А.МИНЖИН

Энэ жил наадам болоогүй. Наадам болсон ч, болоогүй ч наадмын тухай яриа намар хүртэл хөвөрнө.

Сарлаг унасан буриад

Сагсганаж байхыг харсангүй

Хамганы хормой сөхөөд

Хатарч байхтай таарсангүй

Халамцуу буриадыг мэдэх ч

Хатгалдаж байхыг нь харсангүй хэмээн цааш хөвөрдөг... Энэ бол 2021 оны буюу энэ зуны “дуулиант” наадмын дараа олон нийтийн сүлжээнд тавигдсан П.Цэрмаа гэдэг хүний долдугаар сарын 13-нд бичсэн шүлэг. Буриад зон олон үүгээр тогтохгүй эсэргүүцлээ илэрхийлсэн. Өмнө нь Монголчууд бид наадмаар хэний хүү бяртай өнгөтэй, хэний хүлэг хурдтай, хэний сум иртэй байгааг хэлэлцэж догдлон суудаг байв. Нэгэн зуны наадам өндөрлөхөд монгол хэмээх нэгэн үндэстний түүх нэжгээд хуудсаар зузаардаг учиртай. Энэ жилийн наадмаа дараа жил хүртэл шагшин бахдан ярьсаар түүхээ бүтээдэг. Үүнийг л үндэстний үнэт зүйлийн алтан хэлхээ, өв соёлын залгамж гэдэг. Гэтэл сүүлийн хоёр, гуравхан жилийн өнгөнд хэн хэдэн төгрөг “идэв”, хэн гэдэг бөх допинг хэрэглэв, хэний ямар моринд хэдий хэмжээний бооцоо тавив хэмээн нутаг жалга, дов дош, гал уяагаараа талцан хэрэлддэг ийм л соёлыг тогтоодог болоод байна. Наадам бол үндэсний урлагийг ёслол төгөлдөр, утга учир, гүн хүндэтгэлтэйгээр төрт ёсны үүднээс түмэн олондоо толилуулдаг том соёлын арга хэмжээ юм.

Төрт ёс үүссэн цагаас эхлэн энэ уламжлал тасраагүй өдий хүртэл уламжлагдахын зэрэгцээ шинэчлэгдэн дэвшсээр ирснийг дурдъя. Социализмын үед ч энэ уламжлал хөгжин төрийн концерт хэмээн түмэн олон хүлээн авч хүртэн таашаасаар ирсэн билээ. Учир нь төрийн наадам бол төрт ёсны их баяр цэнгэл учраас өөрийн гэсэн тусгай ёс, дэг, соёл, уламжлал, үнэт зүйлтэй. Монголчууд найрыг эзэн Чингисийн үеэс улбаатай “Эртний сайхан” уртын дуугаар эхэлдэг уламжлал хүртэл байлаа. Харин хэдхэн жилийн өмнөөс “шинэ үеийн”, “шилдэг найруулагч” нар наадмыг найруулах болсноос эхлэн янз бүрийн хэлбэр дүрстэй болхи хүүхдийн тоглоом үзүүлж эхэлсэн. Энэ балайрал, элийрэл зогсоогүйгээр барахгүй даамжрах шатандаа орсон тул тэвчилгүй энэхүү эсэргүүцлийг бичиглэхээс өөр арга байсангүй.

Баяр наадмаар дамжин сэргээгдэж, дархлагдаж, уламжлагддаг үндэсний өв уламжлал алдагдаж, бууран доройтож, гутаан до ромжлогдоход хүрч байна. Эрийн гурван наадам монгол үндэстний томоохон баяр цэнгэл бөгөөд ийнхүү утга мөн чанараа алдахын гарз, хор хохирол хэм жээлшгүй их. Өв соёл гэж юу болох, үндэстний үнэт зүйл, юунд шингэж хэрхэн уламжлагдан шинэчлэгдэж явах учиртайг ч ойлгох хэмжээний боловсрол, ухаангүй найруулагч нар төрийн ёсны концертыг самарсаар байна.

  2020 оны Үндэсний  баяр наадмын концертыг мөн ковидын нөхцөл байдалтай холбоотой тал дээр дуучид, хуурчдаа аваачин бужигнуулсан. Шороо боссон тал дээр рок попынхныг аваачин монгол дээл хувцас өмсгөн арзганаж, бужигнасан хөл, толгой нь мэдэгдэхгүй холион бантан болсон үзүүлбэр дэглэснийг түмэн олон мартаж амжаагүй байна. Гэтэл Ардын хувьсгалын 100 жил баяр наадмыг Засгийн зүгээс заавал хийхээр зүтгүүлж, эцэст нь “Цахим наадам” хэмээгч солиотой, согтуу, эрээн мяраан, элдэв хүмүүсийн нанчилдаан мэт юмыг үзүүлэв. Ичихгүйгээр.

Эцэг нэгтэй ах дүүст Монголын ард түмэн ямар гэмтэй гэж тэд төсвийн мөнгөөр улс түмний үнэт зүйлийг ийнхүү уландаа гишгэв! Хаадын таалалд нийцдэг байсан наадмын цэнгүүн харцын гутамшгийг л хөдөлгөх төдий маазраан болж хувирлаа.

Монгол үндэстний урлагийг сүүлийн үед рок попынхон үзүүлж, Монголын урлагийг хошин шогийн жүжигчид төлөөлдөг болов уу. Хоёр жил дараалан согтуу монголын дүрээр “бахархлаа”. Энэ жил хормойн донтой буриадын дүрээр “омогшлоо”. Архи уугаад хундгаа шиддэг юм байна, алиарал маазраан дундаа зодолдож ноцолддог юм байна. Энэ эмгэнэл болохоос урлаг огтхон ч биш. Энэ мөхөл болохоос бахархал бүр ч биш.

ИРЭЭДҮЙГҮЙ ХҮН ӨНГӨРСНӨӨРӨӨ АМЬДАРДАГ

Бид дэлхийн түүхэнд зэрлэг бүдүүлэг, эзлэн түрэмгийлэгч, дайн өдөөгч, харгис хэрцгий гэж дүрслэгдэн бичигдэж үлдсэн нь маш олон. Эзлэн түрэмгийлж явсан дайнч түүхээ эдүгээ цагт үндэсний урлагаараа аргадан цагаатгаж орчин цагийн түүхээ бүтээж яваа түмэн бус уу бид. Дэлхий дахин “Музейд өнгөрүүлсөн шөнө”, “Мулан”, “Барбариануудыг хүлээсэн нь” хэмээх барбарианчуудын тухай агуулгыг үзүүлэх тусам бид гайхамшигт үндэстний өв соёл урлагаа сөргүүлэн тавих учиртай.

Гэтэл тулам булаалдсан морьтой залуусын уухай бидний харуулахыг зорьдог Монгол хэмээх үндэстний ялгарал, онцлог, соёлыг харуулж чадах уу? Тулам булаалдах нь урлаг биш. Тэр хүч сорьсон уралдаан тэмцээний нэг хэлбэр. Хайран өв соёл, хайран хөрөнгө мөнгө. Харин Ардын хувьсгалын ойгоороо ийм зэрлэг бүдүүлгүүдийн эмх замбараагүй, орилоон хашгираан үзүүлснээр 400 сая жуулчин татна гэж бодоогүй л байлтай. Ямар ч аялагч, жуулчин хаа нэг улс руу аялахдаа интернэтээс тухайн орныхоо соёл иргэншил, тав тухыг сонирхоно. Тэгэхэд энэхүү Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадам нь интернэт ертөнцөд дурайтал байж байх уу. Үндэсний урлагаа гутаан доромжлохын зэрэгцээ төдийгөөс өдий хүртэл аялал жуулчлалынхны нүүрээ тахлаж тав гурван төгрөг олдог аяллын ганц бүтээгдэхүүнийг ийнхүү шороотой нь хутгахын зэрэгцээ тэдний орлогыг үнэгүйдүүлэв. Аялал жуулчлалын салбараа унагах маш том ажлыг төр нь өөрөө гараар ийнхүү гүйцэтгэв. М онголчууд омогших дуртай хүмүүс. Гэхдээ тэр нь өнгөрсөн цагийн өнгөтэй. Дайнч тулаанч түүх, дэлхийн талыг эзэлж явсан гээд л. Ирээдүйн зорилгогүй хүн өнгөрснөөрөө амьдардаг гэдэг дээ. Омогшил гэдэг үг нь ч өөрөө уур омог, онгиргон сагсуу зан авирын шинж тэмдгийг заасан утгатай.

ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ДАЯАРШИН УРАГШИЛЖ, ДАНГААРШИН ЯЛГАРЧ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ХАМАГ Л БОДЛОГО, ЗОРИЛГОО ЧИГЛҮҮЛЖ БАЙНА

Бид гэтэл өнөөдөр алс тэртээх XIII зууны бахархлаар голоо зогоож, орчин цагт түүнийхээ хямдхан хөгийн хуулбарыг үзэж, хөхин баясаж суусаар. Хатуугаар хэлбэл бахархал гэдэг хий хоосон дэвэргэн дурдатгал төдий зүйл. Омогшил омойтох гэдэг нь хүний өчүүхэн сэтгэл хөдлөл. Хэт хувь хүний шинжтэй. Нийт олны үнэт зүйл болоход ядмаг бас хуурмаг. Үндэсний урлагийн аливаа тоглолт, үзүүлбэр бол дээд урлаг. Тэрхүү үндэстнийхээ хувьд. Урлаг бол цэвэр гоо сайхан. Үндэсний урлагийн их театртай улс орон. Үндэсний урлагийн театрын ажлыг алиа салбадай нараар төлөөлүүлэх байсан юм бол тэр театрынхан юу хийх ёстой вэ.

ҮНЭ ХӨЛС ХИЙГЭЭД ҮНЭ ЦЭНИЙН ЯЛГАА

Ой гутам, нүүр улайм хаш ги- ралдаан бахиралдаан, эрээл- жил сэн эмх цэгцгүй хөдөлгөөн, шавааралдааныг үзээд монгол түмний байтугай захын мэдэхгүй хүний ой тойнд юу буусан бол. Рок попынхон нь монгол дээлтэй савчиж, хошин урлагийнхан нь хормой хот сөхөн цовхчиж, худалдагдсан хэдэн жүжигчид нь согтуу хөлчүү дүрд тоглон салбалзаж ёстой нохойн наадам шиг юмыг олон сувгаар зэрэг зэрэг түгээсэн нь энэ жилийнх. Богд хааны хатан өөрийнх нь бөх унахад “Би энэ наадмыг үзэхгүй” хэмээн ундууцан эргэдэг киног үзэгч бүхэн мэддэг. Тэгвэл дахиж “Бид ийм наадмыг үзмээргүй байна”. Түүх, соёл, ёс заншил, өв уламжлал, зан заншил, хөгжил цэцэглэлтийг судалгаатайгаар, үнэн мөнөөр нь, өөдрөг, гэрэл гэгээтэй, утга учиртай, дэг жаягтай, урлаг, уран сайхантай нь харуулж найруулж чадах найруулагч Херо Баатараас өөр байхгүй гэж үү? Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй халтуурчнаар төрийн наадмын тоглолтоо самруулж, түмний урлагаа шавартайгаа хутгуулах гэмийг монголын ард түмэн хийгээгүй л байлтай. Эрдэж хийсэн зураглаачийн ажил, бярдаж хийсэн нэвтрүүлгийн монтажаас Төрийн наадмын найруулга гэдэг тэс өөр. Төрийн наадмын дэглэлт бол үндэстний урлагийн дэглэлт, монгол соёлын шийдвэрүүдийн үзүүлбэр, дэлхийд зориулагдсан бүтээгдэхүүн, монголчуудад зориулагдсан сэргээш байх ёстой.

Б.Баатар: “Наадмын найруулгад үнэ төлбөргүй ажилласнаа мэдэгдье. Баяр наадмын өдөр гарсан “Би Монгол хүн” теле концертын тухайд миний бие ямар нэгэн тайлбар хэлэхийг илүүц гэж үзсэн боловч нэр бүхий хүмүүс худал сөрөг мэдээллийг намайг гутаах явцуу ашиг сонирхолын зорилготойгоор цацахдаа теле концертод оролцсон уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэл, нэр төр, мэргэжлийн бахархалд халдаж эхэлсэн учир уран бүтээлчдээ хүндэтгэж бодит байдлыг эрүүл ухаанаар дүгнэдэг, тэнцвэртэй мэдээллийг шаарддаг нийтдээ зориулж доорхи хэдэн зүйлсийг бичлээ” хэмээн ичгүүр сонжуургүйгээр биеэ өмөөрөв. Ичгүүртэйеэ, наадмын контентын төсөв хэмээх 2,5 тэрбумын төсвийг Соёлын сайдын гарын үсэгтэйгээр нь сошиалаар дамжуулан шэйрлэж нүдтэй бүхэн уншсан. Үндэсний урлаг руу цэвдэг сэтгэл, бохир гараа дүрсэн клипний найруулагч цус нэгт ахаасаа хэдэн төгрөг авсныг тэнгэр л мэдэх буй заа. Харин мэргэжлийн урлагийнханд зайгаа тавьж өгөх, түмний хүлээлт, төрийн наадмыг самарсныхаа хариуд уучлал гуйхын оронд “Би үнэгүй хийсэн” хэмээн томров. Херо Баатарыг хөлсний найруулагч гэдгийг хүн бүхэн гадарладаг. Үндэсний урлагийн контент, улсын наадмын найруулга хоёроо мөчөөрхлийн бодол, мөнгөний сэтгэлгээний босгоо давж чадаагүй саагисан залууд тавьж өгөн урлаг, урам хоёроо гутаалгамааргүй байна. Арайхийж хэл ам нь дарагдаж байтал контентын өмнөх интро хэсгийн санааг АНУ-ын тэнгисийн явган цэргийн нэгэн бичлэгээс хуулбарласныг нь мөн нийгмийн сүлжээнд гарган тавив. Зон олон мунхаг, харанхуй биш. Хүн гэдэг амьтанд төрөлхийн урлагийг таашаах мэдрэмж заяагддаг. Тэнгэрийн авралаар олонход нь гэж тодотгоё.

“Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг түмний нүдийг ийм бузармаг юмаар хуурахыг мэргэжлийн урлагийнхан нь өөрсдөө зөвшөөрмөөргүй. Уучлаарай, дахиж Б.Баатарын наадмыг үзмээргүй байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН