Сүүлийн үед гэмт хэргийн гаралтын тоо нэмэгдсээр байна. Өнөөдөр нийгэмд замбараагүй байдал үүсээд буйг гэмт хэргийн гаралтын тоо харуулж байна.

Халаасны хулгай дээрмийн хэрэг энгийн нэгэн үзэгдэл болж, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг далд байсан бол ил болон гаарч байна. Гэр бүлийн хүчирхийллээр хүүхэд эмэгтэйчүүд хохирч үлдэж байна. Архидалт хардалтаас болж эхнэр хүүхдээ зодох бүр цаашлаад амь насанд нь хүрэх тохиолдол ар араасаа хөвөрсөөр байгаа юм.

     Эхнэрээ дарамталж, зодох хүнд гэмтэл учруулах бүр цаашлаад аминд нь хүрсэн тохиолдол ар араасаа гарсан. Үүнээс болж хүүхдүүд өнчирч байгаа бөгөөд эцэг эхийн дарамтнаас болж насанд хүрээгүй мөртлөө биедээ ахадсан ажил хийж байгаа нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг. Энэ мэтчилэн хүүхдийн хүчирхийллийн хэрэг ихээр гарах боллоо. Тэдний эрхийг хамгаалахгүй бол цаашдаа хэн ч тэднийг хамгаалж чадахгүй бололтой. Хамгаалж, тайван байдалд өсгөж хүмүүжүүлэх эцэг эх нь ийн дарамт үзүүлж хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Тиймээс тэдгээр хүүхдийн эрхигй ноцтойгоор зөрчиж буй өөрсдийнгөө эцэг эх хэмээх нэрийдэх мангасуудад арга хэмжээ авч эцэг эх байх эрхийг нь хасах хэрэгтэй мэт.

   Ямар ч адгуус амьтан өөрийн үр зулзагаа хэн бүхнээс харамлаж хайрладаг боловч хүн гэдэг амьтан адгуус малнаас дор ухамсартай болжээ. Саяхан гэхэд өөрийн эхнэрээ хэрцгийгээр зодож аминд нь хүрч, үүгээр зогсоогүй хүүхдүүдээ хүртэл шатаасан аймшигт хэрэг гарсан. Тодруулбал: Булган аймгийн Орхон сумын Хөшөөт багийн иргэн н.Ёндон гэгч өөрийн хүүхдүүдээ машиндаа түгжиж шатаасан хэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гарсан.

 

   Тэрээр өөрийн төрсөн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн машиндаа түгжиж улмаар бензин цацаж байгаад шатаасан байна. Уг хэрэг Булган аймгийн Орхон сумын нэгдүгээр баг “Хөшөөт” гэдэг газар үйлдэгдсөн бөгөөд өглөөгүүр 07-08 цагийн үед гарсан аж.

 

  Цагдаа нар 10:00 цагийн орчимд дуудлага хүлээн авч хэргийн газарт очжээ. Хоёр хүүхдээ шатаасан гэх иргэн Ё-нь хэрэг үйлдэх үедээ согтуу байсан бөгөөд хажуу айлын залууг хониндоо явуулчихаад, эхнэрээ зодож хөөсөн байна. Үүний араас дээрх аймшигт хэргийг үйлджээ. Эхнэр болох А-нь айсандаа саахалт айлдаа нуугдаж байх үед уурандаа багтарсан эр, алгын чинээ хоёр хүүхэддээ бухимдлаа гаргаж, тэднийг машиндаа хийж түгжиж байгаад бензин цацаж шатаасан аймшигтай хэрэг гарсан.

 

   Иргэн Ё-нь энэ хэргийг санаатай үйлдсэн гэсэн дүгнэлтийг албаны хүмүүс урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Ё-г тус аймгийн цагдаагийн газрынхан баривчилсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, мэдүүлэг авч эхэлжээ. Энэ мэтчилэн аймшигт хэрэг ар араасаа гарсаар байгаа. Хүүхдүүд ямар буруу зүйл хийсэн гэж ийн эцгийнхээ гарт амиа алдаж байна вэ? Хүүхэд гэдэг бол гэр бүлд аз жаргал авчирагч сахиусан тэнгэр билээ. Гэвч хүүхдийг юман чинээ боддоггүй уураа барих чадваргүй адгуусаас дор авиртай ухамсаргүй дорой нэгэн ийн хүүхдийн эрхийг зөрчиж бүр аминд нь хүрч байна.

 

   Манай улсад хүүхдээ зодсон тохиолдолд хэн ч ямар ч арга хэмжээ авдаггүй. Эцэг эх нь би өөрийнхөө хүүхдийг яаж хүмүүжүүлэхээ өөрөө мэднэ гэж том дуугарах нь ч бий. Нялх бяцхан үр нь тэдэнд аз жаргал авчирах гэж ирсэн болхоос гарын шүүс болох гэж ирээгүй байлтай. Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах газрууд хангалттай ажиллаж чадахгүй байгаа бөгөөд хуулийн заалтууд сул байгааг харуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлж байна.

 

   Судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хувийг асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй ба хүүхдийн осол гэмтлийн улмаас нас барах тохиолдол хөгжил буурай болон хөгжиж байгаа оронд 3,4 дахин их байна. 2012 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр осол гэмтлийн өвчлөлийн тохиолдлын 27.9 хувь нь 19 хүртэлх насны хүүхдүүд ба бүртгэгдсэн осол гэмтлийн тохиолдлын тэргүүлэх шалтгаанд бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл 10000 хүүхдэд 321.2, зам тээврийн осол гэмтэл 42.9, 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт 154.4 байна.

 

    2014 оны эхний 4 сарын байдлаар эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдэд тавих анхаарал, халамж сул, хариуцлагагүй байдал, хүүхдийг хормын төдий эзэнгүй орхисноос хүүхэд халуун цайнд түлэгдэх, савтай усанд унах, гадаа жорлонд ойчих, мөн хөхөөр дарж бүтээх, зодож гэмтээх зэрэг шалтгааны улмаас 5 хүртэлх насны 29 хүүхэд нас барсан байна.  Энэ мэтчилэн хүүхдүүд хэдэн зуугаараа дарамт шахалтад амьдарч зарим нь хорвоог орхиж байна. Хүүхдүүд тэнгэрээс ирсэн сахиусан тэнгэр болхоос тэнэгүүдийн гарын шүүс болох гэж ирээгүй. Тиймээс нийгэмд газар авсаар буй энэ асуудал холбогдох байгууллагууд анхааралаа хандуулан хуулийн заалтаа чангаруулж хүүхдийн эрхийг хамгаалцгаая.

Ч.Гэрэлтуяа