М.ХҮСЛЭН

Одоогоос 20 мянган жилийн өмнө Зүүн Азид “Ковид-19” цар тахалтай төстэй коронавирус дэгдэж байжээ. Хэсэг эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн бөгөөд тэд судалгааны материалаа “Current Biology” сэтгүүлд нийтэлсэн байна. Тахлын дэгдэлтийг нотлох зүйлийг Зүүн Азид амьдарч байсан эртний хүмүүсийн генетикийн багцаас олжээ. Одоогийн БНХАУ, Япон, Монгол, БНАСАУ болон Өмнөд Солонгос улс Зүүн Азид хамардаг. Эрдэмтдийн баг дэлхийн орчин үеийн хүмүүсийн 26 популяцийн 2500 гаруй хүний геномыг судалсан байна. Тэд хүний бие организмд нэвтэрдэг вирусийн уураг дахь гэдэсний пептидийн идэвхтэй үүргийг олж тогтоожээ. “Хүний хувьслын олон сая жилийн туршид байгалийн шалгарал нь генийн хэд хэдэн хувилбарыг сонгоход хүргэсэн. Гэдэсний пептидэд бусад генийг бодвол гурав дахин хурдтай явагддаг” гэж сэтгүүлд бичжээ. Ингэснээр эрдэмтэд гэдэсний пептидийг кодлодог 42 төрлийн генд дасан зохицох шинжийг илрүүлсэн аж. “Эдгээр генүүд нь ихэвчлэн коронавируст хамгийн их нэрвэгдсэн эрхтэн болох уушгинд идэвхтэй болохыг олж мэдсэн байна. “Ковид-19” цар тахлын үндэс болсон вирустэй шууд холбоотой болохыг тогтоолоо” хэмээн Аделаидын их сургуулийн Биологийн ухааны сургуулийн эрдэмтэн, судалгааны тайлангийн зохиогч Яссин Суилми ярилаа. Судалгааны багт Куинсленд, Аделаид, Калифорни, Сан-Франциско, Аризонагийн их сургуулийн эрдэмтэд орж ажилласан байна.

ЭНЭТХЭГТ САРЬСАН БАГВААХАЙГААС АЮУЛТАЙ ВИРУС ИЛРЭВ

“Ковид-19”-ийн маш хурдан тархдаг шинэ хувилбараас гадна, Энэтхэгийн эрдэмтэд бас нэгэн муу мэдээ дуулгалаа. Пуна дахь Үндэсний вирус судлалын хүрээлэнгийн (NIV) эрдэмтэд анх удаа үхэлд хүргэдэг “Nipah” вирусийг Махараштра мужид сарьсан багваахайн хоёр төрлөөс илрүүлсэн тухай “The Industan Times” сонин уламжлав. “Ni-pah” вирусийг тээдэг сарьсан багваахай Махараштра мужийн Махабалешвар агуйгаас олджээ. “Nipah” вирус Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) гол арван эмгэг төрүүлэгчийн нэг. Хамгийн анх үхэлд хүргэдэг вирус Малайзид 1988-1999 онд тархины үрэвсэлтэй төстэй өвчин дэгдэхэд гахайнаас илэрсэн. Вирус Бангладеш, Малайз, Энэтхэг болон Сингапурт дэгдсэн. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 1998-2018 оны хооронд дээрх вирусээр халдварласан хүмүүсийн дунд нас баралт 40-өөс 70 хувь хүртэл хүрсэн гэнэ. Сүүлийн үед Энэтхэгт уг вирусийн дэгдэлтийн дөрвөн тохиолдол болсон.

Эхнийх нь 2001 онд Баруун Бенгалын Силигурид бүртгэгдсэн, хоёр дахь нь 2007 онд Бенгалын Надияд илэрсэн. Гурав дахь дэгдэлт 2018 онд Керала мужийн Кожикодед болж, халдвараас 18 хүн нас барж байв. “Nipah” вирусийн бас нэг давлагаа 2019 онд Кералед бүртгэгдсэн. Одоогоор “Nipah” вирусийн эсрэг эм, вакцин байхгүй байгаа. Тийм учраас эрдэмтэд уг вируст санаа зовж буй.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН