П. ОЮУНСУВД

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбаттай суллагдаад удаагүй байхтай нь таарч ярилцлага авахаар зорив

. Гэвч тэрбээр энэ удаа өгүүлэхээс татгалзлаа. Таны эдгээр асуултад хариулахад төрийн нууц задруулсан хэрэгт тохогдоно хэмээн учир байдлаа өчсөн юм. С.Зоригийн хэргийн талаарх анхны ярилцлагаа танд би өгч байсан харин энэ удаа энэ сэдвээр ярилцлага өгмөөргүй байна. Учир юу гэвэл нэгд энэ хэргийн талаар би тантай маш сайн ярилцсан. Мөн энэ хэргийг нууцаас ил гаргаад буцаагаад нууцын зэрэгт шилжүүлсэн шүү дээ. Тэгэхээр уг асуудлын нөхцөл байдлыг ярьж болохгүй та ойлгооч хэмээн учрыг тайлбарласан юм. 

Түүнийг сайн таньдагийн хувьд нөхцөл байдлыг ойлгож байгаа ч энэ удаа С. Зоригийн хэргийн талаарх асуултаа хойш тавьж яаж хоосон буцах вэ, хуулийн шинэчлэлийн талаар зарим нэг асуултад хариулт авлаа. Явсан нохой яс зууна гэдэг дээ. Түүнийг салбарынхан нь Монгол Улсын эрүүгийн чиглэлээр дагнасан толгой хуульч хэмээн нэрлэх юм билээ. Хуульчид дотроо хамгийн нэр хүндтэйд тооцогддог нэгэн. Сая “гянданд” ороод гарахтай нь зэрэгцэн Олон Улсын байгууллагууд хуулийн төсөл болон, хуулийн зөвлөгөө өгч хамтран ажиллах санал тавьсан хэмээн чих дэлссэн. Эндээс харахад түүнийг олонд нэр хүндтэй хэмээн тодорхойлох нэг үндэс юм. Монголын төр олон чадалтай, номтой залуусынхаа нурууг олон ч удаа авч, тэднийг дахин төрд зүтгэх “зүрх” өгсөнгүй дээ. Төр, “шилдэг зүтгэгч” хоёрын хоорондын холбоо тасарч үл болом...Ингээд төлөвлөснөөс өөр ярилцлагаа уншигч танд хүргэе. 

-Таны бие сайн уу?

 -Сайн, та сайн уу. 

-Та гомдолтой байна уу? 

-Хариулсангүй. 

-Та миний бэлдсэн асуултад хариулах үнэхээр боломжгүй хэвээрээ байна уу?

 -Тийм. 

-За тэгвэл танаас асуухаар бэлдсэн асуултаа урж шидээд, өөр асуудлын талаар ярилцаж болох уу. Үнэндээ би хоосон гуяа ганзагалаад буцмааргүй байна. Яагаад гэвэл тантай хоёр, гуравхан асуултад ч хамаагүй ярилцмаар байна. Өршөөн үзээрэй? 

-За. Өөр ямар ч асуултад би хариулахгүй шүү. Та асуу. асуу. 

-За, ойлголоо?

 -За. Асуу 

-Таныг асуух бүрд хариултаас татгалзаад байхаар чинь асуух гэсэн асуултаа ч мартчихлаа шүү? 

-За. Уучлаарай. 

-Хууль тогтоомжийн тухай хуулиар “Багц хууль” гэсэн ойлголт байдаг. Тухайлсан салбаруудад Багц байдлаар эрх зүйн орчны бүтэн шинэчлэл хийж байгаа зүйл байхгүй байх шиг байна. Та энэ тухай юу гэж боддог вэ?

 -Багц хууль гэдэг нэр томьёо жаахан өөр утгатай. Гэхдээ өөрийн чинь асуултын цаад санаа нь үнэхээр чухал асуудал хөндөж байна л даа. Хууль дэлхий дээр амьдардаг хүн төрөлхтний, бүр тодруулбал тухайн улс үндэстний бүхий л амьдралын асуудал, бэрхшээл рүү нь гүнд нь орж зохицуулж, шийдэж байдаг зүйл. Аливаа асуудлыг өнгөцхөн, дутуу бодож хийсэн зохицуулалт маш олон сөрөг асуудлыг дагуулах нь бий. Өөрийн чинь хэлснээр хуулийн цогц байдлыг алдагдуулсан бодлого шийдвэр ихээр гарах боллоо шүү, нээрээ. Тогтолцооны цогц байдлыг хамгаалах гэж уг нь Үндсэн хуулийн Цэц гэж байгууллага байдаг. Заримдаа нөгөө цэц маань үндсэн хуульт тогтолцоогоо улс төрөөр арилжиж байгаа харагдах юм. 

-2015 онд баталсан Эрүүгийн хуулийн шинэчлэлийг зарим талаараа Эрүүгийн салбарт хийгдэж байсан шинэчлэлээс буцсан гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар?

 -Харин ч эсрэгээрээ 2015 оны эрүүгийн хуулиар олон шинэчлэл дэвшил хийгдсэн гэж би итгэлтэй хэлнэ. Харамсалтай нь энэ хуулийг эцэслэн батлах явцад дундуур нь хэсэг нөхөд хуулийн хулгай хийсэн. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан дэвшлийг үймүүлээд авах жишээтэй. Эсрэгээрээ уг хуульд ухралт хийгээд авсан зүйл бол бий шүү. Ганцхан жишээ хэлье, том зургаараа Монгол Улсад гэмт хэргийн гаралт буурсан. Үүнд шинэ эрүүгийн хууль, зөрчлийн хууль асар чухал үүрэг гүйцэтгэсэн. 

-Тодруулбал, ямар үүрэг гүйцэтгэсэн бол? 

-Та гэмт хэргийн статистик нэг сонирхоорой сүүлийн жилүүдэд хүнийг санаатай алах, эрүүл мэндийн хохирол учруулах гэмт хэргүүд тогтмол буурч байгаа. Үүний нэг гол зангилаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж байгаа ажлын үр дүн юм шүү дээ. Цагдаа, иргэний нийгэм нийлээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцээд эхэлсэн. Зөрчлийн хуулиар бага гэхгүй, хар хэллэгээр бол ялихгүй асуудал ч байсан хариуцлага тооцож эхэлсэн байгаа. Аливаа нэг хэрэг ямар сэдэлтэй байхаас үл шалтгаалан энэ хэрэг ялихгүй зүйл хэмээн орхих үндэс байдаггүй. Хэрэг бол хэрэг. Хэзээ ч хэрэг хуучирдаггүй гэсэн яриа хүртэл байдаг даа. Хуульд хэргийг бага, томоор нь ялгаж ойлгодоггүй. Ямар ч хэрэг хийсэн зохих ял шийтгэлийг хуулийн дагуу олгодог зохицуулалттай юм. Үр дүнд нь үхэл хагацалд хүртэл, тахир дутуу болтол нь хүчирхийлдэг нь буурсан шүү дээ. 

-Энэ бүгд Зөрчлийн хуулийн ач холбогдол уу, эсвэл урд нь байв уу? 

- Хүмүүс зөрчлийн хууль гэж хэцүү хуультай болсон гэж их ярьдаг болж. Уг нь урд нь байсан зөрчлүүд, байсан л торгууль шийтгэлүүд. Салбар салбарынхаа хуульд байсан зүйл. Үүнийг хэн ч хэрэгжүүлдэггүй байсан. Тэгээд тэр хэрэгждэггүй хуулиас нь болоод аливаа зөрчил хэрэг даамжирсаар хүний аминд хүртэл нь гэмт хэрэг даамжирсан. Харин зөрчлийн хууль гараад хэрэгжилт нь тодорхой болоод ирэхээр муу буруу юм даамжрах нь багасаж байна. Муудсан хүнс орлуулж ирэхээр нь хурааж устгаад торгосон нь дээр үү, хүн хордож үхэхээр нь нэг хүн барьж авч шоронд хийсэн нь дээр юм уу. Энэ утгаараа би зөрчлийн хууль, эрүүгийн хууль олон дэвшил авчирсан гэж үздэг. 

-Үндсэн хуулийн Цэцээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал дээр гаргасан дүгнэлт олон хүмүүсийг талцуулаад амжлаа. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ? 

-Цэцийн дүгнэлт талцуулсан гэж үү, үгүй байхаа, харин цэц дүгнэлт гаргаснаар талцал нэг тийш болсон. Цэцийн дүгнэлт эрх зүйн зарчмын дагуу гарсан дүгнэлт 

-Яагаад?

-Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн зүйл УИХ-д үүссэн шүү дээ. Тухайлбал, улс төрийн хоригдол гэгдэх болсон М. Энхсайхан, Ж. Эрдэнэбат, С. Баяр гэх мэт. 

-Та үүнд хариулаач?

 -Эхлээд эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх талаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэгчийг гаргасан. Энэ хуулийг Монгол Улсын үндсэн хууль зөрчсөн гэж иргэн мэдээлэл гаргасны улмаас үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн. Энэ хооронд нугалаа гарсан. 

-Ямар нугалаа гарсан гэж? 

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг хөөж хэлэлцээд шийдчихэж байгаа юм. Хууль буцааж хэрэглэх газар хэрэглээгүй, зарим хүнд бүр ирээдүй цаг дээр хууль хэрэглээд шийдчих шиг л боллоо. 2009 онд болсон үйл явдлыг авч хэлэлцээд тэр үеийн хууль дээр гэмт хэрэгт тооцдоггүй байсан үйлдэл 2017 оноос хойш гэмт хэрэгт ордог болсон байсныг авч хэрэглээд хүн шийтгэчихсэн. 

-Энэ тэгэхээр хуулийн цоорхой гэсэн үг үү, эсвэл? 

-Хуулийн цоорхой буюу шинжлэх ухааны хэлээрээ эрх зүйн хийдэл гэдэг нь уг нь тодорхой асуудал зохицуулалтгүй үлдэхийг хэлдэг. Энэ нь амьдралын бүх тохиолдлыг урьдчилан харах боломжгүй байдагтай холбоотой асуудал. Гэтэл хуулиар зохицуулаад болоод ирсэн зүйлийг зориуд гуйвуулсан хууль гаргаад, тодорхойгүй байдал үүсгэж заримыг нь хилсдүүлээд заримд нь ял завшуулаад байгааг хуулийн цоорхой гэхээсээ хуулийн хулгай гэвэл таарна. 

Хэн намайг эрүүгийн хуулийн номер нэг хуульч гээд байдаг юм бол. Би үүнд ямар нэг хариулт өөрөө хэлмээргүй байна. Хуулийн байгууллагыг захиалгаар хэрэг шийддэг гэж ярьсан улстөрчид тэднийгээ ард иргэдийн хяналтад аваачиж өгч, дарга, улстөрчөөс хараат бус болгож байж энэ асуудал шийдэгдэнэ. Харамсалтай нь хонгил яриад заавар авдаг шүүгч яриад байгаа атлаа шүүхийг ч прокурорыг ч өөрсдийнхөө хараа хяналтаас гаргахгүй байна. УИХ-д зарим залуу хуульч улстөрчид энэ байдлыг засах гэж оролдож байгаа харагдах юм. Гэтэл бусад нь нийлээд нөгөө л шүүх прокуророо өөрийнхөө гарт буцаагаад хийчихсэн дээ..-Хуулийг ингэж хулгай хийж, бүр хүн дээр ашиглаж, хохироож болдог юм уу? 

-“Мөрөө хавчив”. 

-Бидэнд зайлшгүй шаардлага үүсэж засаж, залруулах өөрчлөлт шинэчлэл хийх ямар хууль байна гэж та харж байна вэ. Таныг Монгол Улсын эрүүгийн хуулийн номер нэг хуульч гэдэг? 

-Хэн намайг эрүүгийн хуулийн номер нэг хуульч гээд байдаг юм бол. Би үүнд ямар нэг хариулт өөрөө хэлмээргүй байна. Хуулийн байгууллагыг захиалгаар хэрэг шийддэг гэж ярьсан улстөрчид тэднийгээ ард иргэдийн хяналтад аваачиж өгч, дарга, улстөрчөөс хараат бус болгож байж энэ асуудал шийдэгдэнэ. Харамсалтай нь хонгил яриад заавар авдаг шүүгч гэж яриад байгаа атлаа шүүхийг ч прокурорыг ч өөрсдийнхөө хараа хяналтаас гаргахгүй байна. УИХ-д зарим залуу хуульч улстөрчид энэ байдлыг засах гэж оролдож байгаа харагдах юм. Гэтэл бусад нь нийлээд нөгөө л шүүх прокуророо өөрийнхөө гарт буцаагаад хийчихсэн дээ.. Энэ захиалга даалгавраар ажилладаг прокурор, шүүх байдаг гэсэн хардлага сэрдлэгээсээ салъя гэвэл даргаас хараат бус, иргэнээс хамааралтай шүүх прокурортой л болох ёстой. Бас нэг огт мартаж болохгүй зүйл цагдаа, хууль сахиулах байгууллагууд маань. Цагдааг шинэчлээгүй байж прокурорыг өөрчилнө, прокурорыг цэгцлээгүй байж шүүхийг шударга болгоно гэж ярих нь утгагүй яриа. 

-Дахин асуулт байна?

 -Одоо болноо. Би өөр асуултад хариулт өгмөөргүй байна. Уучлаарай. Түүнээс асуух олон асуулт байсан. Гэвч тэрбээр хариулахаас татгалзав. Монголын төр хэчнээн олон залуусын сэтгэл, зүтгэл рүү аадар бороо нэвчүүлж, тархины ир, сэтгэлийн утас руу нь дураараа тогшиж оров доо. Хутганы ир мохдог, харин үнэний ир цаашид хэрхэх бол... Маш тогтуун яриатай, асуудалд уужуу ханддаг тэрбээр огцом ууртай болж, ширүүн харцаар намайг тоссон. Цаанаа нэг ад үзсэн, бухимдангуй төвөгшөөсөн нь илт байлаа. Тэр хүнд хэзээ ч ингэж ханддаггүй. Ямар ч байсан хэнийг ч хүндэтгэдэг нэгэн. Гэтэл... Түүнээс олон удаа утсаар ярилцлага авахыг дуулгаж, бас олон удаа цааргалсны эцэст бид хоёрын хөөрөлдөөн нэг ийм л зүйл болж хувирав. Түүнээс хэргийг илрүүлээд буцаад өөрөө буруутан болж “аавын хаалга” татсан учир шалтгааныг лавлаж, үг унагаж чадалгүй буцсан минь энэ. Хэцүү хүнд сэдвээр хоёр дахь удаагаа түүнтэй ярилцаж буй минь. Эхний ярилцлагаа 2019 оны дөрөвдүгээр сарын 2-нд авч байв. Харин энэ ярилцлагадаа би өөрөө чамлангуй редакц руугаа буцан алхсан юм. Хэн ч үнэнийг энэ үнэн гэж хэлэхэд хэцүү цаг дор бид амьдарсаар. Гэхдээ үнэн орчлонд оршдог, оршсоор ч байх болно гэдэгт итгэдэг. Үнэн мөнийг бид шүүхгүй, зөвхөн хуулийн тэр жижиг бор “алх” шүүнэ, дэнсэлнэ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН