Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдөр нийт 24 асуудал хэлэлцсэн. 

Уламжлал ёсоор дархлаажуулалтын талаар мэдээлэл өгье. Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт 69.4, хоёрдугаар тун 65.9, гуравдугаар тунд 14 хувь нь хамрагдаад байна. 

Дархлаажуулалтыг идэвхжүүлснээр сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 8-11 мянган хүн гуравдугаар тундаа хамрагдаж эхэллээ. Орон нутгаас Завхан, Сэлэнгэ аймгуудад гуравдугаар тунгийн хамрагдалт хамгийн өндөр буюу 30-аас дээш хувьтай байгаа бол Дундговь, Ховд, Баян-Өлгий аймагт гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц 15-аас доош хувьтай байна" гэдгийг танилцууллаа. 

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанд

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,
  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
  • 2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээ,
  • Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах талаар зэрэг 24 асуудал хэлэлцсэн.

Шадар сайд С.Амарсайхан:

Монголоор дамжуулан татах байгалийн хийн хоолойн төслийг өнөөдөр танилцууллаа. Өнөөдөр хоёр улсан хамтарсан ажлын хэсэг хамтран ажиллаж байна.

ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг нь энэ хийн хоолойн төсөл юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тусгай зориулалтын компанийг байгуулаад байгаа ба инженер техникийн алба хаагчид байнгын байршиж ТЭЗҮ-г хийхээр ажиллаж байна.

Газпром компанийн удирдлагууд манай улсад ирж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон.

БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд хүртэл 962.5 км урт хийн хоолой татагдана. ТЭЗҮ 70 хувьтай байна. ТЭЗҮ энэ ондоо багтаж дуусаад стандартыг нь батлах ажил Монголд хийгдэж байна.

ТЭЗҮ дууссанаар инженер техникийн нарийвчилсан ажилдаа орно. Энэ ажил 2 жил үргэлжилнэ. 2024 он гэхэд барилгын ажил эхэлнэ.

Залгуулаад Засгийн газар хоорондох хэлэлцээрүүдийг байгуулна. Хэлэлцээрээр үнэ, үүргээ тохирно. Дамжин өнгөрөх хийнээс хэрхэн хэрэглэх талаар хэлэлцэнэ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө:

-Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдэд 3 хувийн зээл олгоно. Нийт 100 тэрбум төгрөгийн зээл олгохоос 81 тэрбум төгрөгийн зээлийг банкууд судалж дуусжээ. Өвлийн идэшний нээлттэй худалдааг нийслэлд 7 цэгт зохион байгуулна.Дундын нугалаа, үнийн нэмэлтгүй борлуулахаар зэхэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, 1000 машины зах гэх мэт 31 цагт идэш борлуулна.  Цаашдаа төрийн өмчит мах бэлтгэх компани байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Нарийн ногооны үнэ өнгөрсөн 7 хоногийнхоос буурсан.     

 

 нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хуралдаанаар авто замын түгжрэлийг бууруулах хувилбар, тэр дундаа автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах талаар хэлэлцжээ. Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоож болно гэж Засгийн газраас мэдээлэв.

Түүнчлэн хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглэх дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал ч дэвшүүлжээ. Үр дүн нь авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурах аж.

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх 420 тэрбум төгрөгийг нийслэлд үлдээсэн юм. Энэ мөнгийг түгжрэлийг шийдэхэд зарцуулна. Энэ хүрээнд нийт 9 ажил хийнэ. 6 байршилд 21 км зам тавина. Үүнд 354 тэрбум төгрөгийг 2024 он хүртэл зарцуулна.
  • Газар чөлөөлөх шаардлага бий. Үүний улмаас бүтээн байгуулалтын ажил хойшилдог. Хувь хүний өмч тул төр засаг хамаагүй газар ашиглах боломжгүй. 499 нэгж талбар газрыг чөлөөлөхөд 169 тэрбум төгрөг зарцуулна.
  • Бага тойрууд хамгийн их түгжрэл үүсдэг тул 2300 ширхэг төлбөртэй гарааш барина. 13 тэрбум төгрөг зарцуулна.
  • Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэхийн тул 30 байршилд 30 тэрбум төгрөгөөр авто замын инженерчлэл нэвтрүүлнэ.
  • Зам тээврийн нэгдсэн сүлжээ бий олох шаардлагатай. Энэ нь хүний оролцоог бууруулна. Үүнд 43 тэрбум төгрөг зарцуулна.          
  • Нийтийн тээврийн паркийг шинэчилнэ. Нийт автобусны 75 хувь нь буурсан. 500 шинэ автобус худалдаж авна.  
  • Гүүрэн тулгуурт тээврийг нэвтрүүлнэ. Үүний санхүүжилтийг 420 тэрбумаас гаргахгүй. Энэ ажил ирэх хавар эхэлнэ. Өнөөдөр энэ тээврийн трассыг хэлэлцлээ. 13 буудалтай, 500 мянган хүнд үйлчлэх тээвэр байна. Ирэх оны эхээр ТЭЗҮ-г боловсруулж, 2024 онд дуусгана. Эхний трасс Нисэхээс эхэлнэ. дараагийнх нь Толгойтос яваад Шархадны төвд очих юм.       
  • Дугуйн зам шинээр тавина.

Эдгээр төслийг хэрэгжүүлэх нэгжийг шинээр байгуулна. Энд өндөр боловсролтой, мэдлэг чадвартай хүмүүс ажиллуулна. Төслийн нэгжийн зардал 4.8 тэрбум төгрөг байх аж.  

Засгийн газар хотын хөгжилд түлхэц болох, чухал шийдвэр гаргалаа гэж хотын дарга онцлов. Мөн тэрээр "Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох эцсийн шийд гараагүй. Иргэдийн саналыг авахаар бид бэлдэж байна. ИТХ эцсийн шийдийг гаргана. Замын түгжрэлийг шийдэх амаргүй. Тэврийн хэрэгслийн тоо өссөөр байна. Хотын даац хэтэрсэн. Орон нутгаас нийслэлийг зорих иргэдийг буруутгах аргагүй. Хүн амын өсөлтийг зохицуулах ёстой. Тяньжинд саатсан 5000 чингэлэгт хуучин машинууд ч бий. Иргэд, ААН-үүдийн орлого ямар байгаа билээ? Иймд хүмүүсийн хуучин авто машины бизнесийг шууд хорьж болохгүй. Гэхдээ замын хөдөлгөөнд цагийн хуваарийн дагуу оролцуулах талаар бид судалж байна. Ерөнхий сайдад танилцуулна. Энэ шийдэл ч зарим иргэний эсэргүүцэлтэй тулах байх.

Яармагийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчих шийдвэр гараагүй. Яармагт хурдны шинэ зам тавина" гэв. 

 

Нийслэл хотод тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г боловсруулна

 

Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулах ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулж, ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үндсэн ба гол зам, замын байгууламж, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг “Хөгжлийн төсөл”-д хамруулахаар боллоо.

“Хөгжлийн төсөл”-д хамрагдах дээрх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зориулж Засгийн газраас, Хөгжлийн банкинд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, өрийн баталгааны шимтгэлээс чөлөөлнө.

 

2022 оны улсын төсвийн төсөлд автозамын түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл болох тулгуурт гүүрэн байгууламж барьж байгуулахтай холбоотой ногоон зээл авах, түүнтэй холбоотой хувь нийлүүлсэн компани байгуулах, хөрөнгийг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар нарт даалгалаа.           

     

 

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулна

 

 

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглал, ил тод байдал, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтээр жил бүр ил тод үнэлэн, цаашид сунгах эсэхийг шийддэг болох, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага бүрийн ажлын байрны тодорхойлолт, туршлага, томилсон тогтоол шийдвэрийг олон нийтэд нээлттэй байршуулах, цаашид нээлттэй сонгон шалгаруулж, сонгон шалгаруулсан үндэслэлийн талаарх бүхий л тайлан мэдээллийг ил тод болгох арга хэмжээг энэ сард багтаан хэрэгжүүлэхийг даалгав.

Шинээр өр төлбөр үүсгэх, үнэт цаас гаргах харилцааг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байх, стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр гаргах бол Засгийн газрын түвшинд танилцуулж, шийдвэрлүүлэх, Засгийн газрын шийдвэргүйгээр компани байгуулахгүй байх, дамжуулан зээлийн өр төлбөрийг төсөвтөө тусган, эргэн төлөх төлөвлөгөө, хуваарийг батлан хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах аливаа зардлыг үйл ажиллагаа, зорилтод нийцүүлэн хэрэгжүүлнэ.

 

Санхүүгийн тайл анг дэлгэрэнгүй ил тод мэдээлэх, санхүүгийн голлох үзүүлэлт, худалдан авалт, удирдлагын шийдвэр, аудитын дүгнэлт, төсөвт төлсөн татвар, бусдаас авсан болон бусдад өгсөн хандив, тусламжийн мэдээллийг 2021 онд багтаан цахим хуудсанд нээлттэй байршуулж олон нийтийн хяналт тавих боломжийг бүрдүүлнэ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн ашигт үйл ажиллагааг сайжруулах, үр ашигггүй зардлыг бууруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах оновчтой болгох чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх, дүрмийг шинэчлэх, шаардлагагүй охин, хараат компанийг татан буулгах, нэгтгэх, нийлүүлэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

 

 

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна

 

Нийслэл Улаанбаатар хотод хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт  дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.  

Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хот 2040 он гэхэд нийт хог хаягдлын 50 хувь буюу дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулалтад оруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч гарган, төвлөрсөн хогийн цэгийн ландфилд дарж булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зорилт тавьж ажиллаж байна.

 

Эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ

 

Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.  

Ковид-19 цар тахлын улмаас манай улсын эдийн засаг сүүлийн 30 жилд байгаагүй түвшинд унаж, цар тахлаас өмнө дэвшүүлсэн урт болон дунд хугацааны зорилтод хүрэхэд нэмэлт хүндрэл бэрхшээлтэй болсон тул эдийн засгийн гол хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж шийдвэрлэхэд чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлэх нэн шаардлага үүсээд буй. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, ажиллах хүчний оролцоо, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарыг энэ сард багтаан боловсруулна. Бодлогын төслийн хамрах хүрээг эдийн засгийн суурийг тэлэх, өсөлтийн үр шимийг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтын хүрээнд боловсруулж байна.

 

Коронавируст халдварын тохиолдол буурч, нэмэлт тунд хамрагдах иргэдийн тоо өсчээ

 

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Коронавирст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 8987 тохиолдлоор буурчээ. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулалт нэмэгдэж байна. Өдөрт 1000-1500 хүн нэмэлт тунд хамрагдаж байсан бол сүүлийн өдрүүдэд өдөрт 8-10 мянган хүн хамрагдаж байна.

“Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 1,2 сая уут, сав баглааг БНХАУ-ын тусгай үүргийн онгоцоор 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд татан авсан. Мөн энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирчээ.

Энэ сарын 1-9-нд төмөр замын Сүхбаатар боомтоор нийт 12 вагон хүнсний ногоо, ургамлын тос, 63 чингэлэг, 23 вагон бусад хүнсний ачаа, Замын-Үүд боомтоор долоон вагон нарийн ногоо, 94 чингэлэг, 36 вагон хүнсний ачаа хүлээн авсан байна.

Хятадын төмөр замд таван вагон нарийн ногоо, 17 вагон хүнсний ачаа татан авахаар ачуулсан талаар Шадар сайд танилцууллаа.

 

Танилцуулгатай холбогдуулан коронавируст халдвар болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол, тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн дотоодын үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэнд, Сангийн сайд нарт даалгалаа.

 

Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 20-ноос эхэлнэ

 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд 15 аж ахуйн нэгжийн 10 мянган тн мах бэлтгэх санхүүжилт бүрэн шийдэгдсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5500 тн мах бэлтгэж, нөөцлөөд байна.

Энэ сарын 20-ноос ирэх сарын 20-нд махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд ажиллана. Өргөтгөсөн арга хэмжээний үеэр идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг зохион байгуулах ажээ.

 

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар танилцуулав

 

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж ажиллах, байгалийн хий нийлүүлэх магистраль шугамнаас Монгол Улс өөрийн дотоодын хийн хэрэглээгээ авах эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Оросын талтай тохиролцох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайдад даалгалаа.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн өнгөрсөн сарын 22-нд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд “Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов энэ онд багтаан хий дамжуулах хоолойн Монголын хэсэг дэх барилгын төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгахаа мэдэгдсэн юм.

Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих, ашиглах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, гурван улсыг дамнасан дэд бүтцийн том бүтээн байгуулалт болно.

 

Товч мэдээ

 

·      Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·      Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмыг шинэчлэн батлав.

·      Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам баталлаа.

 

·      2021 оны аравдугаар сарын 13-15-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан Зөвлөлийн ээлжит III хуралдаанаас гаргасан шийдвэрийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг хамтарсан Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа.