П.ДАВААЖАРГАЛ

Зуны хамгийн сайхан зүйл бороо гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз. Хур борооны шимээр байгаль дэлхий өнгө засаж, хүн малын зоо тэнийж, ургамал, цэцэгс дэлгэрдэг жамтай. Гэвч нийслэлчүүд бороо орох сургаар халшрах болсоор удав. Учир нь, нутаг дэвсгэрийн даацаасаа гурав дахин хэтэрсэн хүн амтай, нэгдсэн төлөвлөлт, ус зайлуулах шугам, сүлжээний зохион байгуулалтаар маруухан Улаанбаатар хот түр зуурын борооны дараа шавар, шалбаагт автдаг зовлонтой.

Усархаг бороо хэдхэн цаг шиврэхэд гэр хорооллын гудамжаар ялгадас, угаадас холилдсон бохир ус урсаж, хотын төвөөр явган хүн битгий хэл, автомашинтай зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Цаашлаад жил бүр додомдож, хаврын хаварт засварладаг авто замын үнэн төрх илчлэгдэнэ. Үүний цаана ая тухаас гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй. Гэвч агаар, хөрсний бохирдол нь хэтийдсэн их хотын иргэд бохир ус туучин эрүүл мэнд, эд материалаараа хохирсоор байгаа юм. Энэ бол дөнгөж сая үүссэн асуудал бус.

Сүүлийн хэдэн жил Улаанбаатар хот бороо орох бүрд “усанд автаж”, оргин суугчдаа “хөл нүцгэлүүлж” буй. Ямартаа л олны дунд “уртын харайлтын улирал” гэх хэллэг гарах билээ. Гэвч урин цаг буцаж, хур, тунадас татрахтай зэрэгцэн өргөн чөлөө, төв гудамжаар шар ус боргилон урсаж байсныг умартаж орхидог мартамхай удирдлагатай. Жилийн жилд бахь байдгаараа, нийслэлийн гудамжинд машин хөвж, явган зорчигчид хашаа, хайс дамжин “дүүлж”, хөл, гараа шалбалж явахад хотын захиргаа, холбогдох байгууллагынхан харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг дүмбийсээр. Одоогийн нөхцөл байдлаас харвал, нийслэлчүүд энэ жил ч мөн ганга газар буусан ганц гэр айл шиг үе үе усанд автаж, борооны ус туучин, зутруухан зусах шинжтэй.

Тухайлбал, өнгөрсөн ням гарагт орсон хэдэн цагийн борооны дараа гудамж, булан тохой бүрд мэлтэлзсэн ус тогтож, авто замын хажуугаар тайван алхах боломжгүй болов. Нийслэл хот цаг агаарын шалгуурт ахин бүдэрсэн нь тэр. Гэтэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр зургадугаар сар бороо хур элбэгтэй, зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа юм. Иймд энэ удаагийн “Дугаарын онцлох сэдэв” буландаа Улаанбаатар хотын ус зайлуулах шугам, сүлжээний эргэн тойрон дахь асуудлыг онцлов. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газрын холбогдох мэргэжилтнээс тодруулга авч, иргэд, оршин суугчдын байр суурийг сонсож, ус зайлуулах шугам хоолойн өнөөгийн байдал, төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаар хөндлөө.

 

ХӨНДӨХ СЭДЭВ

Нийслэлчүүд “уртын харайлтаар хичээллэсээр” туйлдлаа, хотын дарга аа

Хаа сайгүй ус мэлтэлзэж, цүнхээл үүссэн гудамж, талбайг туулах гэж том том алхаж, хол хол харайх залуус. Нэгэнт үсэрч дийлэхгүй тул гүехэн хэсгийг нь бараадан болгоомжтой гэгч алхах ахмадууд. Гутал, хувцсаа норгохгүйн тулд ойролцоох хашаа, хайснаас зүүгд эн, хөлөө аажуухан зөөх хүмүүс. Хашлага даван ус мэлтэлзэх авто замын дагуу өндөр өсгийт, дэгжин даашинзаа норгох вий гэж эмээнгүй алхах бүсгүйчүүд. Хүүхдээ үүрч, өрөөсөн гартаа гутлаа барин борооны ус туучин алхах аавууд. Түрдэг тэрэгтэй эрчүүд өмдөө өвдөг хүртэл шууж, усанд авсан зам дагуу хүн зөөвөрлөх нь Эрээн зээлийн гудамж эсвэл “Нарантуул” захын төв хаалгыг санагдуулам. Энэ бол борооны дараах Улаанбаатар хотын дүр төрх. Улсын нийслэлд зун бүр ийм бүдүүн тойм дүр зураг үргэлжилдэг гэхэд ичмээр.

Гэвч энэ асуудал нийслэлийн оршин суугчдын “шүдний өвчин” болоод удаж буй. Бидний хэллэгээр уртын харайлт, өндрийн авиралтын улирал хаяанд иржээ. Гэвч бэлтгэл ажил зуун задгай байгаа нь ойрын өдрүүдэд орсон борооны дараах дүр зургаас харагдав. Нийслэл хот үе үе ийн усанд автдаг нь борооны ус зайлуулах шугам, хоолой дутмаг, нэгдсэн төлөвлөлт, хэрэгжилт хангалтгүйнх. Өөрөөр хэлбэл, төв магистраль шугам ууд хуучирсантай холбоотой. Өнгөрсөн оны статистикаас харвал нийслэлийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах 187 км урт шугам сүлжээ байна. Эдгээрийн ихэнх нь насжилт өндөр учраас элэгдэл, гэмтэл их. 

Учир нь, одоогийн шугам, сүлжээ 1970-1980 онд хийсэн төлөвлөлт, инженерийн тооцоо судалгаанд үндэслэсэн. Гэвч Улаанбаатар хот өдрөөс өдөр өргөжин тэлж, барилга байгууламж, автомашин, бетон, асфальтан зам талбай нэмэгдэж байна. Энэ нь нэгэнт хуучирч муудсан шугам, хоолойд ачаалал үүсгэнэ.Нөгөөтэйгүүр, ус зайлуулах шугам хоолойн хүрэлцээ хангалтгүй. Нийслэлийг усанд автахаас сэргийлэхийн тулд 17 байршилд шугам, хоолойн угсралтын ажил хийх хэрэгтэй аж. Тухайлбал, төв, зүүн хэсгийн авто замд борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний төв магистраль шугамын ажил хийх ёстой гэнэ. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газраас тодорхой хэмжээний тооцоо судалгаа хийдэг ч ажил хэрэг болох нь цөөн. Үүнийг албаныхан хөрөнгө мөнгөтэй холбон тайлбарладаг. Гэвч манайх цар тахлын хүнд, хэцүү үед 3.2 тэрбум төгрөгөөр зөөврийн устай усан оргилуур барьчихдаг бийлэгжүү улс. Үүнээс харвал хөрөнгө хуваарилалтад асуудал байх шиг.

Өнгөрсөн онд дөрвөн байршилд ус зайлуулах шугам, хоолойн засвар, үйлчилгээ хийжээ. Тодруулбал, “Барс” захаас урагш, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-ээс Энхтайвны гүүр хүртэл ус зайлуулах шугамын засвар, Дарь-Эх, Чингэлтэй дүүргийн XVII хороо орчимд хөрсний ус зайлуулах шугам угсралтын ажил хийсэн байна. Борооны дараах тогтоол усны эзлэх талбай, эрсдэлийн жил ирэх тусам нэмэгдэж буй. Гэтэл ус зайлуулах шугам, хоолойн засвар шинэчлэлтийн ажилд дорвитой дэвшил гарсангүй. Ийн хэлэхийн учир нь жилийн жилд засвар, үйлчилгээ хийдэг ч иргэд уртын харайлт, өндрийн авиралтаар хичээллэсэн хэвээр.

Харин энэ жил Баянбүрдийн тойрог, Долоон буудал орчимд шинээр ус зайлуулах хоолой барих аж. Үүнд 519 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Гагцхүү үр дүнг харах үлдэв. Төсөв, төлөвлөгөө бус хэрэгжилтээр ажлын үр дүнг тооцох ёстой. Нөгөөтэйгүүр, угаас шугам сүлжээ муутай хотыг усанд автуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг шалтгаан нь үерийн далан, ус зайлуулах хоолойд хог хаях, зөвшөөрөлгүй барилга байгууламж барих зэрэг иргэд, аж ахуйн нэгжийн хайхрамжгүй үйлдэл. Холбогдох байгууллагаас цэвэрлэгээ, үйлчилгээ хийдэг ч лаг, шавраа дийлдэггүй. 

Тайлан мэдээнээс харвал жилд 20 гаруй мянган тонн лаг, хагшаас цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэдэг аж. Энэ тухайд айл өрх, аж ахуйн нэгжийн хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх нь зүйтэй. Гэвч Улаанбаатарыг “усан далай” болгохгүй байх хамгийн чухал алхам бол инженерийн бэлтгэл арга хэмжээ, нэгдсэн шийдэл.Өөрөөр хэлбэл, замаа барьсан хойноо ус зайлуулах хоолой гаргах гэж зүддэг бус хот төлөвлөлтийг анхнаас нь том зургаар хийх учиртай. Нүүдэлчин монголчууд бороо орохоос урьтаж шуудуу татдаг. Гэтэл хотжих тусмаа алсын хараагүй болсон мэт асуудалд хандах болов. Энэ хэвээр удвал хот даяараа үерт урсах шинжтэй. Ерөөс нийслэлчүүд хэд хэчнээн жил “уртын харайлтаар хичээллэсээр” туйлдав. Гарц, шийдэл байна уу, хотын дарга аа

 

ИРГЭД ЯРЬЖ БАЙНА

Г.ДУЛАМСҮРЭН: ЗАРИМ УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ БЭЛГЭДЛИЙН ЧАНАРТАЙ ХАРАГДДАГ

Бороо ус элбэгтэй цагаар гадуур явахад хүндрэлтэй байдаг. Зам хөндлөн гарахад энд тэндгүй ус тогтсон байдаг учраас заавал тойрч гарах шаардлага үүснэ. Заримдаа том хэмжээний тогтоол усыг туулаад гатлахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Авто зам дагуу явахад жолооч нар явган зорчигч руу ус цацах нь цөөнгүй. Настай хүмүүст бүр ч хүндрэлтэй байгаа харагддаг. Хөл муутай хүмүүс, их хэмжээний тогтоол усыг тойрч гарах хэцүү. Энэ асуудлыг шийдэхийн тулд ус зайлуулах шугам, хоолойг сайн тавьж өгөх хэрэгтэй. Бороо орох төдийд ус тогтохгүй байхаар олон тоогоор усны хоолойтой болмоор байна. Манай гэрийн тэнд байдаг зарим ус зайлуулах хоолой бэлгэдлийн чанартай л харагддаг.

 

Э.СҮНДЭРЬЯА: ХҮҮХДИЙНХЭЭ ТЭРГИЙГ ӨРГӨЖ ДИЙЛЭХГҮЙ УЧРААС ТОГТООЛ УСЫГ ТУУЛАХААС ӨӨР АРГА БАЙДАГГҮЙ

Хотын гудамжаар хүүхдийн тэрэг түрээд явахад үнэхээр хүндрэлтэй байдаг. Ялангуяа, бороо орсон үед ээжүүд их зутардаг. Явган хүний зам энд тэндгүй дэгэн догонтой. Дээрээс нь хаа сайгүй тогтоол ус үүсдэг. Авто замын хажуугаар явахаар жолооч нар хурдаа тохируулаагүйн улмаас ус цацагдаж, бохир усанд норно. Зам хөндлөн гарах гэхээр яг гарц хэсэгт нь дүүрэн ус тогтчихсон байдаг. Тэгээд хүүхдийнхээ тэргийг өргөж дийлэхгүй учраас тэр их усыг туулаад гарахаас өөр арга байдаггүй. Өмд, гутлаас эхлээд хүүхдийн тэрэг хүртэл норно. Одоо хүүхэд маань хөлд орж байгаа. Байнга тэврээд явна гэж байхгүй. Авто зам нь аюултай, явган хүний зам нь асуудалтай. Энэ бүх асуудлыг шийдэхийн тул бусад орны туршлага дээр үндэслээд зам тавихдаа анхнаас нь ус зайлуулах шугам, хоолойтой хийх хэрэгтэй.

Ж.ТҮВШИНЖАРГАЛ: НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ХЭРЭГТЭЙ

Бороо их орсон үед автомашин жолоодох хэцүү. Явган зорчигч, замын хажуугаар яваа иргэд рүү ус санаандгүй цацах магадлал их учраас аль болох хурдаа тааруулж явахыг хичээнэ. Бусад машины цацсан ус, шалбаагт оногдох асуудал ч гарна. Хамгийн хэцүү нь их хэмжээний тогтоол усан дээгүүр байнга явахаар машины доод талын эд анги зэвэрнэ. Машинд эвдрэл гэмтэл учрах аюултай. Эвдрэл, гэмтлээс болж машинтай иргэд ч явган зорчигчоос дутахааргүй хохирдог. Хамгийн гол хүчин зүйл бол ус зайлуулах шугам. Нийслэлийн ихэнх зам ус зайлуулах шугамгүй учраас асуудал үүсэж байна. Нийслэлийн авто замын газар ус зайлуулах байгууламж барих хэрэгтэй. Тэгэхгүй бол ард иргэдэд аль ч талаараа хүндрэлтэй хэвээр байх болно

 

АЛБАНЫ ХҮНИЙ ЯРИА

С.Батсайхан: Ус зайлуулах хоолойнуудын 70 хувь нь 1970, 1980-аад онд ашиглалтад орсон

Г.ЭНХГЭРЭЛ

Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас ус зайлуулах шугам, хоолой, үерийн усны далангийн талаар тодрууллаа.

 - Нийслэлийн хэмжээнд хэдэн ус зайлуулах хоолой байдаг вэ?

- 169 км авто замын ус зайлуулах хоолой бий.

- Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 17 байршилд ус зайлуулах шугам нэн шаардлагатай гэсэн байсан. Энэ жилийн хувьд нэмж байгуулан ус зайлуулах шугам бий юү?

-Энэ жилийн хувьд хоёр байршилд шинээр ус зайлуулах хоолой хийхээр бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 

Тодруулбал, Баянбүрдийн тойрог, Долоон буудалд зургадугаар сарын 20-ноос шугам хоолойн ажил эхэлнэ. Мөн Гэсэрийн баруун суваг буюу “Петровис” ШТС-аас доош 0.6 км урт үерийн далангийн засварын ажил хийхээр төлөвлөсөн.-Үерийн усны далан, сувгийн хувьд?

-Нийслэлийн хэмжээнд 53 байршилд 145 км урт үерийн хамгаалалтын суваг бий. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Улаанбаатар хотын бүх далан, суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар хийсэн.

-Иргэдийн хувьд юун дээр анхаарах ёстой байдаг вэ?

-Геодези, усны барилга, байгууламжийн газрын харьяалалд байдаг үерийн хамгаалалтын барилга бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй үерийн эрсдэлээс хамгаалж байдаг чухал объект. Тиймээс үерийн даланд хог хаяхгүй, ахуйн бохир ус хийхгүй байх ёстой. Иргэдийн хаясан хог хаягдлыг дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг. Далан, сувагт хур борооны ус болон шар уснаас үүссэн лаг шавар, хог хаягдлыг тогтмол ачиж, тээвэрлэнэ. Нэг жилд дунджаар 20 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг ойролцоо төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэж, зайлуулдаг. Учир нь, хог хаягдал үерийн эрсдэл бий болгодог.

Мөн үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн хийцийг зөвшөөрөлгүй өөрчилснөөс иргэн, аж ахуйн нэгжид эрсдэл учирна. Үерийн хамгаалалтын далан суваг хийхэд өртөг өндөр. Тийм учраас жил бүр олон км далан, суваг хийх нь эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй. 

Авто замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэх ажлыг жилд хоёр удаа, үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажлыг жил бүр хийдэг.-Цаашид засвар хийх шаардлагатай ус зайлуулах шугам, хоолой хэчнээн байгаа вэ?

-Олон бий. Учир нь, өдгөө ашиглаж байгаа ус зайлуулах хоолойнуудын ихэнх нь 1970,1980-аад оны үед ашиглаглалтад орсон. Ойролцоогоор 70 хувь нь энэ үеийнх. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон холбогдох байгууллагад шинэчлэх төсөл хөтөлбөрийн санал хүргүүлсэн. Өртөг өндөр тул одоогоор шийдэгдээгүй байгаа. Коронавирусийн цар тахал намжиж, эдийн засаг сэргэх үед шинээр байгуулах, шинэчлэх ажил хийх байх.

-Ус зайлуулах шугамыг нэг жилд хоёр удаа цэвэрлэдэг юм байна. Энэ жилийн хувьд?

-Жил бүрийн зуны улиралд цэвэрлэгээ хийдэг. Борооны өмнө болон дараа их цэвэрлэгээ хийнэ. Дөрөвдүгээр сарын 20- ноос эхлэн шат дараатай цэвэрлэгээ хийгээд явж байна.

-Өмнөх жилийн усархаг бороонд хотын төвөөр автомашин, явган хүн явах аргагүй болсон. Энэ жилийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр зургадугаар сар бороо хур элбэгтэй учраас өмнөх жилийнх шиг нөхцөл байдал үүсэж болзошгүй. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Тасралтгүй, удаан хугацаанд бороо орсноор ус зайлуулах шугамд хүндрэл учирдаг. Түүнээс биш шугам нь ажиллахгүй байгаа гэж ойлгож болохгүй.

 

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН