113-р цэцэрлэгийн багш хүүхдийн төмсөгийг асаагуураар түлжээ
2014/05/12
Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн багш Я.Нямцэцэг бага насны буюу гурван настай хүүхдийг зодож асаагуураар түлэн тарчлаасан гэмт хэрэг үйлджээ.
Тэрээр энэ оны 2-р сарын 14-нд гурван настай хүү А.Б-г өмдөндөө шээлээ хэмээн баруун өгзөгөн дээр нь хоёр алгадаж баруун төмсөгний дээд хэсгийг асаагуураар түлжээ. Хүү гэртээ ирээд аав Т.Амартүвшиндээ “миний боожгойг багш түлсэн” гэж хэлснээр энэ хэрэг илэрчээ. Шалгаж үзэхэд баруун цавь, төмсөгний дээд хэсэгт нь түлэгдээд цэврүү үсэрсэн, баруун гуяа нь улаан эрээн болсон байсан гэнэ. Хандив өгч байж цэцэрлэгт оруулсан тул багштай нь уулзахад тэрээр эрс үгүйсгэсэнд цагдаад ханджээ. Эхлээд Я.Нямцэцэг хүүг өмдөндөө шээлээ хэмээн алгадсанаа хүлээсэн ч асаагуураар түлээгүй гэжээ. Дараа дараагийн байцаалтанд “хүж асаасан асаагуураа унтраалгүй хүүгийн дотуур өмдийг тайлах гэж байгаад түлсэн” гэж мэдүүлжээ. Асаалттай асаагуур барьсан гараараа хүүхэд хувцасладаг багш байдаг юм байна. Гуравхан настай хүүгийн төмсөгийг асаагуураар түлэхэд ямар их өвдөж тарчилсан нь ойлгомжтой ч шүүх “түлэгч” багшид ердөө 3 сар 10 хоногийн баривчлах ял оноожээ.