Н.ТҮВШИН

АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ

 БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар 1991 онд БНХАУ-ын дарга Ян Шанкунь албан ёсоор айлчилсан. Энэ үеэр Монголын тээврийг Хятадын нутгаар дамжуулан далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тухай, Хөрөнгө оруулалтыг давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг.

Өндөр түвшинд хийсэн энэ айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ян Шанкуньд монгол дээл өмсүүлж хурдан удмын морь бэлэглэж байсан юм. Харин БНХАУ-ын дарга Ян Шанкунь 1960 онд Монголд олгосон зээлийн төлбөрийг таван жилээр хойшлуулж, манай улсад бага дунд үйлдвэр байгуулахад зориулж 50 сая юанийн зээл олгохоо мэдэгдсэн байдаг.

 

ЯПОНД БЭЛЭГЛЭСЭН МОНГОЛ ТАРВАГА

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Япон улсад албан ёсны айлчлал хийх үедээ Японы Засгийн газар, ард түмэнд монгол тарвагыг бэлэглэхээр болсон юм. Ингээд Япон улсын амьтны хүрээлэнд тарвага хүргүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг ШУАийн Ерөнхийлөгчийн 1998 оны долдугаар сарын 7-ны өдрийн 119-р тушаалаар байгуулжээ. Ажлын хэсэгт ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Я.Адьяа, эрдэм шинжилгээний ажилтан Л.Амгалан, МУИС-ийн багш дэд доктор Д.Суран нар оржээ. Тэд 1998 оны аравдугаар сарын 3-нд “Улаанбаатар-Осака-Токио” маршрутаар нисэх онгоцоор монгол тарвагыг хүргэж, Токио хотын “YЭHO”- ийн амьтны хүрээлэнд дагалдах бичиг баримт, Монгол орны тарваганы тухай товч танилцуулга, сурталчилгаанд ашиглах тарваганы амьдралыг харуулсан дүрс бичлэгийн хамт хүлээлгэн өгсөн түүхтэй. Монгол тарвагыг нийтэд үзүүлэх албан ёсны нээлтийн ажиллагаа 1998 оны аравдугаар сарын 21- нд болж, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд уг нээлтийн ажиллагаанд оролцсон байна.

 

ГУРВАН ТАХИЙН БЭЛЭГ

Морио дээдэлдэг монголчууд хамгийн хүндтэй зочиндоо шандаст хүлгээ бэлэглэдэг. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд бидний хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгасан Японы ард түмэнд тахь бэлэглэсэн байдаг. Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болгон өгсөн тэр тахийг Европоос Япон улсад хүргүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд Япон улсад хийсэн айлчлалын үеэр Япончууд Монгол Улсаас зэрлэг тахь амьтны хүрээлэндээ авах хүсэлт гаргасан юм.

 Олон улсын конвенцийн дагуу зэрлэг ан амьтныг амьтны хүрээлэнд шилжүүлэхийг хориглодог бөгөөд харин нэг хүрээлэнгээс нөгөөд шилжүүлэхийг зөвшөөрдөг. Тиймээс удаан хугацаанд судалсны эцэст 2012 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Токио хотын парламентын төлөөлөгчид уг төслийг хэрэгжүүлэх санамж бичигт нарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Олон улсын тахь групп” хамтын ажиллагааны хүрээнд Австрийн амьтны хүрээлэнгээс нэг эр, Швейцарын амьтны хүрээлэнгээс хоёр эм тахийг Токио хотын “ТАМА” амьтны хүрээлэнд хүргүүлэхээр Голланд улсын Амстердам хотоос 2013 оны хоёрдугаар сарын 6-нд ачуулж байсан юм.

 

ХАМГИЙН ОЛОН АМЬД АМЬТАН БЭЛЭГЛЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ

 Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийд хамгийн олон амьд амьтан бэлэглэж байснаараа геннист бүртгүүлэхэд болохгүй гэх газаргүй. Тэрбээр “COVID-19” цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс 30 мянган хонь бэлэглэх гэрчилгээг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан юм. Монголын Ерөнхийлөгч ийнхүү айлчилж, хонь бэлэглэсэн явдал нь эртний уламжлалыг сануулсны сацуу монголын ард түмэн Хятадын ард түмнийг хүнд цаг үеийг даван туулахад дэмжлэг үзүүлж буйг илэрхийлсэн юм. Түүнчлэн Х.Баттулга Ерөнхийлөгч АНУын Ерөнхийлөгч Доналд Трампад тахь бэлэглэж байсан. Victoria буюу Ялалт нэртэй тахь өдгөө Хустайн нуруунд байгаа юм.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН