Х.Чойбалсангийн референтээр ажиллаж байгаад 1944 онд 32 настайдаа Төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байсан. Улмаар 1947 оноос Төв Хорооны Улс Төрийн Товчоонд орсон. Засаг талдаа Ерөнхий сайдын I орлогч хүртэл алба хашсан. ШУ-ны Академийн Ерөнхийлөгчөөр 21 жил ажилласан... гээд бичээд байвал энэ хүний намтар түүх маш баян.

Хүмүүс энэ хүний тухай ярихдаа “Ши мэргэн” гэж товчлон нэрлэнэ. Би Ши мэргэнтэй 1990 оноос хойш олон удаа уулзаж, ярилцлага хийж “Ардын эрх” сонинд нийтлүүлж байсан. Намайг Намын нарийн бичгийн дарга байхад хааяа “хэд гурван зүйл чамд хэлмээр байна. Зав байвал хүрээд ирээч” гэж гэртээ урьж ярилцдаг байсан. 

 

Их гомдолтой явдаг зүйл нь 1981 оны 12 дугаар сарын 30-нд болсон явдал. Тэр өдөр чухам юу болсон бэ гэдгийг надад их удаан хуучилсан. 1980 оноос хэсэг хүн (Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нар оролцсон) Шинжлэх Ухааны Академийг үндсэнд нь тараах саналыг тавиад идэвхтэй хөөцөлджээ. Физик, математик, хими, биологи зэрэг байгаль техникийн чиглэлийн хүрээлэнгүүдийг Академиас салгаж холбогдох яамдад нь шилжүүлэх, түүх, хэл шинжлэлийн гэх мэт цөөн хэдэн хүрээлэнг Академид нь үлдээх төсөл байжээ. Үүнийг нь Ши мэргэн зад эсэргүүцэж ёстой л хөлөө хүрэх газраа хүртэл очиж, хэлээ хүрэх газраа хүртэл заргалджээ. СнЗ-ийн нэг орлогчтой ихэд муудалцахдаа: “Чи тэр үлийн цагаан оготно, хулгана, зурмаа л мэд” гээд хүртэл хэлчихжээ. Үүнээс хойш бүр гал авалцаж хэн нь дийлэхээ үзье дээ гэдэг дээрээ тулжээ. ШУА-ийн хүрээлэнгүүдийг шалгаад л байж, шалгаад л байж. Тэгж, тэгж эхлээд академич Б.Чадрааг Академиас сүр, дуулиантай хөөжээ. Дараа нь Ши мэргэнийг гэнэт Улс Төрийн Товчоон дээр дуудаж Ю.Цэдэнбал дарга: “Чи бүх дутагдлаа хүлээж байна уу” гэж асуужээ. Ямар тогтоол гаргахаар төлөвлөсөн, юуны тухай ярих гэж байгаа талаар товч ч гэсэн танилцуулга хийгээгүй хэрнээ шууд ингэж тулгажээ. Б.Ширэндэв, ядахдаа тогтоолын төсөлтэй танилцаж болох уу? хэмээн санал гаргасанд бүгд зөвшөөрчээ. Тогтоолын төсөлтэй танилцахад онц ноцтой зүйл харагдсангүй тул “зөвшөөрч байна” гээд гарчээ. “За гайгүй л өнгөрөх юм байна“ гээд тайвшраад шинэ жилийн баярт бэлтгэж байтал 1981 оны 12 дугаар сарын 30-нд “Нөхөр Б.Ширэндэвийн зарчимгүй, хариуцлагагүй, нэр алдар хөөцөлддөг үйл ажиллагааны тухай” гэсэн урт нэртэй тогтоол гарчээ. Өөрийнх нь танилцсанаас шал өөр маш хатуу шийдвэр гарсанд гайхахын дээдээр гайхаж гомдохын ихээр гомджээ. Энэ тогтоолоо төвийн бүх сонин, сэтгүүл, телевиз, радиогоор сурталчилж, олон хэлээр орчуулан гадаадад түгээж, тусгай товхимол болгон тарааж намын хороо, үүрүүдийн хурлуудаар сүржин хэлбэрээр хэлэлцүүлж ёстой нэг хэдэн сарын турш тал талаас нь балбаж өгчээ.

Тэр үед өвчтэй байсан эхнэр нь улам шаналсаар өөд болжээ. 

 

-Та Ю.Цэдэнбал даргатай 1934 оноос нөхөрлөсөн хүн шүү дээ. Сүүлдээ та хоёр тэгж сүрхий ойлголцохоо больсон уу? гэж асуухад: 

 

-Би гурван өөр Цэдэнбалыг мэднэ. Залуу, сэргэлэн, эрч хүчтэй, юм их уншдаг, өөрийгөө байнга боловсруулдаг, ухаалаг нэг Цэдэнбал байсан.

Бусдын гараар могой бариулдаг, зальхай аргатай, өөрт таалагдаагүй бүхнээ үзэн яддаг, хүн таньдаггүй, нэг зөв гэж бодсон бол түүндээ үхширтэл автдаг, бүтээлч биш, авгайнхаа үгээр их явдаг, дарангуйлагч бас нэг Цэдэнбал бий.

 

Өвчтэй, ажиллах чадваргүй, бусдын зэвсэг болсон 3 дахь Цэдэнбал. Намайг шийтгэх тэр үед асуудлыг бодитой харах, эргэцүүлж бодох ямар ч чадваргүй болсон байсан. Ямар сайндаа Улс Төрийн Товчооны хурал дээр гар өргүүлээд баталсан тогтоолыг нь шал өөр болгоод оруулж ирж байхад гарын үсэг зурж байхав. Ши мэргэн энэ тухай ярихдаа хүмүүсийн хүн чанарын талаар хөндөж байсан юм. Тэрбээр: -Ерөнхийлөгчөө, даргаа! гээд л хөлөө хугалчих шахаад байсан хүмүүс чинь ийм үед ёстой нэг үнэн царайгаа харуулдаг юм билээ. Манай академийн намын хорооны хурлын протокол тэр үеийн хэвлэлд гарсан ш дээ. Хэн юу ярьсан нь. Хэн нь илүү муулж чадах талаар нэг ёсны уралдаан өрнөсөн юм. 

“Даргаа” гээд наалдаад байгаа юмнууд чинь хамгийн аюултай хүмүүс байдаг юм. Итгэлтэй юм шиг дүр эсгээд үг унагуулж аваад түүнийг эргэж зэвсэг болгож ашигладаг юм билээ. Холбоо, харилцаагаа таслахгүй, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж тусалж дэмжиж байсан хүмүүс бий, бий. Жишээлбэл ийм зовлон их үзсэн юм болохоороо зохиолч Ц.Дамдинсүрэн хамгийн түрүүн ганц шил юм барьсаар манайд ирсэн. Намайг тайвшруулж “тэр тогтоолыг уншаад хэн хэн, ямар зорилготой хийснийг сайн мэдсэн. Сэтгэлээ барь! Чамд анх удаа тохиолдож байгаа юм биш. Зоригтой бай, хэцүүг дагаж уярахгүй, сөрж тулж байж давна шүү. Би гэхэд намаас 4 донгодуулж, 2 хөөгдөж, номоо шатаалгаж, нэг жил 3 сар шоронд суусан хүн. Тэгээд үхчихээгүй, амьд алцайж, мэнд мэлтийгээд явж л байна. Юмны учир олдох цаг ирнээ хөө!” гэж сайхан үг хэлж байсан. 

 

-Ю.Цэдэнбал дарга, та хоёртой хамт ЗХУ-д суралцаж байсан Н.Лхамсүрэн гэдэг хүнтэй би нас барахаас нь өмнө уулзаж байсан. Бас л хөөрхий “эсэргүү” болоод дууссан юм билээ. Та сайн мэднэ биз?

-Тэр хоёр чинь надаас илүү, салдаггүй найз нар байсан юм. Сүүлдээ юунаас болсон юм Н.Лхамсүрэнг үзэхээ л больсон. Уг нь их чадалтай сэхээтэн байсан. 

Би нэг инээдтэй явдлыг мэднэ. 50-иад оны яг хэдэн онд билээ дээ, Ю.Цэдэнбал ЗХУ-д айлчилсан. Гадаад яамны сайд Н.Лхамсүрэн хамт явсан. Гэргий нь Намсрайжав гэх хүүхдийн эмч, эрдэмтэн, зүс царай сайтай сайхан хүүхэн тэр үед Москвад сурч байсан юм. Оройн хүлээн авалт дээр Намсрайжав Цэ даргын хажууд суужээ. Ингээд хундага тулгаад, хоол идээд яриа хөөрөө болж байтал өнөөх Намсрайжав гэнэт шал дэвсээд, хашгираад босоод иржээ. Ер нь их хурц зантай эмэгтэй байсан л даа. Орос, монголгүй бүгд их гайхацгааж.

 

“Чи ийм замбараагүй байж, ард түмнийг яаж удирдах юм бэ? Та нар энэ хүний юу хийдгийг мэдэх үү эсхүл яриулах уу...” гэхчлэн цамнажээ. Гэтэл Ю.Цэдэнбал дарга “За чи юун сүртэй юм бэ, би өөрийнхөө хөлийг маажих гэж байгаад чиний өвдгөнд хүрчихлээ” гэж гэнэ. Тэгэхэд нь хүмүүс ойлгожээ.

 

Хэн ч юу ч хэлж чадахгүй, доошоо тонгойцгоон шөлөө сорон суув гэнэ. Яая даа гэж байтал харин Зөвлөлтийн удирдагчдын нэг нь алиа хошин юм ярьж хундага өргөн хөгжөөжээ. Энэ явдал тэдний харилцаанд сүрхий нөлөөлсөн гэж боддог. Өөр нарийн ширийн зүйл байсныг ч үгүйсгэхгүй...

Ши мэргэнтэй ингэж уулзсанаас хойш 3 жилийн дараа буюу 1994 оны 9 дүгээр сард гэрт нь очиж томоохон ярилцлага хийснээ товчлон “Ардын эрх” сонинд нийтлүүлсэн билээ. Тэр үед өвгөн их тайвширчихсан, “Одоо надад гомдол тасрахгүй яваа юм алгаа. Янз бүрийн юманд гомдож л байсан. Тэр бол хүний амьдралд байдаг л зүйл” гэж байв. Тэгвэл таны амьдралд тохиолдсон хамгийн их баяртай үйл явдал юу вэ? гэхэд,

-Тусгаар тогтнолын талаар 1945 онд явагдсан бүх нийтийн санал асуулгын дүн. 

Үнэхээр их баярлаж сэтгэл хөдөлсөн шүү. Дүн нь ийм гарна гэдгийг урьдчилан мэдэж байсан хэрнээ их хөөрсөн дөө. Би тэр үед Өвөрхангай, Баянхонгор аймгийг хариуцан сар гаруй ажилласан гэж билээ. 

 

1997 оны VII сард Ши мэргэн Д.Сүхбаатарын талбай дээр тааралдав. Гоёмсог таяг тулчихсан явж байхыг нь хараад “яасан гоё таяг вэ” хэмээн сонирхоход “энэ үү, Жоу-Энь-Лай бэлэглэсэн юм. Ойрд жаахан хөл өвдөх гээд гэснээ “Хөөе Энхтүвшин! Чи намайг анхааралтай сонс. Би сая Тайваны Жэн-Жи их сургуулийн урилгаар Монголч эрдэмтэдтэй уулзаад бас лекц уншаад ирлээ. Би тусгаар тогтнолынхоо талаар баахан ярилаа. Тэдний зарим нь Хятад газар нутгаа тэлэх бодлогыг алхам, алхмаар тасралтгүй явуулж байгаа. ХонКонг, Макаог авлаа. Удахгүй Тайван руу хандана. Тайваныг авчихвал дараа нь эх газар руу чиглэнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа юу? Бид Хятадын сонин сэтгүүл дээр юу юу гараад байгааг нэг бүрчлэн судалдаг” гэж надад тойрч сууж байгаад ярилаа. За чи үүнийг намайг хэлсэн гэж бичээд намын архивт хадгалуулаарай гэв. 

Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэж, түүхийг нь бичиж, соён гэгээрүүлж, чухам энэхүү эрхэм дээд үнэт зүйлээ алдчих вий хэмээн сэтгэл зүрхээ чилээж яваад Тэнгэрийн оронд морилсон өвгөн түүхчийн ярианы агуулга товчдоо ийм буюу. 

 

(Үргэлжлэл бий)  

 

Ө.Энхтүвшин