"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн импортын бараагаа татваргүй оруулдаг байсан гэх зөрчилд Гаалийн ерөнхий газраас оногдуулсан 79.5 сая төгрөгийн торгуулийн маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ.

Шүүх бүрэлдэхүүний зүгээс хэргийг хэлэлцээд “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт 79.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан нь зөв үзсэн юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн гурван шатны шүүхэд хандан заргалдсан ч Гаалийн ерөнхий газрын улсын байцаагчдын шийтгэлийг шүүхээс ийн зөв гэж үзэн, тус нийгэмлэг улсад 79.5 саяын торгууль төлөхөөр боллоо.

Эл хэргийг эргэн сөхвөл, "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгт холбогдох импортын бараагаа гаальд мэдүүлэлгүйгээр буюу татваргүй хилээр оруулдаг байсан юм.

Гаалийн ерөнхий газрынхан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт гаалийн бүрдүүлэлтийн шалгалт явуулж, гаальд мэдүүлэлгүйгээр буюу зарим импортын барааг татваргүй хилээр оруулдаг байсан зэрэг санхүүгийн зөрчил илрүүлэн, 79,5 сая төгрөгийн торгууль оногдуулсан байдаг юм. Харин энэ торгуулийн арга хэмжээг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн эсэргүүцэж, шүүхэд хандсан ч өмнө нь хоёр шатны шүүхэд ялагдаж байсан ч өнөөдөр дээд шүүхээс төлөх нь зөв гэсэн шийдвэрийг сонслоо.

Х.Даваа