Л.Цандэлэг: Хип Хоп Холбооны Баавар маш гоё төлөвшиж байгаа
2021/11/03
“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын Монгол Улсын Тод Манлай уяач, тариаланч Л.Цандэлэгтэй хийсэн ярилцлага
“Бидний цөөхөн Монголчууд” төсөл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хүрч, Монгол Улсын Тод Манлай уяач Л.Цандэлэгтэй уулзаж байна. Намар сайхан уу? Ургац арвин уу?
Энэ жил хаа сайгүй дэлхий дэлэгнээд, ургац арвин байна. Би ер нь хэлдэг л дээ. Корона ч байна уу, ямар ч хүндрэл гарлаа гэхэд бидэнд талх, мах хоёр байх ёстой. Энэ үйлсэд би 1995 оноос хойш зүтгэлээ. Бараг 30 жил болох гэж байна. Би бас морь уядаг юм. Моринд дурлаад, тарианд дурлаад өдий хүрлээ. Сүүлийн 30 жилийн Монголын газар тариалангийн амьдралыг хүүрнэн өгүүлнэ шүү.
Танайх руу ирэх замд Хип хоп холбооны Баавартай таарлаа. Өөрт чинь их баярлаж явдаг бололтой?
Эр хүн алдаж онож явна шүү дээ. Залуу насанд хэн ч алдаж болно. Баавар маш гоё төлөвшиж байгаа. Таван хүүхэдтэй. Бид хэн нэгнийхээ амьдралыг ойлгодоггүй юм байна. Хүн шиг амьдрах гээд энд нилээн тооны үхэр худалдаж аваад, хадлангаа өөрөө хийгээд яваад байгаа юм. Ямартай ч хөл дээрээ тогтотлоо байж бай гэсэн юм. Хамгийн гол нь залуучууд амьдрах гээд ийм гоё зүтгэж байгаа нь сайхан. Миний том хүүтэй чацуу шүү дээ. Алдаж оноо л биз, яахав. Амьдрал хүнийг тийм гоё болгож байна. Миний хүүг хүртэл хүмүүс Ц.Дөлгөөн ямар гоё хүмүүжээ вэ гээд байдаг. Миний хүү энэ ажилтай холбогдоод 10 жил болчихлоо шүү дээ. Цаг хугацаа хурдан юм. Би 4 хүүхэдтэй. Хоёр том нь энд ирчихсэн ажиллаж байна.
Танай аж ахуй дээр ажил оволзож байна шүү?
Бужигнаж байгаа биз? Хамгийн сүүлд будаа хатаадаг Итали төхөөрөмж авлаа. Тариаланчид чийгтэй будаа хураачихаар хатааж чадахгүй байгаа юм. Бас чамгүй үнэтэй төхөөрөмж учраас бүгд авч чадахгүй л дээ. Чийгтэй будааг шууд сэврээгээд хатаагаад гаргана. Хатаахгүй болохоор чийгтэй будаа авахгүй, хорогдол тооцно гээд байдаг юм.
Будааг биржээр зарна гээд байсан. Больсон уу?
Одоохондоо Монголын хөрсөн дээр буухгүй л дээ. Асар хүндрэлтэй зүйл. Бид уг нь бодлого ярих хэрэгтэй байна. Зөвхөн будаа ярих хэрэггүй. Авдаг юмаа авч чадах нь ч байна, чадахгүй нь ч байна. Тэр өнөөдөр сонин биш. Бидэнд тулгараад байгаа хамгийн гол хүндрэлтэй зүйл бол түлш үнэтэй болчихлоо. Сэлбэг үнэтэй болчихлоо. Монголчууд өөрсдөө ганц боолт хийж чаддаггүй. Бүх зүйлээ Хятад, Орос, Канадаас авчирна. Ганц боолт тасарчихад л бид хийж чадахгүй. Сандарсан үедээ онгоцоор авчирна. Цаг хугацаа шаардана.
Бензин нь ОХУ-гаас хамааралтай. Дуртай үедээ өгнө.Дургүй үедээ өгөхгүй. Эрээний боомт нь “Ковид-19” гээд хаачихна. Буудайгаар, төмсөөр өөрсдийгөө 100 хувь хангаж байна уу?
Монголчууд ямар хүнд нөхцөлд, дайны байдалд байсан ч улаанбуудай нэгдүгээрт байх ёстой. Улаанбуудайг яагаад стратегийн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг вэ? гэхээр 100 жил хадгалсан ч улаанбуудай хэвээрээ байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед хошуу хоргойгоор гурил худалдаж авч байсан. Яагаад гэвэл хүн зөвхөн мах идэхээр галзуурна. Оросууд манайд будаа өгдөг байж байгаад хоёрдугаар дайны үед өөрсдийгөө яая гэдэг болсон. Цагаан сараараа тавгаа тавих гээд, буузаа хийх гээд хуй хуй хоргойгоор жин жин будаа, арвай худалдаж авч байсан түүхтэй. Түүнийгээ тээрэмдэж боловсруулж байсан. Баруун аймагт айлуудын даллаганы уутанд байгаа арвай будаануудыг цуглуулж, үхэр анжсаар газар хагалж тариад, будаагаа аваад гурилаа тээрэмдээд амьдарч байсан түүх бий.
ОХУ гэхэд 50 жил дайн хийгээд байлдахад хэрэглэх нөөцийн будаатай, гурилтай байдаг. Түүгээрээ спиртээ хийнэ. Талхаа хийнэ. Ер нь ийм байдаг юм байна.
Тэгвэл яагаад Монгол Улс нэг жилийн нөөцөө саванд хадгалж болдоггүй юм бэ? Хөдөөний айл гэхэд л 2 шуудай гурил нөөцөлсөн байдаг шүү дээ. Энэ жил бороо ороод жаахан тариа авчихлаа. Гэтэл хийх сав байхгүй. Өнгөрсөн жил коронавирус гарсан, тариа муу ургасан гээд ОХУ-аас баахан тариа худалдаад авчихсан. Тог цахилгаан тэглэнгүүт гурилын үйлдвэрүүд ашигтай ажиллаад, 800 төгрөгөөр ОХУ-аас баахан будаа аваад бүх саваа дүүргэчихсэн. Монгол Улс өөрсдөө будаа тариалдагаа мартаад бүх саваа дүүргэчихсэн. Одоо тэгэхээр айл өрхүүд худалдан авалт хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, Монгол Улс дор хаяж нэг жилийн нөөцтэй байх ёстой. Юу ч тохиолдож болно шүү дээ. Бид чинь Азийн цээжинд хэцүү цаг агаарт тариа тарьдаг. Дараа жил хуурай байх ч юм бил үү? Тэгвэл ургацгүй болж магадгүй. Будааг тариад, ургуулаад, хурааж авах хүртэл зардал нь 650 төгрөг болчихож байгаа юм. Яам болон тариаланчид хамт сууж байгаад 800 төгрөг гээд зарах үнэ гаргасан. Гэтэл үйлдвэрүүд гурил борлогдохгүй байна гээд тариаланчдаас авдаг өртгөө багасга, 800 төгрөгөөр авахгүй гээд хэлчихсэн. Тэгээд хэдээр авах юм бэ? гэсэн чинь 560 төгрөгөөр авья гэж байгаа юм. Гарсан зардлаас бага үнээр авна гэдэг. Бид хувийн аж ахуйн нэгж шүү дээ.
Сая шатахууныг бойкотлосон 4,5-хан том компани байсан. Гурил үүнтэй адилхан. Алтан тариа, “Женко “Баттулгын Милл хаус, Ц.Баатарсайханы Улаанбаатар гурил, Ц.Баатарсайханы дүү Ургац гурил. Бусад нь “Өег” гэх мэт жижиг үйлдвэрүүд бий. Үндсэндээ 5 компани Монголын бүх газар тариаланг базаж байгаа юм. Одоо бүр өртгөөс нь доогуур авах гээд байна шүү дээ, энэ монополиос болж. “Алтан тариа” үүнийгээ улаан цайм зарлачихсан.
Энэ олон хүний цалин хөлс, зардал бүх юмнаас нь шомбодчихоё гэж байгаа юм уу?
Бүр дампууруулж байгаа байхгүй юу. 100 төгрөгөөр хийдэг бүтээгдэхүүнийг 70 төгрөгөөр авья гэвэл яах юм? Бид нар бүр шоконд орчихоод байна. Яах ёстойгоо ойлгохгүй байна. Тэнгэр хангай муудвал энэ талбай дээр сав суулга байхгүй. Бороо цас орно. Будаа норно. Чийг авна. Хаягдал хорогдол гарна. Зүгээр гахайны хоол болно. Ямар ч хэрэггүй болох гээд байдаг. Үүнийг төр бодлогоор болиулах ёстой. Нэг жилийн нөөц аваад тавьчих хэрэгтэй. Хоёрдугаарт, би нэг тооцоо бодож үзлээ. Нэг бөөрөнхий атар талх 1550 төгрөг. Бид тээврээ даагаад, хорогдол хаягдлаа хасуулаад нэг кг улаан буудайг 560 төгрөгөөр өгчихлөө. Үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоод 1550 төгрөгөөр зарахаар 30 нугалж байгаа юм. Өнөөдөр хар тамхи, зэвсгийн наймаа хэд нугардаг юм? Гэтэл талх зарж байгаа хүмүүс 30 нугалж байна шүү дээ. Гэтэл бид ийм арчаагүй, хэдхэн гэр бүлд бүх бизнесээ алдчихаад сууж байна. 500 төгрөгөөр авсан нэг кг будаагаар 10 талх хийнэ. 10 талх 15500 төгрөг. Тэгэхээр 30 нугарч байгаа биз. Ард түмнийг энэ хэдэн монополь гэр бүл хэзээ ч ядуурлаас гаргахгүй. Эд нар ханаж цадна гэж байхгүй. Би зарим захирлуудтай нь ярилаа. Т”а нар болиоч ээ, яагаад ийм хэцүү байдаг юм бэ?” гэсэн чинь “Бид нарын ашиг, бид хувийн компани шүү дээ” гэсэн.
БНХАУ-руу зарна гэж яриад байсан?
Би ахиад нэг сонин зүйл ярья. Рапс гээд тосны ургамал будаатай яг адилхан, бараг бага зардалтай. Гэтэл нэг тонн нь 2,300,000 төгрөг. Гэтэл будаа 500,000 төгрөг. 4,5 дахин нугарсан үнээр авч байна. Монголын тариаланчид ирэх жил бүгд рапс тарина. Тэгэхээр хэн Монголд гурил тарих юм? Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь энэ шүү дээ. Рапсыг Монголчууд идэж чадахгүй. Энэ ургамлаар Хятадууд тос хийдэг. Монголд тийм технологи нь ч байхгүй. Та түлш идэх үү? Талх идэх үү? Энэ мэт маш хэцүү байдалд орчихоод байна. Тариаланчдынхаа төлөө би нэг хэсэг дуугарсан л даа. Эцэст нь гурилынхантай муудалцаад л дуусан. Одоо эд нар маань над руу өдөр бүр ярьж байна. Гурил будаагаа арай л орхигдуулж байна. Сайд дарга нартай нь ч ярилаа. Гурилын монополь үйлдвэрүүдээ болиоч ээ. Ядаж улс өөрөө худалдаад авчих л даа. Энэ чинь Монгол улсын хөрөнгө шүү дээ. Ахиад энэ корона яах ч юм билээ. Ядаж 2 жилийн нөөцөө бүрдүүлчих нь үндэсний аюулгүй байдалд хэрэгтэй. Ус, мах, гурил, шатахуун гэсэн дөрөвхөн стратегийн бүтээгдэхүүн бий.
Энэ жилийн ургац юугаараа онцлог байв?
Бороо. Монголчууд бүгд л мэдэж байгаа. Бороо сайхан орлоо. Нар бороо, нар бороо гээд ээлжилсэн. Тийм учраас тоо хэмжээ ч их байна, чанар ч сайн байна. Жил бүр ийм гоё зун болдоггүй . Хавар тариа тариад 7 сар хүртэл 2 удаа бороо орохгүй бол баларчихдаг.
Том хүүг нь юм яриач гэсэн, би юугаа ярихав дээ гээд зугтаад байна...
Манай хүү энд ажиллаад 10 жил болчихлоо. Ковш барина. Том тэрэг барьж байна. Техник эвдэрлээ гэхэд доор нь ороод засна. Бүх юмыг хийж байна. Эхнэр маань заримдаа энэ хүүхэд яг чам шиг боллоо гэдэг юм. Би яг ингэж л амьдарсан. Хуучны хүмүүс бие биедээ их хайртай байж. Намайг энд олон сар болоход эхнэр маань 4 хүүхдээ тэжээгээд, гал алдахгүй байж чадна. Одооны хүүхдүүд чадахгүй. Хүүгийн эхнэр уурлаж байна. Ирэхгүй байна л гэнэ. Гэртээ байхгүй байна л гэнэ. Хүмүүсийн амьдрал өөрчлөгдөөд байна.
Газар тариалан залуужиж байна. Энэ хэрээрээ хуучнаас өөрөөр хардаг болоод байх шиг. Дэлхийтэй эн зэрэгцэнэ л гэж дайраад байна уу?
Дэлхийтэй зэрэгцэхийн тулд бидэнд шинэ юм сэтгэх хэрэг байхгүй. Бид сар руу гарах гээгүй шүү дээ. Цаг уурын хувьд ойролцоо Канадын нөхцөлөөр тариа тариад, тэр ноу хауг авчрах гэхээр дэлхийн хэмжээний техник хэрэгтэй болно. Тэр техникийг авахын тулд дэлхийн мөнгө хэрэгтэй. Гэтэл гарч байгаа бүтээгдэхүүнийг дөрөвхөн гэр бүл өртгөөс нь доошоо авна гээд гараа эвхээд суучихаар өөр авах хүн байхгүй. Төр нь мөнгөгүй. Энэ бүхнийг бодлогоор авч явах зайлшгүй хэрэгтэй байна. Тариаланчид нэгэндээ би хэдэн центнер авлаа гэж ярихаасаа илүү нэгдэж, бодлого ярих ёстой болоод байна.
Би олон тариаланчидтай уулзсан. Бүгд хэдэн центнер ургац авлаа гээд хөөрөөд байдаг. Гэтэл та анх удаа ийм асуудал байгаа гэдгийг ярьж байна?
Монгол Улсын жилийн хэрэгцээ 450,000 тонн улаан буудай байдаг. Энэ жил ХААЯ-ны тооцоогоор 600,000 тонн улаан буудай хураах нь гэж судалгаа гарсан байна лээ. Ингэхээр бараг 200,000 орчим тонн илүү. Гэтэл яам маань “Ковид-19” гээд гурилынхан лоббидож байгаад ОХУ-аас замбараагүй их улаан буудай оруулаад ирсэн. Одоо 150,000 тонн улаан буудайн илүүдэлтэй байгаа. Энэ жилийнхээ хэрэгцээг ч хадгалах савгүй болчихсон. Гурилынхан маань бидний будааг авахгүй бойкотлоод, өртөг нь 700, 800 болчихоод байхад 500-гаар авья гээд байна. Шатахуун импорлогчидтой адилхан гурилынхан улсыг бойкотлож байна шүү дээ. Монгол Улсын тариаланчдад борлуулалт байхгүй болчихлоо. Гурилынхан зогсоочихлоо шүү дээ. Одоо яах вэ? Үүнийг яах ёстой юм бэ? Гахай, нохой, тахиа идээд байдаг. Гэтэл энэ чинь Монголын баялаг шүү дээ. Дараа жил ингэж ургахгүй шүү дээ. Гурилынхан авахгүй юм бол улаан буудайгаа экспортлочихоё л доо. Эсвэл улс аваад савандаа хийгээд дарчихая л даа. Олон жилийн өмнө бас ийм зүйл болж байсан. Н.Алтанхуягийн Засгийн газар байсан юм. Н.Алтанхуяг тариаланчдын төлөө юм хийх гэж үзсэн хүн шүү. Тухайн үед яасан бэ? гэхээр бүгдээрэнгийнх нь саванд дүүргээд улс лацадсан. Мөнгийг нь өгөөд худалдаж аваад, лацдаад явчихсан. Өвөлжин идээд шингэрэнгүүт нь худалдаж авсан будаагаа гурилын үйлдвэрүүдэд тараагаад, тэд нараасаа мөнгийг нь аваад менежмент хийсэн юм. Тэгэхээр бүгдээрээ энэ жил гарц хайх хэрэгтэй байна.
Ярилцсан: Мөнхчулууны Зоригт
Сийрүүлсэн: Мягмарсүрэнгийн Чойжал