О.Баасанхүү: М.Тулгат бол АН-ын дарга мөн
2021/11/10
АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
Өнгөрсөн Баасан гарагт буюу 11-р сарын 5-нд АН-ын Онц Их Хурал нэртэй арга хэмжээ боллоо. Үндсэндээ Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлээс эхлээд АН-ын бүхий л гол лидерүүд, мөн орон нутгийн АН-ын албан ёсны дарга нар оролцсон тул АН үндсэндээ нэгдчихлээ гэж уг хурлыг зохион байгуулагчид ярьж байсан. Та АН-ын нарийн бичгийн даргын хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
Ер нь бид нар нэг зүйлийг бодох хэрэгтэй. Асуудал нь байсан юм уу? байгаагүй юм уу? Ямар асуудлыг шийдэх ёстой юм? Эсвэл ямар ч асуудал байхгүйгээр сөрөг хүчний хувьд нэгдээд эрх баригчдад хариуцлага тооцох ёстой хурал юм уу? Би хувьдаа юу гэж ойлгож байна гэхээр 2020 оны 7 дугаар сард С.Эрдэнэ гээд хуучин намын дарга нь Ц.Туваанд тамгаа өгөөд, өөрийгөө соль гэдэг үүрэг, итгэмжлэх өгсөн.
Ц.Туваан түүнийг нь биелүүлээгүй. С.Эрдэнэ гэдэг хүнийг солиогүй. Дараа нь С.Эрдэнэ Ц.Тувааны ашиглаж байгаа тамгыг “Энэ миний барих ёстой, үүрэгтэй, тамгыг ашиглаж байна. Үүнийг хүчингүй болгож өгнө үү” гээд тамгыг нь хүчингүй болгосон.
Улмаар намын Их хурал хийгээд Майнбаярын Тулгат гэдэг хүнийг намын дарга болгосон. Гэтэл Майнбаярын Тулгат гэдэг хүнийг нөгөө тал зөвшөөрөхгүй байгаа юм. Зөвшөөрөхгүй байгаа учраас О.Цогтгэрэл гэж хүнийг дарга болгосон гэж яриад байгаа. Сая Онц Их Хурал дээр хэд хэдэн юм огт хийгдсэнгүй л дээ. Нэгдүгээрт, тэр О.Цогтгэрэлтэй өрсөлдсөн хүмүүс нь юу бодож байгаагаа ярьсангүй. Ер нь О.Цогтгэрэл гэдэг хүн намын дарга боллоо гэдгээ дахин тунхаглаад байгаа юм уу? Эсвэл намын даргаар сонгогдоод байгаа юм уу? гэдгийг нь ойлгоогүй. Би тэр Их хуралд нь очоогүй л дээ. Уг нь соёлтой нийгэмд бол УИХ-ын гишүүн байсан, тэр дундаа өөрийнх нь намын хуульзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга гэдгээр нь урьдаггүй юм аа гэхэд ирж уулзах ёстой. Би Ц.Туваанд зөндөө хэлсэн. Уулзаж байгаад энэ хурлынхаа асуудлыг хуулийнх нь хүрээнд шийд ээ гэсэн. Үгэнд ороогүй. Дараа нь би П.Нүрзэд гэдэг тэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан нөхөрт бас хэлж л байсан. Наад Их Хурлаа хийхдээ надтай ярь гэсэн. Надтай ярь гэдэг нь би хуулийнх нь хүрээнд ярих гээд байгаа юм шүү дээ. Хууль нь дүрмэндээ байна уу? журмандаа байна уу? гэдгийг ярих гээд байгаа юм. Яагаад гэвэл Монгол Улсад өнөөдөр улс төрийн хуулийг хамгийн сайн мэддэг нь гэж би өөрийгөө хэлж болно. Учир нь би энэ хуулийг хэрэглэсэн хүн байхгүй юу. Ардын намаас Хувьсгалт намын бүртгэлийг авах, Хувьсгалт намаас Намбарын Энхбаярыг өөрчлөөд, намын шинэчлэлийг хуулийн хүрээнд дүрмийнх нь дагуу шийдэж байсны хувьд хууль дүрмийг нь би энэ хүүхдүүдээс хамаагүй илүү мэднэ. Тэгэхэд өнөөдөр АН-ын хуучин Ерөнхий нарийн бичгүүд нь хаачсан юм бэ? Хуучин П.Нүрзэдийн дараа нэг хүн болсон л юм шиг байгаа юм. Хэн болсон юм бэ? Ард түмэн бол энэ нам битгий хэрүүлтэй байгаасай, урагшаа л яваасай гэж хүсэж байгаа.
Би хуульзүйн талаас нь харахад Цахиагийн Элбэгдорж гуай нэг алдаатай үг хэлж байна лээ. Тэр нь “...намын даргыг Дээд Шүүх шийдэхгүй, намын гишүүд шийднэ” гэж.
Шинээр бүртгүүлээгүй тохиолдолд гишүүд нь шийдэж энэ хүнээ дарга болгоё гээд Улсын Дээд Шүүхэд бүртгүүлдэг. Би энэ хүнийг дарга болгочихсон юм аа гээд бүртгүүлдэг. Одоо бол бүртгүүлэх процесс байхгүй шүү дээ. Одоо нэгэнт хуулийн этгээд болчихсон тохиолдолд хуулийн этгээдийн гэрчилгээг өөрчлөх, хуучин байсан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг солих процесс явагдаж байгаа.
Тэгэхээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд угаасаа байхгүй гэдэг ийм тэнэг юм яриад байж болохгүй. Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй бол сонгуульд ордоггүй юм. Тэгэхээр энэ болгоноо шийдэж чадахгүй бол ядаж нэг удаа надтай уулзах ёстой байхгүй юу. Би эднийг хүндэтгээд зөндөө гуйсан. Уг нь гуйгаад байх шаардлагагүй шүү дээ. О.Цогтгэрэл рүү зөндөө ярьсан. “Чи нэг уулз аа. Өнөөдөр уулзах уу? Маргааш уулзах уу? Одоо уулзах уу? Дараа уулзах уу?” гэж зөндөө ярьсан.
Би харин МАН-ын даргын зөвлөх Халтмаагийн Баттулга гэдэг хүнтэй уулзах ёсгүй гэж бодож байгаа. Яахав чадна л даа. Манай хүн чинь Н.Алтанхуягийн туслах байсан Г.Дэнзэнгийн хажууд “Бодь цамхаг”-ийн тэнд сууж байгаа гэж би хүнээс сонссон. Би уулзаж болно. Гэхдээ тэр хүн чинь МАН-ын даргын зөвлөх хийж байгаа. Тэгэхээр би ийм үед тэд нартай уулзаад яриад байх юм уу хаашаа юм? Ийм учраас эрүүл саруул ухаанаар хандаад, хуулиндаа захирагдаад, дүрэм нь ямар байдгийг нь яриад эв нэгдлийнхээ үүднээс энэ алдаануудаа засах ёстой. Заавал Их хурал хийгээд байх ч шаардлагаггүй. Энэ алдаа байна, үүнийг яаж засах юм? Протоколоор засах юм уу? Дүрмээр засах юм уу? Их хурлаар засах юм уу? Ийм юмнуудаа хийгээгүй байж, бүхэл бүтэн намын дарга сонгочихоод байхад нь түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүйгээр би дарга гээд Дээд Шүүх дээр очихоор тэд нар юу гэх юм? Гурван асуулт асууна шүү дээ. Хуучин албан тушаалтнуудаа яасан юм?, нөгөө талын дарга гээд байгаа хүмүүсийг чинь яах юм? Тэрийг чинь эд нарын хэлдгээр Үндэсний бодлогын хорооныхон яриад, хуралдаад намын хурлаараа шийдчихсэн шүү дээ.
Тэгээд юу хүсээд байгаа юм? Өөрсдөө ингээд алдаа гаргаад яваад байдаг. Гайхаад л байна л даа. Зориуд юм уу хаашаа юм?
М.Тулгат өнгөрсөн долоо хоногт “4-11” хэвлэлийн бага хурлын үеэр О.Цогтгэрэл уулзаж, ажлын хэсэг байгуулах тал дээр санаачлага гаргасан. Гэхдээ энэ бол тодорхой хэмжээнд хүн цуглуулаад шийддэг асуудал биш гэж хэлж байсан. Гэтэл та болохоор манайхтай холбогдсонгүй, ярилцаагүй гэдэг зүйлийг яриад байдаг?
Биш ээ. Ярилцаагүй гэдэг нь зөвхөн надтай шүү. М.Тулгаттай ярьсан байж болно шүү дээ. Хуульчтайгаа ярилцах хэрэгтэй байхгүй юу? Аливаа компани, хуулийн этгээд хуульчаасаа эхлээд асуудаг юм байгаа биз дээ? Энд чинь хуулийн процесс явагдах гээд байна. Улсын Дээд Шүүх гэдэг чинь цаас, хууль, дүрэм, журмыг нь хардаг болохоос биш ямар “Тэнд 5000 хүн байгаа юм байна, зурагтаар Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гарсан юм байна, за за эднийх юм байна” гэж хэлэх юм уу?
Та өнгөрсөн долоо хоногт болсон "4 -11" хэвлэлийн хурлын үеэр "МАН-ын даргын зөвлөхийн хамаарал бүхий хүмүүстэй хамтран ажиллахгүй ээ!" гэж ярьсан. МАН-ын даргын зөвлөх нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга байх. Тэгвэл одоогийн АН-ын дарга гэж байгаа О.Цогтгэрэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ямар хамааралтай юм бэ?
Би мэдэхгүй байна. Би хуульч хүн учраас нотлох баримттай буюу ядаж нүүрээрээ харж, чихээрээ сонссон зүйлээ хэлнэ. Би жишээлбэл Норовын Алтанхуяг гэдэг хүнийг гайхдаг. Яагаад гэхээр тэр хүн бие даагчаар орж ирсэн. Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс Сүхбаатарын талбай дээр очоод суухад нь би шоконд орсон. Би Сүхбаатарын талбайн тэр үйлдлийг хараад үнэхээр гайхсан. Яагаад гэвэл хэдэн мянган хүн коронагаар өвдөөд, үхэж байхад би өрөөндөө Л.Оюун-Эрдэнэ зайл, Засгийн газар огцор, ковидоор нас барсан хүнд нөхөн төлбөр гээд 50 сая төгрөг төлөхгүй юм аа гэхэд ядаж оршуулгын зардлыг нь даагаач ээ гээд лайв хийгээд сууж байхад, түүнийг маань дэмжихгүй, зүгээр намайг дарга болго, намайг Ерөнхийлөгч болго гээд Сүхбаатарын талбай дээр тэрийгээд хэвтчихдэг.
АН-ын албан ёсны дарга нь улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичиг баримтаас харвал яах аргагүй С.Эрдэнэ. Гэхдээ бодит байдал дээр С.Эрдэнийг бүү хэл М.Тулгатыг ч АН-ын даргаар сонгогдсон гэж огт хүлээн зөвшөөрөхгүй, өөр хүнийг АН-ын даргаар сонгогдсон гэж үзэж байгаа маш их гишүүд байна.
С.Эрдэнэ дарга ажлаа өгчихсөн юм чинь энэ хүнийг авч хэлэлцэхгүй байж болно шүү дээ. Харин ч тэр хүн одоо ажлаа хурдан аваач гээд байж байна. Ер нь Ардчилсан намд нэг ийм зовлон байдаг юм аа. Жишээлбэл: 1998 онд Засгийн Газрыг огцруулчихаад дараагийн хүнийг нь тавихгүй байсаар байгаад Санжаасүрэнгийн Зориг агсан амь насаа алдаж байж эд нар хаширсан шүү дээ. Хаширах ч юу яахав энэ аюултай байдаг юм байна гэж ойлгосон. Тэгээд 2000 онд эд нар чинь бөөнөөрөө гудамжинд гараад тэр үеийн МАХН-ын дарга байсан Н.Энхбаяр гуайтай уулзаж, шоронд орохгүй байх визээ авч, зугтаад 2004 онд эргэж ирсэн хүмүүс шүү дээ. Түүн шиг өнөөдөр энэ зүйл юунд хүрэх гээд байгаа юм? Өөрөөр хэлбэл намын дарга болж болно. Гишүүн болж болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу л байх ёстой шүү дээ. Дарга больё гэвэл наад дүрмээ харчих. Яриад байгаа хуулиа харчих. Наад Улсын Дээд Шүүхийн шаардаад байгаа нөхцлөө харчих. Тэгээд тэнэг биш бол бүгдээрээ хуучин дарга С.Эрдэнэ дээрээ өгсөн гээд байгаа бичиг баримтуудаа баталгаажуулаад авчих. Тэр хүн би дарга болно гээгүй. Та нар ажлаа авахгүй байгаа юм чинь би л одоо байж байя даа гээд л байгаа шүү дээ. Та ажлаа өгсөн юм уу? гэхээр -Тийм ээ, би хуулийн дагуу М.Тулгатад өгсөн л гээд байгаа...
Та энэ бүхнийг надтай ярьж хуулийн хүрээнд шийдсэнгүй гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр хуулийн хүрээнд нь яаж шийдэх ёстой юм бэ? гэдгийг та товчхон дурьдвал?
Надтай ярьсангүй гэдгийг зарим хүн мушгиж магадгүй. Гэхдээ би өөрийгөө рекламдаж байгаа юм биш. Би 1997 оноос хойш бараг 20 гаруй жил энэ хуулийн салбараар явчихсан. Ц.Нямдоржийн хэлдгээр практиктай, онолтой хүн байхгүй юу. Дээр нь Монголд ямар нөхдүүд яг над шиг эрх баригч намыг салгаад, МАХН-ын бүртгэлийг хийсэн юм бэ? Энэ МАХН-ын бүртгэл хийсний буянаар Ардчилсан нам 2012 онд ялсан биз дээ? Эмч гээд авч үзвэл мэс заслын сайн эмч гэж байдаг. Шүдний сайн эмч гэж байдаг. Гэтэл шүдний эмч дээр оччихоод зүрхний мэс засал хий гэж яриад байж болохгүй биз дээ. Тэгэхээр эвлэрч болно. Гэхдээ бүх юм хуулийн хүрээнд байдаг болохоос хуульч хуульчдаа дургүй гэдэг шиг өөрсдөдөө доктор өгчихөөд худлаа юм яриад байна. Би бол нөгөө талын яриад байгаа залуучуудыг өрөвдөж байна. О.Алтангэрэл гээд манай доод курсын л хүүхэд.
Чи өмнө нь хэн байсан чинь хэнд ч хамаагүй. Өнөөдөр Ардын нам, маргааш Ардчилсан нам, нөгөөдөр Хувьсгалт намд орж болно.
Хүн итгэл үнэмшлээрээ сонголтоо хийх эрхийг чинь хүндэтгэж байна гэдэг нь ардчиллын мөн чанар.
Гэтэл тэр Д.Мөнх-Эрдэнийг онц их хурал дээр очиход нь яаж байгаа юм бэ? Ц.Нямдоржийн дүү нар тэр хүнийг зодоод байх шиг байна лээ. Цэндийн Нямдоржийн дүү нар гэж би ойлгосон. Араас нь өшиглөсөн хүнийг хальт харахад миний таньдаг гэмт хэрэгтэн байна лээ шүү дээ. Энэ гурван үсэгтэй газар суудаг. Суудаг гэдэг нь үүдэнд нь хэрэгт төвөгт орчих гээд суугаад байсан. Би гайхсан. Тийм новшийн үйлдэл хийж болохгүй. Би юунд гайхсан гэхээр Д.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед Ц.Нямдоржийн талаар нилээн сүрхий зүйл ярьсан...
Төгс хүн гэж хаана ч байхгүй. Би ч тэр, тэд ч алдаатай байж болно. Гэхдээ шүүх шийднэ гэдэг чинь хуульчид шийднэ гэсэн үг. Би тэр хуулийн нөхцөл байдлыг 100% хараад байна шүү дээ. Наад М.Тулгатын чинь зөв өө. М.Тулгат чинь намын дарга мөн. Хуучин даргаас тамгыг нь авч байж дараагийн дарга нь томилогддог. Жишээ нь: Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болголоо гээд У.Хүрэлсүх ч юм уу, хэн нэгэн нь тамгаа өгчихсөн байхад өөр хаа нэгтээ Г.Занданшатар би дарга болно гээд хэрэглэж болохгүй тамгыг нь аваад, тав, зургаан мянган хүн цуглуулаад түүнийгээ гоё байна гэж байгаа юм шиг л үйлдэл шүү дээ.
Энэ сэдвийн хүрээнд миний асуугаагүй, танд хэлэхийг хүссэн зүйл байна уу?
Яг үнэндээ бол би ганцхан зүйлийг л хүсэж байгаа шүү дээ. Өнөөдөр Монгол сөрөг хүчингүй болчихжээ. Яахав би өөрийгөө өмнөх парламентад сөрөг хүчин байгаад, том үйл ажиллагаа явуулж байсан гэж магтахгүй. Гэхдээ одоо бол надаасаа бараг долоон дор болчихжээ. Эцэст нь нэг зүйл хэлье. АН-ынхаан, одоо больцгоо. Зүгээр олон таван юмгүй Улсын Дээд Шүүхэд арай ойрхон, бичиг баримт нь хуулийн дагуу болчихоод байгаа Майнбаярын Тулгатыг намын даргаараа тавиад явах ёстой.
Баярлалаа.
Ярилцсан Н.Энхдэлгэр
Тарвагадорж · 2021/11/10
Энхбаяраа Бааастайхүүгээ аваачээ
Зочин · 2021/11/10
Шаглаж байна шүү. Мад болоогүй дээрээ ярилцая.
Жээмс Боонд · 2021/11/10
О.Баасанхүү бол МАХН-ын тагнуулч мөн.