Д.БЯМБАСҮРЭН

Монгол үндэстний мөн чанарыг нэн тэргүүнд эх хэл, бичиг тодорхойлно. “Эх хэл бол үндэсний аюулгүй байдал, улсын тусгаар тогтнолтой шууд хамааралтай” хэмээн Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа хэлжээ.

Энэ ч утгаараа төрөөс Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Өнгөрсөн онд Монгол хэлний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталсан. Энэ нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр тус бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах зорилготой юм. Ингэхдээ Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандартыг батлуулах, Стандарт хэмжилзүйн газар төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг батална. Мөн Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар ургийн овог нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоог бий болгох аж. Тэгвэл бид тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын нөхцөл байдлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс тодруулахын зэрэгцээ төрийн бичгийг хос бичгээр хөтлөх талаар зарим багш, судлаачдын байр суурийг сонслоо.

АЛБАН ХЭРГИЙГ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ, ОРОН НУТАГТ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Өнөрбаян “Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Энэ хүрээнд бэлтгэл ажил аймаг, орон нутгийн салбар зөвлөлүүдэд эрчимтэй явагдаж буй. Манай зөвлөлөөс Үндэсний статистикийн хороотой хамтран 160 мянган төрийн албан хаагчаас монгол бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг авсан. Судалгаагаар орон нутаг дахь албан хаагчдын бэлтгэл 53.3 хувьтай хангагдсан дүн гарсан. Судалгаанд оролцсон нийт иргэдийн 5,2 хувь нь маш сайн мэддэг, 13,5 хувь нь сайн мэддэг, 28,7 хувь нь дунд зэрэг мэддэг, 25,5 хувь нь бага зэрэг мэддэг, 27,2 хувь нь огт мэддэггүй гэж хариулсан. Тиймээс бага зэрэг болон огт мэддэггүй гэж хариулсан иргэдэд зориулж есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн байгууллагаар нь ангилан сургалтад хамруулахаар болсон. Зарим аймаг 60-80 хувийн хангалттай байна. Ингэхдээ аймаг, сумын байгууллагын ажилтан албан хаагч нарт монгол бичиг сайн дураараа заах хүмүүсээс гадна монгол хэл, уран зохиолын багш нар ихээхэн үүрэг оролцоотой байгааг мөн онцлон хэлмээр байна. Үүнээс үзэхэд 2025 он гэхэд уг хөтөлбөр бүрэн хангагдах төлөвтэй байна. Бид мөн 2022 ондоо багтаад үндэсний бичгийн журамласан толийг гаргахаар ажиллаж байна” гэлээ. Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл “21 аймаг, 330 суманд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөл ажиллах боллоо. Ингэснээр бүх аймагт, үндэсний зөвлөлийн хэрэглээ нэмэгдэж, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Яамдад Хэлний бодлогын салбар зөвлөлийг байгуулсан бөгөөд голдуу салбарын нэр томъёог хэлэлцэн шийдвэрлэж ирсэн” хэмээн хэвлэлд өгсөн яриандаа дурдсан байна. 

2025 ОНД АЛБАН ХЭРГИЙГ ХОС БИЧГЭЭР ХӨТЛӨХ НЬ ЗҮЙТЭЙ 

Мөн бид албан хэргийг хос бичгээр хөтлөх талаар зарим багш, судлаачдын байр суурийг сонслоо. “Монгол билиг оюун” сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б.Пүрэвсүрэн “Албан хэргийг крилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажил хангалттай биш ч гэсэн 2025 онд албан бичиг хэргийг хос бичгээр явуулах нь зүйтэй. Хууль нь гарвал хуулиа дагаад шахалтаар ч гэсэн сурахаас өөрцгүй. Хойшлуулаад байвал улам удааширна. Харин албан байгууллагууд мэргэжлийн хүмүүсээр заалган, ажилтнаа сургах тал дээр зохион байгуулалт хийх нь зүйтэй. Үндэсний бичиг заах боловсон хүчин харьцангуй элбэг болсон. Хамгийн гол нь бид хос бичигтэй болсноор үндэсний бахархал болсон бичиг үсгээ хойч үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол бичиг, соёлоо хүн бүр дээдлэх ёстой. Тэгэхгүй бол ингэж явсаар хэлний талын хэдхэн хүний л сонирхдог зүйл болоод буй юм” гэж ярилаа.

 МАНАЙ УЛС ХОС БИЧИГТЭН БОЛОХ БОЛОМЖГҮЙ

 Харин Судлаач, хэл шинжлэлийн магистр, эрхзүйч Э.Жамуха “2025 онд манай улс хос бичигтэн болох боломжгүй. Наад захын бодит жишээ нь Өвөрмонголд хос хэлний бодлого нурж унасан. Хэл гэдэг бол аль хүчтэй нь давамгайлдаг. Ер нь тэгээд нэг утга санааг хоёр нүүрэн дээр бичнэ гэдэг төвөгтэй зүйл. Харин уламжлалт монгол бичиг давамгайлах ёстой. Мөн монгол бичгийг уйгаржин гэх нь буруу хэллэг. Нөгөө талаар бид түүхэндээ хэзээ ч кирилл үсгээр албан хэргээ хөтөлж байгаагүй. Ц.Дамдинсүрэнгийн “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь”- ийг 2017 онд хуулийн байгууллагад өгсөн. Учир нь монгол хэл олон аялгуунаас бүрддэг байхад, уг толь дан халх аялгуунаас бүрдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аман аялгуу нь орхигдсон гэсэн үг. Энэ нь үндэсний эв нэгдлийг бусниулах гэдэг эрүүгийн гэмт хэрэг. Энэ дагуу хуулийн байгууллагад нь хандсан. Ингээд шинэ үсгийн дүрэм өөрөө сууриараа асуудалтай болчихсон. Иймд уламжлалт монгол бичгээ хэрэглэх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН