АН-ын дарга гэх УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.

Ардчилсан намын хувьд түүхэн ойн өдрүүд үргэлжилж байна. Харамсалтай нь талцал, хуваагдлын дунд хоёр талд баяраа тэмдэглэж байна. Өнөөдрийн Ардчилсан намын алдаа, оноог дүгнэж цэгнэвэл?

 

Ардчилсан хувьсгалын 32, ардчиллын төлөөх намууд нэгдсэний 21-н жилийн ой тохиож байна. 21-н жилийн ой бол онцлогтой болж байна. 2000 оны сонгуульд ардчиллын төлөө намууд таван хэсэг болж ороод УИХ-ын 76 суудлаас ганцханыг авч байсан. Түүндээ дүгнэлт хийж таван нам нэгдээд 2004 оны сонгуульд бараг ялсан байдаг. Тэгэхээр 21 жилийн дараах эдгээр өдрүүд бол АН түүхээсээ сургамж авч, засч сайжруулах, эв нэгдэл, бүтэн ардчиллын тухай яриа өрнүүлэх ёстой өдрүүд болж, үргэлжилж байна. Тийм учраас бид баярлахаас илүүтэй ардчилсан үнэт зүйлс, Ардчилсан намын түүхийн сургамж, сорилт, алдаа оноо, ирээдүйн тухай ярилаа. Энэ өдрүүд бол үнэхээр хариуцлагатай, чухал өдрүүд гэж би үзэж байна. 

 

С.Эрдэнэ таныг АН-н дарга байх эрх зүйн ямар ч боломжгүй гэж хэлсэн. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн сонгууль болон  УИХ-ын нөхөн сонгуульд С.Эрдэнэ даргатай АН-ыг бүртгэж оролцуулсан шүү дээ. Мөн та бүхэн холбогдох материалаа Улсын дээд шүүхэд хүргүүлээд байгаа. Асуудал хаашаа эргэх бол?

 

Ардчилсан намд дотоод асуудал байгаа нь үнэн. Зарим хүмүүс шиг асуудал байхгүй гэж гоёчилж хэлэхгүй. Улсын дээд шүүх АН-ын дотоод маргаантай холбоотой асуудлаар АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх дарга алга. Тиймээс хүчин төгөлдөр хурлаа хийгээд материалаа ирүүл гэдэг тогтоол, шийдвэрийг л бид нарт удаа дараа өгдөг. Ингээд бид сая 11 сарын 5-нд хүчин төгөлдөр, намын дүрэм журмын дагуу орон нутгийн төлөөллөө оролцуулж асуудлаа шийдээд, Улсын Дээд шүүхэд материалаа өгсөн байгаа. Аливаа нам гэдэг компани, дарга, эзэн биш.

 

 

Нам бол олон хүний нэгдэл. Олонхи хаана байна түүний дагуу асуудал шийдэгдэх ёстой гэж боддог. Бид Улсын дээд шүүхийн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлнэ.

 

 

 

Удахгүй АН дээд шүүхээр асуудлаа шийдүүлээд, шийдвэр бидний талд гарч, нэгдэн нягтраад ажиллана гэдэгт миний хувьд бүрэн дүүрэн итгэлтэй байна. Ардчилсан намынхаа үнэт зүйл, маргаашийн үйл хэрэг, ирээдүйг л ярихаас бус дотоод хэрүүл, маргааныг хөндөхийг хүсэхгүй байна. Яагаад гэвэл асуудал шийдэгдчихсэн гэж миний хувьд үздэг учраас. 

11 сарын 5-ны хурлын дараа та бүхэн асуудал шийдэгдсэн гэж мэдэгдсэн боловч С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан Үндэсний анхдугаар чуулган хийж, баяраа тэмдэглэж байна. Асуудал шийдэгдээгүй л байна даа. 

Асуудал байгаа нь үнэн. Гэхдээ тэнд ч гэсэн Ардчиллын төлөө хэсэг нөхөд маань бас баяраа тэмдэглээд яваг л дээ. Юу нь буруу байгаа юм бэ. Бүр сайхан хийгээч дээ. Сайн л биз дээ. Би ингэж л бодож байна. 

 

Та бүхний ард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг байдаг гэж С.Эрдэнэ манай сайтад өгсөн ярилцлагандаа хэлсэн. Үүнд тайлбар өгөөч?

 

Тийм үлгэр зохиодог, түүндээ итгэдэг, өөрөө итгэхгүй байсан ч олон нийтэд үнэн юм шиг ярьдаг, домог үүсгэдэг, хуучирсан, баларсан улс төрөө өөрийн үеийнхэнтэйгээ хийгээрэй. Бид бол бодит баримтан дээр асуудлаа яриад явдаг үеийнхэн. Бидний хувьд чиний яриад байгаа хүн бол дайсан биш ээ. Бидний нөхөр. Асуудал шийдэгдэж, бид нэг талд гараад намынхаа үйл хэрэг, үзэл санааны төлөө хамтдаа зүтгээд явна гэдэгт бол би итгэлтэй байдаг. Журмын нөхөддөө, ардчилалд хайртай Монголчууддаа, Ардчилсан намынхаа гишүүд, дэмжигчиддээ, тэр тусмаа чиний нэр дурьдаад байгаа С.Эрдэнэ даргатай хамт байгаа нөхдүүддээ Ардчилсан намынхаа  байгуулагдсаны 21-н жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

 

Ардчилсан Намын зарим лидерүүд АН ямар ч хамаагүй аргаар нэгдэх хэрэгтэй гэдэг бол зарим нь ус, тос шиг ялгарлаа, энэ чигээрээ явах нь зүйтэй гэж үзэж байна. Таны байр суурь?

 

Би үргэлж эв нэгдлийн төлөө явж ирсэн. Өнөөдөр ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн өдөр шүү дээ. Ардчилсан нам дотоод маргаанаа зогсоогоод, нэгдэн нийлж 2024 онд нам, төр нь ялгарахаа байсан өнөөгийн эрх баригчдын тогтолцооны эсрэг тэмцэх ёстой л гэж боддог. Бидэнд үзэл санааны ямар ч ялгаа байхгүй. Бид бүгд баруун төвийн үзэл санаа, жижиг төр, чинээлэг иргэний төлөө гараа өргөж яваа ийм л Монгол улсын жирийн иргэд шүү дээ.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.

 

 

Баярлалаа.

 

 

Ярилцсан Ч.Явуухүү