Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар соёлын салбарынхантай уулзав. Тэгэхдээ “2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийх зорилго тавья, Netflix дээр таваас доошгүй контент хийе” гэлээ. Зарим хүн маш хурдтайгаар шүүмж бэлдэж, олон нийтийн сүлжээнд тавьж, хэвлэлд нийтлүүлжээ.

Эдийн засагч Ц.Даваадорж “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед эдийн засгаа сэргээх богино хугацааны төлөвлөгөө боловсруулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ залуу хүний хөөрлөөр сүүлийн үед гаргасан шийдвэрүүд нь байгаа онохгүй байна. Кино урлаг, соёлын салбар бол хөрөнгө оруулалтаа удаан нөхдөг. Түр хугацаанд шийдэх асуудал. Тиймээс цаг хугацааны хувьд яаралтай биш. Монголд Холливуудын кино бүтээлээ ч эргээд зардлаа нөхнө гэж харахгүй байна” гэв.

Бас эдийн засагч Ч.Хашчулуун: “Дэлхий дахинд хөгжим, кино урлагаа сурталчлахад маш сайн төлөвлөлт, бэлтгэл байх хэрэгтэй. Холливуудын киног Монголчууд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Засгийн газар кино урлагийн салбараа дэмжиж болох ч хувийн компаниуд анхаарч ажиллахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаа шиг үр дүн гарахгүй” гэв.

 

Л Оюун-Эрдэнэ бас өнгөрсөн ням гаригт “Азийн хүлэг улс”, “Алсын хараа-2050” номынхоо нээлтийг хийв. “Үлгэрийн ном” гээд шүүмжилж байна. Нээлтэд очсон зочдыг нэр дурьдаж байгаад гөвж өгөв. Ердөө өчигдөр, уржигдрын болсон явдал энэ. Тиймээс одоогоор энэ нь инээдээр даруулаастай л байна гэсэн үг. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт гэнэт “үг” хэлж, заримдаа үйлдэл хийхэд хүмүүс инээдэг. Шүүмжилдэг. Харин тэр ухардаггүй. Эхэлсэн л бол салахгүй.

 

Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод бараг дөрвөн сар болж байна.100 гаруй хоног гэсэн үг. Нэг зүйл анзаарагдаад байх боллоо. Хийх ажлаа цаг хугацаатай, тодорхой хэлдэг. Манай улс төрийн салбарт тогтсон “Цаашид улсаа хөгжүүлнэ, зүтгэнэ” гэдэг барих юмгүй бөөрөнхий, уйтгартай үг хэллэгээр ажилладаггүй.

Гэхдээ ЗГХЭГ-ын дарга байхдаа, түүнээс өмнө сул гишүүн байхдаа хэлдэг байснаа л хийгээд байгаа хүн л дээ. Энэ “Эрдэнэт”-ийн асуудал. ЗГХЭГ-ын дарга болчихоод очиж битүүмжлээд, амьтан хүний хараа занаанд ороод л явсан. Бас л их нүдүүлсэн дээ. Харин өнөөдөр Сингапурт зарагдах гэж байсан “саалийн үнээ” турж эцээгүй, тарга тэвээрэгтэй дахиад олон жил “сүү" өгнө гэдгийг бүгдээрээ л харлаа.

 

Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэхийг “Рио Тинто”-тай хэлэлцээд эхэлчихсэн явж л байна. 10 жил “Рио Тинто”-гийн үгээр явж, 10 жил гэрээний өөрчлөлт ярихаас халгаж явсан төр шүү дээ. Түүнээс өмнө, Мартын 8-нд шоронд хоригдож байсан Т.Чимгээтэй очиж уулзаад бас л гөвүүлж байлаа. Чимгээгээр шоудлаа гээд л. Өнгөрсөн Баасан гаригт Т.Чимгээ суллагдсан. Батлан даалтад гарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхийн Шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бус эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн асуудалд анхаарал хандуулснаа Т.Чимгээг эргэхдээ хэлж байсан юм.

Тэр Ерөнхий сайд болчихоод дөрвөн зорилт ярьсан. Эхнийх нь Засгийн газрынхаа 100 хоногт вакцинжуулалтыг хийнэ гэсэн. 100-хан хоногийн дотор гэж үү гээд шоолж л байсан. Хийсэн. Манай улс иргэдээ вакцинжуулсан улсуудын толгойд цохиж явна лээ.

Сүүлийн хатуу хөл хорио тавдугаар сарын 8-нд тавигдсан. Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан хэрэг л дээ. Тэгмэгц орон нутагт томилолтоор ажиллав.

Ерөнхий сайд болсноосоо хойш хотоос гараагүй Л.Оюун-Эрдэнэ анхны томилолтоороо Өмнөговьт ажиллав. Манайд Ерөнхий сайд болонгуутаа нутагтаа очдог жишиг байдаг. Тэр тэгсэнгүй. Харин өнөөдөр ч, хэтдээ ч Монголын эдийн засгийн орц гарц нь болсон Өмнөговийг зорьсон. Тэнд ажиллаж Таван толгой дагасан цахилгаан станц, авто зам, төмөр замын асуудлыг нэг мөр болгов. Эдгээр нь Ерөнхий сайд болонгуутаа зарласан дөрвөн зорилтынх нь нэг хэсэг байв. Ирээд Сэлэнгийг зорив. Хаврын тариалалтын ид үед Сэлэнгэд ажиллаад ирнэ лээ. Сэлэнгэ, Дарханы энэ бүс нь Монгол орны газар тариалан, мал аж ахуйн гол бүс нутаг гэдгийг бид мэднэ. Ухдаг биш, ургуулдаг бүс.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хэлж яриад байгаа нь мөрөөдөл, эсвэл зорилт гэхээсээ “Vision” буюу алсын хараа байдаг. Улсын хөгжил хаана байна, хүний хөгжлийг юунаас эхлэх вэ, улс төр яавал зохистой вэ гэдгийг тэр системтэйгээр хараад байна гэдгийг шуудхан хэлэх хэрэгтэй.

Нүдэн дээр ил л байна. Нэг түүх байдаг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи 1970-аад оны үед “Солонгос улс машин үйлдвэрлэнэ, автобусаа ч хийнэ, метротой болно” гэхэд дэлхий шоолж байв. Дэлхийн банк ч итгэл үзүүлээгүй. Солонгосчууд нь илүүтэй эргэлзэж байсан гэдэг. 1980-аад оны эхээр Сөүлийн хотын дарга нь “Сөүлийг дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон бүс болгоно" гэсэн нь бас л хүмүүсийн инээдийг хүргэж байв. “Сөүлд Олимпийн наадам зохион байгуулна” гээд бүр ихээр шоолуулж байжээ. Тэгвэл Өмнөд Солонгос хэдхэн жилийн дараа машин, автобус үйлдвэрлэж, метротой ч болсон. 1988 онд Сөүл Олимпийг нэр төртэй зохион байгуулсан. Өнөөдөр “Ганнамд очиход дэлхийг үзнэ, өөр тийшээ явах шаардлагагүй” гэтэл хөгжиж чаджээ. Гэтэл өнөөдөр гурван сая гаруйхан хүн амтай гэдэг ч Монгол Улс олимпийн аваргуудтай, дэлхийд танигдсан “The  Hu” хамтлагтай, оюун ухааны спортоор дэлхийг дэлдийлгэчихсэн. Зориглоод дэлхийн дэвжээнд гарахад даваад л гардаг жишээ бидэнд үүнээс ч олон бий. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахиад юу ярьж инээлгэх нь маш сонирхолтой байна.

 

 

 

Сэтгүүлч Р.Хишигжаргал

 

Эх сурвалж: "Өдрийн сонин"