Хууль бус газрын зөвшөөрлийн эзэд хэн байв
2013/04/14
Нийслэлийн Засаг даргын албыг хашиж байсан эрхмүүдийн хууль зөрчин олгосон газрын наймааны хэргүүд эхнээсээ нийтэд ил болж байна.
Бид энэ дугаараасаа эхлэн албан тушаалтнуудын иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль бусаар олгосон газруудын талаарх мэдээллийг цувралаар хүргэхээр боллоо. Манай улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн мэдэлд байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байгаа. Гэтэл ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх ёстой газар нутаг маань олон жилийн туршид эрх мэдэлтнүүдийн мөнгө хийх арга болсоор ирсэн аж.
Харин өнгөрсөн сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гарган хууль бус бусаар олгосон 105 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газрын зөвшөөрлийг хүчингүй болголоо. Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон болон холбохоор төлөвлөсөн газрууд, дуудлага худалдаа, тендер зарлалгүйгээр олгосон газар, мөн нийтийн эдэлбэр газар эзэмших гудамж, зам талбайд газар эзэмших эрх авсан, төрийн байгууллагын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн, тухайн газраа хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг үндэслэлээр газрын зөвшөөрлийг нь цуцалсан юм. Э.Бат-Үүл даргын энэхүү захирамжид зарим хүн, ялангуяа газрын зөвшөөрлөө хураалгасан хүмүүс таагүй хандаж байгаа бололтой. Арга ч үгүй биз.
Хотын төвд байршил сайтай газрыг хууль бусаар эзэмших гэж бөөн мөнгө төгрөг болоод эцэст нь хураалгах нь таатай зүйл биш. Гэхдээ хэрвээ хотын даргын энэ захирамж гараагүй байсан бол бид тун удахгүй эх хотынхоо гудамжаар тааваараа алхаж чадахгүйд хүрэх байсан юм. Явган хүний зам дээр хүртэл газар олгочихсон учраас иргэд гэрээсээ гарах ч эрхгүй болж мэдэхээр байв.
Ингээд нийслэл, дүүргийн Засаг дарга нарын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийн талаарх баримтыг дэлгэж байна.
Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Аса цирк”-ийн хойно 8.64 га газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр “Мөнх хаан” трейд ХХК-д хууль бусаар эзэмшүүлжээ. Нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол бүхий энэ газарт “Мөнххаан” трейд ХХК үйлчилгээний зориулалтын барилга барих нэрээр зөвшөөрөл авсан бөгөөд одоогийн байдлаар хоёр жил ашиглаагүй учраас хүчингүй болгоод байгаа юм.
Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн талбайг ямарч тохиолдолд хэн нэгэнд өмчлүүлэх нь хориотой. Гэтэл үе үеийн хот дүүргийн Засаг дарга нар эрх мэдлээрээ түрээ барьж нийслэл хотын нийтийн эзэмшлийн талбайгаас завшиж байжээ.
Нийтийн өмч бол чинийх ч биш, бас минийх ч биш. Ер нь бол хэний ч биш өмч гэдэг шиг нийтийн эзэмшлийн талбай гэж иргэдийн мэдлийнх мэт боловч ачир дээрээ хэний ч өмч биш байдаг бололтой. Тийм ч учраас үе үеийн Нийслэл, дүүргийн Засаг дарга эрх мэдэлтнүүд Улаанбаатар хотын газрыг мөнгө угаах хэрэгсэл болгон ашиглаж газрын наймаагаар хөлжиж ирсэн байна.
Цаашилбал Г.Мөнхбаяр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байх үедээ 2011 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр 582 тоот захирамж гаргаж 31.34 га газрыг “Рэмиф” ХХК-д өмчлүүлсэн байгаа юм. Тус компани нийтийн эзэмшлийн талбайн бүхэл бүтэн 31 га газрын зочид буудал, үйлчилгээний зориулалтаар өмчлөх шийдвэрийг хотын дарга асан Г.Мөнхбаяраар гаргуулсан бөгөөд одоогийн байдлаар энэ газраа ашиглаагүй байгаа юм.
Ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн энэ газарт 10 мянган метр квадрат буюу бүхэл бүтэн 100 га газрыг “Кукахаузинг” ХХК-д шилжүүлэх захирамжийг анх 2004 онд Сүхбаатар дүүргийн тухайн үеийн Засаг дарга гаргаж байсан аж. Хожим нь 2007 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын захирамжаар Кукахаузинг ХХК-ийн эзэмшлийн газраас 3200 метр квадратыг Ремиф ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргасан байна. Ингээд эцэст нь 2011 оны хоёрдугаар сард 3124 метр квадрат газрыг тус компанид эзэмшүүлэх тухайн үеийн хотын даргын захирамж гарсан аж.
“Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд нэг метр квадрат газрыг нэг сая ам.доллараар зарна” гэсэн зар улс төрийн хүрээнийхэн дунд байнга гардаг тухай яриа байдаг. Нэг метр квадрат газрыг нэг сая ам.доллараар гээд бодохоор өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний мөнгө хот, дүүргийн засаг дарга нарын халаасанд орж, ямар хэмжээний газар хууль бусаар бусдын гарт очиж байсныг тооцох аргагүй юм.
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо хуучнаар Хангай зочид буудлын хойно Хотын дарга асан Г.Мөнхбаяр 2012 оны хоёрдугаар сард тушаал гаргаж “Эс Ай Би Би” ХХК-д нийтийн эзэмшлийн талбайд 4.14 га газрыг олгосон байна. Тус компани авто машины зам, цэцэрлэгт саад бүхий энэ газарт худалдаа үйлчилгээний зориулал¬таар барилга барих зөвшөөрөл авчээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2010 оны арванхоёрдугаар сард анх есөн га газрыг “Эс Ай Би Би” ХХК-д эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд хожим нь 2012 онд Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр 4.14 га газар болгож өөрчилсөн аж. Энэ мэтчилэн нийслэл дүүргийн Засаг дарга нарын хууль бус шийдвэр, захирамж илчлэгдсээр байна.
Н.Санжаасүрэн