Японд тархсан коронавирусний дельта хувилбарын бүтцийн бус уургуудын нэгэнд хэт олон мутаци үүсэж, “өөрийгөө засах чадварыг нь үгүй хийж”, улмаар уг хувилбар “өөрөө устахад” хүрсэн байж болзошгүй гэж тус улсын Генетик судлалын үндэсний хүрээлэн болон Нийгата их сургуулийн эрдэмтэд үзэж байна.

“Японд коронавирусний “дельта” хувилбар бусад хувилбараасаа маш хурдтай тархсан. Гэвч мутаци хуримтлагдсанаар уг хувилбар өөрийгөө хувилж, үржих боломжгүй болсон гэж бид таамаглаж байгаа. Шинэ тохиолдлын тоо буурч байгааг харгалзан үзвэл вирус байгалийн жамаар устах шатандаа орсон гэж бид үзэж байна” гэж судалгааны багийн ахлагч, профессор Ицүро Иноүэ “The Japan Times” сонинд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.

Дельта хувилбарын өөрчлөлтийн нэлээд хэсэг нь “SARS-CoV-2” вирусний “алдаа, сул талуудыг засах чадварыг" хариуцдаг бүтцийн бус уураг болох “nsp14”-ийн “A394V” хэсэгт гарсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

11 дүгээр сарын 21-ний байдлаар Японд 1 726 830 хүн коронавирусний халдвар авчээ. Ням гарагт халдварын 143 шинэ тохиолдол илэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус улсын хүн амын 75.7 хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагджээ.

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг