Унадаг дугуйгаар амьсгалсан амралтын өдөр болж өнгөрлөө
2014/05/18
Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд өчигдөр Чингисийн талбайд “Унадаг дугуйн парад” зохион байгууллаа. Парадад 700 орчим дугуйчин оролцсон бөгөөд бага насны хүүхдүүдээс ахмад настай хүртэлх бүх насныхан мөн гадаадын иргэд ч идэвхтэй оролцлоо.
Дугуйтай парад 12 цагт Чингисийн талбайгаас хөдөлж Баруун дөрвөн зам хүрээд эргэн төв талбайд ирцгээсэн юм. Энэ үеэр төв замын хөдөлгөөнийг түр хааснаар дугуйчид гэрлэн дохион дээр зогсолгүйгээр аялах боломжоор хангагджээ. Зуны дугуйн нээлтийг МЗХ, Атилла, cannondale Mongolia, Залуу дугуйчин клуб, Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран зохион байгуулсан байна.
Энэ үеэр МЗХ-оос унадаг дугуйтай холбоотойгоор цаашид зохиох олон арга хэмжээнд залуучуудаа идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриаллаа. Мөн бямба гарагт МЗХ-ны дэргэдэх аялал жуулчлалын корпораци, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан “Унадаг дугуйтай болзоо” гэр бүлийн дугуйтай аяллыг зохион байгуулсан бөгөөд 30 гаруй гэр бүл хамрагдаж Жаргалантын аманд амралтын нэг өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхээс гадна үе тэнгийн бусад гэр бүлтэйгээ танилцаж, гэр бүлийн лекц сонсож, хөгжөөнт тоглоом тоглон амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалаар дүүрэн өнгөрүүлжээ.