Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн энэ оны хаврын шалгалт 31 дэх удаагаа болсон. Энэхүү шалгалт нь насны ангилал харгалздаггүй бөгөөд тэнцсэнээр ажилд ороход давуу тал болохоос гадна хүлээн зөвшөөрөгдсөн гишүүн орнуудад ажиллах боломжтой юм. Тус шалгалтын гурван төрөлд тэнцэж, оролцсон жилдээ хамгийн өндөр оноо авсан Г.Золжаргалтай ярилцлаа.

- Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтад тасралтгүй гурван жил оролцсон гэсэн. Бэрхшээл, давуу тал юу байсан бэ? 

 

-Би Мэдээллийн технологи, информатикийн инженер мэргэжилтэй.  Хориннэгдүгээр  зуунд цахим суурьт систем эрчимтэй хөгжиж, нийгмийн бүхий л салбарын суурь болох учраас олон салбарт хэрэгтэй нөлөө үзүүлэхийн тулд мэдээллийн технологийн салбарыг сонирхож, сонгосон.

Харин шалгалтын хувьд программ хангамжын салбарт инженерийн түвшний мэдлэгтэй гэдгээ батлахын тулд өгөхөөр шийдэж байсан. Анх 2018 онд суурь шалгалт өгсөн. ITPEC шалгалт нь мэдлэгийг олон янзаар шалгадаг, юу мэдэж байгаа, юу мэдэхгүй байгааг цэгцтэйгээр гаргаж өгдөг тул сул талаа олж, өөрийгөө хөгжүүлэхэд чухал алхам болсон.  Иймд алдаанаасаа суралцан, улам сайжрах эрмэлзэл төрсөн тул шантарч байгаагүй.

 

Алдаа бол хүний  сул талыг тодруулж өгч буй сэдэл гэж боддог. Алдсан алдаагаа давтахгүй, өөрийн давуу тал болгоход анхаардаг. Өмнө нь хийсэн ажлаа дүгнэж, алдаа оноогоо цэгнэх нь чухал дадал болов уу.

 

-Паспорт шалгалт, инженерийн суурь шалгалт, ахисан түвшний шалгалт гээд бүх шалгалтад тэнцсэнээр танд ямар боломж  нээгдсэн бэ?

 

-Сургуулиа дөнгөж төгссөн залуу инженерийн хувьд хөдөлмөрийн зах зээл дээр бусдаас ялгарах, чадвараа хэрхэн батлах вэ гэдэг асуудалтай нуур тулсан. Харин уг  шалгалтуудад тэцсэнээр ажил олгогчид  миний чадварт эргэлзэхгүй болсон.

Өмнө нь Юнайтед Аллианс компанид ажиллаж үндэсний лояалти U-Point -г хөгжүүлж байсан. Одоогоор SteppeLink компанид ахлах хөгжүүлэгчээр ажилладаг. Бид групп компанийнхаа болон харилцагчдынхаа шаардлагад нийцүүлсэн цогц систем нийлүүлж байна. 

 

 

 

Гадаад, дотоодын инженерүүдтэй харилцан мэдлэг туршлагаа солилцох үед Монгол инженерүүд өндөр чадвартай байгаа нь ажиглагддаг. Шийдэл гаргах процессоос эхлээд эцсийн хэрэглэгчид хүрэх, зах зээлд нэвтрэх хүртэлх үе шатууд маш хурдан явагддаг нь салбарын хөгжилд ч эерэгээр нөлөөлдөг гэж боддог доо.

 

 

 

-Мэдээллийн технологийн  чиглэлээр суралцах эрмэлзлэлтэй хүүхэд залуучуудад юу  зөвлөх вэ?

 

-Дэлхийн чиг хандлагад код бичих, систем хөгжүүлэх нь заавал инженерийн түвшний ажил биш болж байна.

 

 

 

Нэг веб хийчихдэг,  гар утасны программ бичих чадвар ирээдүйн хүн бүрийн эзэмших суурь мэдлэгт багтах хандлагатай байгаа. Тиймээс мэдээлэл технологийн салбарыг сонирхож байгаа бол суурь мэдлэгээсээ эхлэн цэгцтэй судалж, чадварлаг инженер болох хэрэгтэй.

 

 

 

Миний хувьд Монгол инженерүүд бие биенээсээ туршлага солилцдог, төвөгтэй системийг хэрхэн оновчтой, алдаагүй бүтээсэн тухайгаа ярилцдаг “Software craftmanship community” үүсгэх хүсэлтэй байгаа. Цөөхүүлээ гэж ярьдаг Монголчууд булан буландаа нэг алдааг олон давтаад байх хэрэггүй байх. Урлаг соёлынхон хоорондоо бүтээлээ хэлэлцдэг шиг, цахим бүтээл хийдэг инженерүүд ч туршлагаа ярьдаг сайн дурын нийгэмлэгтэй болох зорилготой байна.

 

 

С.Энхдөлгөөн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин