Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын гишүүдэд худал мэдээлэл өгсөн үү?
2021/11/08
ХААН банкийг тойрсон улстөржилт ид өрнөж байна.Тус банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг үндэслэж, энэ сарын 1-нд “Мета капитал" компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалдсан нь Монголын улс төрд тектоник хөдөлгөөн үүсгэв.
Хэдийгээр зарим албан тушаалтан “Хоёр япон нэг нэгэндээ хувьцаагаа худалдсан л асуудал. Монголчуудад падгүй” гэж улстөрчдийн тархийг угааж байгаа ч бодит байдал өөр юм. Савада сан ХААН банкин дахь хувьцаагаа “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрөлтэйгөөр...” гэх тодотголтойгоор “Упсилон инвестмент”-д худалдсан нь Монголын банкны системийг нэг олигархи, нэг банкны хяналтад оруулах эрсдэлийг дагуулав. Тодруулбал, Б.Лхагвасүрэн 2021 оны аравдугаар сарын 29-нд ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн нэр дээр хүргүүлсэн “Нууц” тамга бүхий албан бичигтээ “Япон улсын хуулийн этгээд “Мета капитал" ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэйшн” ХХК (UBC)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээллийн дагуу Монголбанкнаас 2021 оны аравдугаар сарын 26- ны өдрийн Н/69 тоот “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай” албан бичгийг ХААН банкинд хүргүүлсэн болно” гэж дурьджээ.
Тэгэхээр УИХ- ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс “Цаад эзэн нь хэн бэ” гэж ёжтойхон асуугаад байсны учир энд байгаа биз!
Эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар тэр үеэр “ХААН банкны 60 хувийг хэн авч байгааг Монголчууд сайн мэдэх ёстой. Бас хэн авч байгаад санаа тавих ч ёстой. ХААН банкны 60 хувийг хэн авав. Ямар мөнгөөр авав” гэж нэхэл хатуутайгаар асууснаас гадна “Монгол Улс саяхан саарал жагсаалтад орсон. Энэ саарал жагсаалтаас харьцангуй богино хугацаанд гарч чадсан. Коронагаас болоод Эрээн, Замын-Үүдийн боомт хаагдахад Монгол Улсын эдийн засагт ямар хүндрэл учирч байгааг бид бүгдээрээ л мэдэрч байгаа. Саарал жагсаалтаас болж Монголын арилжааны банкуудтай хамтран ажиллаж байсан 30-40 банк хамтын ажиллагаагаа зогсоосон. Үүний горыг монголчууд хангалттай амссан. “Дахиад тийшээ яваад эхэлж байна уу” гэж би айж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн та 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр ХААН банкны Япон талын хувьцааг шилжүүлэхийг зөвшөөрсөн юм билээ. Би нүдээрээ үзсэн. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө энэ хувьцааг худалдан авч байгаа хүний эцсийн эзэмшигч нь хэн бэ гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Эцсийн эзэмшигчийг олох тийм амар биш. Үүнийг маш сайн хянамгай үзэж байж тогтоох хэрэгтэй. Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр үү, бохир үү гэдгийг шалгах ёстой. Эцсийн эзэмшигчийг нь тогтоогоогүй байхад энэ мөнгө цэвэр, бохир эсэх нь тодрохгүй. Хэрэв Монгол Улс энэ асуудалд хариуцлагагүй ажилласны улмаас дахиад саарал жагсаалтад орвол Монголбанк, та бүгдийг Монголын ард иргэд, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид барьж иднэ шүү.
Дээр нь үүнд АТГ, Санхүүгийн мэдээллийн алба, тагнуул, ХЗДХЯ бүгдээрээ А, Б-гүй хяналт тавих ёстой. Хэрэв энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, шийдвэр гаргагчид оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Юун саарал жагсаалт, хар жагсаалт руу орно. Тийм учраас эрх мэдэлтнүүд эс үйлдэл хэрхэвч хийж болохгүй. Нэг улстөрч ч юм уу, нэг хотын дарга ч байдаг юм уу гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар ил гарч ирэхгүй. Олон улсын шалгадаг бүх байгууллага руу хандаж, мэдээллийг авсны үндсэн дээр Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч та “Нэг шат дутуу байгаа” гэж хэлснээ хийнэ" гэж Б.Лхагвасүрэнд анхааруулсан биш Асашёорюү Д.Дагвадоржийн заналхийлэлд өртлөө. Өөрөөр хэлбэл, сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж сошиал сүлжээгээр нэг хараалын үг урсгаж “Халхууд дөрвөдийг алсан ч яадаг юм” гэж хонзогносон нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн төрүүлж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.9.1-д “Хүмүүсийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагналцуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан аж. Харин ХААН банкны 60 хувийг “Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Худалдаа, хөгжлийн банкны “мэдэл”-д өгөхөд зуучийн үүрэг гүйцэтгэсэн" гэх Асашёорюү Д.Дагвадоржийн балмад үйлдэлд хууль хяналтынхан ямар хариуцлага тооцох бол...!?
ХААН банкны 60 хувийг өнгөн дээрээ хоёр япон наймаалцсан мэт дүр зургийн цаана Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг-Хотын мэр Д.Сумъяабазар-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гэх схем байгаа нь хэвлэлээр ил болсон.
“Хэргийн эзэд”-ийн нэг, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ сарын 04-нд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохдоо эрхэм гишүүдийн асуултад худал хариулсан уу...
Ингэж асуух шалтгаан байна. Учир нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “ХААН банк санхүүгийн зах зээлийн 40-өөс илүү хувийг дангаараа эзэмшдэг. Худалдаа, хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан бол Банкны тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү. “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэсэн хуулийн заалт бий. Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар банк хоёрын хооронд өмнө нь ийм асуудал гарч байсан. Ингээд энэ хоёр банк нэгдсэнээр асуудал шийдэгдсэн. Сошиалаар яваад байгаа мэдээлэл үнэн үү. Банкны салбарт тогтворгүй байдал үүсэх гээд байна уу" хэмээн асуухад Б.Лхагвасүрэн "Манай улсад нөлөө бүхий арилжааны таван банк бий. Үүний нэг нь ХААН банк. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг эцсийн өмчлөгч гэдгийг тодорхойлдог бичиг баримтуудыг Монголбанк аваад эцсийн зөвшөөрөл өгч байгаа. ХААН банк 2003 онд хувьчлагдсан. Тус банкны 60 хувийг нь Токиогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. Тэр компани хувьцаагаа том, жижиг янз бүрээр өнөөдрийг хүртэл арилжаалж байна. Банкны тухай хуулийг сайжруулснаас хойш тухайн банкны асуудалд Монголбанк оролцож байгаа. Харин “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээр Худалдаа, хөгжлийн банкны холбогдох хүн байна” гэсэн мэдээллийг тодруулахад энэ талаар оролцоо, гэрээ байхгүй гэдгийг хэлсэн.
Эцсийн зөвшөөрөл олгоогүй. Хууль бусаар арилжаанд оролцож, хувьцаа эзэмших юм бол Банкны тухай хуулиар саналыг нь түдгэлзүүлэх, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцуулахгүй байх бүхий л хязгаарлалтуудыг авах эрх төв банкинд бий. Тиймээс ийм эрсдэлтэй зүйл гарахгүй гэж бодож байна” гэж хариулсан юм. Гэтэл “Савада Холдингс” ХХК-аас 2021 оны арваннэгдүгээр сарын 01-нд “ХААН банк" ХХК-д ирүүлсэн “Упсилон инвестмент” ХХК нь “Савада Холдингс” ХХК-ийн хувьцааг худалдаж авах тухай албан бичигт “Упсилон инвестмент” ХХК нь “Савада Холдингс”-ийн хувьцааг худалдан авах тухай урьдчилсан зөвшөөрлийг Монголбанкнаас авсан бөгөөд энэхүү урьдчилсан зөвшөөрөл нь “ХААН банк” ХХК-ийн зөвшөөрлөөс хамаарах нөхцөлгүй болно. Үүнээс гадна Монголбанкны албан бичигт “Савада Холдингс”-ийн хувьцааг худалдан авахыг хойшлуулах тухай “Упсилон”-оос шаардаагүй байна. Иймд бид “Упсилон”-д “Савада Холдингс"-ийн хувьцааг худалдаж авахыг хойшлуулах хүсэлт гаргаж болохгүй болохыг ойлгоно уу” гэж дурджээ.
“Савада Холдингс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эцүто Уэхарагийн гарын үсэг бүхий энэ албан бичиг УИХ-ын гишүүдэд худал мэдээлэл өгснийг тань нотлох баримт биш үү, Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.15-д “Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад товч, тодорхой хариулах үүрэгтэй бөгөөд гишүүн хариултыг хангалтгүй, эргэлзээтэй гэж үзвэл тухайн асуултын хариуг хоёр хоногийн дотор бичгээр өгөхийг шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл ХААН банкны “60 хувийн хэрэг"-т “Утсан хүүхэлдэй”-н үүрэг гүйцэтгэж, Банкны тухай хуулийг ноцтой зөрчсөн Б.Лхагвасүрэн бантахдаа УИХ-ын гишүүдэд бодит үнэнээс өөр мэдээлэл өгчихлөө. Үнэн гэж ганц л байдаг биш үү. УИХ-аас томилогддог Монголбанкны Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүдэд улаан цайм худал мэдээлэл өгч байхад ямар хариуцлага тооцох вэ?
С.Тулга
sonin.mn
Зочин · 2021/11/08
Зочин · 2021/11/08
Манай малчид малаа ХААН банкнд тавьж зээл авцгаасан. Одоо тэр нь Савадан сангаас Сахал санд шилжлээ.
Зочин · 2021/11/08
Тэгэхгүй яадаг юм.
Irgen · 2021/11/08
Ene muu Baatarsaihan bur booj uhlee.