Бээжингийн өвлийн Олимпийн тоглолт тун удахгүй 2022.02.04-20-нд болно.

Бээжингийн төвд: нээлт, уран гулгалт, шорт-трек, хоккей, керлинг, тэшүүрийн тэмцээнүүд, Бээжингээс баруун хойно орших Яньзин дүүрэгт уулын цана, бобслей, чарга, скелетонын тэмцээнүүд, Чанзякоу хотод уулын цана, трамплины харайлт, биатлон, фристайл, сноубордын тэмцээнүүд тус тус болох аж.

Нээлт мэдээж хэрэг “Шувууны үүр”-т болох ба энэ нь 91 мянган хүний багтаамжтай. Сониноос Олимпийн нээлт хятадын Цагаан сартай давхцаж байгаа. Зохион байгуулагчид Цагаан сар, Олимпийн элелентүүдийг нэгтгэсэн өвөрмөц баяр болгохоор бэлтгэж байгаа гэнэ.             

Олимпийн бэлэгдэл нь Бин Дунь Дунь нэртэй панда байх бөгөөд энэ нь сансрын маягийн хувцастай.

Ингээд хүн төрөлхтний нэгэн сайхан баяр цэнгэл, бид бүхний шохоорхон үздэг гайхамшигт  тоглолтын бүх зүйл бэлэн болжээ…

 

Бас л бойкот

 

Гэтэл энэ 12 дугаар сарын 06-нд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псака Бээжингийн өвлийн Олимпийн тоглолтод дипломат хориг тавьснаа зарлаж: “Хятад улс Шинжаанд харгислал явуулж, хүний эрхийн бусад зөрчил гаргаж байгаа учир Бээжингийн Өвлийн болон Паралимпид дипломат болон албан ёсны төлөөлөгчдөө явуулахгүй” гэж мэдэгдэв.         

Үүнийг Канада, Англи, Австрали дэмжсэн ба эдгээр орнууд саяхан байгуулагдсан шинэ AUKUS холбооны гишүүд бөгөөд энэ холбоо нь Өмнөд-Хятадын тэнгис дэх Хятадын нөлөөг сөрөн зогсох цэрэг-улс төрийн зорилготой. Харин энэ холбоонд Канад ороогүй хэдий ч хэнийг дагадаг нь угаасаа ойлгомжтой. Мөн Япон бойкотыг дэмжиж байгаа...

Ингээд эдүгээ дэлхийгээр дүүрэн Бээжингийн өвлийн Олимпийг тойрсон улс төрийн хэрүүл дэгдэв.    

Ер нь бол орчин үеийн Олимп бий болсон үеэс авахуулан түүнийг бойкотлох хөдөлгөөн эхэлсэн ба энэ одоо болтол тасраагүй байна. 

Бойкотын цар хэмжээ, нөлөө хэд хэдэн түвшинтэй. Ганц нэг хүн, ганц нэг улс, хэд хэдэн бүлэг улс, цаашилбал нийгмийн системийн түвшний бойкот гэж байх. 

Эдгээрээс хамгийн том, хамгийн их будлиан хэрүүл тарьсан нь 1980 оны Москвагийн, 1984 оны Лос-Анжелосын зуны Олимп юм. 1979 онд ЗХУ Афганистанд цэргээ оруулсан нь Олимпийг бойкотлох шалтаг болсон. Хэдий ийм ч Москвагийн Олимпод 84 орон оролцсон юм. Үүнийг хариу удалгүй ирэв. 1984 оны Лос-Анжелосын Олимпод социалист бүх орнууд бойкот зарлаж, түүний дотор БНМАУ оролцоогүй. 

Энэ мэтчилэн улс төрийн бойкотгүй болсон Зун, Өвлийн ганц Олимп байхгүй. Бээжингийн зуны, Сочийн өвлийн 2 Олимпоор жишээ авъя...

 

2008 оны Бээжингийн Олимп. 

Манайхан Бээжингийн Олимпийг сайхан болсныг мэдэхээс биш ямар их улс төрийн хэрүүл уруул дунд болсныг нь мэддэггүй. 2007 оны сүүлчээр Барууны хүний эрхийг хамгаалах байгууллагууд Бээжингийн Олимпийг бойкотлох хөдөлгөн өрнүүлэв. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Бээжингийн Олимпыг бойкотлосон 2 тогтоол гаргав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун “ажлын графикийн асуудлаас” болоод Олимпод оролцож чадахгүйгээ илэрхийлэв. Шалтгаан нь Түвдийн салан тусгаарлах хөдөлгөөнийг дарсан. 

Энэ нь олон улсын дэмжлэг аваагүй учраас бойкотлох хөдөлгөөн аажимдаа унтрав. Манайх УИХ-ын сонгууль хийж байсан учраас энэ явдалд “оролцоогүй”. Гэсэн хэдий ч 7-р сарын 1-нд 5 хүний амь нас бүрэлгэж, МАН-ын Цагаан байшин шатаасан үр дүнтэйгээр Бээжингийн Олимпийг угтсан юм. Манай тамирчдын, ялангуяа Түвшинбаярын Олимпод үзүүлсэн гайхам амжилт ард түмний уур хилэнг намдаасан гэж хэлж бүрнээ болно. 

 

2014 оны Сочийн өвлийн Олимп.

 

Гай газар дороос гарч ирэв. Гүрж Осетин руу дайрч, ОХУ тэдэнд туслан гүржийн цэргийг Осетоос хөөн гаргав. Энэ нь Гүржид “халдан довтолсон” ангилалд орсон ба ингээд бойкот эхлэв.   

 

 

2014 оны 8-р сард “Сочийн Өвлийн Олимпод америк-европын бойкот зарлахыг” уриалан дуудсан өгүүлэл “Вашинтон пост” сонинд гарав. Улмаар бойкот зарлах тухай тогтоолын төсөл Конгресст оруулав. Үүний хариуд Ю.Путин: “Ийм зүйлийг улс төржүүлж болдоггүй юм. Нэг л удаа хийсэн бол бүх бүтэц, түүний дотор Олимпийн хөдөлгөөний бүтцэд сүйрэл болно” гэж сануулав. 

 

 

 

Хэдий ийм боловч Сочийн Олимпийн наадамд 50 орны төрийн болон засгийн газрын тэргүүн, 60 олон улсын байгууллагын тэргүүн нар оролцов. 

Манайх яасан гэж санана. Хэдийгээр албан ёсны бойкот зарлаагүй боловч Ц.Элбэгдоржийн шууд даалгавраар Монголын ХМХ-үүд Сочийн Олимпийн бэлтгэлийн муу муухай, болохгүй бүтэхгүй юм болгоныг монголчуудад “сурталчлав”. Манайд Сочийн Олипмийн тухай 10 мэдээлэл гарахад лавтайяа 8 нь муучилсан, өөчилсөн, гоочилсон зүйлс байлаа. Үүнийг олон хүн анзаараагүй боловч судлаач хүн мэдээж харж л таараа. Харьцуулахад Хятад Сочийн Олимпийг бүх талаар дэмжиж, аль болох сайн талаас нь сурталчилж байв. Ингээд Си Цинпин Сочийн Олимпод нүүр бардам очсон юм. Харин өөрөө биш ч, ХМХ-ээрээ дамжуулан муулж байсан Ц.Элбэгдорж Сочид давхиад оччихож билээ. Ямар нүүрээрээ очдог байна аа ?! 

 

Олимпийн бэлтгэл

 

2008 оны Олимпоос бидний сайн мэдэх “Мөсөн шоо” Ордон буюу Үндэсний сэлэлтийн төвийг “Мөсөн шоо” болгон өөрчилжээ. Энд кёрлингийн тэмцээн болно. Цаашдаа бол энэ Төв зундаа бол бассейн, өвөлдөө бол мөсөн тавцан болж, олон ажиллагаат төв болно.     

Бээжингийн Спортын Төв Ордон буюу дэлхий дахинаа “Дэвүүр” гэж нэрлэдэг Ордонд хоккейн тэмцээн болно. Зуны Олимпоор сагсан бөмбөг тоглож байсан “Укэсон” стадионд одоо бас хоккейн тэмцээн болно.  

Сүүлийн үеийн өвлийн Олимпод цас мөсний гэх том асуудал босч ирдэг болсон юм байна. Олимпийн уулын цанын тэмцээн болох Яньциний Уулын цанын Үндэсний Төвийн ойролцоо ердөө л 2 см цас орсон гэж “World Weather Online” мэдээлэв. 

 

 

Олимпийн наадмыг зохион байгуулагчдад хиймэл цас гаргах нөр их ажил нэмэгдсэн ба үүнд 185 сая литр ус орох ба энэ усыг цас болгодог машин маш олон тоогоор хэрэгтэй болжээ. Ингээд Яньцинд хиймэл цас гаргагч 200 гаруй их буу зоосон ба эдгээр машинд усан сангаас ус шахдаг траншей, хоолойн систем бий болгожээ.     

 

 

 

Одооны тамирчид хаа тааралдсан мөсөн дээр биш, харин тусгай технологиор үйлдвэрлэсэн мөсөн дээр уралддаг болчихсон юм байна. Энийг нь хамгийн сайн хийдэг Барууны компаниудтай гэрээ хийж, мөсөө бэлтгэж байгаа аж. Хиймэл мөсний эксперт Ричард Алан Раган Бээжингийн Олимпод дэлхийн “хамгийн шилдэг” мөс нийлүүлнэ гэж ам гарсан байна. 

Олимпийн үеэр Хятадын шинжлэх ухаан-технологийн ололт болсон маш олон төрлийн робот ажиллуулахаар болжээ. 

QR уншигч робот, биеийн халуун хэмжиж, зөвлөгөө өгөх робот, заал танхимийг ариутгагч робот, цэвэрлэгч робот, тамирчидтай холбоотой материал (шээсний шинжилгээ, амжилтын мэдээлэл г.м.) зөөх робот, ачааны робот (ачаагаа дээр нь тавиад очих газраа хэлээл л гүйцээ), ухаалаг кафе робот, ухаалаг ресторан робот (ихэнхи хоолыг робот хийнэ) зэргийг энд тэндгүй ажиллуулна гэнэ. Лав л кофе, зайрмаг, ундаа авахад хүн биш, робот үйлчлэх юм байна. Хамгийн сонирхолтой нь түрүүлсэн тамирчдын шагнал гардуулах робот хүртэл гаргажээ. 

Өвлийн Олимпид оролцогчдод зориулан дэлхийн 12 бүс нутгийн 678 төрлийн хоолны цэс  гаргажээ. Шашны хориг болон цагаан хоолтнуудын сонирхлыг дээд зэргээр харгалзсан гэнэ. Мөн допинг тест буруу гарахаас сэргийлж, тамирчдын хоолонд перец, лаврын навч болон өөр 48 төрлийн халуун ногоо хийхгүй бөгөөд энэ хориг нь тамирчин бус хүмүүст хамаагүй аж.          

Өвлийн Олимпод нийт 25 объект бэлдсэн ба түүнээс 12 нь уралдаан тэмцээний, 3 нь дасгалжуулалтын төв байна. Мөн Олимпийн 3 төв, медалтнуудыг шагнах 3 төв, 3 медиа төв ажиллана. Олимпийн нээлт хаалтыг мэдээж “Шувууны үүр”-т хийнэ.         

“Эгэл жирийн, аюулгүй, хурц тод Олимпийн тоглолт явуулах нь Хятад улсын дэлхийн өмнө хүлээсэн үүрэг бөгөөд энэ үүргээ Хятад хүндэтгэж, гарцаагүй биелүүлэх болно” Хятадыг ЗГ амлаж байна.

 

Болдгоороо болох Олимп

 

 

Олимп хаяанд ирчихсэн энэ үед өнөөх л улс төрийн хэрүүл уруул, бойкотоор сүрдүүлэх ажил эхэлж байна. Гэвч Олимп болдгоороо болно. Учир нь бойкотоос болоод Олимп хойшилж байсан түүх байхгүй. 

 

 

 

Одоохондоо бойкотоо дипломат гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл Олимпод албан ёсны төлөөлөгчид болон дипломатууд оролцохгүй, харин тамирчид оролцох эсэхээ өөрөө шийднэ гэсэн хэрэг юм. Монголоор бол дарга нар оролцохгүй гэж ойлгож болно. 

Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь: “Хятад ЗГ-ийн түшмэдүүдээс хэнийг ч уриагүй. Дарга нар Олимпод ирэх эсэх нь хэнд ч хамаагүй” гэсэн хоржоонтой үг чулууджээ. 

Тамирчдаасаа хэд дахин олон дарга Олимпод оролцуулдаг Монгол Улс тогтоож авмаар л үг...

Сүүлийн үед Бээжингийн өвлийн Олимпод Монгол Улс оролцох хэрэггүй гэсэн үг яриа сүлжээнд гарах болж, зарим нэг нийтлэл ч гарав. Энэ нь тэнэг бөгөөд явцгүй. 

Би лав энэ тэнэг улс төрийн хэрүүл уруулаас холхон байж, хэд хоног Олимп үзэж тархи мэдрэлээ амраана гэж бодож байгаа...

Харин Монгол Улс улс төрийн элдэв явууллагад автахгүй Зун, Өвлийн бүх Олимпод заавал оролцоно гэдгээ эхлээд зарлачихсан нь дээр л дээ...

 

 

Судлаач Х.Д.Ганхуяг.

 

Эх сурвалж: http://ganaa.mn блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу

 

2021 оны 12 дугаар сарын 17.