Б.Дэжид даргын дараа Намын Хянан Шалгах Хорооны дарга, Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр сонгогдсон бөгөөд НТХ-ны 1989 оны VII бүгд хурлаас бүх албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Өмнө нь Төв Хорооны Боловсон хүчний хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан. Үндсэндээ хэн дэвших, хэн шийтгүүлэхийг энэ хүн нэг хэсэгтээ мэдэж байсан юм.

Гадаад төрх байдал нь ч сүртэй. Хүмүүс мэндлэхэд хариу мэндлэхгүй. Үдийн хоол идчихээд гарч нуруугаа үүрэн ордонг тойрч салхилна. Нэг удаа гадаа салхилаад орж ирэх үед нь лифтэнд яг тааралдав. Надтай хамт Институтийн ахмад ажилтан Б.Цэдэн гуай, Д.Түмэнжаргал гуай нар хамт явж байв. Тэр хоёр их л хүндэтгэлтэйгээр түүнтэй мэндлэхэд ямар ч хариу өгсөнгүй, хоёр нүдээ тас аниад лифтний булан руу хараад зогсчхов. Хоёр ахмад ч санаа нь зовсон бололтой, дэмий л бие бие рүүгээ харан нүд ирмэлцэв. Ингээд III давхарт лифт зогсоход өнөөх янзаараа хар, цагаан дуугүй, нуруугаа үүрэн, толгойгоо сэжилж яаралгүй алхсаар өрөө рүүгээ явж орсон билээ. Замдаа тааралдсан хэнтэй ч мэндэлсэнгүй. Угаас зан нь тийм юм уу, эсхүл тэгж их олон юм бодож тунгаан завгүй явдаг хүн байсан уу, бүү мэд. Тэр байдлыг нь хараад заримдаа гэнэт бахархах сэтгэгдэл ч төрөх шиг. Чадаж байгаа юманд арга алга даа гэж. Бас гар баривал, бугуй барих тэгээд бүр тэврээд наалдах хэт “сэргэлэн”, бялдууч нөхөд олон байсан учраас хэнийг ч өөртөө ойртуулахыг тийнхүү хүсдэггүй байсан биз.

 

Хүнд үг алдах вий гэсэн шиг тун цөөн дуугардаг, туйлын чамбай хүн байсан талаар түүний туслахаар сүүлийн жилүүдэд нь ажилласан сэтгүүлч С.Батмөнх агсан надад ярьсан билээ. Ажлаасаа чөлөөлөгдсөн тэр өдрөө, албан өрөөндөө хальт ороод гарснаа “За Батмөнх өө! Би ингээд бүрмөсөн явлаа. Май, энэ өрөөний түлхүүр, энэ бол эд хогшлын карт. Баяртай, чамд амжилт хүсье” гээд ганцхан цүнхээ барьсаар гараад явчихжээ. Өрөөнд нь ортол шүүгээ, номын тавиур бүгд цэвэрхэн. Ширээнийхээ тоосыг арчсан бололтой, чийгтэй алчуур л байв гэнэ. Хашир хүн тул өөрийгөө чөлөөлөгдөхийг эртнээс мэдээд ном, бичиг цааснуудаа өдөр бүр бага, багаар чимээгүйхэн зөөсөөр бүх юмаа аль хэдийн цэгцэлсэн байжээ. Гэтэл Улс Төрийн Товчооны зарим гишүүн олон жилийн бичиг цааснуудаа зөөх гэж ордны үйлчлэгчдийг дайчлан хэдэн сар, жилийн ажил болсон гэдэг юм. Манай дарга мөн ч содон хүн шүү гэж С.Батмөнх толгой сэгсэрч билээ. 

Үнэхээр өвөрмөц хүн байсан. Аргагүй л социализмын үзэл, хүмүүжил, төвлөн удирдах зарчим, захиргаадалтын арга барил, аж төрөх ёс, хэв шинжийг бүрэн илтгэсэн бодит дүр төрх, ээдрээт түүхэн цагийн бүтээл мөн гэхээс өөр юу гэх билээ. 

 

Улс Төрийн Товчоо огцорсноос нилээд хэдэн сарын дараа зуны нэг өдөр ордны хажууханд би тэр хүнтэй гэнэт тааралдав. Мэндлээд “Би “Ардын эрх” сонины парламентын тоймч Ө.Энхтүвшин байна” гэсэн чинь: 

-“Би чиний бичсэн юмнуудыг сониноос уншаад л байгаа” гэж товчхон хэдэн үг хэлэв.

-Тантай нэг сайхан ярилцлага хиймээр байна. Түүхэн үнэнийг тогтооход их хэрэгтэй шүү дээ гэхэд:

-“Тийм ээ, түүнийг та нараас дутуугүй мэднэ. Гэхдээ одоо цаг нь яав ч биш. Бүх юманд өөрийн цаг хугацаа гэж байдаг юм. Бушуу туулай хаанаа юутай гэдэг билээ? Тэр цаг нь ирэхээр одоогийнх шиг, чи миний араас хөөцөлдөх биш, харин би чамайг өөрөө урьж ярилцах болно, мэдэв үү, За баяртай” гэж хэлээд түргэн түргэн алхсаар холдсон билээ. 

Дараахан нь гэр рүү нь утсаар нэг удаа залгахад, миний нэрийг сонсонгуутаа: “Энхтүвшин чи бид хоёр ярьдаг юмаа ярьсан шүү дээ. Цаг нь болоогүй” хэмээн хэлээд утсаа тасалсан. Дахиж бид хоёр тааралдаагүй, утсаар ч яриагүй. 

 

 

Үргэлжлэл бий...

 

Ө.Энхтүвшин