--- Цагдаа, хуулийн байгууллагыг шалгадаг тусгай мөрдөн байцаах албыг байгуулах ёстой  ---

З.УРСГАЛ

Хуулийн салбарт өрнөж буй зарим үйл явдлын хүрээнд хуульч Г.Батбаяртай ярилцлаа.

 -Сүүлийн үед “улс төрийн хоригдол” гэдэг нэр томьёо бий боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт улс төрийн болон хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүдийн талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2017 оны шинэ хууль хэрэгжиж эхэлснээр “улс төрийн хоригдол” гэх шинэ нэр томьёо олон нийтийн дунд яригдах болсон. Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэгтэй холбоотойгоор энэхүү шинэ нэр томьёо, нэршил нийгэмд бий болсон юм.  Тухайлбал, Б.Хурцын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд би оролцож явсан хүн. Ний нуугүй хэлэхэд, гэмт хэргийг илрүүлэхэд дундаас нь улс төрийн зорилгоор өндөр албан тушаалтай эрх мэдэл бүхий хүмүүс хэт их оролцох нь хэргийн бодит үнэнийг тогтооход маш их саад учруулдаг.

Энэхүү оролцоо нь жинхэнэ гэмт хэрэгтэнг хэргээс ял завшуулах, ямар нэг хариуцлага хүлээлгүйгээр мултрах, нийгэмд өөрсдийгөө өрөвдүүлэх гэхчлэн таагүй сөрөг үр дагавруудыг авчирдаг нь харагдсан. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль гэсэн нэршилтэй болсон. Б.Хурцын хэргийн тухайд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байх явцад алдаа гаргасан. Тус хэргийг мөрдөн шалгаад хуулийг зөв хэрэглэн тайлбарласан бол тэдгээр хүмүүс ялгүй гарах байв. Улстөрч гэсэн өнцгөөс нь, бусад улстөрчдийг айлган сүрдүүлсэн, тэд нарт таагүй сэтгэгдэл төрүүлсэн гэдэг үүднээсээ биш, жирийн мөрдөн байцаагч, жирийн нэг тагнуулын ажилтан гэдэг талаас нь харж шийдсэн бол хөөн хэлэлцэх хугацаагаараа аль хэдийн хэрэгсэхгүй болчих байв.

-Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учраас ял оноосон гэх гээд байна уу?

-Тийм. Анх хуулийг зөв тайлбарлаж, 2002 оны Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлээр шалгаж байсан. Тагнуулын ажилтан нь мөрдөн байцаагч биш юм байна гэдгээрээ зөв тайлбарлагдаад, Б.Хурц нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох байсан юм. Болсон үйл явдал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотор болсон. ШШГБ-ын мэдэл, хяналтад байдаг энэ байранд өөр чиг үүргийн, өөр байгууллагын ажилчид орж ирээд эрүү шүүлт тулгасан юм байна гэсэн байдлаар шийдэж байгаа нь үнэндээ улс төр орсон гэхээс өөрөөр тайлбарлахаас аргагүй болгосон. 

Яагаад гэвэл тухайн байрны аюулгүй ажиллагаа, тэнд хоригдож байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хариуцах үүрэгтэй хүмүүс бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгч буюу хуягууд. Гэтэл хуягууд тагнуулын үгэнд ороод айсан бол энэ нь албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэрэг болж ял шийтгэл хариуцлага хүлээнэ.Гэтэл тэд, тагнуулынхан үүрэг даалгавар өгсөн, тэгсэн ингэсэн гэдэг барин тавим нотлох баримтгүй зүйл яриад, тэрийг нь улстөрчид ашиглаад нийгэм, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг тагнуулын ажилчдын хамт хэлмэгдүүлэх үндэслэл болсон. Миний хувьд тэгж л ойлгодог. Тодруулбал, тухайн үеийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбат, тагнуулч, Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Б.Хурц нар бол мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч биш учраас 2002 оны Эрүүгийн хуулийн 251 дүгээр бүлгийн зүйл ангиар шийдэж болохгүй. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 3.2-т “Эрүүгийн хуулийг ижил төстэй, хэрэг дээр хэрэглэхийг хориглоно гээд заачихсан. Тэр утгаараа субъект нь биш гээд шийдвэл шийдчихэж болох байсан. Гэтэл улс төр орчихсон. Ц.Нямдорж, Ж.Батзандан гээд баахан хүмүүс цаанаас нь шаардаад, өдөр бүр жагсаал цуглаан болоод байсан. Жагсаалыг сайн дураар хийгээд байгаа юм уу, хийлгээд ч байгаа юм уу. Нэг тийм хачин нөхцөл байдал үүсэж, ард нийтийн санаа хүсэл, ухаан бодолд нөлөөлж, эд бол дээрэмчин яргачид юм байна гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Энэ хүмүүс захиалга өгсөн юм байна, энэ байтугай хэргийг ингэж тулгаж хүлээлгэдэг юм байна гэж муу муухайгаар харлуулснаас болж, хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх боломжгүй болсон. Шуудхан хэлчихэд, эрүүгийн хуулийг ижил төстэй хэрэглэдэг явдал хаа сайгүй зуршил болчихсон доо.

-Ижил төстэй хуулийн заалтыг давхардуулж хэрэглээд буй нь юутай холбоотой юм бэ. Хэн нөлөөлөөд байна вэ?

-Улс төртэй л холбоотой. Хүний үйлдээгүй хэргийг дахин шалгадаг. Жишээ нь М.Энхсайханы хэрэг. Нэг хуулийн төсөл барьж орсных нь төлөө, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг завдсан гээд л яллачихсан. Тэр хуулийн төсөл нь батлагдаагүй. Гэтэл хуулийн төсөл санаачилсны төлөө хорлон сүйтгэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гээд 20 хүртэлх жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэгт буруутгасан. Энэ нь эрх баригчид өрсөлдөгч тал буюу сөрөг хүчнийхээ янз бүрийн ааш авир, шүүмжилж буй шүүмжлэл, тэмцэж байгаа чадамжийг бууруулахын тулд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өрсөлдөгч хүчнээ намнах орчин нөхцөл бүрдсэнийг л харуулж байгаа юм. 

Олон нийтэд МАН-аас ч гэсэн хүн ял шийтгэл аваад байгаа юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ энэ бол дотроо таарамжгүй харилцаатай, үзэл бодол таарахгүй байгаа журмын нөхдөө шийтгэж буй л хэлбэр. Энгийнчилбэл, эсрэг хүчний хүмүүсээ ил тод гэмт хэрэг гэдэг зүйлээр буруутгаж, тэдний хүсэл зориг, эрх зүйн чадамжийг бууруулж байгаа үйлдэл. Нам дарчихаж байгаа юм. Жишээ нь Ц.Сандуйтай холбоотой гэмт хэрэг байна. Улсын сонгуулийг хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт шийтгүүлсэн үү гэвэл тийм.Гэтэл МАН, 2016 оны сонгуулийг хууль бус аргаар авсан юм байна гэсэн нөхцөл байдал үүссэн учраас Давж заалдах шатны шүүх дээрээс буцчихсан. Өнөөдөр байхгүй. Одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа. Энэ мэтчилэн бууж өгсөн, би одоо дахиж янз бүрийн юм ярихгүй, ахиж улс төрд орж ирэхгүй гэсэн ам өчиг, амлалтыг нь аваад тухайн хүнийг хүн сүг болгоод зайлуулдаг. Ингэж зайлуулдаг аргандаа шүүгч, прокурор, мөрдөн байцаагчдыг ашигладаг болсон байж магадгүй гэдэг таамаглал, бодит нөхцөл байдлууд үүсээд байгаа юм. Орчин тойронд болж байгаа үйл явдлууд ийм дүгнэлт өгөхөд хүргээд байна. Өнөөдөр гэхэд л С.Эрдэнэ даргыг тойрсон янз бүрийн асуудлууд үүссэн. 2021 оны гуравдугаар сарын 21-нд нэг хэргийг нь хэрэгсэхгүй болгоод гуравдугаар сарын 18-нд сэргээсэн. Намын тамгаа өг гээд л, өгөхгүй гэхээр нь сэргээсэн байна гэдэг сэжиг таамаглалууд яваад л байна, нийгэмд. Энэ бүхэн чинь хүссэн хүсээгүй хууль өөрөө улс төрийн эрх мэдлийг авах суурь дэвсгэр хэрэглэгдэхүүн болчихоод байгааг харуулаад байгаа юм. 

Эрх мэдлээ баталгаажуулах, эсрэг талаа сэтгэл санааны шаналал зовиурт автуулж, эд хөрөнгийг нь хураадаг, үр хүүхдээр нь ялладаг боллоо. 1937 оны хэлмэгдүүлэлтээс ялгаа алга.Одоо бид гудамжинд явж байгаа цагдааг иргэдтэй харгис хэрцгий, дүрмийн бус аргаар харьцаж байгааг нотолж чадахгүй байна шүү дээ. Өөдөөс нь эсэргүүцээд, үг хэлэх юм уу, үйлдэл гаргавал төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гээд Зөрчлийн тухай хуулийн 15-ын нэгд зааснаар гээд 50 мянган төгрөгөөр торгочихно. Жаахан омогтой өөдөөс нь маргаад, хараалын үг хэлчихвэл шууд л Зөрчлийн тухай хуулийн 23-ын нэгээр гурван жил хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэчихдэг. Зөрчлийн хууль чинь тусгай субъектүүдэд иргэдийг дорд үзэх, өөрсдийгөө өндөрт тавих, өөрөөр хэлбэл ухамсараасаа хамааралгүйгээр харгис хэрцгий дарангуйлагч болгоод байна. Хууль эрх зүйн орчин нь тэр шүү дээ.

-Хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж хохирогсдын цуваа гэж ярихаар хэмжээнд хүрлээ гэх шүүмжлэлтэй таарсан. Үүнтэй та санал нийлэх үү?

-Манай хууль эрх зүйн мөн чанар хориглосон зүйлийг нь л хийж болохгүй болохоос биш хориглоогүй зүйлийг бол хэрэгжүүлж болно. 1990 оноос өмнө хуулиар хориглоогүй зүйлийг хэрэгжүүлж болдоггүй гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүй зүйлийг хэрэгжүүлж болдоггүй байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр хууль эрх зүйн жаахан мэдлэгтэй нь, хуулийг буруу тайлбарлах замаар өөртөө давуу байдал олгож байдаг хачин хууль эрх зүйн орчинтой болчихсон. Улсын Дээд шүүх дээр маргалдаад гомдол гаргахад хуулийг зөв хэрэглэсэн эсэх дээр хяналт тавьдаг. 

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байвал эсвэл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байвал тухайн шийдвэр хүчингүй болдог. Өөрийн чинь хэлсэн шүүмжлэл үнэн. Хуулийг худлаа тайлбарлан хэрэглэснээс болж иргэд маш их хохирч байгаа. Буруу тайлбарлаж хэрэглэж байна гэсэн үг шүү дээ.Гэтэл энэ асуудал дээр хяналт тавьдаг байгууллага манай улсад байхгүй. Прокурорын мөрдөн гэж байсан ч байхгүй болсон. 2013 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Х.Тэмүүжин, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байхгүй болгосон. Тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, ТЕГ-ын дарга Б.Хурц нар “Тагнуул, цагдаад шалгагдаж буй хэргүүдийг Прокурорын мөрдөн байцаах газар байхгүй болгоод, биднийг ажил хийлгэхгүй байна” гэдэг асуудал гаргаж тавиад, Прокурорын мөрдөнг татан буулгасан. Энэ нь эргээд өөрсдийг нь хэлмэгдүүлэх хүчин зүйл болсон доо. Өнөөдөр Прокурорын мөрдөнг яаралтай байгуулах хэрэгтэй. Энэ талаар би их олон төсөл бичиж оруулж байсан даа. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зургадугаар зүйлийн тав дахь хэсэгт прокурорын мөрдөнг сэргээх заалт орж ирж байсан юм. Тэгсэн чинь 2017 оны тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар З.Энхболд хасчихсан. Зүгээр л хасчихсан шүү.

Тэгээд энэ нь эргээд З.Энхболд өөрөө янз бүрийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах үндэслэл болчихсон. Дураараа авирлаад байгаа прокурор, байцаагч, буруу шийдвэр гаргаад байгаа шүүгчдийг шалгуулж чадахгүй болчихсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.14-ийн нэгдүгээр зүйлд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд, хуульчийн мэргэжлийн ажиллагаагаа хууль бусаар явуулж, бусдад буюу өөртөө давуу тал олговол таван жил хүртэлх хугацаагаар хорино” гэсэн заалт байгаа. Гэхдээ энэ нь хэрэгждэггүй.

-Яагаад хэрэгжихгүй байна вэ?

-Цагдаа нарт үйлчлэхгүй шүү дээ. Хуульдаа “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй ...” гээд оруулчихсан учраас зөвхөн прокурор, өмгөөлөгчдөд л үйлчилнэ. Цагдааг шалгах боломжгүй. Цагдааг АТГ шалгана гэхээр АТГын Мөрдөн шалгах хэлтсийн 20-иодхон комиссар чинь албан тушаалтнуудаа хэзээ нь шалгах юм бэ. Арван мянган цагдаагаа хэзээд нь шалгах юм бэ. Ажиллах чадамж нь угаасаа хүрэлцдэггүй, нөөцгүй. Уг нь прокурорын мөрдөн гэж тусад нь байгуулаад шууд УИХ-д харьяалагддаг, одоогийн Тээврийн прокурор гэдэг шиг байгууллага байгуулах ёстой юм. 

Бие даасан Прокурорын мөрдөн байцаах албыг байгуулах хэрэгтэй. Тэгвэл энэ байгууллага нь Улсын ерөнхий прокурорыг шууд шалгах эрхтэй болно. Түүнээс биш Прокурорын мөрдөн байцаах алба цагдаад харьяалагдвал цагдаагаа шалгаж чадахгүй, АТГ-ын харьяанд байвал АТГ-аа шалгаж чадахгүй байдалд л хүрнэ. Ахиц дэвшил гарахгүй.-Цагдаа, хуулийн байгууллагыг шалгадаг хараат бус хөндлөнгийн бие даасан байгууллага байгуулах ёстой гэж үү?

-Тийм. Прокурорын мөрдөн байцаах албыг прокурор Б.Галдаа үүсгэн байгуулж, 2007 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн. Прокурорын мөрдөнг унагасан гол хүн бол З.Энхболд. Тэр үед цагдаагийн том хурандаа нар Прокурорын мөрдөн байцаах албаны үүдэнд очоод салгалаад л сууж байдаг байсан. Айдас гэдэг эрх зүйн ухамсарыг бий болгодог юм. Ажиллаж байгаа албандаа үнэнч байх, хууль буруу хэрэглэхгүй байх, алдаа гаргахгүй байх эрх зүйн төлөвшлийг бий болгодог. Энэ нь байхгүй болчихоор, “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэгчээр дураараа авирлах явдал газар авсан. Удвал хэлмэгдүүлэлт бий болдог. 1937 оны үед яг ийм байсан. Тэр үеийн Дотоодын аюулаас хамгаалах газрыг шалгадаг газар байгаагүй. Хэлмэгдүүлэлт 1937 оны аравдугаар сарын 2-нд эхэлсэн. 

Нийт 20500 хүнийг цаазаар авч, 6000 хүнийг шоронд явуулсан бөгөөд эх орны дайны үеэр бүгд тэндээ өлсөөд үхчихсэн. Тэр хэлмэгдүүлэлт 1939 оны дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжилсэн. Жил зургаан сар үргэлжилсэн хэлмэгдүүлэлт Халх голын дайны “ач”-аар л зогссон юм. Халх голын дайн эхэлж, цэрэгт татсанаар зогссон. Сайндаа, ухамсараараа зогссон юм биш шүү.Харин өдгөө цагдаа нар даварч, хууль зөрчөөд байгаа үйлдлийг шууд хариуцлага тооцдог, шоронд хийдэг айдас төрүүлдэг байгууллага л зогсоож чадна. Түүнээс биш ухамсараараа өөрөө төлөвшдөг процесс огт биш. Өнөөдөр улстөрчдийг хэлмэгдүүлээд байна л гэж байна. Улстөрчид хэлмэгдээд байгаа юм бол хаана гомдлоо гаргах юм бэ. АТГ-ын Мөнхцэлмэг гэж байцаагч намайг хэлмэгдүүлээд байна гэж бодъё л доо. Тэгвэл тэр Мөнхцэлмэгийг хаана шалгуулах юм бэ. АТГ-т Аюулгүй байдлын алба гэж зүгээр л ёсзүйн маргаан, гомдол шалгадаг тасаг маягийн жоохон хэлтэс бий. Тэрэнд өгөөд нэмэргүй. Тэр хэлтэст нь мөрдөн шалгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр бүлэгт зааснаар шалгаад явчих эрх мэдэл, хэм хэмжээ байхгүй. АТГ-т прокурорын мөрдөнг орлож буй тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах цагдаагийн хэлтэс ажилладаг. Гэвч цагдаад харьяалалтай учраас цагдаагаа шалгаж чаддаггүй юм.

Товчхондоо, нэн яаралтай Прокурорын мөрдөн байцаах газартай дүйцэхүйц, төстэй үйл ажиллагаа явуулдаг маш өргөн эрх хэмжээтэй, хэнээс ч хараат бус байгууллага байгуулах хэрэгтэй. Тусгай субъект буюу прокурор, цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдэд ямар ч хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулдаг, хяналтын прокурор нь хүртэл хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулж хэргийг нь хянадаг тусгай байгууллага байгуулагдсанаар 10 мянган цагдаа, 600 шүүгч, 1000 гаруй прокуророос хууль зөрчдөг хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагааг нь зогсооно. Энэ байдлаараа цааш явах юм бол хэлмэгдүүлэлт бий болно. 1937 оны хэлмэгдүүлэлтийг 1939 оны Халх голын дайн зогсоож байсан шиг тийм хүчин зүйл болдоггүй л юм бол сүүлдээ тоталитар буюу ардчилсан Солонгос шиг дэглэм рүү орно.

Жишээ нь У.Хүрэлсүх ганцаархнаа ухамсартай, ард түмнээ хайрладаг хүн байлаа гээд нэмэргүй. Хууль нь энэ хүнд асар их эрх мэдлийг олгочихсон, хууль хяналтын байгууллагаараа дамжуулаад хэн дуртай хүнээ шалгадаг, хэлмэгдүүлдэг, өнөөдүүл нь эргэж ирээд хөлд нь мөргөж сөгдөн, гутлыг нь үнсдэг. Эрх мэдэл ийм болгож байгаа учраас сүүлдээ тоталитар дэглэм рүү л явна, өөр зам байхгүй. Ардчилсан Солонгосын Ким Ир Сен эх орон, ард түмнээ гэсээр байгаад нэг л мэдэхэд өөрөө хэмжээлшгүй эрх мэдэлтэй болчихсон байсан шиг юм болно. Энэ тогтолцоо чинь өөрөө ийм юм байхгүй юу. Улс төрд гарсан эрх мэдэлтнүүдийг мангас болгон хувиргаж байгаа юм чинь ерөөсөө тусгай субъектүүдийн үйл ажиллагаа. Энэ тусгай субекътүүдийн үйл ажиллагааг хянадаг газар бий болж байж л тэр дээр нь байгаа улс төрийн том эрх мэдэлтний хүсэл зоригийг хязгаарлана. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН