Т.АМАРТҮВШИН

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин Танд дайх үг байна. Баруун хязгаарт хэсүүчилсэн аяллын маань үзэж, сонирхохоор зорьсон газрын нэг нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 20 гаруй км-ийн зайд орших Хойд цэнхэрийн агуй байлаа.

Гурван цэнхэрийн агуй ч гэж нэрлэдэг. Түүхийн үнэт өв болсон агуйн сүг зургуудыг үзэхээр зорин очсон ч, сэтгэл эмзэглүүлсэн зүйлтэй таарсныг нуугаад яахав. Агуйд ороход маш их тоос, тагтаа шувууны ялгадас, бууцаар дүүрсэн байлаа. За энэ ч яахав, байгаль, амьтан хоорондын зохилдлого гэлтэй. Харин 40 мянган жилийн тэртээд бүтээгдсэн хадны сүг зураг, бичээс, түүхийн үнэт өв нь шинэ цагийн “бичээчдийн” хөлд үгүй болоход хүрчээ. Хүний овог нэр, аймаг орон, анги, сургуулийн нэр, он сар өдөр гээд төрөл бүрийн үгсийг хар болон тод өнгийн зүйлээр хайр найргүй сараачсан харагдлаа. Крилл үсгээс гадна Монгол бичгээр ч үл мэдэгдэх үгс бичсэн байв. 

Аялагчдын дураараа сараачсан бичиг дундаас 40 мянган жилийн тэртээд бүтээгдсэн сүг зураг, бичээсийг олж харах гэж нэлээдгүй будилав. Ховор содон түүхийн энэ баримтад дотоодын аялагчид “зоригтойгоор халдсанд” эмзэглэхгүй байхын арга байсангүй. 

Ерөөсөө түүхийн үнэт өв болсон Хойд цэнхэрийн агуйг хариуцах эзэнгүй, хамгаалах хүнгүй орхисны гор нь энэ юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37.1-т “Соёлын өвийг хамгаалах асуудлыг с оёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна” гэж заасан байна. Гэвч салбар яам, аймаг орон нутгийн удирдлага Хойд цэнхэрийн агуйг мартаж орхижээ. Уг нь Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гурван цэнхэрийн агуйг түшиглэсэн аялал жуулчлалын “Таван од” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгаж байсан ч талаар болсон байна. 

Монголоос ЮНЕСКО-д бүртгэгдсэн түүхэн дурсгалт цөөхөн газрын нэг нь Хойд цэнхэрийн агуй. ЮНЕСКО-гоос 1996 онд Хойд цэнхэрийн агуйг "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн соёлын эртний чулуун зэвсгийн өвд бүртгэж авчээ. Иймээс Хойд цэнхэрийн агуй нь түүхийн болоод соёлын өвийн хувьд ямар ач холбогдолтойг тодотгоно. Агуйн хана, дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, арслан заан, ордос үхэр, мод зэргийг дүрсэлсэн бөгөөд эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Дүрсэлсэн амьтдаас үзвэл Монгол нутагт эрт цагт амьдарч байгаад мөхөж алга болсон амьтад учраас уг зосон зураг нь хуучин чулуун зэвсгийн үед хамаардаг ажээ. “Хойд цэнхэрийн агуйн зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн чулуун зэвсгийн үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг” хэмээн судлаачид үздэг. Монгол Улсын есөн гайхамшгийн нэгт тооцогддог энэ бүтээлийг ОХУ-ын нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ "Гурван цэнхэрийн агуйд хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд тухайн үед амьдарч байсан хүмүүс асар өндөр хөгжилтэй, уран сайхны их авьяастай зураачид амьдарч байсны гэрч юм" гэжээ. 

Аялагчдын дураараа сараачсан бичиг дундаас 40 мянган жилийн тэртээд бүтээгдсэн сүг зураг, бичээсийг олж харах гэж нэлээдгүй будилав. Ховор содон түүхийн энэ баримтад дотоодын аялагчид “зоригтойгоор халдсанд” эмзэглэхгүй байхын арга байсангүй.

Иймд түүх соёлын хувьд нэн эртний үнэт өв болсон Хойд цэнхэрийн агуйг хайхрамжгүй орхиж болохгүй билээ. Шинэ үеийнхний дураараа аашилсан “бичээс”-ийг арилгаж, 40 мянган жилийн өмнөх түүхий үнэт өвөө сэргээн засварлах шаардлага үүсээд байна. Хойд цэнхэрийн агуйг хамгаалах, сэргээн засварлах нь өвөг дээдсээс үлдээсэн хүн төрөлхтний түүхийн хөгжил цаг хугацааны өөрчлөлтийг таниулсан бүтээл, түүхийн гэрчийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой юм. Нөгөөтэйгүүр Хойд цэнхэрийн агуйг сэргээн засварлаж, улсын хамгаалалтад авч, түүх соёлын үзмэр, үйлчилгээний төв болгох боломж бийг ч энд тодотгоё.

Хойд цэнхэрийн агуй нь дураараа сараачдаг сургуулийн самбар биш гэдгийг тус агуйг үзэж, сонирхож буй хүүхэд, залуучууд, аялагчид сайн мэдэж байх хэрэгтэй. Түүхийн үнэт өвийг хайрлан хамгаалах, бас хойч үедээ танин мэдүүлэх нь соёл, урлагийн салбар хариуцсан байгууллагын үүрэг. Дэлхийд үнэлэгдэж, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын үнэт өвөө Засгийн газар, Соёлын яам хамгаалах үүрэгтэй билээ. Соёлын давтагдашгүй үнэт өв болсон Хойд цэнхэрийн агуйг анхааралдаа авахыг Соёлын сайд Ч.Номин танаас хүсье.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН