З.УРСГАЛ

Зам, тээврийн сайд А.Гансүх сайдаар томилогдоод удаагүй байхдаа “Богдхан уулын урдуур төмөр зам барина” хэмээн амлаж байсан билээ. Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр Улаанбаатарт буухаас бусад тээвэр нийслэлийг тойрон гарч, цаг хэмнэхээс гадна, шинээр баригдаж буй Хөшигтийн хөндийд төмөр замын суурь бүтэц хүрч очих чухал ач холбогдолтой.

Энэ төсөл хэрэгжих боломжтой гэх мэдээлэл 2014 оны аравдугаар сард түгсэн. Тодруулбал, “Богд хан төмөр зам” төсөлд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр санамж бичиг байгуулсан нь өдийгөөс зургаан жилийн өмнө. Төсөлд тусгаснаар, шинээр баригдах төмөр зам нь Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Богд хан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшгийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайрч Мааньт өртөөтэй холбогдоно.

“Богд хан төмөр зам” төслийг хэрэгжүүлснээр УБТЗ-ын хоёр дахь төмөр зам баригдах бөгөөд ОХУаас Хятад руу явж буй галт тэрэг Богд хан уулын урдуур баригдах төмөр замаар дайран өнгөрч, Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын нийтийн тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэг (рэйлбус)-ийн үйлчилгээг улам өргөжүүлэх боломж нээгдэнэ. Монголд нийтийн тээврийн хоёр дахь урсгалыг бий болгож, нийслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийднэ. Төсөл хэрэгжсэнээр хотын А зэрэглэлийн бүсэд 1000 гаруй га газар чөлөөлөгдөн, орон сууц, үйлчилгээний төвүүд, сургууль цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалт хийх боломж ч бас нээгдэх нь хэмээн нийслэлчүүд хүлээж байсны нэг нь би юмдаг.

Богдхан төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгааны ажил 2010 онд хийгдэж эхэлсэн бөгөөд “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5800-6000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай гэх тооцоолол ч байсан санагдана. 

Ямартай ч Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар УИХ-аас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан ч таг чиг байсаар саяхныг хүрсэн нь бодит үнэн.Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийг хийлээ. Нээлтийн үеэр Монгол Улсын Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байгаагаа дуулгав. Богдхан төмөр зам нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг яах аргагүй мөн. 1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлаж, нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдсэн. Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж буй.

 Энэ байдлаас улбаалж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болсныг та бид андахгүй. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон. Дээр нь манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ингэж үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсэх нь ч маргашгүй үнэн. Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон билээ. Өчнөөн жил дарагдсан өнөө төсөл одоо л хөдлөх нь гэх хүлээлт бий болсон гэсэн үг.

Богдхан төмөр зам баригдсанаар, Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасаж цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэнэ гэх төсөөлөл өнөө ч иргэдэд бий. Хачирхалтай нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Богд хан төмөр замын ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаа, зээл биш буцаж төлөгдөхгүй тусламжаар хийнэ. Энэ тусламжаар Богд хаан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлээр 2023 онд дуусна. 

“Богдхан төмөр замын трасс нь Дарханы төмөр замын 361-ын гармаас салж, Эмээлт, Шувуун фабрик, Хөшигийн хөндий, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур гараад Хангай зөрлөг, Багахангай өртөөнд хүрнэ. 361-ын гармаас салж, Хангай зөрлөг хүртэл 104 км. Харин тахир, тойруугаа янзлаад явахад 164 км зам болно. Энэ замд гурван том тунель бий.Уг замаар бүх транзит ачаа явна. Тухайн төмөр замын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг 1.5 сая ам.доллар. 104 км төмөр байгуулах хөрөнгө оруулалтыг 860 болон 500 сая ам.доллар байна гэсэн хоёр тоо яригдаж байгаа” гэж айлдав. Миний ойлгосноор, 16.6 км үргэлжлэх туннелийг 600 гаруй сая ам.долларын өртгөөр хийнэ гэж тооцоолсон агаад нарийвчилсан тооцоо гаргаж, газрынхаа реферецийг гаргахаар буурна гэсэн төсөөлөлтэй байгаа юм билээ. Мэдээж гүүр хоолойн болон Туулын сав газраар гарах гүүрэн дээр арматур нэлээн их хэмжээгээр шаардагдах нь тодорхой. Гэхдээ Мааньт талаасаа хөөгөөд явж байгаа учраас 2022 оны төгсгөл, 2023 оны дунд хавьцаа гүүрэн дээр очих байх. Наана нь геодезийн хайгуулууд дуусчихвал хэсэглээд гэсэн ч орох юм байх. Тэр хүртэл нөхцөл байдал наашлах болов уу гэсэн өөдрөг бодолтой байгаагаа ч салбарын сайд хэлснээс үзвэл төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг л юм болох гээд байх шиг... Хүн төрөлхтний түүхэнд, ТЭЗҮийг нь 100 хувь батлаагүй төмөр замын төслийг эхлүүлж, амжилтай дуусгажээ гэсэн түүх хайгаад олсонгүй.

ТЭЗҮ-ээ бүгдийг нь 100 хувь дуусгачихаад хийнэ гэвэл гурав, дөрвөн жилийн ажил болно. Зэрэгцэж явуулснаараа бид цаг хожиж байгаа юм гэх үгэнд эргэлзээ төрөөд байна. Хамгийн наад зах нь трассын дагуу таван км тутам худаг гаргаж, далангийнхаа үеийг тавихдаа үе бүрд чийгшүүлж усаар шүршиж байж нягтаршил 96-98 хувьд хүрдэг гэж салбарынхан хэлсэн. Бас даланд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул ч хийдэг гэх. Түгээмэл тархацтай ашигт малтмалаа олборлоод трасс руугаа авчрах технологийнхоо түр замаа ч тавих шаардлага тулгарна. Харин бид сөөм сөөмөөр төмөр зам тавих бололтой юм. Газрын бүтэц, газар орны байдлаас шалтгаалаад үүсэх эрсдэлийг хэрхэн яаж тооцсон талаар ямар ч мэдээлэл алга. Өөдрөг төсөөллөөр хийчих ажил биш шиг санагдаад байх юм. Өчигдөрхөн манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Манайхан хөрөнгө оруулалт яриад байдаг.

Гэтэл манайд ТЭЗҮ нь хийгдсэн төсөл байдаггүй. Тэгэхээр илүү мэргэжлийн байхад хандлагаа чиглүүлье” гэж байна билээ. Салбарын сайд нь сонссон л байдаг байгаа даа... Эцэст нь дуулгахад, ОХУ-БНХАУ хоёрыг холбосон 7.2 км хос царигтай төмөр замын гүүр туршилтын тээврээ амжилттай хийчихлээ. Энэ сард ашиглалтад орж, 2022 онд бүрэн хүчин чадлаар нь ашиглахаар төлөвлөсөн гэсэн. Ашиглалтад орсноор ОХУ-аас төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятад уруу экспортлоно. Энгийнчилбэл, манай төмрийн хүдэр, нүүрс Хятадаас улам л шахагдана гэсэн үг. Бид хоцорсоор. Тэд урагшилсаар... Ядаж Богдхан төмөр замынхаа ТЭЗҮ-г хийчихээд хотынхоо түгжрэлийн асуудлыг ч болтугай шийдчих юмсан. ТЭЗҮ нь тодорхойгүй төслөөр төмөр зам бариад түүгээр нь бид давхих цаг хэзээ юм бол доо...

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН