Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох Шонхор таур оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд нэр бүхий иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар хийжээ.

Тодруулбал тэрээр: "Шонхор тауер" гээд барилга анх 2010 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг Даргын захирамжаар зөвшөөрөл нь гарсан юм. Нэг давхартаа 365-380 орчим метр.кв эзэлдэг жижигхээн талбайтай баригдсан барилга. Ямар нэг сонгууль болохоор л "Шонхор тауер" буюу "Ардчиллын өргөө"-г хуулийн байгууллагуудад өгч шалгуулдаг. Өмнө нь хоёр, гурван ч удаа шалгасан. Энэ барилгын бүх л юм нь ном, дүрэм, хуулийн дагуу явж байгаа. Нэг ч удаа хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гараагүй. Цаашдаа ч гэсэн шалгаад ямар нэг хууль бус зүйл олохгүй гэдэгт би итгэлтэй байна.

 

Мөн энэ асуудлыг дэлгэж буй иргэн Б.Амгаланбаатар нь Монголын Либерал Намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж одоог хүртэл Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй байгаа мөртлөө 2016 онд З.Энхболдоос АН-ын гишүүний үнэмлэх авсан байдаг юм билээ.

 

Өөрөөр хэлбэл энэ хүн өөрөө Улс Төрийн намын тухай хууль зөрчөөд хоёр намын давхар гишүүнчлэлтэй яваа мөртлөө ямар зорилгоор энэ асуудлыг ярьж байгааг гайхаж байна. Иймэрхүү нам дамжсан, өөрийн гэсэн үзэл бодолгүй хүмүүс Монголын улс төрийн намыг самарч болохгүй. Сонгуульдаа цэвэр өрсөлдөхийг улс төрийн намууд, улс төрчдөд уриалж байна " гэсэн байна.