Цар тахлын голомтод 600 гаруй хоног нойр, хоолоо хугасалж ажилласан эмч, эмнэлгийн ажилчид аль хэдийнэ сөхөрсөн. Итгэл найдвар, хичээл зүтгэл нь барагдсан. “Улаан бүс”-ийн гадна байгаа бидний төсөөлж, тоймлох боломжгүй тийм их ачаалал дунд салбарт нь “улаан гэрэл” асчихаад байгаа ч хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн тулдаа л тэсч, тэвчиж байна.

Арга ч үгүй үхэл, амьдралын зааг дээр байгаа өвчитнүүдээ улайм цайм орхиод зугтаж болохгүй шүд зуун тэсч байгаа юм. Түүнээс машинаар бол шатахуун нь дуусч, хөдөлгүүр нь нам зогсчихсон. Тэгсэн хэрнээ ар гэр ахуй хангамжийн талаар яриад ч хэрэггүй. Үнэндээ цар тахлын голомтот “улаан бүс” рүү өөрийгөө, гэр бүлээ, амь насаа эрсдэлд оруулж, дэнчин тавиад орсон нь эмч нараас өөр хэн билээ. Аргагүй эрсдэлд орж халдвар авсан ч муу нэр зүүж, цалин хөлсөө хасуулаад өдөр шөнөгүй зүтгэнэ гэдэг “ухаангүй тэнэг” үйлдэл. Харин эрүүл мэндийн салбарынхан ийм л “ухаангүй тэнэг” үйлдлээр өөрсдийгөө, гэр бүлээ хөсөр хаячихаад зүтгэж байгаа юм.

Хоногт 2000 тохиолдол, хоёр өдөрт 30 хүнээ цар цахлаар алдаж, цаана нь 100 гаруй мянган хүн эмч, сувилагч нараас “амь” гуйж байна. Хэрэв эрүүл мэндийн салбарынхан байхгүй бол хэчнээн мөнгө төгрөг, эмнэлэг, эм тариа байгаад  хэрэггүй. Тиймээс цар тахлын голомтод тангарагаа “уншаад”, шүд зуун тэсч байгаа эрүүл мэндийн салбарынхныхаа ахуй амьдралыг сайжруулах нь хэнээр ч хэлүүлэх ёсгүй Монгол төрийн үүрэг юм. Түүнээс халдварын улаан, шар бүсээр нь ялгаварлаж нэг удаа сая төгрөг өгч нүдийг нь хуурч, гал унтраах биш үндсэн цалинг нь дорвитой нэмэгдүүлэх цаг аль хэдийнэ болсон. Тиймээс үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин эмч, эмнэлгийн ажилчдаа өмгөөлж, тэдэнтэй дуу хоолойгоо нэгтгэж байна.

Эрүүл мэндийн салбарынхан эрүүл саруул, уур бухимдалгүй, ачааллаа тааруулах юм бол цар тахлыг хохирол багатай даван туулах хамгийн чухал бодлого гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Тиймээс эрүүл мэндийн салбарт сайн дурынхныг дайчилж, алтан амь авардаг хүмүүсээсээ ахуй хангамж харамладаггүй. Бүхий л боломж, бололцоогоороо дэмжин ажиллаж байгаа. Гэтэл манай улсад энэ бүхэн яг эсрэгээрээ. Ажлын ачаалал нь тартагтаа тулж, авч байгаа цалин нь дусал төдий. Яг одоо л шийдэхгүй бол хэзээ ч үгүй.

Цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал ямар байсныг ХЭҮК судалсан байдаг. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн албан даалгаврын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, өвчлөлийн тандалт, сорьц авах, тээвэрлэлт, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, шаардлагатай үед дайчлан ажиллуулах эмч нарын зохицуулалт,  халдвар хамгааллын бэлэн байдлыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах үүргийн дагуу өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг харьяалал харгалзахгүй татан ажиллуулж  байна.

Нийслэлийн хэмжээнд 29 эрүүл мэндийн байгууллага, 130 өрхийн эрүүл мэндийн төвд 7617 эмч, эрүүл мэндийн ажилтан ажиллаж байсан  бол 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүний нөөцийг орон нутгаас дайчлан Улаанбаатарт ирүүлж, 16 аймгийн 64 эмчийг ХӨСҮТ-д ажиллуулж, резидент эмчийг татан оролцуулж эхэлжээ. Судалгаанд оролцогчдын 47.5 хувь нь эмч, 52.5 хувь нь эмнэлгийн удирдлага, бусад мэргэжилтэн байсан ба тэдний 48,6 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэсэгт, 21.7 хувь нь сорьц авах цэгт, 12.4 хувь нь жижүүр, яаралтай тусламж үйлчилгээний хэсэгт ажиллахдаа 37 хувь нь хоногт 8-12 цаг, 15 хувь нь 12-оос дээш цаг, 11 хувь нь 24 цаг, есөн хувь нь 24-өөс дээш цагаар ажилласан байна. Ачааллын хувьд гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд нэг эмчид оногдох хүний тоо 80-90  байсан бол зарим дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэг, үйлчилгээг гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжүүлснээр өдөрт нэг эмчид ногдох үзлэгийн тоо 160-180 болж нэмэгджээ.

Эрүүл мэндийн тухай хуульд  “Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод болон гамшгийн үед дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар нэг сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг нь гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэжээ. Коронавируст халдвартай тэмцэх хуульд  тусгай горимоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, урамшуулал олгох, албан үүргээ гүйцэтгэх явцад  коронавируст халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор зохицуулжээ. Гэтэл судалгаанд оролцсон эмч, эрүүл мэндийн ажилтнуудын 32.3 хувь нь нэмэгдэл цалин, урамшууллын алиныг ч аваагүй, 17 хувь нь урамшуулал аваагүй гэж хариулсан байна. Харин автозамын шалган нэвтрүүлэх цэг, тээврийн товчоодод ажилласан эмч, эрүүл мэндийн ажилтнуудад тэтгэмж олгоогүй гэсэн гомдол ирүүлжээ.

Салбарт хүний нөөц дутагдалтай байгаа нь цалин багатай холбоотой. Тэр дундаа мэдээлэл технологийн ажилтнууд дутагдсанаас тусламж, үйлчилгээг цахимжуулах ажлыг удаашруулж, ажилтнуудын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгааг комисс судалгаандаа дурдсан байна. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх орчин, нөхцөлийн талаар Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас МҮЭХ-той хамтран аймаг, нийслэлийн бүх шатлалын эрүүл мэндийн 57  байгууллагын 1743 ажилтны дунд судалгаа явуулахад 10 ажилтан тутмын долоо нь (71.9 хувь) ажлын байрны дарамт, хүчирхийлэлд өртсөн. Эдгээрээс, 64.9 хувь нь дарамт, хүчирхийлэлд давтан болон байнга өртдөг гэж хариулсан нь анхаарал татаж байна

Цар тахлын үед халдвартай хүнтэй хавьтал болж, гэрийн тусгаарлалтад байх хугацаанд цалин өгөөгүй, амьдардаг орц, байр тусгаарлагдахад ажлын хөлс тооцоогүй гэсэн гомдол, мэдээллийг эмч, ажилтнууд Хүний эрхийн комисст ирүүлжээ. Мөн судалгаанд оролцсон эрүүл мэндийн ажилтнуудын  55.7 хувь нь ажил үүргээ гүйцэтгэх явцад коронавируст халдвар авч, өвчилсөн тохиолдолд нөхөн олговор олгоогүй гэж хариулсан байна. Гэтэл нөгөө талд албан үүргээ гүйцэтгэх явцад хууль зүйн хариуцлага хүлээх, гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдах эрсдэл өндөр байгаа аж. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар цар тахлын үед эмч, эрүүл мэндийн ажилтнуудтай холбоотой эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй 32 гэмт хэргийг шалгаж 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Энэ мэтээр ажлын орчин, нийгмийн хамгаалал тэг заасан дарамт шахалтан дунд ажиллаж байна. 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БОДИТ КЕЙС

 

ТОМООХОН ЭМНЭЛЭГ БОЛГОНД 30-100 СУВИЛАГЧ ДУТАГДАЛТАЙ БАЙГАА

...Миний хувьд нийт 115 хоног ажиллаж байна. Тухайлбал, өмнө нь хоёр сар тасралтгүй ажиллаад түр амраад арваннэгдүгээр сарын 13-наас хойш 55 хоног тасралтгүй ажиллаж байна. ...Цалин бага, ачаалал өндөр учраас сувилагчийн орон тоо дутагддаг. Сувилагч гардан ажиллах болохоор ачаалал овоолбол алдаа эрсдэл гарчихдаг, хүн нас барчихдаг их хэцүү. Өнгөрсөн жил 2100 эмч 218 сувилагч төгссөн. Цаашдаа сувилагчгүй яаж ажиллах юм бүү мэд. Томоохон эмнэлэг болгонд 30-100 сувилагч дутагдалтай байгаа...

/Эмнэлгийн удирдах ажилтнуудтай хийсэн ярилцлагаас/


200 ХОНОГ ГЭРТЭЭ ХАРИАГҮЙ АРИУТГАГЧ БАЙНА

...Манай ажилтнууд эмнэлэг дээрээ 14 хоног, зочид буудалд 14 хоног тусгаарлагдаад сарын дараа гэртээ харьж байна. 200 хоног гэртээ хариагүй ариутгагч байна. Коронавируст халдвартай, биеийн байдал нь хүнд байгаа нэг өвчтөнд эмч, сувилагч нийлээд 10 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө туйлдаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд шөнө 200 орчим хүн хонож ажиллаж байна.  Эмч, сувилагч, лаборантууд 2021 он гарсаар гурван сар илүү цагийн нэмэгдэл аваагүй. Эрүүл мэндийн яам шилжүүлсэн гэдэг  мэдээлэл өгдөг ч Халдварт өвчин судлалын үндэсний төв олгоогүй...

(Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, удирдлагуудтай хийсэн уулзалтын ярилцлагаас/


III ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГ ХЭРНЭЭ N95 МАСКЫГ ХУУРАМЧИЙГ НЬ АВЧИХСАН БАЙСАН

...Манайх улсын III шатлалын эмнэлэг хэрнээ N95 маскыг хуурамчийг нь авчихсан байсан. Түүнийг нь өдрийн турш зүүвэл агаарын дутагдалд орохоор байдаг. Гадуур зарагддаг сайн чанарын маскийг өөрсдөө худалдаж авч зүүж байна. Гайгүй маск хэрэглэхгүй бол урт хугацаагаар ажиллах үед хамар дарна, амьсгал бүтнэ, чих өвтгөнө. Олон хүнтэй ажилладаг учраас цэнхэр маск хэрэглэхэд тохиромжтой биш. Дотооддоо халдвар тархахаас өмнө ч бид өөрсдөө л маскаа зохицуулж байсан. Вакцинд дайчлагдсан ажилтнуудад цэнхэр халад өгөөгүй болохоор эмнэлгийн хангалтаа авч очсон. Нэг халадаа хоёр өдөр дараалан өмсөж байна...

(Судалгааны хүрээнд цугларсан мэдээллээс


НЭГ УДААГИЙН БЭЭЛИЙНИЙ ХЭМЖЭЭ СОНГОЛТГҮЙ

...нэг удаагийн бээлийний хэмжээ сонголтгүй, дандаа том размерыг ирүүлсэн. Халдвараас хамгаалах ажлын хувцас болох битүү комбинзон нь амархан урагдаж, урагдах бүрт скочоор тогтоож байсан, чанар муутай хувцас, хэрэгсэл нь хэт нимгэн, эсвэл чийг татдаг, нүүрний хаалт хэт гялгар учраас гэрэл гялбах, удаан цагаар зүүхэд амаргүй байсан...

(Судалгаанд оролцогчтой хийсэн ярилцлагаас/


УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБТ АЖИЛЛАСАН АЖИЛТАН МААНЬ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧИХЛӨӨ

...Сэлэнгэ аймагт халдвар гарсан дуудлага аваад шууд тийшээ явахаар хуваарилагдсан. Явахдаа ямар унаа тэргээр явах, хэд хонох зэргийг мэдэж амжаагүй. Тэнд долоо хоног ажиллаад, хатуу хөл хорио тогтоосон тул бүх зүйл хаалттай, ойр зуурын хэрэглээний зүйлсээ авч яваагүй учраас маш хүнд байсан. Ар гэр, хүүхдүүдийг бол шууд мартах хэрэгтэй болдог. Халдвар авсан тохиолдолд тэднийг асрах хүн ч олдохгүй, амаргүй дээ. УОК-ын Шуурхай штабт гурван сар ажилласан ажилтан маань ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө...

(Эмч, эрүүл мэндийн ажилтнууд)


ЭМЧ НАР ӨРӨӨ ТАСАЛГААНЫ ЦЭВЭРЛЭГЭЭГ АЖЛЫНХАА ЗАВСРААР ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ

..Эмч, эрүүл мэндийн ажилтнуудад хоол 2500 төгрөг төсөвлөсөн гэсэн. Гэтэл хоол өгөөгүй. Нэг удаагийн аяганы талын хэмжээтэй будаатай хуурганы тухай постолсныг дэмжсэн гэж удирдлагын зүгээс дарамт ирж байсан. Бид хуваарилагдсан газартаа гэрээсээ ус буцалгагч, ажлаасаа богино долгионы зуухаа авч очиж хоолоо халааж идэж байсан. Тусгаарлалтад авсан зочид буудлууд нь хүйтэн, нэмэлт халаагуур залгаж, зутруу байдалтай өвөлжсөн. Тусгаарлалтад байгаа эмч нар өрөө тасалгааны цэвэрлэгээг ажлынхаа завсар зайгаар өөрсдөө хийдэг. Амрах боломж бага. Хувцас хэрэгслийн талаар зураг, пост оруулсан хүмүүсийг ажлаас нь халсан тохиолдол гарсан.

(Эмч, эрүүл мэндийн  ажилтнууд)


ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ, УРАМШУУЛАЛ АВАХ НЬ БИТГИЙ ХЭЛ ХАРИН Ч ХАСУУЛЖ ТАНУУЛЖ БАЙНА

...Хүний их эмч мэргэжлээр 23 жил ажиллаж байна. III шатлалын эмнэлэгт ажилладаг. Татвараа хасуулаад гарт олгогдох цалин 800 мянган төгрөг авдаг. Жижүүрт хоночихоод гэртээ харихад сэжигтэй тохиолдол гарч эмнэлэг дээрээ хоноход цалин бодогдоогүй. Ковидтой холбоотой цалингийн нэмэгдэл, урамшуулал авах нь битгий хэл харин ч хасуулж тануулаад хэцүү байна. Манай амьдардаг хотхонд хөл хорио тогтооход тав хоногийн цалинг хассан байсан. Ажлаасаа хавьтал болоод долоо хоног гэртээ тусгаарлагдахад цалингийн 50 хувийг л олгоно гэсэн. Цалингаа хэмнэхийн тулд удирлагууд 24/72 цагаар ажиллуулах шийдвэр гаргаж, илүү цагийн мөнгө өгөхгүй байгаа.

(Судалгааны хүрээнд цугларсан мэдээллээс)


ЭМЧ НАР ГЭРТЭЭ ЧИМЭЭГҮЙХЭН ӨӨРСДИЙГӨӨ ЭМЧИЛЖ БАЙНА

...Коронавируст халдвараар өвчилсөн эмч нарт маш их дарамт ирж байна. Халдвар хамгааллын дэглэм сахиагүй, хувцас хэрэгслээ өмсөхдөө алдаа гаргаснаас халдвар авлаа гэж тал талаас загнаж, дайрдаг. Тэд ажлын байраа алдахаас айгаад чимээгүйхэн гэртээ өөрсдийгөө эмчилж байна. Ер нь ямар нэгэн зүйл яривал ажлын байртай чинь ярина гэдэг ойлголт тогтоод удаж байгаа. Халдвар авсан эмч нарт 5 сая, ар гэрт 5 сая өгсөн мэтээр мэдээлдэг ч үнэн хэрэгтээ 3 сая гаруй төгрөг авсан хүн цөөхөн. Эмч нарт эмчилгээ ч байхгүй. Листний мөнгөө авбал их юм болж байна.

(Судалгааны хүрээнд цугларсан мэдээллээс)

 

Эх сурвалж: ХЭҮК 20 дугаар илтгэл

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин