Сүүлийн үед төрийн соёмбо хаана ч хамаагүй залрах болжээ. Эрүүл мэндийн яам, глобал сантай хамтарч хийлгэсэн “соёмботой бэлгэвч” хүртэл хийлгээд авсан юм. Глобал сангийн тусламжтайгаар Монгол Улс ДОХ-ын эсрэг төслийг хэрэгжүүлээд олон жил болж байгаа. Энэ ажлын хүрээнд ДОХ болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлгэвч тарааж ирсэн. Харин тус ажлын хүрээнд тараадаг бэлгэвч нь дээр Шинэчлэлийн Засгийн газрын, Эрүүл мэндийн яам маань төрийн тамга тавих ёстой гэж шийдсэн бололтой. Тус шийдвэрийг сайд Н.Удвал мэдсэн л байж таараа. Гэтэл бэлгэвчийг хэрэглээд хогийн сав руу хаядаг гэдгийг хар ухаанаар бодох л хэрэг. Төрийн соёмбыг хогийн саванд хэвтүүлэх л дутлаа гэж үү.

Ийн бэлгэвчийг төрийн алтан соёмбоор тамгалуулсан нь олон хүний дургүйцлийг хүргээд авсан. Тэгвэл саяхан "Universe Best Songs" наадмын хөтлөгч төрийн соёмбоор хийсэн хувцас өмсчээ. Хэдийгээр түүний өмссөн эл хувцсан дээр соёмбо нь дээрээ байгаа хэдий ч олон хүний бухимдлыг дагуулаад буй.

"Төрийн бэлэг тэмдгийн тухай" хуулийн нэгдүгээр бүлэг 2 дугаар зүйлд зааснаар 1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг,далбаа, тамга, дуулал /цаашид "Төрийн бэлгэ тэмдэг" гэх/ мөн.

2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" гэж заасан байдаг.

Гэтэл хийморь, цог золбоог илэрхийлэгч "Соёмбо"-оор эмэгтэй хүн хувцас хийж өмсөх нь ёс зүйд хэр нийцтэй вэ!

Д.Ана