Б.БАДРАЛ

Шатахууны үнийн өсөлт манай бүхий л бараа бүтээгдэхүүнд шууд нөлөөлдөг болоод удаж байна. Учир нь бид шатахууны хувьд импортоос 100 хувь, тэр тусмаа хойд хөршөөсөө 98 хувь бүрэн хамааралтай. Сонгуулийн жилүүдтэй холбоотойгоор яг үнэндээ шатахууны үнийг 100 хувь төр хянаж байсан ч энэ жилийн хувьд дэлхийн зах зээлийн үнэ болоод бусад хүчин зүйлээс шууд шалтгаалж, литр шатахууны үнэ хоёр ч удаа тус бүр 300 төгрөгөөр нэмэгдлээ.

Цаашид ч нэмэгдэх нь тодорхой байгааг үгүйсгэх аргагүй. Уул уурхайн сайд Г.Ёндон  удаа дараа “Шатахууны үнэд цаашид төр оролцохгүй” хэмээн албан ёсоор хэлсээр байгаа юм. Хамгийн гол нь иргэдийн нуруунд үнийн шок үүсгэхгүй, зах зээлийн зарчим руу нь шилжүүлэх оновчтой арга хэрэгслийг сонгох талаар салбарын яам болон импортлогч компаниуд ажиллаж байгаа гэж байв.2021 оны хувьд зөвхөн АИ92 шатахууны үнэ 71 хувиар нэмэгдсэн гэсэн статистик бий. Харин импортлогч компаниуд өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг тогтвортой барьснаар  70 шахам тэрбум төгрөгийн алдагдал үүрээд байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэлдээ дурдаж байсан.

АИ92 шатахуун бол дэлхийн олон оронд хэрэглээнээс хасагдсан ч манай улсын шатахууны хэрэгцээний 28 хувийг эзэлсэн хэвээр байгаа юм. Өнөөдөр бид 2050 төгрөгөөр литр шатахуун авч байгаа ч импортлогч компаниудын ашгийг тооцолгүй зөвхөн өөрийнх нь өртгийг тооцож үзвэл 2396 төгрөгт хүрч байгааг захын хүн тооцоолж чадна хэмээн мэргэжлийнхэн хэлж байна. Цаашдаа шатахууны үнийг төрөөс барьсаар байвал алдагдал зуу зуун тэрбумаар нэмэгдээд явах нь.

Харамсалтай нь, шатахууны үнийг барьж эдийн засгаа сэргээсэн улсын жишээ гэж лав үгүй. Харин үнэ барих гэж хичээснээр төрийн үүрдэг алдагдлыг хэдэн тэрбумаар нэмсээр эцэстээ үнэ чөлөөлөхөөс өөр гарцгүй болсон жишээ цөөнгүй. Аргентин гэхэд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс импортлогч орон болсон. Учир нь шатахууны үнийг төрөөс барих чанга бодлогын улмаас үйлдвэрээ дампууруулж, экспортын бүтээгдэхүүнээ импортынх болгожээ. Харин Монгол Улс 2025 онд нефть боловсруулах үйлдвэртэй болчих гээд зүтгээд байгаа. Гэвч өнөөдөр үйлдвэрийг хангах түүхий эд, бүтээгдэхүүний гарц үнийн талаар төдийлэн хөндөхгүй хэвээр байна. УУХҮЯ-наас Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бүтээгдэхүүний үнийг өнөөдрийн үнийн бодлоготойгоо уялдуулах ёстой хэмээн нэгэн уулзалт дээр хэлснийг онцлох нь зайлшгүй.

Мэдээж төрөөс “Үнэ чөлөөлж байна” гээд өнөөдөр мэдэгдчихвэл маргааш ямар үр дүн гарахыг таашгүй.Тиймээс олон улсын санхүүгийн байгууллагуудын санал болгодог төр оролцохгүй үнэ тогтоох аргачлалуудыг нарийн судлах нь зайлшгүй. Хамгийн гол нь иргэд сөхрөөд уначихгүй, ачааллыг тэнцвэржүүлэх нь юу юунаас чухал байгаа юм.

Нэг удаа өсөхдөө үнийн таван хувиас хэтрэхгүй гэсэн тааз тогтоож болдгийг УУХҮ-ийн сайд ч хэлж байсан. Өөр нэг арга нь стратегийн нөөц бүрдүүлэх гэдгийг олон улсын жишгээс харж болно. Харин манай улсын хувьд сарын ч нөөц бүрдүүлж чаддаггүй гэдгийг өнгөрсөн есдүгээр сард болсон шатахууны хомсдолын үед бид харсан. Хэдийгээр албаныхан болоод импортлогчид 45 хоногийн нөөцтэй гэж байсан боловч ОХУ анхааруулсаар байтал шатахуун хомсдолд орчихсон нь хангалттай нөөцтэй байж чадаагүй гэдгийн том жишээ болсон. Шатахуун стратегийн бүтээгдэхүүн хэмээн өнгөрсөн жилүүдэд хангалттай ярьсан ч нөөцийн агуулах савны талаар улс ч импортлогчид ч төдийлэн онцолдоггүй.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “ Монгол Улсын хэмжээнд газрын тосны шатах тослох материалын 120 мянган тонн агуулахтай. Өөрөөр хэлбэл, улсынхаа сарын хэрэглээг ч нөөцлөх агуулах сав байхгүй гэсэн үг” гэж ярьсан байдаг. Үнэхээр “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгийг юун түрүүнд энд дурдах хэрэгтэй.Дэлхийн зах зээл дээр цаашид газрын тосны үнэ төдийлөн нэмэгдэхгүй гэдэг таамгыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд хийж байгаа ч энэ нь цөөн хэдэн улсаас шалтгаалдгийг мартаж болохгүй.

Газрын тос, шатахууны стратегийн агуулахтай болох нь ямар ашигтай талаар нэг жишээ сонирхуулъя. Хоёр өдрийн өмнө Хятад ба Америкийн удирдагч нарын онлайн уулзалтын үеэр АНУ-ын тал нь Хятадад газрын тосны стратегийн нөөцүүдээ хамтран чөлөөлж, дэлхийн зах зээл дээрх үнийг нь унагахыг санал болгосон тухай “South China Morning Post” мэдээлсэн.

Яг энэ асуудлыг хоёр удирдагчийг уулзахын өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар утсаар ярихдаа хөндсөн юм байна.

Энэ хоёр улс хэдий хэмжээний стратегийн нөөцтэй байдаг вэ?

АНУ-д 727 сая баррель газрын тосны стратегийн нөөц бий. Харин БНХАУ-ын газрын тосны стратегийн нөөц нь 200 сая баррель. Иймд энэ хоёр нь нөөцөд байгаа газрын тосоо хамтран зах зээлд гаргаад ирвэл дэлхийн зах зээл дээрх үнэ мэгдэхүйц унана гэдэгт шинжээчид санал нэг байна. Ямар ч байсан Вашингтон нь Бээжин ямар шийдвэр гаргахыг хүлээлгүйгээр дараа жилийн эхнээс стратегийн нөөцөөсөө зах зээлд гарган борлуулж эхлэхээр шийдсэн тухайгаа ирэх долоо хоногт албан ёсоор зарлах гэж байгаа аж. Хятадын тал ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа ч Хятадын нийгмийн ухааны академийн шинжээч Ван Юнчжун “Гүйцэтгэлийн хувьд газрын тос баррель нь 80 доллар хавьцаа байхад Хятад тэгэх онц шаардлага байхгүй. Харин АНУ-ын хувьд өндөр инфляцаас болоод зайлшгүй шаардлага бий. Ямартаа ч хоёр улс нь томоохон хэрэглэгчдийн хувьд түүхий газрын тосны үнийг доогуур байлгах адил сонирхолтой” гэжээ.

Бидэнд Хятад эсвэл АНУ шиг дэлхий зах зээлд нөлөөлөх хэмжээний стратегийн нөөц хэрэггүй нь мэдээж. Зүгээр л онц шаардлагатай үед  нэг сар эсвэл 31 хоног бус харин 90 хоног гүрийгээд дотоодын зах зээл дээрх үнийг огцом өсөлтөөс сэргийлэх боломжтой байхад хангалттай баймаар. Улс орнууд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буухад худалдан авч нөөцөө нэмээд өсөх үеэр нөөцөөсөө зарж, дотоодын зах зээлийг үнийн өсөлтөөс сэргийлж байдаг.

Жишээлбэл, энэ оны наймдугаар сард газрын тосны үнэ өсөж эхлэхэд АНУ-ын эрчим хүчний яам нь стратегийн нөөц (SPR)-өөс 20 сая баррель газрын тос худалдсан. Олсон орлогын тодорхой хэсгийг газрын тосны агуулахыг сайжруулан шинэчлэхэд зарцуулаад үлдсэн хэсгийг анагаах ухааны салбарын судалгаа гэх мэт Засгийн газрын бусад хэрэгцээндээ зориулсан байдаг. Тэгэхээр бидний хувьд ч шатахууны үнийн огцом нэмэгдэл, хомсдолоос сэргийлэхийн тулд энэ асуудал анхаарал хандуулах нь чухал байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН