Унадаг дугуйн замыг барьж байгуулах саналыг хүргүүллээ
2014/05/12
Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйг дэмжигч байгууллагууд хамтран залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Улаанбаатар хотыг унадаг дугуйн замтай болгох чиглэлээр 2013 оноос эрчимтэй ажиллаж 25 000 гаруй иргэдийн санал хүсэлтийг үндэслэж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг боловсруулан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг” - ээр дамжуулж УИХ – ын намрын чуулганд өргөн барьж дэмжлэгийг авсан бөгөөд НИТХ руу шилжүүлсэн юм.
Улмаар “НИТХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”–ээр дамжуулан НИТХ-д өргөн барьж дэмжлэгийг авсан. Тиймээс нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж эхний ээлжийн дугуйн замын ажлыг энэ жил эхлүүлэхээр болсон. Цаашид дан ганц улсыг хараад суухгүйгээр өөр ямар боломж бололцоо байгааг судалж шинээр баригдах, засвар шинэчлэл хийх замуудад унадаг дугуйн замыг оруулах саналыг НАЗГ, НЗДТГ-т хүргүүлээд байгаа юм байна.
Эхний ээлжинд МУИС, ШУТИС болон бусад салбар их дээд сургуулиуд байрлаж оюутан залуус их хэмжээгээр зорчдог зам болох хуучнаар “Залуучуудын өргөн чөлөө”-г “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-өөр шинэчилж, өргөсгөж байгаа энэхүү замын ажилд унадаг дугуйн зам барьж өгөх саналыг хүргүүлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд 74 метр гүүр болон 0,9 км авто зам хийгдэх юм байна.