Хүн барьцаалах гэмт хэрэг хэвийн үзэгдэл болов уу
2014/05/13
Телевизээр гарч байгаа Америкийн кинон дээрээс хүн барьцаалах гэмт хэргийн талаар хараад “Ямар сонин юм байдаг юм бэ. Манайд ч ийм хэрэг гарахгүй л байхдаа. Монголчууд бид чинь тэнгэр заяат хүмүүс юм чинь арай ч ийм хэрэг хийхгүй” хэмээн бодож явсан бол сүүлийн үед манайд гарч байгаа онц ноцтой гэмт хэргүүд бидний энэ бодлыг нэг мөр үгүй хийж орхив
Хамгийн сүүлд л гэхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад энэ сарын 6-7-нд шилжих 16-17 насны 10 хүүхдийг барьцаалсан хэрэг гарч ард иргэдийг цочроов. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлагын дагуу 04:15 цагт очиж 06.00 цаг хүртэл барьцаалагчтай ярилцан тохирч, шуурхай ажилласны үр дүнд бусдад хохирол учруулалгүйгээр гэмт этгээдийг баривчлан саатуулжээ. Уг хэргийг үйлдсэн этгээд нь согтууруулах ундаа хэрэглэж ойр орчиндоо байсан хүмүүсийг айлган сүрдүүлж, хамт байсан хоёр хүнийхээ нэгнийнх нь аминд хүрч, нөгөөхийг нь хүнд бэртээчихээд цагдаа нар ирэхэд баригдахгүйн тулд ийнхүү авирласан байна. Тэрбээр 25 настай Дорнод аймгийн харьяат Мөнхбаяр гэгч бөгөөд эхнэр хүүхэдгүй эцэг эхийн хамт амьдардаг, бага боловсролтой, мод үржүүлэх “Цэцэрлэгжилт” компанид цэцэрлэгчээр шинээр ажилд орсон нэгэн байжээ. Энэ хэргийн дараагаар манайхан хүн барьцаалах гэмт хэрэг анх гарч байгаа мэтээр ярьцгааж байлаа. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсад энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй удаа бүртгэгджээ. Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүйчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал элбэг байдаг аж.
Жилийн өмнө Дархан-Уул аймагт бага насны хүүхдийг хулгайлж ар гэрийнхэнээс нь 100 сая төгрөг нэхэж өгөхгүй бол хүүхдийг чинь ална хэмээн сүрдүүлсэн хэрэг гарсан байна. Хэргийг үйлдсэн этгээд их хэмжээний мөнгөний өрөнд орсноосоо болоод ийнхүү айлын хүүхдийг барьцаалсан ч төд удалгүй баригджээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Тахилтад 25 настай Энхээ гэх этгээд хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээд зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн хэрэг гарч гэмт хэрэгтэн үйлдэл дээрээ баригдсан байна.
Үүнээс гадна Өвөрхангай аймагт байдаг худалдааны төвд хүн барьцаалсан хэрэг гарчээ. Цагдаа нарыг дуулагаар очиход Мөнхбаяр гэгч этгээд “Ачлал” худалдааны төвд лангуу түрээслэгч Н-ийн үсийг зүүн талын гарандаа ороож шалан дээр өвдөглүүлэн суулгачихсан, баруун гартаа том хайч дэлгэн барьж Н-ийн хүзүүний баруун хэсэгт тулгасан байдалтай байжээ. Э.Мөнхбаяр гэгч нь Эрдэнэт хотод байгаа салсан эхнэр, хүүхэдтэй минь утсаар яриулж өг, хүүхдийг минь авчир гэсэн шаардлагаар дээрх хэргийг үйлдсэн аж. Хэрэг явдал гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна.
Барьцаалагдсан эмэгтэй амь насаа авруулах шаардлага тавьж эхлэхэд Э.Мөнхбаярын ааш авир хурцдаж, үйлдэл нь ширүүсэх хандлагатай болж хохирогчийг хүч хэрэглэн зодож, хүүхэдтэйгээ яриулах шаардлага дахин тавьж байсан гэнэ. Хэргийн газарт ажилласан цагдаагийн алба хаагчид хүүхдийнх нь утас руу залгаж яриулах боломж бүрдүүлж Э.Мөнхбаяр баруун гартаа барьсан хайчаа зүүн гартаа шилжүүлэн өмднийхөө халааснаас гар утсаа гаргахаар доош тонгойх үйлдэл хийх явцад нь цагдаагийнхан дайрч баривчилснаар хүний амь эрсдэлгүй өнгөрч чаджээ.
Хүн барьцаалах гэмт хэрэгт таксины жолооч нар өртөх явдал ч цөөнгүй бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн 12 хороо, Чулуун-Овооны автобусны буудлаас “Соната-2″ маркийн автомашинд гар өргөн сууж, жолоочид нь буу тулган Налайх дүүрэг рүү явахыг шаардаж, замдаа “Ургах наран” хорооллын орчимд зам дээр гар өргөж зогссон нэг хүнийг авахуулан цааш явж тэдний ар гэрийнхэн рүү нь утсаар яриулж, таван сая төгрөг утсаар нэхэж, Налайх дүүргийн Шандын энгэр гэх газарт авчирч өгөхийг шаардаж цагдаа нарыг очиход тэрээр хүүхдэд хутга тулган “Ойртвол ална” хэмээн сүрдүүлээд зогсож байгаад тусгай албаны цагдаа нарт баригджээ.
Цэрэг цагдаагийн болон төрийн албан хаагчид ч хүртэл хүн барьцаалах хэргийн хохирогч болсон тохиолдол ч гарсан байна.
Тухайлбал, 2014 оны 4-р сарын 14 өдрийн 18.00-19.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5-р хороо буюу хуучнаар Тээврийн товчооны ойролцоо 27 настай эрэгтэй Б цагдаагийн албан хаагч руу гар буу гарган сүрдүүлж, мөнгө нэхсэн хэрэг гарчээ.
Мөн Баянгол дүүргийн прокурор Х.Бадамцэцэгийг ажилдаа ирж байхад нь үл таних хүмүүс машиндаа суулган барьцаалж Сонгинохайрхан дүүргийн Таван шараас цааш хүч хэрэглэн авч явсан хэрэг гарсан байна. Хэргийг үйлдсэн этгээдүүд прокурорын эрүүл мэндэд халдаагүй ч түнийг мөрдөн байцаагчид нөлөөлж, гахайн мах авч өгөхийг шаарджээ. Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн Хятад улсаас оруулж ирсэн гахайн махыг Баянгол дүүргийн байцаагчид хурааж авсанд ийм үйлдэл хийсэн байна.
Хүн барьцаалах аймшигт хэрэг олшрох хандлагатай болоод байгааг дээрх гэмт хэргүүд гэрчилж байна. Иймээс төр засгаас энэ асуудалд анхаарлаа хандуулан таслан зогсоох арга хэмжээ авахгүй бол хэн ч энэ хэргийн золиос болчиход ойрхон болжээ.
Д. Гарам
Зочин · 2014/05/15
Маш сонирхолтой!