Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрын “шинэчлэл” савнаасаа хальж, “өмчлөл” болж хувираад удаж байна. Түүний чихэнд хэчнээн хашгираад ч тэдний багийнханы залуурдсан галт тэрэг чигээрээ зүтгэж, улам бүр хурдалсаар байна.

Төрийн өмчит их сургуулиудын бүтцээр наадаад зогсохгүй их сургуулиудын эрдмийн зөвлөлийг шинэчилж Л.Гантөмөр өөрийн болон намын нөхдөө шургуулсаар байгаа нь нийгэмд ил тод болов. Боловсролын салбарт болж бүтэхгүй байгааг хэлж, зөвлөсөн боловсрол, шинжлэх ухааны салбарын бүх хүмүүсийг өөрийнхөө мөрөөс зайлуулж байгаа юм. Тэр дундаа түүх, хэл шинжлэл, сэтгүүл зүйн салбарын гол эрдэмтдэд халгаатай байна.

 

Энэ нь дээрээс шидсэн чулуу гэдгийг хүмүүс ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газар түүхийг гуйвуулах, хэвлэн нийтлэх эрхийг боомжилж, сэтгүүл зүйд халгаатай байгаа нь бодит үнэн гэлцэх. Өөрсдийнх нь болж бүтэхгүйг бичсэн сэтгүүлчдийг шалгаж, байцаах, цаашлаад “Шүүхэд өгнө” гэж сүрдүүлдэг. Тэдлний замд нь  тээг болж, сэтгүүлчдийн эрх, хэвлэн нийтлэх эрхийн талаар дуугардаг их сургуулиудын сэтгүүл зүйн тэнхим, эрдмийн зөвлөлийн эрдэмтэн, докторуудыг бүрэлдэхүүнээсээ түлхэж оронд нь хэл шинжлэл, сэтгүүл зүйн салбарт хамааралгүй хүмүүсийг томилж байгаа нь өөрсдийн зам мөрийг засч буйн илрэл юм. Тухайлбал МУИС-ийн хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүйн доктор хамгаалуулах зөвлөлд “Тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг түүхч, олон улсын харилцаа, түүний дотор хятадын асуудлыг судалдаг Ж.Баясах байх юм. Нийт гурван шинжлэх ухаанаас бүрдсэн 15 гишүүний ес нь хэлний, тав нь утга зохиолын, сэтгүүл зүйгээс нэг л хүн орсон байна.

 

Сэтгүүл зүйн нэртэй судлаачид, салбарынхан нь хүлээн зөвшөөрсөн олон бүтээлтэй М.Зулькафиль, Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн, Ч.Чойсамба, Г.Өнөрбаян, Ж.Бат-Ирээдүй зэрэг эрдэмтний нэг нь ч эрдмийн зөвлөлд багтаагүй байна. Монголын сэтгүүл зүйн салбар эдгээр хүмүүсийн сурах бичиг, онолоор өдий зэрэгт хүрсэн. Өдгөө ч дээрх эрдэмтдийн ном, бүтээлээс суралцаж байна. Гэтэл эрдмийн зөвлөлд сэтгүүл зүйн эрдэмтэд багтсангүй. Шинээр томилсон зөвлөлийн бүрэлдэхүүнд өөр салбарын мэргэжилтнүүд түрэн орж ирж байгаагаас харахад сэтгүүл зүйн чиг хандлага хаашаа эргэж байгааг харж болохоор байна. Уг нь манай улс сэтгүүлч Ерөнхийлөгчтэй орон шүү дээ. Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч болоход хэвлэл мэдээллийнхэн баяртайгаар угтаж байв. Гэтэл Ерөнхийлөгч маань сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж байгаад хүндээр бэртэх, бусдад зодуулах, шүүх цагдаад шалгуулах зэрэг эрхээ зөрчүүлсэн олон тохиолдолд ам нээж байсан удаагүй. Мөн сэтгүүл зүйн эрдэмтдийг Л.Гантөмөр сайд нүд үзүүрлэж байхад ч дуугарсангүй. Цаашлаад хэл шинжлэлийн шинжлэх ухааны докторууд болох М.Базаррагчаа, Г.Гантогтох, Ц.Шагдарсүрэн зэрэг хүмүүс Хэл шинжлэлийн доктор хамгаалуулах зөвлөлд багтсангүй байна. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн жил бүтэн сурах бичгийг шинэчилж хэвлэх талаар ярьж нэлээд хэл ам таталсан.

 

Өөрөөр хэлбэл, төрийн хэлний зөвлөл гэгдэх хэсэг хүмүүс нэгдэж и,ъ, ь,ф-үсгийг хасч эгшгээр орлуулж бичих талаар ярьсан юм. Мэдээж энэ дөрвөн үсгийг хасч таарвал бүх сурах бичиг, онолын ном бүгдийг шинэчилж хэвлэх болно. Үүнийг “зөв” гэж дэмжих хүн байгаагүй учраас нэг хэсэг чимээ намдсан. Тухайн үед өмнөх эрдмийн зөвлөлд багтаж байсан хэл шинжлэлийн доктор, профессорууд эрс дургүйцэж байсан юм. Дээрх үсгүүдийг хэрэглээнээс хасах нь хэнд ч хүртээлгүй, зүгээр л бизнесийн санаа гэдгийг олон хүн хэлж байсан. Хэсэг зуур энэ яриа намжсан нь дээрх “эсэргүүцэгчид”-ийг татан буулгах төлөвлөгөө боловсруулж байжээ гэж харагдаж байна. Мэдээж Л.Гантөмөрийн багийнхан бүрдсэн учраас одоо бүгд гар өргөж дэмжинэ шүү дээ. Ингээд л энэ асуудал ногоон гэрлээр хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. Тэгэхээр цаашид төрийн хэлний зөвлөлийн гаргасан дээрх онолоор бүх сураг бичиг өөрчлөгдөж, шинэ арга барилаар хэл шинжлэл, сэтгүүл зүйн онол явах нь бололтой. Энэ талаар сэтгүүл зүйн салбар болон хэл шинжлэлийн эрдэмтдийн сэтгэгдлийг сонслоо.

 

МУИС-ийн багш, доктор, профессор Л.Норовсүрэн:


-Яамнаас дээр, доороос нь шахаж байгаад өөрийнхөө хүмүүсийг оруулсан юм шиг байна лээ. Түүнээс гадна тухайн зөвлөлийн даргаар сонгогдсон хүн дахиад гишүүнээр сонгогдсон. Тэр байтугай өөр хэдэн зөвлөлд давхар явж байх жишээтэй. Сургуулийн удирдлагуудын хамаатан садан, үр хүүхдүүд орсон шүү дээ. Ер нь бол гэр бүлсэг зөвлөлүүд бий болсон байна лээ. Жишээлбэл, МУИС-ийн хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүйн зөвлөл нь 15 хүний бүрэлдэхүүнтэй юм билээ.  Тэр дунд сэтгүүл зүйгээс Б.Болд-Эрдэнэ л байна. Түүнээс гадна сэтгүүл зүйн шинжлэх ухааны хэд хэдэн доктор байхад ороогүй. Тэгэхээр 14 нь хэл шинжлэл, утга зохиолын хүмүүс томилж байгаа нь сэтгүүл зүйгээр доктор хамгаалж байгаа хүний материалыг яаж шүүх юм бол гээд хүмүүс ярьж л байна л даа.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, хэл шинжлэлийн доктор Ж.Бат-Ирээдүй: Уг нь судлаачдийн судалгааг БШУЯ авсан хэрнээ илэрхий хэсэг хүмүүсийн хувийн сонирхлын дагуу зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон.

Түүгээр зогсохгүй МУИС-ийн харьяа сургуулийн захирлууд эрмдийн зөвлөлийн даргаар дахин сонгогдсон байна. Сургуулийн захирлууд Хамгаалуулах зөвлөлд орно гэдэг маань эрх ашгийн зөрчил гарна гэж бодож байна. Ингэж болохгүй шүү дээ, олонд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд байхад ийм маягаар зөвлөл бүрэлдүүлж байгаа нь байж болохгүй зүйл. Тухайн нэг зөвлөлд даргаар томилогдсон хүн эргээд гишүүнээр оросон нь ч бий. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Ер нь эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нээлттэй бус хаалттай байдлаар сонгон шалгаруулалт хийсэн. Уг нь бол эрдийн зөвлөлд аль болох олон хүн, дээрээс нь судалгаагаа яг одоо хийж байгаа хүмүүс багтах ёстой. Тэгтэл хэдхэн хүн даргыг нь ч хийгээд гишүүнийг нь хийгээд байвал эрдмийн зөвлөл утгаа алдаж байгаагийн илрэл юм.