Ерөнхий сайдын нэрийг барьсан Дарма судар компанийнхан хүүхдүүдээс их хэмжээний мөнгө залилсан уу
2014/05/14
Ерөнхий сайдын нэрийг барьж хүүхдүүдийг залилав уу гэмээр зүйл саяхан болжээ. Тодруулбал “Дарма судар” компанийн захирал Г.Мөнхгэрэл, “Шилдэг сурагч” төслийн удирдагч Б.Уянга нарын бүсгүйчүүд хамтран Ерөнхий сайдын ивээл дор 1000 шилдэг сурагч номыг 4 дэх жилдээ хэвлэх гэж байна хэмээснээр эцэг, эхчүүдээс эхний ээлжинд 30 мянган төгрөг авчээ.
Ингээд номоо ч хэвлүүлсэн байна. Урлаг, спорт, сурлагаараа улсдаа тэргүүлдэг хүүхдүүдийн анкет, медалийн тоо, зураг мэтийг эмхэтгээд боломжийн ном хэвлэсэн аж. Хэвлэсэн номнуудаасаа ч хүүхдүүдэд нэг нэгийг бэлэглэжээ. Гэтэл удалгүй дахиад хүүхэд бүрээс 135 000 төгрөг нэхсэн байна. Шилдэг 1000 хүүхдээ 5 сарын 11-ний өдөр цуглуулж нэг өдөр баярлуулах гэсэн юм гэж эцэг, эхчүүдэнд тайлбарласан байна.
135 000 төгрөгийнхөө 65 мянгыг ресторан болон урлагийн одуудад зориулна хэмээж. 35 мянгыг нь “батламж” болгоно гэжээ. Харин үлдсэн мөнгийг нь хүүхэд бүрт өгөх 4 хувь дурсгалын зураг энэ тэрд зориулна гээд мөнгийг хураахдаа заавал бэлнээр авна гэдэг шаардлагыг эцэг, эхчүүдэд тулгасан байна.
Ингээд 5 сарын 11-ний өглөө 08 цагт Чингисийн талбайд улсынхаа өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийг хүлээж аваад Цонжинболдог руу дагуулж явжээ. 1000 хүүхэд гэж анх ярьж байсан боловч эцэстээ 1600 шилдэг хүүхэд цуглуулж, гадаа хүйтэн байсныг ч хэлэх үү өдөржин Цонжинболдогт аахар шаахар зүйлээр бужигнуулж өнгөрөөсөн байна.
Одод нь ирж дуулахын оронд “Universe best songs”-ийн нэг дуучин ирж 3 л дуу дуулсан бөгөөд өсгөгч байхгүй учраас хэн, юу дуулаад байгаа нь сонсогдоогүй гэнэ. Мөн төр засгийн удирдлагууд ирнэ хэмээж байсан ч хэн ч ирээгүй байна. Ингээд 1600 хүүхдийн батламжийг нэг л хүн өдөржин гардуулж, ганц зурагчин зургийг нь яарч сандран дарсан аж. Хүүхэд бүрт нэг контик, нэг ундаагаа өгөх гэж дайн байлдаан болох шахсан төдийгүй өдөржин өлсгөсөн хүүхдүүдийг оройн 17 цагт хоолложээ. Ингэхдээ юун 65 мянган төгрөгийн хоол вэ. Хөрчихсөн шахуу шөл л өгсөн байна. Тэгээд халбага биш сэрээ өгсөнөөс болоод бүхэл мах, ногоог нь идээд шөлийг нь ууж чадаагүй гэж гомддоллож, турж үхэх шахсан хүүхдүүд гэртээ ирцгээжээ. Ердөө ийм л зүйл болж.
За яах вэ, эхлээд авсан 30 мянган төгрөгийг номыг бичиж, үйлдвэрлэхэд зориулжээ гэж бодоход сүүлд авсан 135 000 төгрөг бол цэвэр залилан гэмээр зүйл харагдаж байна гэж эцэг, эхчүүд гомдоллож байна.
1600 хүүхэд тус бүрээс 135 мянган төгрөг авсан гэж бодоход 216 сая төгрөг уг төслийнхөнд цугласан аж. Энэ их мөнгөнийхээ 5 хүрэхгүй хувийг л тухайн өдөр хүүхдүүдэд зориулсан нь ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй үйл явдалаас анзаарагдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд болоод төр засгийнханы нэрийг барьж луйвар хийсэн байж болзошгүй.
Хамгийн гол нь хөдөө орон нутгаас онгоцаар зардал, чирэгдэл болон ирсэн хүүхдүүд ч олон байгаа юм. Ямар ч зохион байгуулалтгүй, холион бантан болсон уг үйлд явдлын үр дүнд хүүхэд гэмтэж бэртэх аюул тохиохыг ч хэлж мэдэхгүй шүү дээ.
Мөн эхэндээ 1000 шилдэг гэж байснаа эцэст нь 1600 болж хувирсан нь илтэд мөнгөнд шунасныг харуулах мэт. Хүүхэд тус бүрээс авсан 165 000 төгрөгөө дансаар биш бэлнээр авна гэдэг шаардлагыг бас тулгаж байсан нь татвараас зайлсхийсэн мэт санагдана.
Тэгэхээр ийм халтуурны ажил хийсэн Дарма судар компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхгэрэл, Шилдэг сурагч төслийн удирдагч, уг компанийн ажилтан Б.Уянга нарыг АТГ болоод цагдаагийн байгууллага нь шалгаж, нягталвал яасан юм бэ.
Түүнчилэн номны оршилыг УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд бичжжээ. Тэрбээр энэ гоё зүйлийг зохион байгуулж буй ах, эгч нарынхаа номонд уригдаж байгаа хүүхдүүдэд баяр хүргэе гэх ухааны зүйл бичиж, эцэг, эхчүүд болоод хүүхдүүдийг онгироосон байгаа юм. Үүнээс харвал цаад утгаараа гишүүн асан Л.Одончимэг ч уг асуудалд холбоотой байж мэдэх. Энэ мэтээр гэнэн цайлган хүүхэд, хүүхэддээ бүхнийг зориулж чадах эцэг, эхчүүдийг цагаан сэтгэл дээр тоглолт хийж, луйвар хийдэг хүмүүс олон болжээ.
Асуудлыг бид нэхэн сурвалжлах болно.
Зочин · 2014/05/15
Ёстой жинхэнэ луйварчиддаа. Ийм юмнуудыг шүүх , цагдаа нь яагаад зүгээр явуулаад байдаг юм бэ.Зүгээр холбогдох хаяг, утасруу нь ута******ад шалгаад үзэхэд л болно.
Зочин · 2014/05/15
Сонирхолтой нийтлэл.
гэнэн байна даа · 2014/05/15
А Р Д Ч И Л А Л Шинэчлэл гэж үүнийг л хэлнэ шүү дээ кк
Зочин · 2014/05/15
Mongol ulsiin buh ashgiig bankuud avch baina. bankuud zeeliin huugee buuruul