Г.ЭНХГЭРЭЛ

Намар иржээ. Түрээслэх байр байна уу. Сүүлийн жил дэлхийг сандаргасан гайхалт өвчний балгаар хил, боомтын цаана бараа бүтээгдэхүүн чингэлэг чингэлгээрээ гацаж, аж ахуйн нэгжүүд олон хоногийн хөл хорионы улмаас хаалгаа барихад хүрсэн. Үүн дээр нэмэгдээд шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материалын үнэ нэмэгдэж иргэд хоног тоолон хүлээдэг цалингаа,алган дээрээ тавимагцаа дараачийнх нь хүртэл яаж хүргэдэг билээ хэмээн санаа алдан, бодлогоширдог боллоо. Барилгын материалын үнийн өсөлтийг дагаж орон сууцны үнэ хөөсөрсөн тухай манай сонины сурвалжлах баг өмнө нь хөндсөн. Нийтийн байр, хажуу өрөөг өөрийн гэсэн орох оронгүй иргэд, амьдралаа эхлэх гэж хичээж яваа хос, өдөр, сарын орлогоороо амьдардаг иргэд, орон нутгийн оюутнууд хамгийн их түрээслэдэг. Хэдий цар тахлын үе ч гэлээ боловсролоо хөсөр хаяж болохгүй тул дагаад хот бараадсан оюутан залуус амьдрах байр хайдаг. Тиймээс энэ удаад түрээсийн байрны үнэ ханшийн талаар сурвалжиллаа. 

100 ХҮНИЙ ДУНД ГАНЦ ЖОРЛОН 

Нийслэлд оршин хамгийн хямд нэг өрөө байр байршлаасаа хамаарч өөр өөр үнэтэй. Эгч дүү оюутнууд, найз нөхдөөрөө нийлж айлын хажуу өрөө түрээслэх нь элбэг. Хотын зүүн зах буюу Ботаник, Амгалан, Шархад, Эрдэнэ толгой, Цайз, 1000 оюутны байр, КТМС-д нийтийн байр, хажуу өрөө түрээслэх үйлчилгээ элбэг. Үнийн хувьд ч арай гайгүй. Эрдэнэ толгойн зүүн талд ойр орчмын айл өрхийн ундны эх үүсвэр болсон цагаан худаг бий. Түүний ойролцоо гэр хорооллын дунд нийтийн байрууд түгээмэл. 1,2,3 давхар тоосго, шавар, блокон нийтийн байрууд байгаагаас тоосгон хоёр давхар байрыг зорилоо.

Түрээслэгч эзэн нь эзгүй байсан тул тус байрны манаач мөн оршин суугч эзгүй өрөөг танилцуулав. Тэрбээр “Нэг сарын 120 мянган төгрөгөөр түрээслэдэг. Сар сард нь төлөөд явах боломжтой нь давуу тал шүү. Худаг ч ойрхон 200 метрийн цаана бий. Одоо орохгүй бол оюутнууд ирээд өрөө дорхноо дүүрчихдэг шүү” гэв. Өрөөн доторхыг харвал цонх нь вакум ч гэлээ тааз нь ус алдсан бололтой шохой нь унаж, шал нь энэ тэндээ эмтэрч, хана нь зарим хэсгээрээ хөгц үүссэн харагдана. 

Энэ байр хоёр давхар бөгөөд давхартаа 12 өрх амьдран суудаг. Нийт 24 айлын зуугаад хүн нэг модон жорлонд дугаарлана. Муу усны нүх нь бөглөрсөн, засуулж амжаагүй гэх тул жорлон руугаа бохироо юүлнэ. Ялаа, батгана шавж, жорлонгийн модон дээр оршин суугчдын өтгөн, шингэн үлдсэн нь хамар сэтлэх шахаж, дотор муухайрах аж. Байрны жижүүрийг орсны дараа усандаа яваад ирж буй 12 орчим насны хөвгүүнээс тус байрны тухай лавлахад “Би ээжтэйгээ хамт энд амьдраад дөрвөн сар болж байна. Ээж үйлчлэгч хийдэг. Төлбөрөө сар сард нь төлж болдог учраас их амар” хэмээн хэдийн байр түрээслэж сурсан том хүн шиг хуучлав. Үргэлжлүүлэн бясаа, жоом зэрэг амьтан бий юу гэж асуувал “Яг аль амьтан гэдгийг нь мэдэхгүй ч шөнө унтаж байхад часхийтэл хаздаг. Өглөө босоход улайгаад хавдчихсан байдаг. Саяхан хэсэг хүмүүс ирээд айл бүрт ариутгал хийсэн” гэв. 

Оюутан, залуусаас гадна нялх хүүхэдтэй өрх ч энд амьдардаг нь гадаа хатаагуурт буй хүүхдийн хувцаснаас харагдана. Бясаа, жоом, хөгцдөө баригдсан байр түрээслэгч эздэд хяналт байна уу, НМХГ-аа! Зуугаас дээш хүн хэрэглэдэг ариун цэврийн өрөө, хөгцөрсөн, давчуу зайд бяцхан хүүхдүүд дуу гаргах эрхгүй чимээгүйхэн тоглож байгаа юм. 

ХҮҮХЭДТЭЙ ХҮНД ТҮРЭЭСЛЭХГҮЙ ГЭХ ЭЗЭД ОЛОН

 Байраа түрээслүүлж буй хүмүүс ихэвчлэн нэг сарын мөнгийг барьцаа болгож, зургаан сараас дээш хугацаагаар төлбөрөө төлөхийг шаарддаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Хотын төв хэсгээр буюу Зүүн дөрвөн зам, Хөдөө аж ахуйн яам, Багшийн дээд, Улсын их дэлгүүр, Цирк, МУИС, СУИС орчмоор нэг өрөө түрээсийн байрны үнэ 800,000-1,000,000 төгрөгийн үнэтэй. Мөн нярай, бага насны хүүхэдтэй хүнд түрээслэхгүй гээд хаалгаа тас хаадаг дээрэнгүй, ялгаварлан гадуурхагч түрээслэгчид ч байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан Г.Базардариас тодруулахад “2017 оноос хойш байр түрээсэлж амьдарч байна. Хотын аль ч байршилд байрны үнэ зун хямдраад, намар хичээл эхлэх үед эрс нэмэгддэг. Сургуультай ойр, хямд байр олох хамгийн хэцүү. Арай ядан олдсон нь түрээсийн үндсэн төлбөрөөс гадна нэг сарын барьцаа нэхдэг. Нэг жилээр төлбөр төллөө гэж бодоход барьцааны мөнгөтэйгөө нийлүүлээд өгөх мөнгө дахин нэг сараар нэмэгдэнэ. Дээрээс нь сургалтын төлбөр жилд 3.5 сая орчим, хэрэглээний зардал ордог. Санхүүгийн хувьд үнэхээр хүнд шүү дээ. Өмнөх жил зүүн дөрвөн зам буюу XIII хороололд 700 мянган төгрөгөөр хоёр өрөө байрыг нутгийнхаа гурван оюутантай хувааж хөлсөлсөн. Харин энэ жил нэмэгдээд 800 мянга болчихсон. Оюутны дотуур байр, нийтийн байранд байснаас тохь тухтай ч гэлээ эдийн засгийн хувьд үнэхээр дарамт болдог”  гэв. 

ОЛОН ЗҮЙЛ АСУУЖ, ШААРДЛАГА ТАВИБАЛ ХӨӨГДӨНӨ

 Үүнээс гадна айлын хажуу өрөө нь байрлал, барилга, баригдсан хугацаанаас шалтгаалан 300-650 мянган төгрөгийн үнэтэй. Үүнд тавьдаг хяналт үгүй тул тухайн айл нь хүссэн үнээ хөөсрүүлж хэлэх эрхтэй. Үүнтэй холбоотойгоор зарын сайтад тавьсан түрээслэгчээс тодруулав. Учир нь уранхай хулдаасан шал, оросын хуучны паартай жижиг өрөөгөө сарын 500 мянган төгрөгөөр үнэлсэн байсан нь эрхгүй нүдэнд туссан юм. Тэрбээр “Өргөн хэрэглээний бараа, бензиний үнэ нэмэгдээд байхад түрээсийн үнэ ч дагаад нэмэгдэнэ биз дээ. Жилийн бүр л нэмэгддэг. Гайхаад байхаар зүйл биш. Манай байр хэрэглээний устай, дотроо бие засах өрөөтэй болохоор ингэж үнэлж байгаа юм. Доод тал нь дөрвөн сарын төлбөр дээр нэг сарын барьцаа мөнгийг бэлнээр төлөх ёстой. Түрээслэхгүй бол битгий цаг олон юм асуугаад бай” гээд утсаа тасалчихав. Нийслэлд нэг жилд дотуур байранд амьдрах хүсэлтэй 35-40 мянган оюутан байдаг. Хотын хэмжээнд нийт оюутны 44 дотуур байр байдаг бөгөөд эдгээр нь 15 мянган оюутан хүлээн авах хүчин чадалтай аж. Тэгэхээр үлдсэн нь хамаатан саднаа бараадан, зарим нь нийтийн байр, хажуу өрөө, 1-2 өрөө байрыг олноороо түрээсэлж амьдрах нь тодорхой. Орон нутгаас нийслэлийг зорих оюутнууд ирэх энэ үеэр байрны үнийг хүссэнээрээ хөөсрүүлж, барьцаа төлбөр нэхэж дарамталдаг бичигдээгүй хууль хэзээ засрах вэ хяналт, шалгалт хийх эрхтэй цорын ганц Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраа!

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН