Монгол эр хүний гоёл дээл, малгай, хөөрөг, гаанс гэх олны яриа бий. Монголчууд хөөргөнд үнэ хаяж, хэн хэнийурласан хөөргийг эдлэж хэрэглэж, дамжуулж хадгалж байна гэж ихэд сонирхдог. Олны танил эрхэмүүд сайн эдлэл, хөөрөг гаансанд үнэ хаядаг. Тэдний нэг нь  их аварга Д.Дагвадорж билээ.

Манлай баатар Дамдинсүрэнгийн эдлэж хэрэглэж явсан гайхалтай ур хийцтэй хар манан хөөрөг байдаг. Мөн ээж нь Хөвсгөлийн тайга руу хүн явуулж, өнгө сор нийлсэн 40 гаруй зэрлэг булганы арьс авчируулан хантааз хийж өгсөн тухай ч ам нээж байсан удаатай.

Тэрбээр энэ удаад Их аварга Дагвадорж саяхан Монголын хамгийн урт гаансыг үнэ цохин худалдаж авчээ. Тохой хэрийн энэ гаансны соруул хорь гаруй см-ийн урттай цэвэр хаш. Энэхүү гаансыг халхын зартай таван баяны нэг Сүрэн гавж амьд сэрүүн ахуйдаа эдэлж хэрэглэж явсан түүхтэй аж. Сүрэн гавж сүүлд хэлмэгдэж, ногоон малгайтнуудад баригдаад явахдаа итгэлт хүндээ үлдээж өгсөн бөгөөд Булганы Эрдэнбилэг гэдэг залууд энэ гаанс хадгалагдаж байсан гэнэ.

Хамбын хүрээнд 100 шар хөлөглөн ирж нэг гудамжийг битүүлж байсан Сүрэн гавж олон хамжлага зарцтай, адуу малаа адгуулж дийлэхгүй шахам хөрөнгөтэй хүн байжээ. Эрдэнэбилэг гэгч энэ залуугийн өвөг эцгийн эцэг Цэвээн, Сүрэн гавжийн хамжлага арван өрхийг  захирдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө тус гаансыг хадгалж байсан Эрдэнэбилэг “Миний өвөг эцэг эд мэддэг холч сайхан хүн байсан юм. Тэр хүний унаж эдэлж явсан алтан эмээл Булган аймгийн музейд хадгалагдаж байгаа. Тиймээс энэ гаансыг зарж, өвөг эцгийнхээ алтан эмээлийг худалдаж авах санаатай байна” гэсэн утгатай ярилцлага өгсөн билээ.

Монголын тэргүүн баячуудын анхаарлыг татсан энэ гаанс 300 орчим сая төгрөгөөр үнэлэгдэж, Их аварга Дагвадорж үнэ цохин худалдаж авчээ. Энэ гаанс сар шинээр төрийн ордны золголтын үеэр саарал ордны  бүсгүйчүүдийг хуйлруулаад авсан удаатай.

Д.Ана