Аялга муутай л бол англи хэлэндээ тааруухан юм байна гэх ташаа ойлголт бидний дунд байдаг.  Гэтэл бид аялга (accent), дуудлага (pronunciation) гэдэг зүйлс тэс өөр ойлголт гэдгийг тэр бүр мэддэггүй. Хэрэв англи хэлний дуудлага нь буруу байвал түүнийг сайжруулах хэрэгтэй, учир нь англи хэлэнд төстэй дуудлагатай ч утга ондоо үгс маш олон байдаг тул хэлэх гэсэн санаагаа зөвөөр ойлгуулж чадахгүйд хүрнэ. 

Харин аялга бол төрөлх хэл нь англи хэл биш хүн бүрт байдаг нийтлэг зүйл. Ихэнх тохиолдолд хоёрдогчоор англи хэл сурсан хүмүүс өөрийн төрөлх хэлний аялгыг үндсэн аялгаа болгон авч явах хандлагатай байдаг. Тийм ч учраас бид Француудыг, Энэтхэгүүдийг, Япончуудыг англиар ярихад ямар үндэстэн ярьж байгааг нь төвөггүй хэлж мэддэг. 

Түүнчлэн Америкийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг үндэстэн бүр угсаа, гарал үүслээсээ хамаараад өөр өөрийн аялга бүхий англи хэлээр ярьдаг. Тухайлбал Африкаас гаралтай хар арьстнууд (African American), Латин америкууд, Америкад төрж өссөн Азиуд бүгд өөр өөр аялгаар ярьдаг. Түүнийг бид царайг нь харахгүйгээр ямар үндэстэн англиар ярьж байгааг нь ялгаж мэдэж чадна.

 

Английн колони байсан Энэтхэг, Малайзуудын бичгийн англи хэл бол биширмээр мундаг, гэхдээ тэднийг англиар ярьж байгааг сонсоход хэн ч  цэвэр англи, америк аялгаар ярьж байна гэж хэлэхгүй. Мөн Францууд хэзээ ч аялгаа өөрчлөх гэж хичээдэггүй. Харин ч Франц аялгатай англиар ярьж байгаагаа бахархал болгох нь бий. Ийнхүү аялга нь тааруу байлаа гээд англи хэлэндээ муу юм байна гэж тэднийг дүгнэж хэрхэвч болохгүй. 

 

Харин манайхны дунд ямар ч аялгагүй, цэвэрхэн ярьж буй мэт харагдвал англиар мундаг ярьж байна гэж ойлгох хандлага ажиглагддаг. Үүнээс үүдэн зарим хүмүүс дүр эсгэн, хуурамч маяг үүсгэж ярих нь бий. Энэ нь хэлбэрт анхаараад байгаагийн илрэл. Уг чанартаа англиар сайн ярьж байгаа эсэхийг хэр зэрэг дүрмийн алдаагүй, мөн ямар түвшний үг сонгож ярьж байгаагаар нь дүгнэх учиртай юм. 

 

Гол нь хэлбэрт биш агуулгад л анхаарах хэрэгтэй. Ямар ч аялгагүй, цэвэрхэн ярьж чаддаг бол үнэхээр бахархалтай, гэвч заавал төгс байх албагүй юм. 

Ер нь бага зэрэг Монголжуу аялгатай ярьдаг байхад юу нь буруу гэж. Харин  ямар ч хэлийг ул суурьтай сайн суралцаж, академик түвшинд эзэмшиж чадвал илүү үнэ цэнтэй байх болно. 

Эцэст нь хэлэхэд гадаад хэлээр хэр сайн ярьж байгааг гадаад хэлэндээ өөрөө сайн хүн л хөндлөнгөөс бодитоор үнэлж чаддаг юм.

 

Н.Болортуяа