Байр бол зүгээр л мөрөөдөл

Байр бол зүгээр л мөрөөдөл. Бичиг цаасанд дунд талимаарсан хий “хүсэл”.
 
Гэр хороололд амьдардаг иргэд, байрны түлхүүр атгах мөч хүртэл мөн чиг олон адал явдал туулна. Гээд яахав. Насаараа гэр хороололд амьдарч, үр хүүхдүүдээ хөрс нь үхэжсэн шороон дээр өдөржин шуугилдаж байхыг харах зүрх зориг хэн хүнд төрөхгүй юм хойно. Зүтгээд л байхаас...
 
“Зүтгээд байхаас” гэдэг үгэнд эхнээсээ авахуулаад их ээ олон эрэмбэ дараалал бий. Үнэндээ иргэд төрийн зүгээс тавиад байгаа тэр бичиг цаастай холбогдох баримт, материал, ерөнхий шаардлага сэлтийг даваад байгаа юм. Гагц нам гацдаг зогсоол нь арилжааны банкууд. Эдийн засагчдын ширээ, шүүгээ орчимд мөнхийн зогсоолдоо ихэнх материалууд нам зогсох нь туйлаас гачлантай.
 
Хүсэхэд хясах гэгч. Төрийн зүгээс бага дунд орлоготой, байр худалдан авах чадамжгүй иргэдийг орон сууцжуулна гэж хэдэн жилийн туршид ярьж, холбогдох дүрэм, журмыг баталсаар сууна. Хэрэгжсээр байна. Зөвхөн энэ жилийн байдлаар 33 мянган айлын орон сууц барих 189 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа гэх.
 
Гэтэл хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдсан нийт иргэдийн 10 орчим хувь нь “гэр хороолол”-д амьдардаг гэх албан бус судалгаа байна. Үгүй тэгээд, тэр “Зуун мянган айлын орон сууц”, найман хувийн хүүтэй ипотекийн зээл, “Ахмадын орон сууц хөтөлбөр”-үүдэд чинь ямар иргэд байр аваад байсан болж таарах уу гэх хоржоонтой асуулт эндээс гарч ирнэ.
 
Иргэд эл хөтөлбөр, хямдралтай зээлүүдийг огт сонирхоогүй гэвэл түүн шиг худал зүйл гэж үгүй. Тэд хүссэн. Тэдний хүсэл арилжааны банкуудын зээлийн эрсдлийн үнэлгээнд бүдэрч, “мөнгөтэй бол ав” гэдэг зарчмаар цөөнхийн эрх ашигт  үйлчилжээ. Иргэдийн хамгийн ихээр итгэл тавьж, нэг хэсэгт арилжааны банкуудын ачааллыг дээд цэгт нь хүртэл тулгасан зээл бол “ипотек” гэх манайдаа шинэлэгт тооцогдох хэв маяг.
 
Үр дүн нь харин сөргөөр. Хэсэг мөнгөтэй нөхдүүд ах дүү, хамаатан садныхаа нэр дээр бүхэл бүтэн нэг блок байр худалдан авч, түрээсийн хэлбэрээр сар тутам мөнгө цохиж суугаа сураг, зарын сонины сүлжээгээр “зуучлуулж байгаа нь тэр” хэмээн, өчнөөн төгрөгөө мөнгө хүүлэгчийн халаас руу хийсэн хэсэг, арилжааны банкинд эдийн засагчийн албан тушаал хашдаг  танил тал хайсан сүргийн өрсөлдөөн үүсэв.  Эцэст нь орон сууцны үнэ өнгөрсөн жилийнхээс 23 хувиар буюу 440 мянган төгрөгөөр өслөө.
 
Өөрөөр хэлбэл, орон сууцжуулах төрийн бодлогод гажуудал үүсэж, байрны үнийн хөөрөгдөл эдийн засагт нөлөөллөө үзүүлсээр байна гэсэн үг. Энэ хэрээр Улаанбаатар хотын байранд орох ёстой сигмент нь тэртээ холд үлдэж, зөвхөн мөнгөтэй хэсэгт үйлчлээд байгаа нь нэгэнт нууц биш болжээ.
Гэхдээ төрийн зорилго өөр байсан гэдгийг санах хэрэгтэй. Бодлого, хөтөлбөрүүд нь арилжааны банкны зээлийн эрсдлийн үнэлгээнд намнуулж, өөр өнцөгтэй болж хувьсаад байхаар басхүү өөр аргуудыг хайна аа даа. Тэр нь...
 
Дахиад л гэрэл сөрөг зүгт тусч эхлэв үү
 
Одоогийн байдлаар орон сууцны эрэлт зогсонги байдалд орж, төслүүд санхүүжилтээ хүлээх маягтай байна. Гэхдээ энэ нь байрны үнийг хямдруулна гэсэн үг биш. Ноён доллар 1800 төгрөг давж, юань 290 төгрөгт хүрчихээд байгаа өнөө үед барилгын материалын нэмүү үнийг компаниуд байрны үнэндээ шингээхээс өөр гарц байхгүй.
 
Энд “төрийн зорилго өөр байсныг санах хэрэгтэй” гэсэн зальжин өгүүлбэрээ дахин хэрэглэе. Төр боловсруулан хэрэгжүүлж хөтөлбөрүүдийнхээ алдаа оноог харж байсан. Тэр ч утгаараа “Буянт-Ухаа-1” хорооллын худалдаалах журмыг Засгийн газраас батлан гаргахдаа дээр өгүүлсэнчлэн арилжааны банкин дээр очингуутаа мөнгөтэй талд үйлчлэх хэлбэр рүү шилжчихээд байгаа “хорлол”-ын нигурыг “чихэртэй ус”-аар арчин зүлгэх мэргэн арга олж тусгасан.