УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


-Энэ удаагийн намрын чуулган завсарлалаа. Намрын чуулганаар хэлэлцүүлсэн хуулийн төслүүдээс тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой өргөн барьсан хуулийн төслүүд иргэдийн анхаарлын төвд байна шүү дээ?

-Энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дотор Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүд багтсан байсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын ерөнхий хуулиуд болон түүнийг дагасан хуулиуд буюу ахмад настны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар ярих байсан. Уг асуудлыг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэж чадсангүй. Учир нь МАН-ын бүлэг уг асуудлыг дахин хэлэлцэж, ярилцах шаардлагатай хэмээн үзсэн. Хуулийн төслийг дахин боловсруулж, санхүүг шинэчлэн тогтоох шаардлагатай гэсэн. Бид энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь Засгийн газраас УИХ руу оруулж ирсэн хуулийн төсөл маш сайн боловсруулагдсан байх ёстой. Тэгэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан болоод холбогдох агентлагууд энэ асуудлыг дутуу боловсруулсан юм байна гэдэг ойлголттой байгаа. Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төсөл яагаад чухлаар тавигдаж байна гэхээр сүүлийн жилүүдэд коронавирусийн халдвараас үүдэн манай улсын нийгэм, эдийн засаг хямарсан. Энэ хямралаас үүдэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэлээд доголдож, цаашлаад зарим аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Ийм хүнд хэцүү цаг үед хил гаалийн асуудлаас үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахуун, ачаа тээвэр, барилга гэх мэт бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэд дахин өссөн. Тэр дундаа манай улс шиг өргөн уудам нутагтай улс оронд шатахууны үнийн нэмэгдэл бүхий л бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг. Ядаж байхад яр гэдэг шиг инфляци маш өндөр байна. Үнэндээ муу хэлээд байдаг Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед инфляцийг нэг хувьд хүргэж байсан. Нэг оронтой тоо бус нэг хувьд шүү. Зөв бодлого явуулбал иргэдийн халаасыг чимээгүй сэгсэрдэг инфляцийг нэг хувьд барьж болдог гэдгийг бид бүхэн харуулсан. Өдрөөс өдөрт иргэдийн орлого нэмэгдэх нь бүү хэл буурч байгаа энэ үед нөгөө талд бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Харилцан хамааралтай уг хоёр үзүүлэлтээс үүдэн Монгол Улсын ядуу, нэн ядуу иргэдийн тоо автоматаар нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төр засаг буруу бодлого явуулснаар иргэдээ ядуурал руу түлхэж байна. Бид өмнө нь Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь буюу 30 хувь нь ядуу амьдарч байна хэмээн ярьдаг байсан. Харин одоо нийт иргэдийн 40-50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн учраас залуу халуун насаа улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилт цэцэглэлтэд зориулж, хувь нэмрээ оруулан, НДШ-ээ төлсөн иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

Үгүй бол ахмадууд сарын тэтгэврээрээ амьжиргаагаа залгуулж, амьдрахад хүндрэлтэй болчхоод байна. Тийм учраас миний бие мянга мянган ахмад настнуудын амь, амьдралтай шууд хамааралтай ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалтай холбоотой хуулийн төсөл санаачилж, байр сууриа хатуу илэрхийлсээр байгаа юм.

-Долоон жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоолгодог байсныг таван жил болгох тухай асуудал хуулийн төсөл дээр яригдаж байгаа. Эргээд таван жилээр тэтгэвэр тогтоолгодог болбол үүний зөрүү хэдэн төгрөг байх талаар тооцоо гарсан уу?

-Өмнө нь таван жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоодог байсан хуульд гар хүрч долоон жил болгон хугацааг нь сунгасан. Тэтгэвэр тогтоолгогч иргэн хамгийн өндөр цалин авч байсан таван жил болон долоон жилийн зөрүүг тооцоод үзэхээр тэтгэвэр тогтоолгосон болон тогтоолгох гэж байгаа нэг иргэн дээр 120 мянган төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Энэ үнийн дүнг ам.долларт шилжүүлбэл 40 гаруй ам.доллар болж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 441 мянга гаруй ахмад бий. Эдгээр иргэдийн 80 орчим хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг авч байна. Ахмадуудын 2016 онд авч байсан тэтгэврийг ам.долларт шилжүүлэхэд тухайн үед 150 ам.доллар болж байсан. Гэтэл өнөөдөр ахмадуудын тэтгэвэр 100 хүрэхгүй ам.доллар болчихоод байна. Орлого ийнхүү буурсан үед иргэдийн амьдрал ямар байгаа нь тодорхой. Тиймээс долоон жилийн дунджийг таван жилийн дундаж болгох хуулийн төсөл батлагдчихвал 40 гаруй ам.доллараар ахмадуудын тэтгэвэр нэмэгдэхээр байгаа юм.

-Тэтгэврийн зээлтэй байгаад нас барсан ахмадуудын тэтгэврийн өрийг нэг удаадаа тэглэх асуудал ч бас яригдаж байгаа. Үнэндээ талийгаачийн тэтгэврийн зээл нь үр хүүхдүүддээ дарамт болдог асуудал нийгэмд олон байгаа шүү дээ?

-Энэ бол амьдралаас урган гарч байгаа асуудал. Бид бүхний хэнд нь ч тохиолддог асуудал. Тухайлбал, Төв аймгийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж байх үеэр энэ асуудлаар маш их санал хэлдэг. Хүнд хүнээ алдахаас хэцүү зүйл үгүй. Тэр дундаа эцэг, эхээ алдана гэдэг амаргүй. Дээр нь өр зээлийн дарамт давхар үүсдэг. Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн барагдуулсны дараа нас барсны гэрчилгээг нь авч, оршуулгатай холбоотой зардлуудыг шийдүүлэх нөхцөл байдал бий болдог. Арилжааны банкууд хамгийн найдвартай зээл хэмээн ахмадуудын нийгмийн даатгалын тэтгэврийн дэвтрийг барьцаалаад тэтгэврийн зээл олгодог. Ингэхдээ ойрын хамаарал бүхий иргэн буюу төрсөн хүүхэд, ах, дүүсийг нь батлан даагчаар оруулдаг.Ингээд тэтгэврийн зээл авсан ахмад настан нас барахад тухайн зээл авахад батлан даасан иргэнийг богино хугацаанд төлөх давхар дарамт талийгаачийн ар гэрийнхэнд ирдэг. Ахмадуудын амьдралд авч байгаа тэтгэвэр хангалттай хүрэлцдэг, бусад орнуудын ахмадуудын адил тэд амарч зугаалах, сувилалд хэвтэхдээ тэтгэврээ зарцуулах бүрэн боломжтой байсан бол зээл авах шаардлага гарахгүй. Харин манай улсын тэтгэврийн тогтолцооны гажуудал, нийгэм эдийн засгийн хүндрэлээс үүдэн ахмадууд тэтгэврийн зээл авахаас өөр аргагүй байдалд орж байна.

-Тэтгэврийн зээлтэй иргэдийн тооцоо судалгаа бий юү. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг улс төрийн өнцгөөс харах иргэд ч байх шиг байна?

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал нийгэмд шинээр гарч ирсэн цоо шинэ зүйл биш. Ерөнхийлөгчийн санаачилгаар УИХ-аас зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэх, тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргаж, Засгийн газар хэрэгжүүлж байсан. Тиймээс тэтгэврийн зээлтэй байсан иргэдийн зээлийг төрөөс нэг удаа даах концевцтэй хууль байгаа юм. Иргэд насаараа НД-ын шимтгэл төлнө. Манай улсын хууль эрх зүй тэтгэврийн насыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Жил бүр тэтгэвэрт гарах насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлэх тогтолцоо хэрэгжиж, 65 нас хүрсэн эрэгтэй, 60 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн орчин бий болно. Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж нас 66. Муугаар бодоход насаараа НД-ын шимтгэл төлчихөөд ганцхан жил тэтгэвэр авчихаад бурхны оронд явчихвал энэ бол маш шударга бус тогтолцоо үйлчилж байгаагийн илрэл. Тиймээс тэтгэврийн зээлтэй ахмад настан нас барсан бол насаараа төрд НД-ын шимтгэл төлсний хариу болгоод ядаж тэтгэврийн зээл нь тэлэгдсэн тохиолдолд ар гэрийнхэнд нь давхар дарамт үүсэхгүй. Ингэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх үед яг хэдэн төгрөг хүртэл төгрөгийн зээлийг тэглэх асуудал яригдах байх. Өнгөрсөн удаад ахмадуудын тэтгэврийг тэглэхдээ ахмадууд жилд хамгийн ихдээ зургаан сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авах хууль эрх зүйн орчинг бий болгочихсон. Гурав хүртэлх жилээр зээл авдаг байсан үеийнх шиг өндөр дүн гарахгүй. Ахмадуудад одоогоор 1-1.5 сая төгрөгийн зээл авах эрх зүйн орчин үүсч байгаа. Тэгэхээр зээлтэй байгаад нас барсан иргэдэд зарцуулах үнийн дүн тийм ч өндөр биш. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 91 орчим тэрбум төгрөгийн ахмадын тэтгэврийн зээл байна. Өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэхэд 700 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Тиймээс зээлтэй байгаад нас барсан ахмадуудын зээлийг тэглэх асуудал төсөвт хүндрэл учруулахуйц хэмжээнд хүрэхгүй.

-Ахмадуудын тэтгэврийг инфляцийн түвшнээс хамаарч нэмэгдүүлэх тухай асуудалтай холбоотой хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. Энэ асуудал хаврын чуулганаар хэлэлцэгдэх үү?

-Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, нэмэгдэлтэй холбоотой асуудлыг ярихгүй, хуулийн төслүүдийг хойшлуулаад байх бус нэн тэргүүнд ярих ёстой, шийдэх ёстой асуудлуудын нэг. Тиймээс Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ болон миний бие хамтраад Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хэмээх хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн гол зорилго нь инфляцийн зөрүүг индексжүүлж ахмадуудын тэтгэврийг нэмэх тухай асуудлыг хөндөж байгаа юм. Тухайлбал, одоогоор манай улсын инфляци 13-14 хувьтай байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээллэж байгаа боловч бодит байдал дээр дээрх тооноос хамаагүй өндөр байгаа хэмээн бодож байна л даа. Учир нь ҮСХ барааны үнийг тооцохдоо хэрэглээний сагсанд хамгийн хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг сонгож тооцсон болов уу гэсэн хардлага бий. Төгрөгийг үнэгүйдүүлж, иргэдийн орлогыг үнэгүйдүүлж байдаг инфляцийн түвшинг Засгийн газар, Монголбанк хамтраад хэвийн түвшинд барьж, бууруулж чадахгүй алдсан бол инфляци үйлдвэрлэсэн хэмжээний зөрүүтэй тэнцүү хэмжээний мөнгийг улсын төсөвт суулгаж шударгаар ахмад настнуудын тэтгэвэр дээр нэмж олгох юм. Үгүй бол өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци өсч байгаа энэ үед тогтмол хэмжээний тэтгэвэр, тэтгэмж авч байгаа иргэдийн худалдан авах чадвар буурна. Энэ бол яаж ч бодсон шударга бус харгис тогтолцоо. Тиймээс энэ хуулийг санаачилсан. Хаврын чуулганаар хэлэлцэх өдрийг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрчихлээ. Засгийн газар инфляцийг амласан хэмжээндээ бариад байвал ахмадуудын тэтгэвэр дээр зөрүү бодож олгох шаардлага үүсэхгүй. Харин өнөөдрийнх шиг инфляцийн өсөлтийг алдаад туучихсан тохиолдолд зөрүү олгох нь зайлшгүй. Инфляци хэт өндөр гарвал төсөвт тодотгол хийх тухай ч асуудал яригдана. Тиймээс инфляцийн өсөлттэй тэмц, иргэдийн амьжиргааг бод, хүчээр иргэдийн торонд нь орох мах, гурил, сүү талхнаас нь инфляциар далимдуулж хумсал гэдэг ийм л хууль.

-Ардчилсан нам болоод Ардчилсан намын бүлэгт үүссэн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ. Та албан ёсныхоо байр суурийг одоо болтол илэрхийлээгүй байгаа шүү дээ?

-Та бүхэн мэдэж байгаа. 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуулиар Ардчилсан нам иргэдээсээ муу дүн авч сонгуульд ялагдал хүлээсэн.Ардчилсан намын дүрмэнд тухайн УИХ-ын сонгуулиар олонхын суудал авч чадаагүй бол удирдлагууд нь автоматаар огцрох хуулийн заалт бий. Энэ хүрээнд тус УИХ-ын сонгуульд Ардчилсан намын баг бүрэлдүүнийг удирдаж оролцсон бүрэлдэхүүнүүд хариуцлага хүлээн огцорсон. Үүнд Ардчилсан намын дэд даргын үүрэг гүйцэтгэж байсан миний бие ч багтсан. Тэгэхдээ намын удирдлагууд нь огцорсон тохиолдолд дараагийн удирдлагууд сонгогдох хүртэл хэн нэгэн хүн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болно. Ингээд Ардчилсан намын дүрэмд заасан аль нэг дэд дарга уг үүргийг гүйцэтгэнэ гэсний дагуу миний бие өмнөх намын даргаас Ардчилсан намын даргын тамгыг хүлээн авсан. Ингэхдээ миний бие ямар нэг байдлаар тухайн тамгыг гуйж аваагүй. Гудамжнаас ч олоогүй. Цаашлаад булаагаад авчихсан ч юм биш. Хадган дээр тавиулаад “Сайн ажиллаарай” гэсэн ерөөлийн үгтэй хүлээж авсан. Энэ үеэр ямар нэгэн хугацаатай үүрэг, амлалт авалгүйгээр тухайн тамгыг хүлээж авсан. Үүнээс хойш 10 сарын хугацаанд Ардчилсан намын даргын үүргийг гүйцэтгэж байгаад Ардчилсан намын дотоод сунгаагаар тодорсон О.Цогтгэрэлд намын их хурлаар батламжлагдсан хурал дээр тухайн тамгыг албан ёсоор гардуулж өглөө. Тэгэхээр Ардчилсан намын тамгатай холбоотой асуудалд хоёр тамганы асуудал ерөөсөө байхгүй. Миний О.Цогтгэрэл даргад хүлээлгэж өгсөн тамга бол 2000 оноос хойш Ардчилсан намын бүх дарга нар хэрэглэж, дарж ирсэн тамга. Төрийн байгууллагууд алдаатай шийдвэр гаргаж, ашиглаж байгаа тамгын дугаарыг хүчингүй болгож, өөр хүмүүст тамга гаргаж өгснөөр Ардчилсан нам өнөөдөр хямралтай, дотоод маргаантай, тамганы зодоонтой гэх мэт асуудлуудыг үүсгэсэн.

-Та С.Эрдэнэ даргатай мөр зэрэгцэн хамтран зүтгэж байсан. Танд хүлээлгэж өгсөн тамга нь хууль ёсных биш гэхээр түүнд дахин нэг тамга байсан гэсэн үг үү?

-Монголчууд “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг. Би ямар нэгэн тамга олоогүй, гуйж аваагүй. Хадган дээр ерөөлтэйгөөр, хугацаатай амлалт аваагүй хүлээж авсан гэдгээ хэллээ. Намын дүрэмд ямар ч тийм заалт байхгүй. Намын их хурал, сонгууль яагаад хойшилсон бэ гэхээр намын дотоод сонгуулийн хороо хуралдаад намын их хурал, сонгууль явуулахад орон нутгийн сонгуулийн хуульд заасан хугацаатай хэт ойртчихсон учраас намын дотоод сонгуулиа орон нутгийн сонгуулийн дараа явуулах шийдвэр гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр хаанаас ч олж авсан нь бүү мэт Ардчилсан намын бланк дээр гарын үсгээ зураад “Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгож, надад дахин шинэ тамга олгооч ээ” гэсэн бичиг С.Эрдэнэ дарга хийж өгсөн. Ийм үйлдэл гаргахаасаа өмнө цагдаагийн байгууллагад намайг намын тамгыг хууль бусаар ашиглаж байгаа тул эрүүгийн хэрэг нээж өгөх гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллага энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Асуудал юу байна гэхээр УБЕГ шийдэж байгаа асуудал дээрээ хоёр талын байр суурийг хангаж шийдэлгүйгээр Ардчилсан намыг хагалах улс төрийн зорилготойгоор тамганы асуудлыг хоёр болгочихсон. УДШ-ийн цахим бүртгэл дээр миний нэр байсаар байтал түүнийг харж болох байсан. Мөн Ардчилсан намын тамга надад байгаа гэдэг хариу тайлбарыг УБЕГ-т өгч байсан. Нөхцөл байдал ийм байхад улс төрийн зорилгоор АН-ын тамгыг улс төрийн зорилготойгоор тамгыг хоёр болгон өгч, манай намыг дотоодод нь хагалах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж харж байгаа. Гэхдээ иргэд энэ асуудал АН-ыг дотооддоо хагаралтай мэт харагдуулах улс төрийн үйл ажиллагаа гэдгийг ойлгодог болсон.

-Та үл ойлголцол гарснаас хойш С.Эрдэнэ даргатай нүүр тулж уулзсан уу?

-Уулзсан. Манай намын дүрэм маш шударга. Та намын гишүүдийн итгэлийг хүлээгээд дарга болж байгаа бол тухайн намаа манлайлаад улс төрийн сонгуульдаа ор. Иргэдээр дүнгээ тавиул. Хэрэв ялах юм бол дахин намын даргын сунгааны асуудал яригдахгүй. Таны бүрэн эрх автоматаар сунгагдаад явна. Харин ялагдвал иргэдэд таалагдах мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулаагүй учраас дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өг гэдэг шударга дүрэм. Уг дүрмийн хүрээнд би бүх асуудлыг ойлгож, өөрийн байр суурин дээрээ байгаа. Түүнээс биш хувь хүнийхээ хувьд С.Эрдэнэ даргатай муудалцаж, сайдалцаад, булаацалдаад байх юм байхгүй.

-Ардчилсан намын гишүүд дэмжигчдийг таалцуулж, хувааснаар танай намын хүчийг сарниулах хүсэлд хэн нэгэнд байгаа юм биш үү?

-Ардчилсан намаас арваннэгдүгээр сарын 6-нд зохион байгуулсан Онц их хурлын үеэр 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 170 гаруй хорооны удирдлагууд нэгэн цул байгааг та бүхэн харсан байх. Ардчилсан намын үе, үеийн удирдлага, лидерүүд бүгдээрээ ирж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн. Үүний дагуу процесс өрнөж байна хэмээн ойлгох хэрэгтэй. Гэхдээ удахгүй энэ тамга тэмдэгний маргаан төгсгөл болно хэмээн итгэж байна. Мөн УИХ-ын бүлэг дээр тодорхой асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрнө. Ардчиллын болоод аливаа байгууллагын зарчим, УИХ-ын дотоод хууль дүрмэнд олонх нь шийдсэн асуудлыг олонхийн итгэл хүлээсэн хүн нь аваад явдаг ийм л зарчмаа явах ёстой хэмээн ойлгож байгаа. Харамсалтай нь өнөөдөр ийм зарчмаар явахгүй байгааг гайхаж байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 32 жилийн хугацаанд алдаа оноог нь хамт үүрэлцсэн Ардчилсан намынханд хийх зүйл их байна. Өнөөдөр 21 аймгаас найман аймагт нь, 330 сумаас 150 суманд Ардчилсан намынхан ялалт байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хувьд манай нам ийм байдалд байх нь Монгол Улсын эрх ашигт муугаар нөлөөлнө хэмээн бодож байна. Эрх барьж байгаа намын төлөөллүүд дотор асуудлыг эрүүл хардаг хүмүүс бас бий. Төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад Ардчилсан нам сөрөг хүчнийхээ дуу хоолойг илэрхийлж, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэхийг нь шүүмжилж, дэмжихийг нь дэмжиж, иргэдийнхээ төлөө үгээ хэлдэг, Засгийн газрын үйл ажиллагааг шахаж, УИХ-д иргэдийн дуу хоолойг илэрхийлэх, эрүүл зөв тогтолцоонд шилжвэл төрийн ажил сайжирна гэдгийг хэлж байгаа. Нэг нам дангаараа засгийн эрхийг удаан хугацаанд барьж, сөрөг хүчний дуу хоолой бүдгэрвэл иргэдийн, улс орны амьдрал дээшлэхгүй. Эрх баригч нь эрх баригч шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байж улсын ажил хяналттай, урагштай, иргэдийн дуу хоолой төрдөө хүрнэ гэж би боддог.

-УДШ-ийн шийдвэр танай намын бүртгэл, тамгын тэмдэгийн асуудлыг шийдэж чадахгүй улам гацаанд оруулчих шиг боллоо. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?

-УДШ-тэй холбоотой хуульд иргэний танхимын гурван гишүүн шийддэг байсан намын бүртгэлийн асуудлыг нийт гишүүдийн хуралдаанаар шийддэг болсон зэрэг хууль эрх зүйн өөрчлөлт орсон дээр асуудал байгаа хэмээн харж байгаа. Эцэст нь хэлэхэд Ардчилсан нам хуваагдаагүй. Зуун хүнээс нэг хүн салаад явахаар хуваагдлаа гэж үзэхгүй шүү дээ. Харин тэр ганц хүнийг салаад явлаа гэж хэлнэ. Тэр хүнд эрх нь бий. Харин 100 хүн 50:50,70:30 хувиар хуваагдсан бол хуваагдал гэж ойлгож болно. Өнөөдөр Ардчилсан намын 99 хувь нь нэг талдаа бий. Ер нь бол улс төрийн нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн олон хүмүүсийн нийлж байгуулсан ТББ юм шүү дээ. Тэр хүмүүсийн дотоод үзэл бодол, нэгдэл нь хаана байгаа нь чухал асуудал болохоос биш тамга, даргын бүртгэлийн асуудал үнэхээр 37 дугаар асуудал. УДШ-д яагаад улс төрийн намууд бүртгүүлдэг болсон юм бэ гэхээр тухайн нам нь ямар нэгэн байдлаар фашист, террорист үйл ажиллагаа явуулах үзэл баримтлалтай, түүнийгээ намын дүрмэндээ тусгачихсан асуудал ороод ирвэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нягтлаад харшилсан зүйл байхгүй бол бүртгэж авах учиртай. Энэ процесс одоо намын дарга хэн байх, намын их хурал нь зөв явсан эсэх, цаашлаад намын дотоод үйл ажиллагаа руу гүнзгий орсон буруу, гажуудсан систем рүү явчихлаа. Энэ гажуудал удахгүй арилж, засагдана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

 

 

П.Батзаяа