллын цагаан морь нь амь тавихдаа хүрээд байна. Энэ намыг устгаад өгөөч гэж түүнийг АН-ынхан нэр дэвшүүлж Ерөнхийлөгч болгоогүй байх. Харамсалтай цаг хугацааны тохиол, тохуу таарч Монгол Төрийн хуулиар Х.Баттулга нэр дэвших эрхгүй, түүнийг нэр дэвшүүлсэн нам дарга ч үгүй, тамга ч үгүй шүүхдэлцэж, бачимдсан Ерөнхийлөгч уурандаа зүгээр байгаа МАН-ыг тараах хүсэлт Дээд шүүхэд гардуулав. Элсээр гэр барьж тоглож байгаад өөрийнх нь таалагдахгүй бол хөршийнхийгөө сүйдэлж, ядахдаа ижил болж байж санаа нь амардаг “муухай хүүхэд” байдаг даа. Эв нэгдлийн илэрхийлэл маань тэр хавьцаа сэтгэж байх шив.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхэд 34 хоног үлдээд байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хуулиар олгогдсон эрх хэмжээг хязгаарлахаар өөрчлөлт хийхээр УИХ-д өргөн барьж байна. Энэ нь дараагийн Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран эрх мэдлийг нь цаламдах арга мэт боловч уг хуулийн төсөл дотор ямар гээчийн “тэсрэх бөмбөг” явааг хэн ч шинжиж амжаагүй байгаа билээ.
Хуульд зааснаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж энэ сарын 5-ны дотор СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Гэтэл гол өрсөлдөгчдийн нэг Ардчилсан намын дотоод хямрал яг энэ мөчид дээд цэгтээ тулж үүнийгээ шүүхээр шийдүүлэх, ингэхдээ эхлээд даргаа тодорхойлуулах, дараа нь тамгаа олуулах гэхчлэн намынхаа гишүүд дэмжигчдийг ичтэл шившгээ дэлгэж үр дүнд нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадах эсэх нь эрсдэлд хүрлээ.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Дээд шүүх яг үүнтэй зэрэгцэн “Ковид-19”-ийн халдварын улмаас “хаалгаа барьчихаад” байж таарсан нь бүр инээдтэй, шоглоомтой.
Монголын улс төрийн гол тоглогч Ардчилсан нам хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааны дүнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүйд хүрэх эрсдэлтэй тулгарлаа. Харамсалтай нь үүнийг “гаднаас” хэн нэгэн биш Ардчилсан намынхан өөрсдөө бий болгосон.
Монгол Ардын Намын 100 жилийн ойн “бэлэг” Монголын Ардчилсан намыг булшлах явдал байсан уу гэвэл арай хатуудах биз.
АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтыг талууд нэг өдөр цахимаар болон цаасан хэлбэрээр явуулсан бөгөөд Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргаар сонгогдсон бол С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат олонхын саналыг авч, ялалт байгуулсан юм. Товчхондоо, С.Эрдэнийг М.Тулгат, Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлохоор болов.
Үүний дараа Ардчилсан намын даргын бүртгэлийг бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд болж тус намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгүүлэх хүсэлтүүдийг хэлэлцсэн. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа. Ийнхүү УДШ-ээс О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг нь ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ.
Харин одоо тус намын тамганы асуудлыг шүүх хэлэлцэж байна. Үүнд АН-ын даргын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намын дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн гэж үзээд С.Эрдэнэ намын даргаа үргэлжлүүлэн хийхээр болсноо зарлаж, АН-ын тамгыг буцааж авах шаардлагыг тавьсан.
Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан байдаг. Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Ингээд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг С.Эрдэнэд олгосон аж. Энэ эрхийн дагуу холбогдох газраар шинэ тамга хийлгэснээр АН-ын үйл ажиллагаа хүчин төгөлдөр болж байгаа талаар олон нийтэд мэдээлж байсан. Тэгэхээр Улсын дээд шүүхэд АН-ын дарга нь С.Эрдэнэ гэж бүртгэсэн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан бүртгэлийг үндэслэн СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг бүртгэх болов уу гэсэн таамаглал байна.
С.Эрдэнэ ч “Хууль ёсны эрх бүхий байгууллагаас олгогдсон тамга тэмдэг, бүртгэлтэй нам нь өнөөдөр төв байрандаа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, хүчин төгөлдөр тамгыг албан ёсоор хэрэглэж байгаа. Өнөөдөр банк санхүү, татвар, даатгал, шүүх, прокурор гээд бүх байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн” гэж тайлбарласан.
Харин О.Цогтгэрэлд байгаа тамгыг яах вэ? Шүүхийн хэлэлцүүлгээр АН-ын хуучин тамгыг хүчингүй болгосон, С.Эрдэнэд дахин олгосон Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг түдгэлзүүлэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 955 тоот захирамж энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчинтэй. Тэгэхээр Шүүхээс шалтгаалан энэ ойлгомжгүй байдал үргэлжилсээр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцож чадахгүйд хүрэх эрсдэл тун ойрхон байна. Ийм байдалд хүргэсэн “эзэн” нь АН-ынхан өөрсдөө. Хэчнээн хорон явуулга, хэний ч “хар гараар” үйлдэгдсэн байлаа ч улс төрийн намыг ийм байдалд хүргэх хуулийн боломж тун бага. Тиймээс тэр боломжийг ашигласан гэхээсээ илүү олгож өгсөн Ардчилсан намынхны буруу гэж тус намын гишүүд дэмжигчид үзэж байна.
Тун харамсалтай. Ардчилсан намынхан, түүний гишүүд дэмжигчид Намын дарга нараасаа Ардчиллаа хамгаалж чадсангүй. Алдана гэдэг итгэлийнх байдаг. Итгэл даагаагүйн төлөө яллах ямар хууль байдаг вэ? Хэрэв Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж чадахгүйд хүрвэл энэхүү түүхэн гутамшгийн төлөө хэн хариуцлага хүлээх вэ? Хөрш айлын МАН уу, эсвэл цаасан дарга, тамгагүй дарга уу? Энэ бол түүхэн өдрүүд шүү!
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2021/05/06
БУРУУГАА БИТГИЙ БУСДААС ХАЙ. НАМ ДОТРООСОО ХАЙХНА ЗӨВ ЮМ.
Зочин · 2021/05/06
АН-аас ХЭНЧ ДЭВШСЭН САНАЛ АВАХГҮЙ. ЭРДЭНЭ БОЛ НАМАА ХАГАЛЖ ГИШҮҮДЭЭ ЯЛГАВАРЛАН ҮЗДЭГ ӨӨДГҮЙ ХУВИА ХИЧЭЭСЭН ХҮН БОЛОЙ. ТҮҮНД ГОМДСОН ХҮМҮҮС НЬ ТАВ, АРАВ БИШ ШҮҮ, ХАРИН 50, 100 МЯНГААР ЯРИХ БАЙХ, ГЭРБҮЛТЭЙГЭЭ НИЙЛЭЭД. ТЭД БҮГД ӨӨР ХҮМҮҮСТ САНАЛ ӨГӨХ БОЛНО. УИХ-ЫН СОЭНГУУЛЬД Ч УБ-Т ИЙМ БАЙСАН.
Зочин · 2021/05/06
Сонгууль шудрага байсансан бол ерөнхийлөгчийн нэр хүнд жирийн иргэдийн дунд өндөр рейтингтэй байсан харин ганбаа алтанхуяг 2 дэвшсэн бол гарах магадлал өндөр иймд өрсөлдөгчөө зайлуулах аргыг хүрэлсүх хийгээд байна гэдгийг жирийн иргэний хувьд хараад ойлгоод сууж байна надтай адил бодож байгаа улсууд зөндөө байна цав цагаан сонгууль нэг бол ирц хүрэхгүй мөнгө үрэгдсэн сонгууль бодно
Лут · 2021/05/06
Цагийн механизмтай бөмбөгийн эзэн ил л ажиллаж байгаа шүү дээ. Нэрийг нь хэлэхээс цэрвээд байна уу. Яагаав нөгөө Женко ч бил үү, Жонхуу ч бил үү
Бат · 2021/05/06
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
Зочин · 2021/05/06
ерөнхийлөгч х.баттулга наймаачин хүний хар ухаан гаргаж с.эрдэнэ гэж хүнийг ардчилсан намын даргын суудлыг нь авч хариуд нь шоронд үлдсэн насаа барах ялт хэргээс нь хамгаалсан. хариуд нь с.эрдэнэ тохиромжтой цаг нь ирэнгүүт бултаж шинэ эзэн хүрэлсүхээс шоронд хийхгүй гэсэн амлалт аваад үйлчилж эхэлсэн.авгай хүүхэд нь ч эрдэнээд санал өгөх болуу сонин.баттулга хулгайчтай тохиролцох биш шоронд нь хийж төрийн хар хүн шиг явсан бол ийм юм болохгүй байсан.
зочин · 2021/05/06
АН-ыг гол өрсөлдөгч гэж хэн хэлээд байгаа юм. Зүгээр л нэг байдаг л нам ш дээ. Ногоон нам, хүн ам өөр чинь хэн хэн ч билээ есөн жорын намуудын л нэг ш дээ. Сонгуульд боломжоо ашиглаад өөрсдөө оролцож чадахгүй бол хохь нь гэнэ биз дээ