В.НЭРГҮЙ

“Эмээлт”-ийн амьд малын зах эль хульхан. Машиныхаа цонхыг буулгаж тамхиа татах нэгэн байхад, нөгөө нь хонины хашаа мордон сууж, гартаа барьсан олсоороо хуруугаа ороосон харагдах дүр зурагтай. Энэ бүхэн малын борлуулалт муу байна гэсэн утгыг шууд илэрхийлнэ.

Гурван эгнээ хашаанд хэсэг хонь хашаатай. Тэрхүү хонины эзэд “За сайхан эр хонь байна шүү. Үзэж хараад хямдруулаад аваарай” гэх. Уг нь өдийд “Эмээлт” захад хөл хөдөлгөөн их байдагсан. Энэ жил цар тахлын хорио сулраад удаагүй болохоор нэг иймэрхүү л өнгө аястай байгаа бололтой. Бидний очсон хонины хашаа бол Булган аймгийн Могод сумаас ирсэн малчдынх байв. Хонины үнэ 250-290 мянга аж. Энэ жил Булган аймагт өнөтэй сайхан өвөл болсон болохоор малчид ирж малаа борлуулж байгаагаас гадна малын ченжүүд ч Булган чиглэлийн малыг бэлэн мөнгөөр худалдан авч тав, арван төгрөг нэмэн борлуулж байгаа аж.

"Эмээлт" захын орчмын уулын энгэр, ар дагаж хэсэг хэсгээрээ хонь, ямаа, үхэр хариулсан машинтай хүмүүс үзэгдэнэ. Тэд тус захад малаа борлуулах гэж ирээд худалдан авагч муу байгаа болохоор ийнхүү бэлчээж хөлийн чилээг нь гаргаж яваа аж. Хүний хөл сийрэг бөгөөд ганц нэгхэн машин ирж амьд малын үнэ асуугаад хөдөлнө. Хөл хорио гүйцэд тавиагүй болохоор Улаанбаатараас Эмээлт рүү машин оруулахгүй байгаа аж. Тиймээс хаврын харшаагаа тайлах, шинэ шөл ууна гэсэн хотынхны бодол талаар болоод байгаа бололтой. Нөгөөтээгүүр нийслэлд махны үнэ өссөн болохоор тус зах ч дагаж амьд малынхаа үнийг өсгөжээ. Бэлэн 250 мянган төгрөгтэй хүн ч хонь худалдан авч идэх боломж ховор аж. Тарга хүч муутай төлөг, шүдлэн хонийг арай гэж 250 мянгаар худалдан авах боломжтой байна.

Ийнхүү “тэнгэрт хадсан” үнэтэй амьд малын зах дээр буй хүмүүсийн ихэнх нь улсын болоод нийслэлийн онцгой комиссын одоогийн шийдвэрийг буруутгаж байв. Учир нь 22-ын товчоогоор машин нэвтрүүлэхгүй болохоор мал худалдан авах хүн байхгүй. Тиймээс тухайн орчмын зах зээл, мөнгөний эх үүсвэр бүрэн хаагдсан гэж үзэж байгаа аж. Гэтэл шийдвэрийн дагуу захынхаа үйл ажиллагааг нээчихсэн. Тус захын удирдлагууд нь түрээслэгч нараасаа мөнгөө нэхэж, дарамтлах, үнээ буулгахгүй байгаа нь ийнхүү бухимдалд хүргээд байгаа гэнэ.

Тухайлбал, “Эмээлт”-ийн амьд малын захын бойны хэсэгт гэхэд 80 гаруй хүн ажилладаг аж. Тэр хүмүүс өдрийн 40 мянгаар мал нядлах, гэдэс цэвэрлэх лангуу түрээсэлдэг байна. Мал ихтэй, борлуулалт сайтай бол өдөрт 40 мянгын түрээсээ төлж болох ч, одоо нэг хүн дунджаар өдрийн орлого нь 7500 төгрөг байгаа гэж байв. Энэ зовлонгоо удирдлагадаа хэлж түрээсээ буулгах эсвэл хойшлуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй ажээ. Иймд тус захын удирдлагууд түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэх эсвэл түрээсээ түр хойшлуулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг түрээслэгчид учирлаж байв. Зөвхөн бойны хэсэгт 80 гаруй өрх амьдралаа залгуулдаг байна. Малын бой дээр ажилладаг Р.Чимэгээтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Ажил ямар байна. Өдөрт хэчнээн хонь бойлж байна?

-Манай ажил эхлээд гурав хонож байгаа. Хонь, ямаа худалдаж авах хүн бараг байхгүй. Өчигдөр хоёр хонины гэдэс арилгасан. Өнөөдөр нэг ч төгрөгийн орлогогүй сууж байна. Орлогогүй байтал түрээс төлөх болчихлоо. Хоол ундныхаа ч мөнгийг олж чадахгүй байна.

-Нэг хонины гэдэс ямар үнээр арилгадаг вэ?

-Манай нөхөр хамт ажилладаг. Хонь худалдаж авсан хүний хонийг нь манай хүн янзалж, махыг нь эвдэж өгдөг. Нийлээд нэг бог малыг 15 мянган төгрөгөөр гаргаж өгнө. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш орлого зогсож, өр шир тавьж амьдарч байна. -Сард хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ? -Өнгөрсөн жил сарын түрээс 20-30 мянган төгрөг байсан. Гэвч захирал солигдож, шинэ захирал түрээсээ нэмсэн. 

Одоо өдрөөр бодоход 40 мянган төгрөг сардаа 1.2 сая төгрөг төлж байна. Үнэндээ нэг сая төгрөг байтугай арван мянган төгрөгийн ч түрээс төлөх боломжгүй болчхоод байна. Ирэх нэг дэх өдөр бүх хүнээс түрээсээ авч байж үйл ажиллагаагаа жигдлэх тухай удирдлагууд ярьж байна гэсэн

.-Уг нь өдийд мал, мах авах эрэлт их байдаг даа?

-Үнэ өссөнтэй холбоотойгоор худалдан авах чадвар муу байна. Мөн хорио цээрийн дэглэмийг буруу зохион байгуулж байна. Эмээлт зах руу машин оруулахгүй байгаа юм чинь хэн ирж мал худалдаж авах вэ. Мөн 22-ын товчооноос дотогш 400 гаруй хонь нэвтрүүлээд зарж байна. Тиймээс тэр хониноос л авна уу гэхээс наашаа ирэх хүн байхгүй.

-Хот дотор мал заруулдаггүй биз дээ?

-Хотод мал нэвтрүүлэх ёсгүй. Гэхдээ малаа оруулж байгаа малчид болон малын ченж нарын буруу биш. Хотоос “Эмээлт” чиглэл рүү машин нэвтрүүлэхгүй юм чинь ядаж нэг алхам ч гэсэн хот руу ойртож малаа зарахаа хүн бодно биз дээ. Тэр хүмүүсийг цагдаа 20- 30 мянган төгрөгөөр торгоод өнгөрч байгаа гэсэн. Нэг хонио бараг 300 мянгаар зарж байгаа хүн өдөрт 30 мянгаар торгуулах юу ч биш биз дээ. Өнөөдөр хотоос ирж явахад зам дагуу бараг 400 гаруй хонь байна лээ. Түүнээс өдөрт ядаж 100 гаруй хонь нь борлогдож байгаа байх.

 

ХОТ РУУ НЭВТЭРСЭН ГЭЭД 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛСАН

Үнэндээ, "Эмээлт"-ийн эргэн тойронд бойны малын үнэр аван шогших золбин нохой ч байхгүй байлаа. Цөөхөн тооны морь ачсан том оврын автомашины жолоочтой очиж уулзлаа. “Мах үнэтэй байгаа. Коронатай энэ үед адууны махаар шөл хийж уувал сайн шүү. Соёолон үрээ нэг сая 300 мянгаар худалдана. Адууны махны ченжүүдэд хэл дуулгасан. Ирээд үнэ ханшаа тохирчихвол бойнд оруулна даа” гэж ярьж байлаа. 

Харин бог малын ченж Г.Алтансүхтэй “Хонь, ямаа тарган туранхай гаасаа шалтгаалан 170- 290 мянган төгрөгийн хооронд байна. Төлөг, хязаалан хонь 230- 250 мянга, том эр хонь 250-290 мянган төгрөг. Өдөрт энд зогсоход 10 мянган төгрөгийн татвар төлдөг.Хөдөөнөөс 60 гаруй хонь, ямаатай орж ирээд дөрөв хонож байна. Хоёрхон хонь зарлаа. Худалдан авалт муу, зарлага ихтэй. Гэтэл Эмээлт орчмын цайны газрын хоолных нь үнэ өсчихсөн байна. Тавга хоол найман мянгаар авч идэж болж байхад тарган хонио 290 мянгаар зарж болно доо” гэж байв. Нас гүйцсэн эр хонь 30-34 килограмм татаж байгаа гэнэ. Үүнийг Улаанбаатар хотын Хархорин худалдааны төвийн ханшаар бодоод үзэхэд 370 мянга орчим төгрөг болж байгаа аж. Мөн гэдэс, толгой үнэгүй дагалддаг байна. Б и д “ Э м э э л т ” з а х а а с Улаанбаатар орох зуураа хил зөрчиж нэвтэрсэн гэх хэл ам дагуулаад байгаа хэд хэдэн хонь зарж буй хүмүүстэй очиж уулзлаа. Тэдний нэг Булган аймгийн Могод сумаас ирсэн Х.Хүрэлсүх “Эмээлтэд зогсож хонио борлуулъя гэхээр мал худалдан авах хүн байхгүй. Тэгээд нааш нь туугаад оруулаад ирсэн. Товчоогоор малтай нэвтэрсэн гээд машины бичиг баримт хураагаад авчихсан. Малаа зарж дуусчихаад 500 мянган төгрөгийн торгууль төлөөд авто машинаа авна.

Уг нь бичиг баримт бүрэн малын гарал үүслийн бичигтэй байхад ийм торгууль оногдуулж байна. Нэгэнт торгууль төлөх юм чинь бүх хонио зарж дуусаад очно доо. Харин хонио агуулах хашаа хороо байхгүй хэцүү юм. Ойр хавийн айл, албан байгууллагын манаачийг гуйж 20 мянган төгрөг төлөөд хашаанд нь хонио хонуулж байгаа.Уг нь 60 хоньтой ирсэн одоо 17 хонь үлдлээ” гэж ярьж байлаа. Түүнчлэн малчид холоос малаа тээвэрлэж авчирч байгаа учраас мал, махны үнэ өндөр байгаа аж. Тухайлбал Увс аймгаас ачигдаж ирсэн 100 гаруй хонь байв. Холын тээвэрт сэгсрүүлж, гэдэс, өнгө зүс алдсан нь ажиглагдаж байлаа.

Гэхдээ тарга мэддэг хүн бариад үзэхэд хавирган дээрээ ядаж л хоёр хуруу өөхтэй сайхан эр хонь олон байв. Бөөний үнэ өсөхөөр жижиглэнгийн үнэ өсдөг. Гайгүй сайхан тарга, тэвээрэгтэй хонь 250 мянган төгрөгөөс эхэлнэ. Ямаа 170-200 мянган төгрөгийн ханштай байна гээд бодохоор орлого тааруу өрх өөх цөвдөл, элэг уушги хайхаас аргагүй болж байх шиг санагдав. Дал гаруй насны өвгөн хонь хашсан хашаануудын баруун хойх нь талд түрдэг тэрэг налан сууна. Сониуч зан хөдлөөд өвөө дээр очиж мэнд ус мэдэж танилцлаа. Өвгөн усныхаа тэрэгний хүчээр л өдрийн цайны сүү, талхны мөнгийг олдог нэгэн аж.

Тэрбээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас ирсэн байна. Түүнийг Н.Цээсүрэн гэдэг. Хот хүрээ бараадаад 10 гаруй жилийн нүүр үзжээ. “Эмээлт” тосгонд төвхнөж, хүний худалдаж авсан хонийг хүлж усныхаа түрдэг тэргэнд тавиад 400 орчим метр газар тээвэрлэж бойчдод хүргэж өгдөг аж. Нэг удаагийн хүргэлтээр мянган төгрөгийн урамшуулал авдаг ажээ. Хорио цээргүй байхад өдөрт 30-50 мянган төгрөгийн орлоготой байж. Харин ойрын үед орлого байхгүй. Өнөөдөр 2000 төгрөгийн л ажил хийсэн гэж байв. Орон нутгаас малаа зарах гэж ирсэн гэр оронгүй ганц нэг хүнийг гэрээрээ байлгаж хоолны мах хөлсөнд нь авдаг байна. Заримдаа малыг нь маллаж өдөр нь бэлчээрт гаргаж, шөнө нь хашаандаа хонуулаад цөөхөн хэдэн төгрөг олчихдог гэнэ. Н.Цээсүрэн гуай “Өнгөрсөн өвөл олон аймгийн нутагт зуд болсон.

Үүнээс болоод энэ жил амьд мал их цөөхөн худалдаалж байна. Хэдийгээр мөнгө төгрөг хэрэгтэй ч малчид арьс, шир болсон туранхай малаа зарах нүнжиг муутай улсууд биш шүү дээ. 

Хотоос иргэдийг товчоо руу гаргахгүй бол “Эмээлт” дээр амьд мал авчраад хэрэг алга. Буянт малаа ямар өдөржин өлөн хорих гэж байгаа биш. Өнөөгийн төрийн толгойд маханд дуртай мал мэддэггүй хэдэн хүн гарчихаж гэж боддог.Үнэхээр эгэл ардаа туйлдуулж дууслаа. Би яах вэ 70 гарсан хүн. Гэхдээ зарим шийдвэр, тушаалыг нь бодохоор гол гогдох шиг болох юм. Хүний хүүхдүүд муу хэлж байгаа юм биш. Хүмүүсийн амьдрал дордож байгааг өдөр бүхэн харах хэцүү юм” гэж байлаа. "Эмээлт"-ийг тойрсон малын хөлийн мөр нэг иймэрхүү өнгө аястай байна. Махны үнэ өслөө гэж жилийн жилд л бид бичдэг, ярьдаг. Харин махаа, малаа хэрхэн зөв аргаар зах зээлд нийлүүлдэг болох юм бол доо. Их хотынхны хаврын харшаагаа тайлах шинэ шөл “хориотой бүсэд” хашаатай өнжиж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН